Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

UB LIFE-ийн Түүхүүд: "Экс"-ийн ойлгуулсан амьдралд хэрэгтэй 10 сургамж


Ер нь л "Экс"-ийн тухай ярихад бид яагаад ч юм жаахан таагүй, онцгүй байдлаар дурсах гээд байдаг талтай. Бүгд биш шүү, гэхдээ дийлэнх нь. Үнэхээр салж сарнисан, тэр харилцаа ямар нэгэн онцгүй байдлаар дууссан байлаа ч түүнээс сурч авсан, мэдэрсэн сайхан зүйл бас байж л таараа. Тийм биш гэж үү? Бүгдээрээ энэ тухай хөөрөлдөцгөөе. Энэ 10 хүн надад "Экс"-ээсээ сурч авсан сайхан зүйлсээ хуваалцсан нь энэ.


1. Бид хоёрын харилцаа онцгүй төгссөн. Баахан нус нулимс, уртаас урт чат хөвөрсөөр, эцэст нь би түүнийг блок хийж л дууссан даа. Тэр бүхэн миний хартай, түүний олны дунд алдартайгаас болсон. Угаасаа баахан охинтой найз, ажлын гээд олон харилцдаг тийм залуутай тайван амгалан үерхэж, итгэнэ гэдэг надад хэцүү байсан. Гэхдээ эргээд бодоход сайхан харилцаа байжээ. Тэр надад өөрийн үнэ цэнээ мэдрэхийг бага багаар зааж өгсөн юм. Би гоё сайхан хувцаслах гэхээсээ "байгаагаараа л байна, би ийм л хүн" гэдэг зан ааштай, жаахан салан задгай байсан. Харин тэр намайг заавал бусдад гоё харагдах гэж биш өөртөө сайхан мэдрэмж авахын тулд бас гоёж гоодож, хараа дээгүүр явах ёстойг ойлгуулсан. Будаг шунханд мөнгө үрнэ гэхээс л инээдтэй санагддаг байлаа. Гэтэл тэр надад үнэтэй гоё зүйлс бэлэглэнэ, тэрийг нь хэрэглээд ирэхээр яалт ч үгүй өөртөө бүр дурлаад, таатай болоод эхэлнэ. Тэгж л одоогийн би бүтсэн гэж боддог доо. Тавхан сарын дотор хөлийн улнаас үсний ширхэг хүртэл өөрчилж өгсөн, өөрийгөө нээх ёстойг ойлгуулсан чамд баярлалаа. 

-Ү.

2. Тэр үед хорин хэдхэнтэй л байсан. 2000 оны эхэн үед амьдрал тийм ч сайхан биш, гоё ганган юм ч авч чадахгүй гэртээ зарцуулдаг байсан юм. Шинэхэн баригдсан ч заваан гэж жигтэйхэн цайны газар сунаж унатлаа. Бэлтгэгч, угаагч гээд сул зогсохгүй бүгдийг нь л хийдэг байсан даа. Тэр үед нэгэн даруухан, хөрслөг бор залуутай танилцаж, уулздаг болоод удаагүй байлаа. Тэр надад амттай гоё юм авч өгөөд л, нээх гоё цамц, ороолт, малгай энэ тэр өгдөг байсан. Би ч дуртайяа тэрийг нь авна. Ямар ажил хийдэг вэ гэхээр "Зах дээр юм зардаг" л гэдэг байлаа. Тэгсэн нэг өдөр байдаггүй шүү. Бүр усанд хаясан чулуу шиг таг болов. Ажлын гадаа хүлээж байдаг нь ч байхгүй, нэг хэсэгтээ л би битүүхэн шаналж, харуулддаг байлаа. Тэгсэн бүр сүүлд нэг өдөр ажлаа тараад явж байсан чинь гадаа зогсож байна шүү. Уурлаж гомддогоо гомдоод, гайхаж дуусаад байсан би нээх баярлаж догдолсон шинжгүй яваад очлоо. "За сайн уу, Чимэгээ" л гэнэ. "Сайн" гэхээс өөр үг хэлж чаддаггүй ээ. Хоёулаа нэлээн дуугүй зогсож байгаад тэр эцэст нь ам нээж байна шүү. "Найз нь чамд хэлэхээс санаа зовж байна" л гэнэ. Тэгсэн манай хүн халаасны хулгай хийдэг, ёстой нөгөө малгай байвал шүүрээд, зөрж байгаа хүнийг нөхөдтэйгөө дундаа нэг эргэлдүүлээд л юмнуудыг нь аваад явчихдаг нөхөр байжээ. Үйлдэл дээрээ баригдсан л гэнэ, юм юм үзлээ л гэнэ. Тэр үедээ гангалдаг байсан цамц маань захын лангуунаас суйлсан эд болохыг ч мэдэв. Би шоконд ороод, юм хэлж чаддаггүй ээ. Тэгсэн тэр "Би ажил хийхээр явах гэж байгаа" гээд хаашаа явахаа ч хэлсэнгүй. Бид хоёр нэг тийм байдлаар л ярилцаж байгаад хамгийн сүүлийн удаа "Баяртай" гэж хэлээд салсан. Гэхдээ би сүүлд том хүүгээ сургуульд оруулдаг жил түүнийг зурагтаар харсан даа. Манай хүний царай зүс, хувцаслалт, яриа, биеэ авч явж байгаа байдал тэс өөр болсон байснаас гадна өөрийн компанийг нээгээд, нөгөөх нь овоо хөлжөөд, одоо бол өчнөөн өрхийг тэжээгээд явж байгаа мундаг газар болсон байна лээ. Хүн үнэхээр яаж өөрчлөгдөж, хичээвэл юунд хүрч болдгийг хараад би үнэхээр гайхаж бас бахархсан юм. тэр хуучин амьдралаа орхиод, өөрийн явах ёстой замыг олж, зөв алхаж чадсан байна лээ. Өөрчлөлт хийж, шинийг эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүй юм шүү гэдгийг түүнээс харж, одоо хааяахан бодож инээмсэглэн суудаг даа. 

-Л.Ч

3. Сүүлд нэг залуутай болзож байхад надад “Чи манай экс гээд л ярих юм…” гэж дурамжхан хэлж билээ. Би хариуд нь “Би чиний хувилбарын хамгийн сайнтай нь болзож байгаа. Намайг, эсвэл хосын харилцаанд менежмент сайтай байхад миний экс нөлөөлсөн нь үнээн” гэсэн юм. Тэгээд ч бид болзооныхоо үеэр “экс бид хоёр ингэж тэгж гоё байсан” энэ тэр гэж нарийн ширийн зүйл яриагүй, тэгэх нь хэнд ч гэсэн үл хүндэтгэсэн болно.

Ямартай ч миний яриад байгаа тэр экс надаас 30 ах байлуу даа. Тийм болоод ч тэр үү, амьдралын туршлагатай, харилцаандаа, аливаа зүйлийг хийж байгаа хандлагаас нь би маш их зүйлийг сурч билээ. Эхэндээ тэдгээр нь надад нэг дүрэм шиг ядаргаатай санагддаг байсан хэдий ч яваандаа үнэхээр тэдгээр нь гоё аргууд байжээ. Жишээ нь хоорондоо ярих ярихгүй зүйл гэж байна, ямар нэг эмзэг сэдвийн талаар, эсвэл өөр хэн нэг хүний талаар ярихаар бол түлхүүр үгстэй, эсвэл асуутал нь тэр сэдвийг хөндөхгүй ч гэдэг юм уу. За тэгээд хувийн орон зайгаа хүндэтгэх, хамтын цагуудтай… Тэрээр хаа явсан газраа өөрийгөө эрхлүүлэх, тухтай байлгах хэд хэдэн аргатай ба түүнийг нь бүх хэдийнээ далд ухамсартаа хэрэгжүүлээд дадчихсан байна лээ. Өшөө нарийн бодвол гоё сургамжууд гарч ирэх байхаа. 

Ингээд бодоход, тийм экстэй байсанд өөрийгөө маш азтай хүн гэж боддог шүү.

-Нэрээ нууцалсан

4. "Хайртай, хайр минь, хонгор минь" гээд л байх нь хайр биш юм билээ гэдгийг сурсан. Тэр надад хайртай гэх нь битгий хэл, сэтгэлээ нээн харуулж байсан нь цөөхөн бол би дандаа л "Хайр аа, яах уу. Миний хайр..." гэдэг байсан юм. Тэгээд надад зөрүүлж хэлэхгүй бол гомддог. Жаахан хүүхэд шиг л байсан юм билээ. Эргээд харахад түүнээс илүү үнэнчээр намайг хайрлаж, үйлдлээрээ үзүүлдэг байсан нь ховор. Байнга "хайр аа" гэдэг хүнтэй ч дараа нь учирсан ч тэр үгийг үнэ цэнгүй болгож байгааг мэдсэн юм. Одоо бол би найз залуудаа "Хайртай" гэдгээ цөөхөн л хэлдэг. Энэ бол нандигнах ёстой үг болохоос биш "Хөөе, хэнээ, тэр ээ" гэдэг шиг энгийн үг биш.

-Нэрээ нууцалсан  

5. Үерхдэг байсан охиноосоо эрүүл, идэвхтэй амьдралын бүхий л зүйлийг нэвт суралцсан. Уулзаж эхлэхдээ би бараг 90кг байсан. Тэр өглөө болгон гүйе, хамтдаа дасгал хийе, дэглэм барья, ус ууя гээд, утсан дээр минь хүртэл мэдээгүй байхад ус уухыг сануулдаг апп татаад өгчихсөн байсан. Гэхдээ түүний ачаар яг хүссэн өөрийгөө олж авсан. Эхэндээ ядаргаатай л санагддаг байлаа. Гэхдээ өөрөө ч гарцаагүй хөөрхөн, гоё биетэй охин байсан л даа. Надад нөлөөлсөнд нь баярладаг л юм.

-Э.

6. Жаахан байхад аав ээж хоёр салаад, салах салахдаа нэлээд хэрүүл уруултай салсан болохоор өөрийн мэдэлгүй хоёр хүн хамтдаа байгаад нэгнийгээ хайрлаж энхрийлнэ гэдэг ердөө богино хугацааны зүйл гэдэг ойлголттой болоод үерхэл, гэрлэлт гэдгийг огтхон ч бүтэхгүй зүйл гэж хүлээж авдаг болсон байсан. Хүмүүстэй харьцаж, болзсон ч “За ингээд удахгүй юм чинь цагаа үрээд яахав, угаасаа л бүтэхгүй” гэж бодоод л түлхдэг. Харин экс маань надад хосын харилцаа илүү сайхан, жинхэнэ, урт хугацааны зүйл байж болно, надад сайхан ирээдүй элэг бүтэн гэр бүлтэй болох боломж байгаа гэдгийг бага багаар ойлгуулж бас хүлээн зөвшөөрүүлж эхэлсэн. Хуучин ганцаараа байна гэж төсөөлдөг байсан ирээдүйгээ одоо хэн нэгэнтэй хамт байна гэж төсөөлж чаддаг болсон болохоор тэр хүнд баярладаг даа. Бас жаахан тоогүй зүйл болохоор л өөрийгөө шийтгэж, гэмтээж, өвтгөдөг байсныг минь намайг хайрлаж, аргадаж болиулсанд баярлалаа. Хоёулаа ер нь буцаж нийлээд, гэрлэх үү?   Тэгээд бас би уйлахаараа үнэн мэдрэлгүй уйлдаг, салганаад эрүү шүд хамаг юмаа тас зуурчихдаг байсан. Үнэхээр тэнэг харагддаг за. Уйлах болгонд минь эрүүг минь илээд бас намайг тэврээд дулаан үгс хэлээд тэр тэнэг зуршлыг минь болиулж өгсөнд баярладаг.

-Г.Дөлгөөн

7. Экс бид хоёрын хэн хэн нь 17 настайдаа учраад бараг 24 нас хүртлээ хамт байсан юм. Өөрийгөө ч ойлгож мэдээгүй 17-хон настай охин тэр л хүний ирээдүй, амь амьдралыг нь гэрэл гэгээтэй болгоод, "зөв замд" нь оруучихвал өөр юу ч хэрэггүй мэтээр санаж, гэр бүл, найз нөхдөөсөө хүртэл зөрж, тэр хүнийг хайрласан юм. Бид хоорондоо тэс ондоо, яг нэг зүйлийн хоёр туйл шиг байсан учраас нэмэх хасах цэнэгүүд шиг л бие биедээ татагдаж байлаа. Хамт байсан тэр их урт хугацаанд экс минь надад бараг л бүхий л амьдралыг зааж дээ. Гэхдээ хамгийн чухал нь...

Тэр ер нь эхнээсээ л "Чи зөвхөн минийх, чамгүй бол үхнэ, чи байгаа учраас л би амьд яваа" гэдэг байв. Анхандаа ч ном зохиол, кино клип шиг сайхан л санагддаг байлаа. Аажимдаа энэ бүхэн надад би яг түүний өмч юм шиг, ямар ч хувийн орон зайгүй, нэг хүний торонд хоригдож буй шувуу шиг мэдрэмжийг төрүүлж, дараатай санагдах болсон. Хардана, хаа явсан газарт минь дагаж явах гэнэ. Би бүр өөрийгөө алдаж дуусаад байлаа. Ингэж "өмчлөх" чинь надад маш их хэцүү байна гээд хэлэнгүүт "Би чамд ийм л хайртай юм шүү дээ" гэнэ. Одоогоор бол утгаараа "хортой" харилцаатай болчихсон байлаа. Олон ч салж нийлсэн дээ. Ингээд энэ бүхнээс залхаж, нэг л өдөр зориг шулуудан харилцаандаа нэг мөсөн цэг тавьсан.

Эксээсээ ойлгож сурсан хамгийн чухал зүйл бол "Хайр гэдэг тэр хүнийг хажуудаа уяж, өөрийн хүссэнээр байлгах бус харин чөлөөлж, тэр хүнийг яг жинхэнэ оршихуйгаар нь, өөрөөр нь байлгаж, хүсэл сонирхлыг нь дэмжих" юм байна гэдгийг ойлгосон. Мөн одоо эргээд бодоход өөрийгөө ч таньж мэдээгүй байж, хүнийг таньж мэдэх гэж, хүний амьдралыг засаж залруулах гэж явсан даа хааяа харамсдаг. Гэвч дурлал гэдэг хүний хүссэн зоргоор ирчихдэг биш дээ.Одоо экс бид хоёрын хэн хэн нь өөр өөрсдийн замаар, өөр өөрсдийнхөө амьдралын үнэ цэнийг бүтээхийн төлөө яваа. Энэ л хамгийн сайхан юм даа. Хэрэв хортой харилцаандаа зориг гаргаж цэг тавиагүй байсан бол бидний хэн хэн нь бие биенээ хойш татаж байнгын хэрүүлтэй аз жаргалгүй амьдарч байх байсан биз.

Залуусаа хайртай л бол түүндээ хувийн орон зайг нь заавал үлдээгээрэй. Хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаарай. Тэр хүнийг, тэр л байгаа чигээр нь хайрлаарай.

-Нэр нууцалсан

8. Хэн нэгнийг хайрлах гэдэг өөрөөсөө ч илүү бүхнээ түүнд зориулах ямархан их аз тохиол бас баяр жаргал гуниг юм бэ гэж хааяахан бодогддог шүү. Ингээд экс хэмээх эрхмээс үлдсэн зүйлсээс:

1. За бол за үгүй бол үгүй байх хэрэгтэй хэмээх эрхэм чанарыг нэн тэргүүнд сурсан.
2. Уран зохиол, утга зохиол гэдэг хүний амьдралд, зүрх сэтгэлд яаж нөлөөлдгийг түүнээс хэдэнтээ харсан.
3. Хамгийн чухал зүйл бол би одоо малгайгаа байнга өмсөж, ороолтоо зүүдэг болсон шүү.
4. Хэн нэгнийг хайрлахад хэтэрхий их зүйл хэрэггүй. Чин сэтгэл басхүү чамайг гэсэн догдлол байхад л болдог юм.
5. Хамгийн том ухаарсан зүйл бол өөрийгөө хайрлаж сурсан. Хүн бусдыг хайрладаг басхүү тавьж явуулах ёстой зүйл байдаг гэдгийг маш ихээр ухаарсан даа, чамд хайртай нэгэн эмо экс нь ккк.

-Нэрээ нууцалсан

9. Үнэнийг хэлэхэд би нэлээдгүй олон хүнтэй үерхсэн л дээ. Тэгээд ч цаашдаа удна гэж боддоггүй байсан болохоор дээд талдаа л 2-3 сар үргэлжилсэн харилцаа үүсгэдэг байсан юм. Харилцаанууддаа чухал ач холбогдол өгдөггүй болохоор янз бүрийн маргалдах асуудал гарвал шууд нөгөө хүнээ орхиод хэдэн өдөр харьцахгүй алга болчихдог байсан, тэгээд л гэнэт юу ч болоогүй юм шиг гараад ирдэг "токсик" маягийн хүн байсан гэх үү дээ. Залуу насны омголон зангаа харин ч сайн эдэлж явсан даа, күэ одоо ч бас эдэлж л байна л даа хаха.

Тэгээд нэг өдөр кино, клип шиг л намайг их хэмжээгээр өөрчилж орхих хүнтэй таарсан даа. Одоо хүн нь миний экс болсноос биш надад үлдээсэн өөрчлөлтүүд бол "update" хийгдээд улам л сайжраад яваа шүү дээ. Бид хоёрын дунд маргалдах асуудал гарахад би өмнөх шигээ л таг алга болчих гээд байсан. Тэгэхэд над дээр ирээд, араас яриад л, юм бичээд л "Чи ярихыг хүсэхгүй байна уу?", "Хоёулаа багаас нь эхлээд ярилцъя за", "Чамайг хүнтэй ярьж сургана даа" гээд би байсан бол өөрөөсөө залхмаар их хичээл зүтгэлийг надад гаргасан. Жил хагас гаруй намайг ирээдүйд бэлтгээд, намайг арай дээрдэх мөчид "Одоо чи алзахгүй" гээд орхих шиг л санагдсан.

Тэр хүний ачаар одоо би өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмж, бодогдож буй бодлуудаа ерөнхийлөөд ч болов дотнын хүмүүстээ илэрхийлж сурсан даа. Одоо би хайртай хүнтэйгээ байгаа, үерхээд жил хагас орчим болж байна. Эндээс харвал, миний харилцаагаа авч үлдэж буй хугацаа уртассан. Би харилцааны хичээлээ давгүй сурчээ л гэж бодож байна даа. "Экс"-дээ баярлалаа, өөрийнх нь одоогийн найз залууг ч бас азтай хүн байна шүү гэж боддогоо нуухгүй ээ, кк.

-М.Ө

10. Хамгийн анх Норвегийн ой номыг солилцож уншиж байхдаа л хэтэрхий өөр ертөнцтэй, дулаахан нэг залууд дурлачихсан юм. Энэхүү захиагаар хажууд нь байвал яриад л яриад л баймаар санагдах тийм зөөлхөн нэгэнд, хэнд ч ярих юмсан гэж бодож байгаагүй олон адал явдалтай түүхийг минь мэддэг болсон залууд юун түрүүнд баярлалаа гэж хэлэхийг хүссэн юм. Хэдий дурсамж дурдатгал минь тэр л өдрөөр дууссан ч дурсамжийн хуудсаа хаа нэг газар олон жилийн дараа нээж үзэхэд хэтэрхий өөр ертөнцтэй, яруу найрагт дурласан залуу, олон газраар аялна аа гэж ярьдаг,  бүүдгэр өдрүүдэд дургүй өсвөр насны охин хоёрын мөчүүд дурсагдана гэдэгт итгэнэ. Түүнд зориулсан захиагаа та бүхэнд сонирхуулж байна.

Сайн уу? Шинэ оны мэнд. "Гадаа цас орж байна, цас бороо хоёрын алинд нь илүү дуртай вэ?" гээд инээж байсан цаг хугацааг хажууд минь авчрах шиг... Тийм урт цаг хугацааг хамт өнгөрүүлээгүй ч гэлээ, их л удаан таныг мэддэг байсан юм шиг санагддаг байж билээ. Ижил сонирхол олон байсан учраас л тэр юм болов уу даа.  Таныг “краш”-аа болгосон тэр цаг хугацаанаас эхлээд уншдаг зохиол, шүлэг, сонсдог хөгжмийг нь нэгд нэгэнгүй судалдаг байж билээ. Хэзээ нэг өдөр тэр зохиолч, уран бүтээлчийн талаар ярилцах өдөр ирээсэй гээд л их л догдолдог байсан сан...

Би танд баярлалаа бас зүгээр дээ гэж хэлэх гэсэн юм. Бүх зүйлд үнэн байж чаддагт нь өөртөө бас бусдад. Одоо хүртэл тэр өдрийн кофе шопд өрнүүлсэн яриа, яруу найргийн талаар ярилцсан зүйлс сэтгэлд минь бүлээхэн хэвээр байгаа шүү. Энэ хэвээрээ л үлдээсэй хэмээн хүсэж байна.

Хүлээлт их байх тусам л хүнийг шархлуулдаг, гэхдээ хүний хүлээлт гэж тийм ч хурдан унтарчихдаг зүйл бас биш гэдгийг сайн ойлгож сууна. Өөрийгөө сайн ойлгуулж чадаагүй гэж байсныг санаж байна. Би хангалттай сайн ойлгосон болохоор тэгтлээ их хичээсний хэрэггүй дээ, өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо надаас дахин уучлалт гуйх хэрэггүй болж байх шиг байна. Зүгээр л хэн нэгнийг дурсамжийн хайрцгандаа муу хүн болгож хадгалах дургүй болохоор, таныг муу хүн биш гэдгийг чинь ч мэддэг болохоор тэр юм шүү дээ. Хэрвээ гомдоочихсон гэж бодож байвал тэр бодлоо мартаарай. Энэ хүртэл олон дурсамж, инээд, догдлолуудын минь эзэн болсон танд сэтгэлийг нь гэгээн, тунгалаг өнгөөр будах хэн нэгэнтэй учраарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бүгд чин сэтгэл юм шүү.

Зүгээр л таньдаг хэн нэгэн болсон хүнээс нь.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
8 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
23
0
2
1
0
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.22 162.158.183.122

Эkc gej neg zawaan vg bhn

0 Хариулах


Лимон 2021.01.10 172.69.134.42

Ийм нийтэл гархыг мэдсэн бол эксынхээ тухай маш чухал Нандин зүйлүүдийг бичиж өгөх байлаа.

0 Хариулах


yobibn 2021.01.08 172.69.252.151

hi sociapvt

0 Хариулах


Зочин 2023.11.01 103.212.117.103

wow

0 Хариулах