Техас мужид амьдардаг 7 настай хүү яг одоо ээжийнхээ хамт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвд байгаа аж. Хэдэн долоо хоногийн өмнө хүүгийн ээж түүний Сантад зориулж бичсэн захидлыг цүнхнээс нь олжээ. Тэрбээр Сантагаас ном, толь бичиг тэргүүтнийг гуйсан байв. Гэвч Блэйкийн (нэрийг нь өөрчилсөн) хамгийн том хүсэл нь мөнгөөр худалдан авах боломжгүй зүйл байжээ. Хүү захидалдаа:
Хүндэт Санта,
Бид гэрээсээ явахаас өөр аргагүй байлаа. Аав галзууртлаа уурласан. Гэрийн бүх ажлыг бид хийх ёстой байсан юм. Уг нь, аавд хүссэн бүх зүйл нь бий. Ээж хэлэхдээ, эндээс явж, айж эмээхгүйгээр амьдарч чадах аюулгүй газарт намайг аваачина гэсэн.
Гэхдээ би одоо ч айж байна. Бусад хүүхдүүдтэй ч ярилцмааргүй байна. Та энэ Зул сарын баяраар бидэн дээр ирэх үү? Бид хоёр гэрээсээ юу ч авч чадаагүй. Та хэдэн бүлэг ном, толь бичиг, луужин, цаг авчирч чадах уу? Бас би маш, бүр маш сайн аавтай болмоор байна. Та энэ хүслийг минь ч гэсэн биелүүлж болох уу?
Хайртай шүү, Блэйк
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний эвслийн мэдээлснээр, АНУ-д нэг минутад дунджаар 20 хүн бие махбодын хүчирхийлэлд өртөж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, жилд 10 сая хүн ямар нэгэн хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн үг юм.
"SafeHaven" хохирогчдыг хамгаалах төвийн гол үйлчлүүлэгчид нь хоёр, гурван хүүхэдтэй ээжүүд байдаг бөгөөд баярын өдрүүд, сургуулийн амралтын үеэр хамгаалах төвийг зорьдог хүмүүсийн тоо нэмэгддэг гэж "SafeHaven" төвийн гүйцэтгэх захирал Кэтрин Жейкоб ярьжээ. Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүмүүс ямар нэгэн алхам хийхдээ тун нухацтай ханддаг. Тэд өөртөө болон хүүхдэдээ хамгийн аюулгүй гэж бодсон замыг л сонгодог. Тэд хүүхдийнхээ хичээл, сургуулийг тасалдуулахгүйн тулд л сургууль амарсан үеэр хохирогчдыг хамгаалах төвийг зорьдог юм. Магадгүй зарим хүмүүс тэдний эл сонголтыг ойлгодоггүй ч байж мэднэ" гэсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах "SafeHaven" төв нэг дор 164 хүн хүлээж авах боломжтой бөгөөд одоогийн байдлаар 74 хүүхэд, 45 эмэгтэй байрлаж байна гэжээ. Хохирогчид түр хамгаалах төвд ойролцоогоор 8-10 долоо хоног амьдардаг аж. "SafeHaven" төвийнхөн Блэйк хүүгийн захидлыг сошиал сүлжээнд хуваалцсаны дараа хүмүүс бяцхан хүүд бэлэг, хандив өгч эхлээд байна.
Эх сурвалж: CNN