Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

ТӨРӨЛХ ДОГОЛДОЛ: ПОЛ ТОМАС АНДЕРСОН | Tegshee's Movie Corner


Хараал идсэн америк найруулагчийн тухай бичвэрээ эхлүүлж чадахгүй уруулаа хэмлэн, компьютерынхоо дэлгэцийг ширтэн нэг цаг дэмий суулаа. Хараал ид, хараал ид. Пол Томас Андерсон гэх кино найруулагчийн тухай бичвэрээ эгээ л түүний киноны дүрүүд шиг элдэв маяггүй, асуудлаа шулуухан тоочиж, хараал урсгасан байдлаар эхлэх нь чухам таармаар санагдав. Найруулагчийг ийн танилцуулах нь түүний бүтээлүүдийг төдийлөн мэдэхгүй үзэгчийг үргээж ч магад. Гэхдээ Андерсон гэх эр эцсийн эцэст хамгийн боловсон, яруу найруулагч ч юм бил үү, хэн мэдлээ. Юутай ч би цааш бичээд үзье, та ч бас үргэлжлүүлэн уншаад үз.

Пол Томас Андерсон. Кино ертөнцөд П.Т.Андерсон нэрээрээ танил болсон тэрбээр 1970 онд Калифорни мужийн Студи хотод айлын есөн хүүхдийн зургаа дахь нь болон мэндэлжээ. Ах, эгч нарынхаа рок хөгжим сонсож, мансуурч, элдэв солиотой зүйлд автахыг хар багаасаа харж өссөн нь хожим түүний кино хэл, онцлог төлөвшихөд дагалдах нөхцөл болсон болов уу. Мэдээж анхдагч нөхцөл нь түүний унаган авьяас юм.

Андерсон найман настайдаа анх кино хийж туршсан бөгөөд 12 нас хүрэхдээ ааваасаа бэлгэнд авсан Бетамакс видео камераасаа салахаа болив. Арван долоон настайдаа Болексын 16 миллиметрийн камераар кино туршилтуудаа үргэлжлүүлж, энэ хүртэл халаасны мөнгө, ойр зуурын зардлаа зохицуулан хэмнэж кино сонирхолдоо зарцуулдаг байсан бол 1988 онд амьтны дэлгүүрт ажиллан, цалингаа цуглуулж, түүгээрээ “Дөрк Диглерийн түүх” хэмээх порно одын тухай 32 минутын анхны мокументари /баримтат киноны хэв маягаар зохиомол үйл явдлыг хүүрнэх элэглэл маягийн төрөл/ бүтээлээ хийжээ. Манайхаар бол эрийн цээнд буюу 18 нас хүрэхтэй нь зэрэгцээд Андерсоны киноны замнал ийнхүү албан ёсоор эхэлсэн гэж болно.

Эрни АндерсонЭрни Андерсон

Түүний уран бүтээлд аав Эрни Андерсоных нь нөлөө тун их. Дуу оруулагч, радио, телевизийн шоу хөтлөгч аав нь хүүгээ кино найруулагч болоход багаас нь илт дэмждэг байв. Дээр дурдсан порно одын тухай анхны мокументари бэсрэг киноны хүүрнэл хэсгийг Эрни уншсан байдаг. Төдийлөн нэр алдарт хүрээгүй ч өөрийн гэсэн онцгой хэв маяг бүхий уран бүтээлчдийг таньдаг байсан Эрни хүүгийнхээ эхэн үеийн кинонд тоглох жүжигчдийг олж өгөхөд гол үүрэг гүйцэтгэжээ.

Хэдийгээр аав нь дажгүй орлоготой ч есөн хүүхэдтэй айлын жишгээр аль нэг хүүхдээ санхүүгийн хувьд бүрэн дэмжих бололцоо түүнд байсангүй. Тиймээс ч Андерсон ахлах сургуулиа төгсөөд шууд их сургуульд орж академик боловсрол эзэмшсэнгүй. Юутай ч тэрбээр Эмерсон коллежид английн утга зохиолыг хоёр улирал судалсан байдаг. Дараа нь Нью-Йоркийн их сургуулийн кино найруулагчийн ангид элсэн ороод хоёр хоногийн дараа сургуулиа хаяжээ. Авьяас, уран чадварыг академик боловсролоор олж авдаг эсэхэд эргэлзсэнээс үү, эсвэл дүрсгүйтсэнээс үү, ямартаа ч Андерсон Пулицерийн шагналт жүжиг, киноны зохиолч Дэвид Маметийн бүтээлийг өөрийнх болгож багшдаа шалгуулаад “С” үнэлгээ авчээ. Энэ явдал түүнийг их сургуулиа хаяж, сургуулийнх нь төлбөрт зориулж аавынх нь өгсөн 10 мянган ам.доллар, мөрийтэй тоглоомоос хожсон багахан мөнгө, найз охиныхоо зээлийн картны мөнгийг нийлүүлээд 20 мянган ам.долларын төсөвтэй “Кофе ба янжуур” хэмээх бэсрэг кино хийж, их сургуулийн боловсролыг бие даан эзэмших шийдвэр гаргахад хүргэжээ.

Өдгөө 44 настай Андерсон бүрэн хэмжээний уран сайхны долоон кино хийсэн бөгөөд Каннын болон Берлиний кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртээд байна. Тэрбээр хэзээ ч киноны сургуульд суралцаж академик боловсрол эзэмшээгүй юм. Харин кино үзэж задаргаа хийх, тухайн бүтээлийн талаарх найруулагчийн тайлбар, хэлсэн үгийг уншиж харьцуулах зэргээр бие даан боловсорчээ.

Андерсон бол орчин цагийн нийгмийн ололт, өөрт байгаа боломжуудыг чинээнд нь тултал ашиглаж, төрөлх авьяасаа хөгжүүлэх замаар жинхэнэ уран бүтээлчийн зиндаанд хүрсэн энэ цагийн “бүтээгдэхүүн” шиг санагддаг. Өмнөх үед тодорхой институц, тогтолцоонд харьяалагдаж байж олдог байсан мэдлэгийг өнөө үеийн технологийн дэвшил, мэдээлэл хүртэх баялаг орон зайгаас бие даан олж авах боломж бидэнд бүрдсэн нь сайхан завшаан. Манайх шиг хөгжиж буй орны уран бүтээлч залууст энэ нөхцөл тун ч ашигтай. Тиймээс ч Андерсон хэмээх энэхүү уран бүтээлчийн намтар, уран бүтээлийн замнал үүнийг бичигч миний хувьд урам зориг төрүүлдгийг бахархалтайгаар дурдмаар байна. Харин үзэгчдийн хувьд түүний кинонууд бүтээлчээсээ илүү сонирхлыг нь татах биз ээ.

“Янжуур ба кофе” бэсрэг киногоо Sundance кино хөтөлбөрт үзүүлснээр Андерсон нэгэн студитэй анхны бүрэн хэмжээний киногоо хийх тохиролцоонд хүрч чаджээ. Эхлээд “Сидней” гэж нэрлэсэн найруулагчийн анхны бүтээлийг кино хийх эрх олгосон студи дураараа засч янзалсан боловч Андерсон өөрийн хувилбараар хийснээ “Чанга найм” /Hard Eight/ гэж нэрлээд 1996 оны Каннын кино наадамд явуулсныг “Un Certain Regard” хэсэгт толилуулсан байдаг. Тэрбээр өөрийн хувилбараар киногоо хийж дуусгахын тулд 200 мянган ам.долларын хандив цуглуулж байжээ. “Чанга найм”-тай холбоотой асуудлыг зохицуулах зуур Андерсон 1995 он гэхэд дараагийн киноныхоо зохиолыг бичиж дуусгасан бөгөөд энэ нь түүнд анхны огцом амжилтыг авчирсан “Бүги үдэш” /Boogie Night, 1997/ нь юм. Уг киноны зохиол New Line Cinema–гийн ерөнхийлөгчид таалагдсан учир Андерсон “Бүги үдэш” киногоо хийх эрхийг олж авсан юм.

Бүүги үдэш киноБүүги үдэш кино

“Бүги үдэш”-т 1970-аад онд буюу порно киноны алтан үед аяга угаагчаас порно од болтлоо мандсан Эдди Адамс, тухайн цаг үеийн порно киноны үйлдвэрлэлд хувьсгал хийсэн хэсэг киночдын тухай үзүүлэх бөгөөд америкийн энэхүү назгай, эрх чөлөөт цаг үеийг харуулсан хамгийн чансаатай бүтээл хэмээн өдгөө ч үнэлэгддэг. Эдди Адамс бол порно киноны түүхэн дэх хамгийн тод од, “аварга” эрхтнээрээ алдартай Жон Холмс хэмээх бодит хүнээс сэдэвлэсэн дүр юм. Жон Холмс 1970-1980 онд порно жүжигчнээр ажиллахдаа 2250 кинонд тоглож, өөрийнх нь тооцоогоор 10 мянга орчим хүүхэнтэй загас наадуулсан гэдэг. Өсвөр насандаа порно их үздэг байсан тухайгаа найруулагч нэгэн ярилцлагадаа дурдсан бөгөөд бэлгийн бойжилт нь ид өрнөж байсан балчир хүүгийн амьдралд хамгийн их нөлөөлсөн “порно” хэмээх ертөнцийн тухай өөрт хамгийн ойр сэдвийг барьж авсан нь Андерсоны хэчнээн прагматик уран бүтээлч болохыг гэрчилнэ.

5442078866_6736442cbd_bОлон жүжигчдийн ансамбль, харьцангуй удаан үргэлжлэх хугацааг үл анзаарагдам байдлаар өнгөрүүлэх өрнөлт хэмнэл, огцом шилжилт, өнгөлөг зураг авалт гээд хожим нь найруулагчийн кино хэлний онцлог гэгдэх болсон элементүүдийг “Бүги үдэш”-ээс нь бүрэн харж болно. “Бүги үдэш”-ийн үзүүлсэн амжилтаас улбаалаад “New Line”-ынхан Андерсонд хүссэн киногоо хийх эрхийг олгожээ. Андерсон эхлээд цөөн шугамтай минимал маягийн бүтээл хийхээр төлөвлөсөн ч зохиол нь бичигдэх явцдаа хөвөрч, задарсаар 3 цаг 8 минутын “Замбага цэцэг” /Magnolia, 1999/ кино болон мэндэлжээ. Оршихуйн утга учир, аз жаргал, уучлал өршөөлийг амьдралаас хүлээх харилцан сүлжилдсэн олон дүр, түгшүүр төрүүлэм уур амьсгал, зэрэгцээ олон хүүрнэл, дүр бүрийн жигтэй араншин нийлээд сайх киног орчин цагийн нийгмийн жинхэнэ туульсын зиндаанд авчирчээ. Найруулагч ч өөрөө “Би түүхэн туульсын кино бус орчин цагийн нийгмийн бодит туульс бүтээхийг зорьсон” гэсэн удаатай. “Замбага цэцэг” кино найруулагчийнхаа нэр хүндийг олон улсад өргөөд зогсохгүй орчин цагийн тун өвөрмөц нэгэн найруулагч америкийн индепентент киноны хөрснөөс өндийж буйн гэрч болсон юм.

Замбага цэцэг киноЗамбага цэцэг кино

Андерсон гурав дахь бүрэн хэмжээний “Халамцуу хайрын хүч” /Punch Drunk Love, 2002/  романтик инээдмийн киногоороо төрөл жанрын хувьд уран бүтээлийн замналдаа эрс шинэчлэл хийсэн юм. Найман эгчтэй, айлын бага хүү, бага гарын бизнес эрхлэгч Барри Эган шалтгаангүйгээр уйлдаг, гэнэт тэсэрч уурлахдаа юм хум эвдэж хэмхэчдэг гэх мэт сэтгэцийн жижиг сажиг асуудалтай нэгэн. Ажилдаа цэнхэр өнгийн хослол өдөр алгасалгүй өмсөх, урамшууллаар насан туршдаа онгоцоор аялах эрх хожихын тулд тоо томшгүй их пуддинг худалдан авах зэргээр жигтэй үйлдлүүд хийнэ. Барригийн дүрд арилжааны инээдмийн киноны од Адам Сандлерыг сонгосноор Андерсон шүтэн бишрэгчдээ ихэд гонсойлгосон байдаг. Харин, америкийн хамгийн алдартай кино шүүмжлэгч, судлаач Рожер Эберттэй ярилцахдаа тэрбээр Адам Сандлерын фэн гэдгээ мэдэгдэж, хамтран ажиллахдаа энэ хүнээс суралцах боломжийг алдмааргүй байна хэмээсэн байдаг.

Андерсон жүжигчдийг гярхай сонгодогтоо, мөн өөрийнхөөрөө удирдан тоглуулах авьяастаа хэт бардсанаас ийм эрсдэлтэй сонголт хийсэн, эс бөгөөс ямарваа нэгэн урьдач нөхцөлд хашигдаж баригдах дургүй төрөлх мөн чанараа дагасан байж мэдэх юм. Аль аль нь магадлалтай хувилбар. Юутай ч Адам Сандлер өөрийнхөө үүргийг маш сайн гүйцэтгэсэн билээ. Хэдийгээр инээдмийн кино ч гэсэн найруулагч өөрийн гэсэн онцлох ур чадварыг үзүүлэхээ мартаагүй. Тиймээс ч “Халамцуу хайрын хүч” бол Андерсон гэх уран бүтээлчийн өөр түвшинд гарах шилжилтийн урьдач болсон бүтээл юм.

Халамцуу хайрын хүч киноХаламцуу хайрын хүч кино

Үүний дараа таван жил ор сураггүй байсны эцэст 2007 онд “Цус урсана” /There will be blood/ киногоо гаргав. Анх удаа кино зохиолоо өөрөө бичилгүй, Эптон Синклерийн 1927 онд бичсэн “Газрын тос!” романаас сэдэвлэн туурвисан нь энэ байлаа. Гуниг, ганцаардал зэрэг хүмүүний меланхолик чанаруудыг удаашруулсан хэмнэл, бодролын өнгө аясаас эрс өөр байдлаар, түгшүүр төрүүлэм хэмнэл, толгой эргэм олон дүрийн огтлолцол дээр дэглэж, үзэгчдийн сэтгэлийг хүчирхэг эргүүлэгт хамж орхидог түүний онцлог сайх киноноос эхлэн үгүй болж, нэг шугамт уламжлалт хүүрнэл ашиглахаас гадна жүжигчдийн цоо шинэ багтай хамтран ажиллах болсон юм. Английн нэрт жүжигчин Дэниел Дэй-Льюис эхний бөгөөд одоогоор сүүлийн удаа Андерсоны бүтээлийн гол дүрд тоглосон нь “Цус урсана” кино. Найруулагч уг кинонд тусгай эффект оруулах саналыг зураглаачдаа тавиад “Бидэнд Дэниел Дэй-Льюис гэх маш нөлөөтэй тусгай эффект байна шүү дээ” гэх хариултыг авсан гэдэг. Үнэхээр ч зураглаачийн үг батлагдаж, тухайн ондоо Дэниел Дэй-Льюис “Оскар”, “Бафта”, “Алтан бөмбөрцөг” зэрэг кино наадмуудаас Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хамж, үеийнхэн дундаа хамгийн нэр хүндтэй жүжигчдийн эгнээнд шилжив. Олонх кино шүүмжлэгч “Цус урсана” киног тухайн оны онцлох бүтээлээр нэрлэж, тэрхүү дуулиан шуугианыг даган Андерсон гэх нэр кино ертөнцөд түгэн мандах болсон билээ.

Цус урсана киноЦус урсана кино

Дэлхийн II дайны үед тулалдаж явсан, сэтгэлийн шархтай Ланкастер гэгч залуугийн амьдралыг культ маягийн шашны байгууллагатай холбож, уламжлалт маягаар хүүрнэсэн “Мастер” киногоо 2012 онд гаргаснаар ултай кино сонирхогч, шүүмжлэгчдийн дунд Андерсон гэх нэр чухамдаа дархлагдсан юм. Уг киноны “Мастер”-ын дүрийг урьд нь найруулагчийн дөрвөн ч кинонд тоглосон нэрт жүжигчин Филип Сеймүр Хоффман бүтээсэн. Флипийн 26 настайдаа тоглосон “Эмэгтэй хүний үнэр” киноны дүрийг үзмэгцээ л Андерсон түүнд анхны харцаар дурласан гэдэг. Мэдээж энэ бол янаг амрагийн дурлал биш, эн тэнцүү уран бүтээлчдийн нэг нэгнээ хайрлах сэтгэл юм. Филип, Андерсон хоёр “Бүги үдэш” киноноос эхлэн хамтран ажилласнаар тэдний замнал бараг зэрэг шахам эхэлсэн билээ. Андерсон хамтран ажилласан жүжигчдээ дараагийн бүтээлдээ дахин сонгож тоглуулдгаараа алдартай боловч өнгөрсөн жил өөд болсон Филип Сеймүр Хоффман бол түүний хувьд нэн онцлох жүжигчин, уран бүтээлийн сайн анд нь байсан юм. Андерсоны уран бүтээлийн замналаас хамгийн тод ажиглагддаг хоёр онцлогийг дурдъя. Нэгт, жүжигчдээ маш оновчтой сонгох бөгөөд урьд бүтээсэн дүрүүдийг нь ямагт эвдэж тухайн жүжигчний шинэ талыг нээх, өөр мөн чанар бүхий олон дүрийг тусгаар байлгах хэрнээ гайхамшигтай нарийн холбон хөтлөх чадвар юм. Түүний найруулсан долоон киноны туслах болон гол дүрийн жүжигчдээс Оскарын шагналд нэр дэвшээгүй тохиолдол нэгээхэн ч үгүй нь энэхүү баримтыг баталдаг.

Мастер киноМастер кино

Хоёрт, түүний кинонуудын хөгжмийн бүтээлүүдийн нөлөөг дурдаж болно. Хөгжим бол кино зохиол бичихээс эхлээд бүхий л бүтээлч үйлд зайлшгүй чухал өгөгдөхүүн юм. Түүний кинонууд хөгжмийн бүтээл шиг тодорхой хэмтэй байдаг нь хөгжим сонсонгоо зохиолоо бичиж, киноныхоо хэмнэл, уур амьсгалын урьдач төсөөллийг гаргадаг зуршилтай нь холбоотой болов уу. “Замбага цэцэг” киногоо америкийн дууны уран бүтээлч Айми Мэнн /Aimee Mann/-ийн дуунуудыг сонсонгоо бичсэн, “Халамцуу хайрын хүч” кинонд гол дүрийн сэтгэл зүйн онцлогийг ямагт хөгжмөөр илэрхийлсэн, “Цус урсана” киноноос эхлээд сүүлийн гурван бүтээлдээ Radiohead хамтлагийн гоцлол гитарчин Жонни Грийнвүүдтэй хамтран ажилласан зэргээр киноныхоо хөгжимд зориулан гаргасан чармайлт, туршлага нь арвин их. Кино хийгээд хөгжимд эн тэнцүү хорхойсон дурлагсдын хувьд найруулагчийн уг чанар тун ч талархууштай үзүүлэлт юм.

Андерсоны долоо дахь бүрэн хэмжээний кино “Төрөлх доголдол” /Inherent Vice/ 2015 онд гармагцаа олон улсад нээлтээ хийсэн. Орчин цагийн америкийн постмодернист уран зохиолын хүндтэй төлөөлөгч Томас Пинчоны ижил нэрт романыг дэлгэцийн бүтээлд хувиргасан нь сайх бүтээлийг онцлох нэг шалтгаан болж байна. Ихээхэн ярвигтай бичлэгтэй нууцлаг зохиолч Пинчоны аль нэг бүтээлээр урьд нь кино хийж байсан удаагүй бөгөөд магад гагц Пол Томас Андерсон л ийн зориглох биз ээ. Найруулагч өөрөө романыг нь кино зохиол болгон хувиргаж бичсэнийгээ зохиогчид үзүүлж, зөвшөөрөл авчээ. Орчин цагийн утга зохиолын ярвигтай хүүрнэл жигтэй найруулагчийн ураар кино хэлнээ хэрхэн буусан нь сонин. Зарим кино шүүмжлэгчдийн үнэлж буйгаар Андерсоны 20 орчим жил кино хийсэн туршлага, түүний онцлох арга барилын нэгдэл уг бүтээлд бүрэн цогцолсон аж.

Төрөлх доголдол киноТөрөлх доголдол кино

Андерсон хэмээх найруулагчийн тухай бичих явцад эдүгээ 100 гаруй жилийн нүүрийг үзэж буй кино урлагийн туурвихуйн онцлог, хэлбэрийн шинэ туршилт, онцлог хэв маяг шавхагдах яагаа ч үгүйд, магад хэзээ ч дуусахгүйд, хүн төрөлхтний оршихуй үргэлжилж буй цагт улс орон болгон өөрийн онцлох уран бүтээлчийг төрүүлэх шавхагдашгүй нөөцтэйд итгэн сэтгэл амарлив. Харин бичлэгийн эхэнд далдуур амласан шиг маань П.Т.Андерсоны кинонуудаас боловсон гүйцэтгэл, яруу зураглал үзэгч та хүлээгээд нэмэргүй нь тодорхой болов. Түүнийг нэг үгээр ямар найруулагч гэж тодорхойлохыг ч бүү мэд.  Урлагийн бүтээлээс, киноноос бид ихэнхдээ уянга, ухаарал, эсвэл зугаа хайдаг, магадгүй амьдралаасаа ч тиймүүдийг хайдаг байж мэднэ, гэхдээ хааяа зүгээр л хараал тавимаар үе амьдралд бишгүй, заримдаа уянга, ухаарал, зугаа цэнгээнээр жийрэг хийж бус зүгээр л амьдралтай нүцгэнээр нүүр тулах хэрэг гардаг, тийм л “зүгээр”-үүдийг П.Т.Андерсон дэлгэцнээ дэглэж байдаг. Тиймээс зүгээр л түүний кинонуудыг үзэх элдвээр маяглалгүй хараал тавьчихсан мэт сайхан байдаг. □

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.