Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

UB LIFE-ийн түүхүүд: Хөл хорионы үеийн хайр дурлал, болзооны тухай 9 түүх


Энэхүү нийтлэлийг Олон Улсын Залуучуудын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сантай хамтран бэлтгэв. Олон Улсын Залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдөр дэлхий даяар тэмдэглэдэг бөгөөд НҮБ-ын Хүн амын сангаас энэ жил КОВИД-19 цар тахлын үеэрх залуусын амьдралыг онцолж, тэдний эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлтэд цар тахал хэрхэн нөлөөлж байгааг харуулах цахим аянг эхлүүлж байна. Та энэ долоо хоногийн турш манай цахим аянтай хамт байгаарай. #YouthDay #YouthAgainstCOVID19


1. Манай найз залуу гадаадад байдаг. Бид хоёр нэг л удаа уулзаад түүнээс хойш холын харилцаанд байсан. 300 өдөр хол байгаа ч одоо ч гэсэн бие биедээ хайртай. Анх уулзаад салахдаа л дараа жилийн зун уулзъя гээд салж билээ. Тиймээс ч түүн дээр явж очих нь бараг л миний мөрөөдөл байв. Гэтэл вирус гарснаар бүх зүйл бүтэлгүйтсэн. Миний хүсэл талаар болж түүнтэй байна гэдэг зүүд мөрөөдөл болж үлдсэн. Нүдээ чилтэл утас ширтдэг болсон доо. Холын харилцаа хэцүү. Тиймээс нэгэнт хамт байж чадахгүй тул минийх мэт ямар нэгэн юм явуулъя гэж шийдсэн нь хиймэл хөх байлаа. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн хамгийн ичмээр, бас хөгжилтэй үйлдэл юм. Хайр дурлал хүний хэзээ ч хийхгүй гэсэн үйлдлийг хийлгэдэг гэж үнэн л юм байна лээ. Хараад инээнэ дээ гэсэндээ тийм үйлдэл хийж байх жишээний. Амьдралдаа анх удаа +18 дэлгүүр орж үзээд золтой л ухаан алдчихаагүй.  Ядаж байтал яг миний хайсан нь байхгүй бүр гурван ч дэлгүүрээр орсон. Гэвч тэгэн байж авсан муу хөхийг илгээмжийн газар “садар самуун сурталчилсан” нэрийдлээр явуулаагүй юм. Энэ үгийг сонсоод тухайн үедээ газрын гаваар ормоор санагдаж байсан ч одоо бодох нь ээ хөгжилтэй дурсамж болсон байна даа.

-Н. (21 нас)

2. Найз охинтойгоо ойрхон ч гэсэн агаар салхинд гарах санаатай нэг баасан гарагт яг ажлаа тарах цагаар нь очиж аваад явах гэж байсан юм. Ажлынх нь хүмүүсийг гайгүй мэддэг болохоор шууд ороод, ганц хоёр яриа өрнүүлж байгаад дагуулаад гарчихдаг. Тэр өдөр оффисынх нь хаалгаар яваад орсон чинь манай хүн алга. Ажлынх нь ганц хоёр хүн чихэвч зүүгээд дуугүй сууж харагдсан. Би тэр хооронд нь ширээн дээр нь суугаад юм хумыг нь тойруулж харангаа хамраа ухаад, найз залгахаар нь "За яав, банди минь" гээд үүнээс хурц хурц үг хэлээр утсаар яриад маазраад сууж байсан чинь найз охин нэг юм тэвэрчихсэн гүйгээд ороод ирдэг юм. Тэгснээ намайг сандлын араас татаж босгоод, "Тэнэг юм уу" гэснээ учиргүй л "За, тэгнэ ээ. Ойлголоо. Одоо гялс үзээд хэлье" гээд хүнтэй яриад эхэлсэн. Онлайнаар хуралдаж байхдаа манай хүнийг юманд явуулж таараад, нөгөөх нь ядаж байхад камер, микээ асаалттай орхисон байж. Чихэвчээ холбоогүй байсан бол тэдний хурлын дуу чимээг сонсоод мэдэгдэх л байсан байх. Одоо бүр ичиж үхэх шахдаг. Том дарга нарт нь хамраа ухаж, найзтайгаа маазарч харагдаад, тэр хурлыг ёстой л "самарсан" байдаг юм. Түүний дараа болзоо бол их сайхан болсон.

-Б. (25 нас)

3. Найз залуу маань хөдөө, харин би аймгийн төвд байдаг. Нэг аймаг болохоор уулзах боломж гарвал алдахгүй. Өвлийн амралт дуусч хичээл ороод ердөө нэг долоо хоног болж байсан ч хөл хорио тогтоох шийдвэр гараад бид хоёр нутгийн зүг явсан. Очсон өдрөө би аймгийн төвд гэртээ үлдэж манай хүн хөдөө явсан даа. 6 сарын турш хамтдаа байсан хүмүүс гэнэт холдоод ирэхээр бие биенээ санаж, хааяа видео дуудлага хийж уйлна. Цагаан сар, Мартын 8 гээд бүх л баяраар хөл хориотой байсан тул уулзаагүй 2 сар өнгөрлөө. Нэг өдөр гэртээ хоол хийгээд байж байсан чинь найз залуу залгаад "Гараад ир" гэдэг юм байна. Уулзаагүй удаад, бие биенээ саначихсан хүмүүс чинь бие биенээсээ бишүүрхээд л, уйлаад бөөн юм болсон. 2, 3 хоног хамтдаа ямар гоё байсан гээч. Тэгээд л дахиад явах хэрэгтэй болчихсон. Дахиад л 3 сар уулзаагүй. Хол байхаар заримдаа тунирхана, ойлголцохгүй үе их гарна. Бүр салах дээрээ ч тулсан үе байна. Зуны турш хамт аялна гээд данс нээлгэсэн байсан ч явж чадаагүй нь харамсалтай. Хөдөө ажил барагдах биш. Уг нь сумын төв дээр ядаж сүлжээтэй утсаар ярьж, чат бичдэг байсан. 5 сараас хойш бүр хөдөө гараад сүлжээгүй болоод ярихаа больсон. Хааяа манай хүн уулан дээр гарч залгана. Дахиад удахгүй өдөр бүр цуг хичээлээ хийж, хамтдаа байх үе ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Бие биенээсээ холдож үзээгүй бид хоёр хөл хорионы үеэр анх удаа ийм удаан хол байж үзлээ.

-Д. (20 нас)


4. Хөл хорио дөнгөж эхлээд, нийгэм тэр аяараа үймээд л эхэлсэн үе. Энд ч дэлгүүр хоосроод, тэнд ч юмны үнэ нэмэгдээд их стресстэй байсан л даа. Тэгээд би үнэхээр л хайртай хүмүүс минь юу юугүй өвдөөд бие нь муудах вий гэж санаа зовж эхэлсэн. Тиймээс нэг өдөр чатаар найз залуудаа "Битгий гарч ороорой. Гэртээ л байж бай. Хүмүүстэй битгий уулзаарай, гуйя" гээд хэлчихсэн чинь надтай хүртэл уулзахгүй гэж авдаг юм даа. 

5. Би хөл хорионоос болоод өөрийгөө хэт их тусгаарлаж, учир шалтгаангүй маш их айдаст автчихсан байсан юм л даа. Тэгээд би өдөр болгон юу юу хийсэн тухайгаа захиа болгон бичиж, өөрийн гараар дугтуйгаа урлаад л дотнын нэгэндээ өгөх гэж байгаа юм шиг хамаг мэдрэмжээ бүгдийг нь буулгачихдаг байлаа. Бүр сарын тэмдгээсээ болоод яаж шоколод идмээр байгаагаа, золтой л өтгөн шингэнээ ямар өнгөтэй гаргасан гэж биччихээгүй. Хааяа агаар амьсгалах нэрийдлээр Их дэлгүүр (шатаагүй цэл сайхан цэмбэгэр, эд эс эрхтэн цөм бүрэн байхад орж гардаг байлаа) орж гарангаа тааралдсан газартаа тэр захиагаа үлдээгээд л эс бөгөөс байнга ордог буйдхан кафен сандлын матрасны хажуугаар нууцаар шургуулчихдаг байсан. 

Нэг мэдэхэд Гэгээн хайрын баярын өдөр болдог юм байна. Би өөрөө өөртэйгөө болздог хүн болоод хамгийн гоё дээрээ тавиад гарлаа. Гудмаар дүүрэн хосууд "хайраа хайраа" гээд л... Ядаж байхад нь бүр чихэвчтэй байхад чинь амны хайрцаг нь уншигдаад хөөрхөн ч юм шиг санагдсан. Тэр үед өөртөө бялуу аваад идье гэж бодсон ч очсон газар болгон дүүрэн хүнтэй байхаар нь ажил дээрээ байгаа үеэл дээрээ очиж ганц шоколад хувааж идье гэсэн ч ажлынх нь газрын ах "Болзоонд явчихсан шүү дээ" гэж байна. Би бүр "Яасан гурай өдөр вэ" гэж бодоод яг цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны хойд талаар алхаад явж байхдаа урдхан талд хэн ч гишгээгүй шинэхэн цас байхаар нь гишгэж кайф авах гээд үсэрсэн чинь доор нь мөс байсныг мэдэхгүй халтираад уначихдаг байгаа. Азаар хүн амьтан байхгүй болохоор нь сэтгэл амар хэвтээд өгсөн чинь хажуугаар нэг хүн алхах шиг боллоо. Хартал Слитерний ороолт, малгайтай хүн "Зүгээр үү" гэхээр нь "Зүгээр ээ" гэж орилоод, сандраад гэртээ харих гээд явсан. Тэгсэн нөгөө "Зүгээр үү" гээд байсан хүнтэйгээ урд хойноо гараад алхаад л байлаа. Би дотроо айгаад, юу юугүй ээж рүүгээ залгаж уйлчих гээд л. Алхаж алхаж нөгөө гэрийн хаяанд байдаг кафед ороод л ганц аяга чацарганаа хүлээж суусан чинь Слитерний малгай ороолттой нөхөр ороод ирдэг байгаа. Тэгсэн нөгөө кафен эзний хамаатан болоод л явчихсан. Би ч "аан уун" гээд л хүний хэрэгт дурлаж яриаг нь сонсож суунгаа нөгөө захиагаа бичээд, албаар нөгөө ороолт малгайтай залууг уншаасай гээд ширээн дээрээ үлдээгээд гарах гэтэл "Чи юмаа үлдээчихлээ" гэдэг юм. Би "Хэн би юу" гэж албаар мэдэн будлисан чинь "Чи энд дандаа захиа үлдээдэг охин мөн байна, тийм ээ?" гэснээ цаад өрөөнөөсөө миний захиануудыг гаргаад ирэхээр нь ёстой зугтмаар санагдаад, нүүр улайгаад, ядаж байтал Ваттпад гэдэг өгүүллэгийн аппликэйшнээс их юм уншдаг болохоор янз бүрийн юм бодогдоод. "Өгүүллэг жинхэнэ амьдрал дээр биелдэг юм байна" л гэж бодсон. Тэгээд захиануудаа аваад санд мэнд гарсан даа. 

Түүнээс хойш кафед орох бүрдээ өнөөх хүнийг байхгүй байгаасаа гэж боддог байсан ч заримдаа сууж байдаг байсан. Тэгсээр байгаад нүүр хагарч, Ваттпадын чатаар харилцдаг болсон. Тэгж тэгж кафедаа болзоонд урихаар нь ёстой сандарч үхэх гэсэн амьтан очсон доо. Тэр үедээ "Би чамайг урин дулаан цагт болзоонд урина" гэж нэг ам алдсан. Зун ч болж, өнөөх гэрийн кафе хаалгаа бариад хаагдчихсан. Би өнөөх хүнтэй уулзахгүй бол болохгүй санагдаад зориг гаргаж байгаад сар хагасын өмнөхөн болзсон. Болзоонд очихдоо би баглаа цэцэг бариад очсон. Амьдралдаа авсан хамгийн анхны цэцгийн баглаа нь гэсэн.  

6.  Хөл хорио эхэлж байх үед найз залуугаасаа салаад гүн эморолд автсан байдаг юм. Миний бэлгийн чиг баримжаа гей буюу би эрэгтэй хүнд татагддаг юм л даа. Өөртэйгөө ижил хүнийг олох амархан байдаггүй учраас бараг өдөр болгон гей бар ордог байсан. Нэг өдөр найзынхаа төрсөн өдөрт уригдаад очиход манай найзуудын дунд өмнө нь огт үзэгдээгүй, танихгүй залуу сууж байлаа. Нэг мэдэхэд бид хоёр харц тулгараад, нэгэн рүүгээ гөлрөөд зогсож байсан. Би ч сандраад “Яадаг билээ, эвгүй сэтгэгдэл төрүүлсэн байх вий” гэж бодоод тэндээс гараад явсан. Дараа долоо хоногт нь фейсбүүк чатны хүсэлт хэсэгт чат ирж, ороод хартал өнөөх царайлаг залуу. Тэгээд тэр өдрөө болзоонд дуудаж, түүнээс хойш өдөр болгон уулзсаар сарын дараа үерхсэн. Манай найз залуу гадаадад ажилладаг байгаад цагаан сараар гэр бүлийнхэн дээрээ иртэл Коронавирусийн халдвар гарч буцаж явж чадалгүй Монголд үлдсэн юм. Хэрэв халдвар гараагүй, хил нээлттэй байсан бол уулзахгүй байсан байх гэж боддог. Баярлаж явдаг шүү, Корона чан.

--Цейзар

7. Залуу хүн учир эрч хүчтэй байх ёстой гээд би найз охиноосоо салснаас хойш лав 2,3 сар гадуур дотуур их ч орж гарсан байдаг юм. Хамт байх үедээ үнэндээ тэгж их санаж байснаа бол мэддэггүй. Гэтэл салсны дараа би гэнэт түүнийг маш их санаж эхэлсэн. Гэхдээ л өөр өөр охидтой уулзаж үзлээ, болзоонд ч явлаа, сүүлдээ залхсан. Түүнээс өөр хэн ч намайг тэгж их хайрлаж чадахгүйг ойлгосон ч эргээд холбогдоход хэтэрхий оройтсон юм шиг айдас төрөөд эхэлсэн. Тэгээд нэг өдөр би фэйсбүүк рүү нь ороод үзтэл үсээ тайруулчихсан, өөр өнгөөр будаад, өмнө нь харж байгаагүй шинэ даашинз өмсчихсөн байна. Шинэ залуутай л болсон юм уу даа гэж бодоод л, дахиж юм бичихээс, залгахаас айж байгаад зориг гаргаад нэг удаа залгалаа. Дуудаж байна. Гарын алга хөлрөөд л, "Байна уу" гэхэд нь зүрх зогсчих шиг болсон. Тэгээд л ойр зуурын юм ярьж байгаад, "Хоёулаа уулзах уу? Би чамайг санаад байна" гэсэн чинь тэр чив чимээгүй болоод явчихсан. Би буруу зүйл асуучихлаа даа гэж бодоод шууд дуудлагаа таслаад, өөрийнхөө тэнэгийг гайхаад дахиад л орой нь гарч уулаа. Тэгж тэгж бараг хоёр долоо хоног болсон. Гэтэл өнгөрсөн долоо хоногт гэртээ сууж байсан чинь гэнэт хаалга тогшоод, нээтэл тэр зогсож байна. Тэгээд гэнэт л уйлаад хэлсэн. Яав ийв гэтэл "Хариугаа хэлж ч чадалгүй уйлаад байж байхад дуудлагаа тасалчихсан" гэж хэлээд цурхиртал уйлсан юм. Хоёр талд нэгнээ санаад л, гадуур ч их явлаа, үсээ ч өөрчиллөө гэсэн ч буцаад л очих тийм сайхан хайр байсан юм даа. Бид хоёр анхнаасаа л хөл хорионд нэг их боогдож, уулзахаа больсон юм байхгүй учраас энэ хугацаанд харин ч хичээл сургуульгүй, элдэв ажилгүй бүр ч ойр байх боломж өгсөн гэж бодож байна.

-Алтанбагана (24 нас)

8. Мэдээлэл харилцаа холбооны салбарт ажилладаг болохоор хөл хорионоос хойш ажлын цаг багасаад байсан зүйл байхгүй. Харин ч бараг ихэссэн гэхэд болно. Ганц бие удаан явсан болохоор, дээрээс нь хөл хорио, цар тахал гээд их стресстэй байсан учраас хүнтэй уулзаж үзэх гээд "Tinder" нээж үзсэн юм. Эхлээд олон хүнтэй холбогдохгүй, тэгсгээд л явж байгаад бүр мартчихсан. Тэгсэн нэг өдөр нэг нэгэндээ таалагдсан байна гээд нэг бүсгүйн зураг хөрөг гараад ирлээ. Үзээд алдахаар шийдээд чатласан, нэг газар уулзахаар ч боллоо. Аль болох цэмбийгээд, цагаасаа эрт очиж хүлээж суугаад, байн байн толинд хараад их ч юм боллоо. Нөгөө бүсгүй чинь ирлээ шүү. Аятайхан гоё нүдтэй, шув шулуун хар үстэй, өсгийтэй гутал, даашинз өмссөн хөөрхөн эмэгтэй байсан. Бид хоёр юм яриад, ууж идээд нэлээн хугацаа өнгөрсөн учир халаад байж байтал гэнэт нөгөө эмэгтэй чинь, "Өөш зөөгчөө!" гээд л аймаар орилж байна. Би хүртэл цочиж байгаа юм чинь. "Хоёр 100 гр аваад ир" л гэж байна. Би ч саяхан дарс уугаад сууж байсан хүн юу болов оо гээд л гайхсан. Тэгсэн нөгөөх чинь архийг хүүе гэхийн завдалгүй уугаад, дахиж нэмж юм аваад, бүр согтоод "Хөгшөөн" энэ тэр болчихсон, хиймэл сормуусаа авч хаяад бүр аймшигтай юм болсон. Тэнгэр минь гэж. Би мэдээж шууд орхиод явж чадахгүй, гэрт нь хүргэж өгье гээд арайхийж хаягийг нь хэлүүлж аваад хүргэж өгөх замдаа хэдэн ч удаа загнуулав. Тэр үеэс хойш стресс, айдастай байлаа гээд бас хамаагүй хүн амьтантай уулзаад яваад байж болохгүй, аль болох тайван байж гэртээ байхыг л илүүд үзэх болсон доо. 

-Х.Т (32 нас)

9. Муурандаа надаас илүү хайртай нэг охинтой танилцсан. Ядаж байхад муур нь үнэхээр ааштай. Би үнэхээр л их хичээж байлаа. Очихдоо хоол, тоглоом авч очно. Эрхлүүлж, илэх гэж оролдоно. Уг нь би чинь юун нохой, муур, амьдралдаа ганц тагтаа ч хооллож үзээгүй хүн. "Би тэвэрч байя" гээд муурыг нь өвөр дээрээ авахаар нөгөөх нь бүр маажаад, хазаад, би ёстой эр хүний гаргаж болох тэвчээрийг гаргаад л зүгээр юм шиг инээгээд суусан даа. Сүүлдээ бүр мууртай нь би ер нь үерхэх гээд байгаа юм уу бүү мэд. Болзож байгаа охиндоо биш мууранд нь таалагдах гэж хичээж гүйсээр байгаад одоо бол ёстой жинхэнэ "муурчин" болсон. Нөгөө охинтой бүтээгүй л дээ. Гэхдээ Манго гэдэг мууртай болсон. Хөл хорионы үеийн болзоо минь надад найз охин биш муур л авчирсан хэдий ч, Хайртай шүү, Манго минь <3 

-Дээгий (26 нас) 

холбоотой мэдээ
1
2020.09.10
“Чи юу өмссөн байсан юм?”: Бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болсон үзэсгэлэн
2
2020.09.02
Монгол орноо тойрон аялсан залуусын ДУЛААН дурсамж: 2
3
2020.08.27
Монгол орноо тойрон аялсан залуусын ДУЛААН дурсамж: 1
санал болгох
1
7 цагийн өмнө
Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино
2
11 цагийн өмнө
“Цөмөөхэй” балетын тоглолтод оролцох хүүхдүүдийг шалгаруулна
3
12 цагийн өмнө
Цахимаар 17550 хүүхдийг бүртгэж, хариуг мессэжээр илгээжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
4
10
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.