Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

UB LIFE-ийн Түүхүүд: Шинэ жилийн кинотой холбоотой сэтгэл дулаацуулам 8 түүх


Шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд та бүхэн ямар кино үзэж байна? Дурсамж сэргээсэн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм шинэ жилийн кинонуудаа үзэж байгаа биз? Хэрэв үгүй бол яг одоо үзээрэй. 

1. Last Christmas (2019)

Би хэдхэн хоногийн өмнө ямар кино үзэх вэ гээд гүйлгэж байтал энэ кино үнэгүй болчихсон байсан юм. Байдаг л нэг хайр дурлалын түүх гарах байх гэж бодоод үзтэл үнэхээр сэтгэл хөдөлж, би бүр уйлсан гээч. Яагаад гэвэл миний хайртай байсан нэг залууг санагдуулсан юм. Надад хамгийн сайхан бүхнээ зориулж, мартагдашгүй дурсамж бэлэглэж, өсвөр насны минь хамгийн гэгээн бүхнийг мэдрүүлсэн хүн. Тэр бид хоёр шинэ жилийн баярыг хамтдаа анх удаа тэмдэглэх болоод, би 2013 оны 12 сарын 31-нд сэтгэл догдлол дүүрэн түүний гараас хөтлөөд хамтдаа талбай руу алхаж байсан юм. Яг он солигдох мөч ойртох үед тэр энгэрийн цахилгаанаа буулгаад л, түүнийг оргилуун дарс гаргаж ирэх нь дээ гэж бодтол жижигхэн хайрцагтай юм гаргаад ирдэг юм байна. Гайхаад хартал, "Чи миний хувьд олж болох цор ганц төгс хүн. Би чамд бүхнээс илүү хайртай. Цаашид үүрд хамт байж, хайраа өдөр болгон мэдрүүлнэ ээ" гэх сайхан үгсийг хэлээд бид хоёрын сэтгэлийн илэрхийлэл болсон мөнгөн бөгжийг өвдөг дээрээ сууж байгаад надад өгсөн юм. Тэр үед дөнгөж 17,18 настай байсан болохоор баярлахын өмнө эхлээд их айж, сандарсан л даа. Гэхдээ л би баярлаж уйлаад, хамтдаа тэврэлдээд үнсэлцэхэд хүмүүс яг тоолж эхлээд л, би уйлж байсан хэрнээ л инээж хамт тоолоод, шинэ оноо гаргаж байсан юм. Миний амьдралд тохиосон цор ганц агуу хайр тэр байсан даа. Харамсалтай нь тэр минь нэг их удалгүй цагаан сарын үеэр ажилтай болоод хөдөө машинтай явж байхдаа осолд орж нас барсан юм. Тэр үед бүх зүйл нураад унах шиг, надад итгэж хайрлах юу ч үлдээгүй боловч би цааш илүү сайхан амьдарч, мөрөөдлөө дагавал тэр минь их баярлахыг мэдэж байсан болохоор чадлаараа хичээж, одоо хүссэн ажлаа хийгээд, сайхан хамт олонтой болоод явж байна. Энэ ертөнцөд гэнэтийн олон зүйл тохиолдож, бид амьдралдаа янз бүрийн л шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ юу ч болсон бүрэн дүүрэн амьдарч, биднийг гэх хүмүүсийн өмнөөс бүхнийг гүйцэлдүүлэх нь чухал. Би энэ киног үзэхдээ төгсгөл хэсэгт нь яг үүнийг дахин мэдэрч, маш их уйлж бас хайрласан. Энэ магадгүй надад үнэхээр чухал, хэзээ ч мартагдашгүй кино болон үүрд үлдэх бололтой.

-Нэрээ нууцалсан. 

2. Home Alone (1990)

Манайх тийм ч боломжтой айл байгаагүй. Ээж аав өдөр шөнөгүй л ажилладаг байсан. Гэтэл ээж өвдөөд манайх гэдэг айл бүр хэцүүдэв. Би ах эгч, дүүтэйгээ гэртээ лааны гэрэлд хичээлээ хийгээд, зарим өдөр ганц талхнаас өөр юм идэхгүй явах үе байсан. Тийм байдалтай бага ангиасаа дунд анги ортол явсан байх. Гэтэл нэг өвлийн өдөр аав орж ирээд, биднийг бүгдийг нь үнсээд, зууханд жаахан цаас нэмж хийгээд, "Сайхан мэдээ байна" гэж хэлж байна. Ээж минь хөөрхий бие муутай мөртлөө өндийгөөд суучихсан, бид нар гайхаж хартал "Аавыг нь өндөр цалинтай нэг газар жолоочоор орох уу гээд, дарга нь бүр өөрөө надтай уулзлаа. Бидэнд тусална гэж байна, сайн ажиллавал цалин бүр ч нэмэгдэнэ гэж байна" гэсэн юм. Бид амьдралдаа нэг тийм сайхан сэтгэлтэй хүнтэй таарснаар, манай амьдрал ердөө сарын дотор гэхэд л өндийгөөд ирсэн. Бид дулаахан, тог цахилгаантай суудаг болоод, гэр ч аажимдаа цэмбийгээд, бүр зурагттай болдог юм байна шүү. Шинэ жил болох дөхөөд бид хэзээ ч тэгж байгаагүй ч анх удаа гэрээ чимэглээд, нэгэндээ бэлэг хүртэл өгнө гээд төлөвлөж байсан. Тэр үед зурагтаар "Гэртээ ганцаараа" кино гараад, бид бүгд тойроод суучихсан инээлдээд л, аав минь ээжийг түшиж суугаад толгойг нь илээд л, бид хэд гоё цуйван хийж идээд үнэхээр жаргалтай байснаа тод санадаг юм. Одоо бол аав минь ажиллаж байсан газраа тууштай ажилласаар байгаад даргын баруун гар гэж хэлж болохоор болчихсон, ээж минь ч сэтгэл нь өөдрөг болж, дагаад өвчнөө ялаад, том эгч гадаадаас саяхан ирж хөл хорионд байж байгаад хүрээд ирсэн, ах эхнэр хүүхэдтэйгээ байнга утсаар видео дуудлага хийж яриад л, бүгдээрээ дулаан байрандаа бужигнаад л байж байна. Амьдралд боломж заавал гарч ирдэг. Гол нь чи хүмүүсийн амьдралыг өөрчлөх тэр боломжийг өгч чадна гэдгийг би ойлгосон. Тэр үед үзэж байсан "Гэртээ ганцаараа" киноны хүүхдийн амьдардаг шиг гоё том байшинтай болно, шинэ жилийг гоё тэмдэглэнэ гэж боддог байсан минь биелээд, дутах юмгүй сайхан амьдарч байна даа одоо.

-Х.

3. Frozen (2013)

Жирэмсэн үедээ "Frozen" үзэж байсан санаанаас гардаггүй юм. Яг шинэ жилийн тухай кино биш ч өвлийн тухай болохоор... Тэр үедээ хоёр охинтой болбол хөөрхөн юм байна даа гэж бодоод нөхөртөө хэлтэл "Үгүй ээ" гэж байна. "Яаж байгаа юм" гэсэн чинь "Энэ олаф нь хөөрхөн юм биш үү" гэдэг юм даа. Гэхдээ л нээрэн олаф шиг бондгор, яая даа гэсэн хөөрхөн хүүтэй болсон. Одоо үзэхээр инээд хүрээд байдаг юм.

-Нэрээ нууцалсан

4. How the Grinch Stole Christmas (2000)

"Гринч" анх үзээд л зул сар, шинэ жил гэх баярын тухай гоё төсөөлөлтэй болж байсан. Энэ баяр ямар чухал, гоё энергитэй вэ гэдгийг ойлгуулж, жаахан хүүхдэд гэртээ гоё зул сарын баяр тэмдэглэх сэдлийг өгч байлаа. Өөрөө цаасаар цасан ширхэг хайчилж тавиад, гоё шинэ жилийн дуу тавьж, уур амьсгал оруулдаг байсан. Одоо бол миний хамгийн дуртай, маш их ач холбогдол өгч тэмдэглэдэг баяр болсон доо. Төрсөн өдөр, цагаан сар, наадмаас ч гоё.

-З.

5. Elf (2003)

Ямар кино үзэхээ шийдэж чадахгүй, дүүтэйгээ багадаа CD булаацалдаад, зодолдоод уйлж байснаа л санаж байна. Одоо бодох нь ээ, дүү "Гэртээ ганцаараа" үзнэ гээд, би "Элф" билүү, нэг элфүүдийн ертөнцөд энгийн хүн оччихсон байдаг тухай тэр киног үзэх гээд л муудалцсан байдаг юм. Юун гоё шинэ жилийн баяр, баахан уйлаан. Сүүлдээ ээждээ загнуулж уйлаад. Ер нь тэр кинонуудын алийг нь ч үзээгүй санагдаж байна.

-Нэрээ нууцалсан

6. Ирония судьбы, или С лёгким паром! (1975)

Ээж аавыгаа дагаад орос кинонд дуртай. Одоо шинэ жил болохоор л ёс юм шиг энэ киног үздэг, мандарин авч тавьдаг. Зүгээр үзэж байхдаа л "Нээрэн ингээд байрных нь түлхүүр цоож яг таардаг юм байх даа" гэж гайхдаг байснаа л санадаг юм. Одоо ч гэсэн заавал үзнэ дээ. Өмнө нь аль сувгаар гарах бол л гэж хүлээдэг байлаа одоо бол амар болж дээ, хүссэн үедээ үзээд.

-Мөнгөнбагана 

7. The Grinch (2018)

Шинэ жил болохоор л заавал нэг шидэт зүйл тохиох юм шиг санагддаг байлаа. Тэгээд сайн охиндоо ер нь яагаад сэтгэлээ илчилж болдоггүй юм гэж бодоод, нэг өдөр кинонд урьсан. Тэр үед "The Grinch" анимейшн гарч байсан, тэгээд ч хөөрхөн өнгөлөг гэж бодоод үзэх үү гээд асуусан их дуртай "Тэгье" гэсэн. Тэр охинд ч гэсэн их таалагдаад, бид хоёр гараад юм идэхээр болсон юм. Тэгээд "Одоо л хэлнэ дээ" гэж бодоод, хоолоо идэж байхдаа шууд "Ариунзул аа, чи надад таалагддаг" гээд хэлээд хаясан. Нөгөөх чинь сонин царайлаад суугаад л байлаа. Би бүр эвгүй байдалд ороод "Чи намайг юу гэж боддог вэ" гэсэн чинь "Найз л гэж боддог" гэдэг юм даа. Тэгсэн чинь бүр нөгөөх чинь хүнтэй үерхдэг байж таараад, "Тийм бол яах гэж надад зөвшөөрөөд кино үзсэн юм" гэсэн чинь нөгөөх нь хамт кино үзье гэхэд нь үгүй гээд байсан гэдэг юм. Би лав дахиж хүнд сэтгэлээ илчлэхгүй.

-Нэрээ нууцалсан.

8. Шинэ жилийн бэлэг (2019)

Шинэ жилийн киноны ачаар найз охинтой болсон миний түүх. Би чинь найз охин, эхнэр гэх юм огт бодохгүй явсаар саяхан л найз охинтой болсон хүн. Хүмүүсийн хэлдгээр "хөлдүү төмс" гэх юм уу даа. Нэг охинтой зүгээр хааяа уулзаад, кино энэ тэр үзээд, хамт хоолонд ороод явдаг байлаа. Найзуудын найз байсан болохоор бас л найз гэж бодоод л, дуудахаар нь очоод, уулзаад явдаг байлаа. Нэг өдөр гэртээ дуудаж байна шүү. Есдүгээр сар, бүх юм бужигнаад, би бараг л завгүй амжихгүй гэж байгаад гуйгаад байхаар нь очлоо. Тэгсэн чинь кино үзэх үү гэхээр нь хаанаас юу үзэхийг нь ауусан чинь зурагтаараа хүссэн киногоо түрээслээд үзэж болдог л гэнэ. "Ок" гээд, монгол кинонууд дундаас нь үзэх юм хайгаад явж байтал шинэ жилийн тухай үзээгүй нэг кино байна. Би чинь бараг л бүх монгол киног үзчихдэг хүн болохоор тэр сонин санагдаад, үзье л гэлээ. "Романтик кино үзэхгүй юм уу" гэхээр нь нөгөө киногоо л үзнэ гэсээр байгаад тавилаа. "Учрах ёстой хүмүүс учирдаг" гэх утгатай нэг үг киноны үеэр гарсан чинь нөгөө охин гар атгадаг юм. Би бүр гайхаад, яахаа мэдэхгүй... Үнэхээр яах ёстойгоо мэддэггүй юм байна лээ. Тэгээд тэр өдөр ч онц зүйл болоогүй, тэднийд харин байнга кино үздэг болов. "Одоо үүнийг үзье" гээд л кино сонгож тавиад, монгол хэлээр үзэж өгдөг байлаа. Яваандаа нөгөө охин чинь "Кино үзье" гэхээр нэг л ёозгүй байдаг болов. Гэтэл нэг өдөр пал хийсэн чат ирдэг юм даа. "Чамд сайн гэдгээ мэдрүүлэх гээд байхад муу тэнэг амьтан" л гэнэ. "Кино ирж үзсээр байгаад сарын төлбөр нь талийж өгсөн ч, байнга ирүүлээд, дуугүй хамт үздэг байсан" л гэнэ. Тэгээд л би жаахан гэсэх аядаад, уучлал гуйгаад, ер нь үерхсэн дээ. Шинэ жилийн тухай кино үзээд, тэгж кино үзэх таалагдсанаас хойш л найз охинтой болох замаа тавьж, одоо бол гэрт нь хамтдаа, төлбөрийг нь хувааж төлдөг болоод л сууж байна даа.

-Зоригоо.

Шинэ жилийн кинотой холбоотой түүхээ хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Бас бидэнтэй хуваалцах өөр түүх байгаа бол сэтгэгдлээр үлдээж болно шүү. Ямар кино үзэхээ шийдэж амжаагүй, хайж байгаа танд СКАЙмедиа болон SkyGO-н видео сан дахь Шинэ жилийн багцуудаас кино сонгон үзэхийг санал болгомоор байна. Энэ шинэ жилээр гарцаагүй сайхан дурсамжийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. 

Мөн SkyGO-өөс кино үзэхэд тухайн киноныхоо хэл болон хадмалыг хүссэнээрээ сольж үзэх давуу талтайг дуулгахад таатай байна. Хүссэн киногоо, хүссэн байдлаараа үзэж, энэ шинэ жилийг гайхалтай өнгөрүүлээрэй!

SkyGO аппликэйшн татах линк: Appstore бол ЭНД, PlayStore-оос татах бол ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bata 2020.12.22 172.69.252.133

Love actually гэдэг киног найз охинтойгоо хамт үзэж байсан. Хэдий бид өөр өөрийн замаар замнасан ч үзэх бүр сэтгэл хөдлөж, дурсамжиндаа хөтлөгддөг юм. Oh my 2008 I still love you baby, we watched it in MCLUB home theater

0 Хариулах


Зочин 2020.12.17 172.69.252.145

хөөрхөн түүхүүд байна :) эхний 3 нь бүүүр хөөрхөн

0 Хариулах