Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ? №2
Бид энэ 7 хоногт юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ хуваалцаж байна.
Ub.life-ийн редакцийн хамт олон энэ онд 7 хоног бүр бид юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өрөөндөө яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцахаар шийдсэн билээ.
Цувралын хоёр дахь дугаарыг хүлээн авна уу.
ГЭР БҮЛ: Г.Цэцэнбилэг, Менежер
Instagram: tia_ganbold
Миний эмээ одоо 87 настай, цав цагаан үстэй, сурсан бүхэн эрдэм гэж дандаа хэлдэг зургаан хүүхэд, 17 ач, 17 гучийнхаа хөөрхөн ээж, эмээ билээ. Энэ жил эмээтэйгээ урьд урьдаас илүү их хамт байхыг хичээж, туулсан амьдралыг нь, үзэл бодлыг нь илүү их анхаарч сонсдог болоод байгаа. Эмээ маань канаастар (хөзөр) тоглох дуртай ч одоо нас нь өндөр болоод хожигдох тун дургүй болсон. Яг л хүүхэд шиг. Тэгэх тусам нь илүү олон жил хамт хөзөр тоглоод хожигдож өгөөд суухыг хүсч эмээдээ дахин дахин дурлаж байна даа. :)
БЯСАЛГАЛ: Б.Нямзул, Сэтгүүлч
Instagram: saruul25
Би нэгдүгээр сард бясалгал хийж сурахаар хичээж байгаа бөгөөд анхлан суралцагчдад зориулсан хоёр аппликэйшнийг туршиж үзсэн нь хэрхэн бие дааж бясалгал хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст тун хэрэгтэй юм шиг санагдсан. Миний туршиж үзсэн эхний аппликэйшн болох "Headspace" нь танд бясалгалын тухай ойлголтыг хамгийн энтертайнмент бөгөөд хялбар байдлаар ойлгуулах болно. Мөн анхан шатны 10 хоногийн үнэгүй курсыг авах боломжтой. Үүний дараа "Insight Timer"-ийг ашиглаж үзсэн нь надад хамгийн их таалагдсан. Үнэгүй олон төрлийн бясалгал, ая, багшийн зааварчилгаатай курсууд гээд 12 мянга орчим хичээл нээлттэй гээд боддоо. Түүнчлэн бясалгалын талаар гүнзгийрүүлэн судлах, сурах сонирхолтой байгаа хүмүүст Аллан Уоллесийн бичсэн “The Attention Revolution” номыг уншиж үзэхийг санал болгож байна.
СУРГАЛТ: Ж.Хулан, Ерөнхий редактор
Instagram: khulanj
Миний хувьд энэ 7 хоногт "Өсвөрийн судлаач: Coding Bootcamp" сургалтад ментороор оролцохоор бэлтгэж байна. Дунд сургуулийн 12-14 настнуудад мэргэжлийн хүмүүс код бичих тухай заагаад зогсохгүй түүнийгээ өөрийнхөө хүрээнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн ашиглах тухай заах дөрвөн өдрийн сургалт юм. Хүүхдүүдэд зургаан сэдвээр нийгмийн салбарын мэргэжилтнүүд ментор хийх бөгөөд би ухаалаг гар утасны зохистой хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлаа өсвөр насны багачуул маань хэрхэн хамгаалах тухай зөвлөж, ярилцах юм. Урьд нь оффис ажилтнууд, оюутнуудад зааж байсан бол энэ удаа бага насны хүүхдүүдтэй ажиллана гэхээс хэрэндээ догдолж бас эмээж байна шүү.
ПАРТИ: М.Сувданзаяа, Сэтгүүлч
Instagram: Suvdan zaya
Өнгөрсөн бямба гарагт “Silent party”-г зорьсон юм. Энэ удаагийн эвент нь “Queen” хамтлагийн дуунуудыг онцолсон байсан тул киног нь үзэж амжаагүй байгаа надад сайхан санагдаад явсан хэрэг. “Silent Party” гэхээр зарим хүмүүс мэдэхгүй байж магад. Энгийнээр бол чихэвчний гурван сувгаар өөр өөр хөгжим эгшиглэнэ гэсэн үг. Тэгэхээр сонголт таны гарт гэж ойлгоход болно. Гурван өөр сувгаар таалагдах урсгалын хөгжмөө зөвхөн өөрөө чихэндээ сонсоно гэдэг хөгжмийг мэдрэхэд ч тэр, бүжиглэхэд ч тэр үнэхээр тохиромжтой санагдсан. Харин хэн нэгэнтэй ярьмаар байвал чихэвчээ авахад л хангалттай. Гэхдээ миний ажигласнаар ярилцахаас илүүтэй яг л хөгжим сонсох гэсэн хүмүүс бямба гарагт цуглах шиг болсон.
ХӨГЖИМ: Б.Долгорсүрэн/Suniko
Instagram: Suniko_
Өнгөрсөн ням гарагийн үдэш "Republik"-т "Something's Brewing" хамтлагийн амьд тоглолт болсон юм. Тус хамтлагийн дуучин Хүлэгээ хэдэн долоо хоногоор хотдоо ирсэн учраас тэр л дээ. Тэдний тоглолтын нээлтийг миний сайн найз, гитарчин Үүдээ шинэ хамтлагийнхаа хамтаар нээсэн. Үнэндээ өнгөрсөн долоо хоног миний хувьд асар удаан бас урт санагдсан болохоор тэр оройг яаж давна даа л гэж бодож байлаа. Гэтэл эрч хүч, цоглог байдал намайг гэнэтхэн л өргөж, би өөр болчихсон. Хотын харанхуй, хүйтэн, утаатай өдрүүд тэр газар цугласан авьяаслаг залуус болон сонсохоор ирсэн бүх хүмүүсийн ачаар замхрах шиг болж, бид яг л хэдийнэ зун ирсэн мэт үнэхээр сайхан байсан. Something's Brewing бол андерграунд рокнролл, блюз хамтлаг. Дуучин Хүлэгээ, гитарчин Үүдээ, басс Цог, "The Colors" хамтлагийн бөмбөрчин Жамух нар байдаг.