Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ? №3

Ub.life-ийн редакцийн хамт олон энэ онд 7 хоног бүр бид юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өрөөндөө яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцахаар шийдсэн билээ.


Ub.life-ийн редакцийн хамт олон энэ онд 7 хоног бүр бид юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өрөөндөө яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцахаар шийдсэн билээ.

Цувралын гурав дахь дугаарыг хүлээн авна уу. 

НОМ - О.Анхзаяа, Сэтгүүлч 

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр би уншиж байсан хоёр номоо шөнө дунд гэхэд дуусгасан юм. Нэгийг нь автобусанд явж байхдаа л уншдаг байсан бол нөгөөг нь дандаа шөнө дунд, хүмүүс унтсан хойно нууцаар уншиж дуусгасан юм. Эхнийх нь бол Рю Мүракамигийн "Токиогийн мисо шөл" гэх ном. 

Үүнийг би Япон явах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, нэрнээс нь болж авсан. Надад өгүүлэх гэж буй санаа, маш бага зайнд асар олон зүйлийг өвөрмөцөөр багтааж чадсан бичлэгийн арга барил нь маш их таалагдсан. Зарим хүн орчуулганд нь "бүдрээд" явж чадахгүй байна гэсэн ч ямартай ч би дуусгасан. Харин нөгөө нь миний бүх цаг үеийн хамгийн дуртай зохиолчдын нэг болох Энн Райсын "Нойрсож буй гоо үзэсгэлэн." 

Өнөө хүүхдийн зохиолыг нэлээн "том хүний" болгосон хувилбар юм. "Цус сорогчтой хийсэн ярилцлага", "Хараагдагсдын хатан хаан", тэр дундаа цус сорогч Лестатын тухай номыг нь би дандаа л хайрлан уншдаг байлаа. "Бүрэнхий"-гээр тогтсон цус сорогчийн тухай хүүхдэрхүү ойлголтын зарим гэлтгүй нэлээн хувийг энэ зохиолч эрс өөрчилж, өөртөө дурлуулж чадна.

ДЭЛГЭЦ - Ж.Тэгшжаргал, Эрхлэгч 

“Sex Education” “Netflix” дээр саяхан орсон “Sex Education” цувралын эхний улирлын 10 ангийг нэг өдрийн дотор үзэж бүтэнсайн өдрийг жинхэнэ бүтэн сайхан өнгөрүүллээ. Хэдийгээр өсвөр насны хүүхдүүдийн тухай боловч хэн ч, хэдийд ч үзсэн болмоор, үйл явдал, дүрүүд, хийц нь баялаг, Британи маягийн хошигнолоор дүүрэн. Дуунууд нь бас янзын, бүгдийг нь playlist-дээ нэмчихээр. “Netflix”-д орсон эхний долоо хоногт нь 40 сая хүн үзсэн, шүүмжлэгчдээс тун өндөр үнэлгээ авсан байна лээ. Тэр яах вэ, заавал үзээрэй!

ЭРҮҮЛ МЭНД - Б.Билгүүн, Дизайнер 

Дөрвөн ес дуусч бид ичээнээсээ гарах тун дөхөж байна. Ялангуяа, орчны хувьд маш бохир энэ хотод амьдарч байгаа Улаанбаатарчуудын хувьд элдэв ханиад, өвчлөлд "зодуулсан" тун ч хэцүү нэгэн өвөл дуусч байна. Залгаад хавар ирнэ гэдэг нэг талаараа навч цэцэг дэлгэрч, замын цас хайлж, өвлийн жавар сулрах таатай ч гэлээ нөгөө талаас жинхэнэ ядаргаанд орох улирал. Тэгэхээр яг одооноос биеээ бэлдэж эхлэх нь зүйтэй юм байна гэсэн бодолтой болсон. Үүнээс ч үүдээд над шиг суугаа ажилтай залуус ялангуяа өөрт тохирсон спортоор хичээллэж, Д-витамины дэлгэрэнгүй ойлголттой болж бусад талаараа ч өөртөө анхаарал тавиасай гэж хүсч байна. Цагаан сар ч дөхөж элдэв эм, антибиотик ууж хэцүү ханиаднаасаа салсан хүүхэд, залуучууд ч гэсэн бууз, нийслэл салат гэх мэт хүнд хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө ходоодны ашигт бактериа витамин, бэлдмэл ууж нэмээрэй.

СПОРТ - М.Сугар-Эрдэнэ, Сэтгүүлч

Энэ долоо хоног үнэхээр Спортын долоо хоног тул спорт сонирхогчид бүгд цэнхэр дэлгэцээ ширтэн суусан, одоо ч сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. Австралид газрын теннисний "Австралийн нээлттэй тэмцээн", АНЭУ-д хөлбөмбөгийн "Азийн Цом", Токиод мэргэжлийн сүмогийн Хацү башё явагдаж байгаа бол АНУ-ын Нью-Йорк хотод холимог тулааны "UFC Fight Night" тэмцээн өнгөрсөн Ням гарагт боллоо. Мөн уламжлал ёсоор хагас, бүтэн сайнд Английн Премьер лигийн тоглолтууд болсон. Өчигдөр гэхэд өглөө 9 цаг гэж босоод Австралид Мария Шарапова хэрхэн ялагдаж байгааг хараад 11 цагаас сувгаа "UFC Fight Night"-д шилжүүлж байгаа юм. Генри Сехудо Ти Жей Диллашоуг 32 секундын дотор цохиод унагааж байхад 14 цаг болох гэж байсан. Өглөөний цайгаа уугаад 15 цагаас сүмо бөхөө үзтэл Эзэн Хаан Акихито Бөхийн өргөөнд хүрэлцэн иржээ. Дөрөвдүгээрр сарын 30-нд хаан ширээгээ өгөх тул Эзэн хаан хэргэмтэйгээр сүүлийн удаа сүмо үзэж байгаа нь энэ. "Ливерпуль" баг маань ялсан, Хакүхо 8 дараалан давсан зэрэг сайхан мэдээтэйгээр шинэ долоо хоногоо эхлүүлж байна даа.

ДАСГАЛ - З.Энхмөнх, "Гэрэг" фэйшн сэтгүүлийн эрхлэгч 

Дасгал хийж байгаа хүн бүрт “Эрчим, ачааллыг хэрхэн тохируулах вэ?” гэсэн асуулт тулгарч байдаг. Товчоор тайлбарлавал дасгалын эрчим гэдэг гэдэг нь дасгалын үед ямар хэмжээгээр хүний бие ажиллах чадвартайг хэлэх бол, ачаалал нь өргөж буй даацын хэмжээ, түүний давтамжийн нийлбэрээр тодорхойлогддог (20кг х 4 удаа гэх мэт). Хамгийн сонгомол аргачлал нь дасгалыг өндөр ачаалалтай, бага эрчимтэй эхлүүлж, дундаж эрчим, дундаж ачааллаар үргэлжлүүлээд, бага эрчим, өндөр ачаалалтай төгсгөвөл үр дүнтэй байдаг аж.

Энэ нь цаашлаад хувь хүн бүрийн зорилготой уялддаг ба Т.Р. Бэйшл, Р.В. Ээрл нарын бичсэн “Essentials of Strength Training and Conditioning” номонд өгүүлснээр зорилго нь дотроо ерөнхий фитнесс (general muscle fitness), булчингийн хөгжил (hypertrophy), чадал (strength), тэсвэр (endurance), хүчний (power) зэрэг ангиллаар хуваагддаг байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.06.15
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)
2
2021.12.07
Бид юунд дурлаж байна вэ? №34
3
2021.11.16
Хакүхо аварга хамгаалалтын албанд ажилласантай холбоотой 10 пост
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
3
0
0
0
0
1