Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Төсөөлөл дэх мөнхийн дайсан “Зэрлэгүүдийг хүлээхүй”


        Зэрлэгүүдийг хүлээхүй

Зээлийн газар олноороо цуглаж

Зэрэгцэж зогсоод бид юу хүлээнэ вэ? 

Зэрлэгүүдийн ирэх цаг өнөөдөр гэнэ

Ажил үүргээ умартан төрийн түшмэд мэгдэж

Ахуй хуулиа царцаан, бүх юм зогсохын учир юу вэ? 


Өнөө биднийг зэрлэгүүд дайлаар мордож байхад

Өөр юм хийж, хууль цаазыг сахиулаад яана?

Нэгэнтээ тэд хүрэлцэн ирэх аваас

Нэгтгэж биднийг захирах бус уу?


Эзэн хаан энэ өглөө эртлэн өндийж

Их хотын гол хаалган дээр сэнтийгээ залж

Хаан титмээ тэргүүнээ өргөөд

Хараа тавин суухын учир

Довтолгон айсуй зэрлэгүүдийн удирдагчийг

Довжоон дээрээ угтахаар хүлээж ахуй


Хүлээсэн хүндээ гардуулахаар зэхэж

Хуйлаатай нэгэн бичиг атгажээ

Цол хэргэм, албатуудын нэрс жагсаасан

Цаас байх нь гэрэлтэж харагдана


Чамин хатгамалтай час улаан нөмрөгөө тохсон

Цэргийн жанжин, өргөмжит дээдсүүд ч энд ирж

Бөлзөгнийх нь маргад шигтгээ нүд гялбуулж

Болор чулуун бугуйвч нь гялталзан байна


Алт мөнгөөр бүрсэн саваа таягаа атгацгаан

Аяг дүр үзүүлэн ихэмсэг гэгч нь зогсож байна

Зэрлэгүүд тэднийг үзэж бишрэх болов уу гэсэндээ

Зэгсэн их бэлдэж зүүсгэл сэлтээр гоёжээ


Харин манай уран яруу илтгэгчид

Хийдгээ хийж олны өмнө гараад

Хэлэх үгээ түмэндээ хүргэх атал

Хэн нь ч үл үзэгдэхийн учир юу вэ?

Яарсаар зэрлэгүүд ойртож явахад

Яруу гоёмсог үгс тус болохгүй гэж бодов уу.


Цугласан олон гэнэт үймэлдээд явчих нь тэр

Цухалдаж тээнэгэлзсэн төрх тодроод ирэв

Гудамж талбай хоромхон зуурт эзгүйрч

Гунигт автсан хүмүүс гэр гэртээ одоцгоолоо.


Харуй бүрүй болсон ч зэрлэгүүд ирсэнгүй

Харин хязгаар нутгаас хэл чимээ ирлээ

Хүлээсэн зэрлэгүүд маань угаас огт байхгүй болохыг 

Чилийсэн урт өдрийн төгсгөлд л мэдлээ

Одоо тэгээд тэдэнгүйгээр бид яах вэ

Олон асуултын цор ганц хариулт байсан юм сан

Грекийн яруу найрагч Константин Кавафийн 1890 онд бичсэн дээрх шүлгээс сэдэвлэн Өмнөд Африкийн зохиолч, Нобелийн шагналт Ж.М Күтси ижил нэрт зохиолоо 1980 онд хэвлүүлжээ. Ж.М.Күтсигийн романаар Колумбын найруулагч Чиро Гуэрра ээлжит бүтээлээ туурвисан нь үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна.  Холливудын А зэрэглэлийн одод, монгол жүжигчид хамтран тоглосон гэхээр үзэгчдийн сонирхлыг татах нь гарцаагүй.  

“Зэрлэгүүдийг хүлээхүй” хэмээх шүлэг, зохиол, кино бүтээл бүгд өрнөдийн колоничлолын өнгө аясыг илэрхий дүрсэлсэн агаад “соёл иргэншилт” барууны ертөнцийнхөн дорныг колоничилж, тэндхийн “зэрлэгүүдийг” өөрсдийн хууль ёсонд зохируулахаар шуурхайлж буй тухай өгүүлнэ. Кавафийн шүлэглэснээр зэрлэгүүд ирээгүйгээр үл барам огтоос байхгүй нь хотын иргэдийг уй гунигт автуулж байна. Зэрлэгүүд хэмээх нэгэн бүлэг этгээдийг дайсан болгон тодорхойлж, гагцхүү тэдэнтэй тэмцэхийн төлөөнөө утга учир, найдварыг эрэлхийлэгч тийм нэг хот орны тухай өгүүлэх аж. Гэвч найдвар талаар өнгөрч зэрлэгүүд ирсэнгүй тул тэд одоо юуны төлөө амьдрах вэ? 

Энэ бол цагийн цаг, үеийн үед том гүрнүүдийн колоничлол, империализмын түлхүүр бодлого болсон мөлжүүртэй сэдэв. “Barbarians” хэмээх латин үгийн гарал үүсэл эртний Грекээс гаралтай аж. Тухайн үед Грек, Ромын хэл, соёлоос ангид хэн бүхнийг ийн нэрийдэж байлаа. Үүнд дорнын соёл иргэншилтнүүд болох перс арабууд, төв азийн Хүннүчүүдийг голцуу тэмдэглэсэн байх юм. Тухайн үеийн грекчүүд танихгүй, харь хэл аялгууг дуурайн буулгахдаа “бар-бар” хэмээн тэмдэглэснээс энэ нэршил үүдэлтэй гэж үздэг. Тэгэхээр “бар-бар” авиагаар ярьдаг хүмүүсийг л угтаа нэрлэж байсан юм даг уу. Яваандаа хүн төрөлхтний тухайн цагийн түгээмэл, ноёлогч хэл, соёлоос хөндий хэн бүрийг нэрлэх нэршил болж хувиран, цаг улирах тусам “харийн, үл таних” гэсэн утга нь “түрэмгий, балмад, зэрлэг” хэмээх ойлголт руу бага багаар шилжиж эхлэв. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэгчлэн танихгүй нэгнээс айж болгоомжлох хүний төрөлх зөн, харийн эзлэн түрэмгийлэлээс үүдэн энэ утга бүрэлджээ.

 Ромын эзэнт гүрний үед Европт Атилла хааны удирдсан хүннүчүүд хамгийн цуутай барбарууд байлаа. Тэд бусад эртний овог аймгуудыг нэгтгэж хүчирхэгжжээ. Зарим судлаач эрдэмтдийн тэмдэглэснээр суурин соёл иргэншил маш харгис бүдүүлэг бол барбарчууд дэргэд нь илүү хүнлэг, ёс журамтай байлаа хэмээж.

 Азид төв Азийн нүүдэлчид, Газар Дундын тэнгис орчмоор зүүн зүгийн арабуудыг барбарчууд хэмээн нэрлэж байв. Ер нь газар бүрт өөрийн зэрлэгүүд байж. 

“Эртний Хятад ба түүний дайснууд: Зүүн Азийн түүхэн дэх нүүдэлчдийн сэргэн мандалт” номын зохиолч Никола Ди Космо “Хэрэв иргэншилт нийгмийн байгууллуудад ямарваа нэг нийтлэг шинж чанар байсан бол тэр нь өөрсдийн соёл иргэншлээ хамгаалах нэрээр хэн нэг дайсныг бүтээж,  түүнээ дарах хүчтэй үзэл санааны хэрэгцээ шаардлага юм. Соёл иргэншилд дайсагнах зэрлэгүүдийн тухай энэ сэдэв дэлхийн түүхэнд хамгийн удаан үргэлжилж буйгаараа хамгийн агуу сэдэв болно” гэжээ. Барбар хэмээх үгээр тодорхойлсон ч бай, үгүй ч бай түүхийн даваа нугачаа бүрт хэн нэг хүчтэй нь өөртөө дайсан хайж, түүнийг аюул занал хэмээн харж, эзлэн түрэмгийлж, нэгтгэн уусгах гэж оролдож ирсэн нь өдгөө зүсэн бүрээр дүрээ хувирган үргэлжилж байна. 

Дундад зууны үед дорно зүгийн “зэрлэгүүд” бидний өвөг дээдэс байлаа. Монголчууд хэзээ ирж биднийг хөрст газартай тэгшлэн, харгислан талах эс бөгөөс засаглан суух бол гэхээс дэлхий тэр чигтээ чичирч байв. Колоничлолын эрин эхлэхэд баруун Европын орнууд Америк, Африк, Ази, арлын орнуудыг зэрлэгүүд хэмээн зарлан түрэмгийлж, 19 дүгээр зуунд Япон Солонгосыг, Хятад Төвөдийг “зэрлэгжүүлж”, чингээд үзэл санааны дайн эхлэн, системүүд бие биенээ эвлэрч болшгүй зэрлэгээр нэрлэн, Орос орон Зөвлөлтийн харьяан дахь “зэрлэгүүдийг” соёлжуулж, 21 дүгээр зуун гармагц Хойд Атлантын орнууд исламын ертөнцийг зэрлэгт тооцон дайтаж, терроризмтай тэмцэж эхэлсэн. Энэ үйлдэл өдгөө үргэлжилсээр л буй. Хаа нэгтээ “зэрлэгүүд” байх л ёстой. Тэднийг хүлээж, хайж олж, номхруулах нь гарцаагүй гэнэ. 

Кинонд энэ л үйл явдал өрнөнө. Хэдийгээр хаана, хэдэн онд, хэн гэх зэрэг тодорхой мэдээлэл байхгүй ч энэ бүтээл дорно этгээдийн хаа нэгтээ хашаагаа хатгаж, соёлоо таниулахаар ирсэн өрнөдийн колоничлогчид хөрш зэргэлдээ нүүдэлчин зэрлэгүүдийн эсрэг харгислал явуулж буйгаар эхэлдэг. Эв найрамдлыг сахин явсан зэрлэгүүдийг нэг л өдөр дайснаа хэмээн зарлах хар шилээр нүдээ халхалсан байцаагч түшмэл тосгонд ирж, хөрш нүүдэлчдийг хомроголон барьж, харгис аргаар эрүүднэ. Тэрээр зэрлэгүүд хонь мал хулгайлан бидэнд тэрсэлж эхэлсэн агаад удахгүй бидэн рүү дайрах нь ойлгомжтой учир арга хэмжээ авч байна хэмээн тайлбарлана. 

Дорно дахины судлал, пост колоничлолын судлалаар нэр нь түгсэн алдарт Эдвард Саид “Ориентализм” бүтээлдээ; дорныг сонирхон судлах нь дэлхий дахинд ач тусаа өгч, олон гайхалтай эрдэмтэн мэргэдийг нээн илрүүлж, төрүүлж, хэл соёл, түүхийг таниулан сурталчилж чадсан. Гэтэл ориентализм буюу дорнын тухай ойлголт чигээ өөрчилж, ашиг хонжоо хайх сэдэл болон хувирч худалдаа наймааны зах зээл, эрдэс баялагт шунах, эзлэн түрэмгийлэл болж нэгэнтээ соёлын харилцаа байсан зүйл империалист бодлого болж хувирав. Наполеон, Балфур тэргүүтэй Франц, Британичууд оройлон манлайлж, 18 дугаар зууны сүүл гэхэд энэ үйл явц эргэлт буцалтгүй эрчимжсэн хэмээн бичжээ. 

Дорно дахиныг зэрлэгүүд хэмээн нэрийдэж, аюул занал учруулна хэмээн бэмбэгнэх Өрнө өөрсдөө ийнхүү зэрлэгүүд болжээ. Нөгөөтээгүүр хор хохирол учруулах гээд байгаа “төсөөллийн” дайсныг дарж, дарангуйлан суух арга бол шалгарсан арга хэмээн дээр өгүүлсэн. Энэ л дүрмийн дагуу киноны үйл явдал өрнөж байна. 

Хил дээрх хэргийг захируулахаар эзэнт гүрнээс томилон илгээсэн тосгоны захирагч эр зөөлөн сэтгэлтэй, эелдэг хүн байх агаад тосгоны үйл хэргийг аль болох хүмүүнлэг аргаар шийдвэрлэхийг хичээх юм. Тэрээр байцаагч түшмэлийн харгислалыг жигшин эсэргүүцэнэ. Тэр харгис түшмэлтэй харилцан ярилцах бүрт түшмэлийн нүдний шилэнд ойх өөрийн дүрийг үзэх нь өөртэйгээ л яриад байна уу гэмээр. Угтаа тэд нэг л гүрний бодлогыг өөр өөр арга замаар хэрэгжүүлж буй ижил зорилготой хүмүүс. Тарчилган тамлах, энхрийлэн хайрлах аль нь ч ялгаагүй эцсийн дүндээ бусдын зүйлийг булааж, өөрийн болгох нэг л үр дагаварт хөтлөх тул захирагч болон байцаагч түшмэл зэрлэгүүдийн хувьд ялгаагүй ажээ. 

Үүнийг гол дүрийн эмэгтэйн дүрээр харуулж. Тэр эрүү шүүлтэнд орж, амьд үлдсэн зэрлэгүүдийн нэг агаад түүнийг тосгоны захирагч эр өрөвдөн нигүүлсэж асарч тойлсоор эцэстээ дурлаж хайрлан, хамгаа зориулахад бэлэн, гагцхүү хамт үлдэж амьдраач хэмээн гуйна. Бүсгүй гэр бүлээ алдаж, тамлал шүүлтийг даван гарсан зүдгүүрт нэгэн тул захирагч түүний туулсан зовлонг хуваалцаж, шархыг нь эдгээхийн тулд бүхнийг хийвч бүсгүйн шаналал хэвээр. Тэр тамлалаас бус харин харь нутагт, хүний эрхэнд аж төрж буйдаа зовуурлин буйг захирагч эр олж харсангүй. Энэ мэт үйл өгүүлэмжүүдээр колоничлогч болон колоничлогдогч, соёлт ертөнцийнхөн болон зэрлэгүүд, өрнө болон дорнын ээдрээт харилцааг илэрхийлэхийг зорьсон бололтой. 

Эдвард Саид “Дорныг болон цагаан арьстангүй газар орныг эзэмших өрнөдийн эрмэлзэл ердөө маш бяцхан зүйлээс эхэлдэг. Тэр бол бусад улс орны тухай барууны бүдүүлэг хэвшмэл ойлголт. Өдөр тутмын үйл амьдрал, мэдээллийн хэрэгсэлдээ бичдэг зүйлс. Жишээлбэл, араб хүн бол тэмээ унасан террорист, дэгээ хамартай, шунахай, завхай, иргэншилт ертөнцийн дүрэм журамд үл нийцэх хөрөнгө чинээтэй. Харин өрнийнхөн энэ дэлхийн бүх эд баялгийг ганцаараа эзэмшиж, зарцуулсан ч болно. Яагаад? Яагаад гэвэл тэд дорнынхон шиг биш. Тэд бол жинхэнэ хүн, үнэт бодгаль. Баруунд дундаж давхаргын цагаан арьст хэн ч болов өөрийнхөө арьсны өнгө, угсаа гарвалыг онцгой давуу тал гэж мэдрэх бөгөөд энэ нь “үнэ цэн багатай” бусад ертөнцийг захирах, эзэмших эрх болно гэж ойлгодог.

 Цагаан арьстан биш л бол жинхэнэ хүн биш хэмээн хардагийнх. Дэлхийн бусад газар нутгууд тэдний төлөө үйлчлэх ёстой агаад тэд бол гол тоглогч, бусад нь туслах дүр. Өрнө бол дорнын бүх авир үйлдлийг шүүх шүүгч, гэрч, тангарагтны зөвлөл гэж үздэг” хэмээжээ.

Энэ л метанарратив буюу ашиг хонжоо хайгчдын мөнхийн шалтаг болсон сэдвээс зохиол бүтээл олон төрсний нэг нь энэхүү “Зэрлэгүүдийг хүлээхүй” юм. Найраг, зохиол нь зуу гаруй жилийн настай тул шинэ, содон сэдэвт тооцогдохгүй нь ойлгомжтой. Энэ кинон дээрх шиг бодит биш дайсныг хайсаар дуусдаг эмгэнэлт, хошин бүтээлүүд мөн цөөнгүй бий. Баатарлагийн туулиар өвчилж, эх орондоо хүчээ өргөх хүлэг баатар болохоор шулуудсан солиот ноён Дон Кихот, Францын алдарт зохиолч Стендалийн “Пармын хийд” зохиолын баатар Фабрицио зэрэг танил дүрүүд бишгүй. Тиймээс хилийн заставын буйдхан тосгонд зэрлэгүүдийг хүлээж давчдах киноны санаа, үйл явдал онцгой содон биш байлаа. Гэхдээ өрнө дорнын чухам хэн нь жинхэнэ зэрлэг болох, бас зэрлэгүүдээс айх айдас хэнд ашигтай, улс нутгийн уугуулууд гэж угтаа хэн болохыг уран дүрсэлсэн бүтээл мөн юм. 

Барбарын тухай буюу ирдэггүй тэр зэрлэгүүдийн түүх орчин цагт ч амь бөхтэй оршсоор л байна. Тэдгээр зэрлэгүүд бодитоор оршдоггүй, харин тэднийг бодож олж, бүтээдэг. Гадаад ертөнцөд ч, гэр дотор ч зэрлэгүүдийг бүтээж болно. Тэд бол маш олон асуултын цорын ганц хариулт. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.