Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан цөмийн ослын тухай өгүүлэх "Чернобыль" богино цуврал IMDb дээрх бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн бүтээлээр тодроод байна.
Тус цуврал гарч эхэлснээс хойш дэлхий нийт Чернобылийн ослын талаар дахин сонирхох болж, цөмийн осол гарсан Припять хот руу аялах жуулчдын тоо ч огцом нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, SoloEast жуулчны компаниар дамжуулж Чернобылийг зорьж буй аялагчдын тоо өнгөрсөн сард 30 хувиар нэмэгдсэн, түүнчлэн зургаа, долоо, наймдугаар саруудын захиалга хэдийн 40 хувиар нэмэгдсэн гэж тус компанийн захирал Сергей Иванчук ярьжээ.
Чернобылийн аяллыг зохион байгуулдаг компани ганцаараа тогтохгүй. Ярослав Емельяненкогийн компани Чернобыль руу хийх нэг өдрийн аялал санал болгодог аж. Жуулчид Украины Киев хотоос автобусанд сууж 120 километр явсны эцэст Чернобыльд ирэх бөгөөд энд ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө, орхигдсон барилга байгууламж, тосгон зэргийг үзэж сонирхох боломжтой аж. Түүнчлэн 4-р реактортой танилцаж, Припять хотоор явган аялал хийсний эцэст Чернобыльд орших цор ганц ресторанд хооллож, нэг өдрийн аялал өндөрлөдөг гэжээ.
Нэг өдрийн аялал хийхэд ойролцоогоор 100 долларын өртөгтэй байдаг аж. Харин нислэг, байр, хоол, тээврийн зардлыг оролцуулвал 937 орчим доллар зарцуулах аж.