Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Багш нартаа зориулав


Энэ жил Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх удаагийн баяр тохиож байгаа билээ. UB.LIFE-ийн түүхүүд булангийн энэ удаагийн дугаарт манай редакцынхан багш нарынхаа тухай дурсамжаас хуваалцаж байгааг хүлээн авна уу. 

"Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм."   /Ш.Сүрэнжав "Багш" найраглалаас/

Б.Энхцэцэг - Тоймч

Би бол Сүхбаатарын районы 50 дугаар дунд сургуулийн 1982 оны 1а ангийн сурагч. Манай бага ангийн багшийг Гэцэгбал гэдэг байлаа. Урт үсээ сүлжээд ард нь овоолчихдог настай эмэгтэй байв.

Бэлтгэл ангид сураагүй болоод ч тэр үү, би үсгээ нүдэлж гүйцэхгүй, үе холбож чадахгүй их удсан юм. Гэхдээ надад нэг сайн зүйл байсан нь би хүүхдийн уншиж байгаа эхийг сонсоод маш хурдан цээжилчихдэг байсан. Багш намайг уншиж сурахгүй, зүгээр л сонсголоороо цээжлээд байгааг мэддэг байсан мөртлөө ер олны өмнө шүүмжилж, загнаж ичээж байгаагүй юмдаг. Миний тухай өөр нэг багшид “Ийм ой сайтай хүүхэд муу сурна ч гэж юу байх вэ. Унших чадвар нь л нээгдэж өгөхгүй сонин хүүхэд юм” гэж ярьж байхыг би санамсаргүй сонсчихож билээ. Тэр хүртэл би өөрийгөө уншиж чаддаг гэж багшдаа итгүүлсэн хэмээн бодож явсан юм. Харин багш нарын яриаг сэм чагнасан нь намайг бушуухан уншиж сурах хүсэлд түлхсэн билээ. Гэцэгбал багшийнхаа хүүхдийг ажигладаг, хүлээдэг, хүчээр биш, зөнгөөр нь сургадаг арга барилд өнөө хэр талархаж явдаг даа.

Багш нэг удаа намайг шоолж нулимсаа гартал инээснийг би мартдаггүй. Үйл үгийн тухай заасан эхний хичээл. “Явах гэдэг үг яах гэдэг асуултад хариулагдана” гэж байна. Тэгснээ надаас “Ёолох гэдэг үг ямар асуултад хариулагдах вэ” гэж асуув. Би “Ёох, ёох” гэж цовоо чанга дуугаар хариултал багш маань яг л залуу бүсгүй шиг элгээ даран инээсэн удаатай. Тэр үед аз болж манай ангийнхан намайг огт шоолоогүйг бодоход юу болоод байгааг хэн нь ч сайн ойлгоогүй байх. Түүнээс хойш би үйл үгийн талаар их гүнзгий судалсаар монгол хэлэндээ дурласан ч байж магадгүй.

Дөрөвдүгээр ангид ороход манай ангийг Х.Эрдэнэхишиг гэдэг математикийн багш эмэгтэй дааж авав. Намайг “Манай ангийн эрэгтэйчүүд...” гэж ярихаар л инээнэ. “Одоо ангийнхаа эмэгтэйчүүдийг охид, эрэгтэйчүүдийг хөвгүүд гэж бай л даа” гэж залуухан багш маань анх зааж өгсөн юмдаг. Тэр болтол Гэцэгбал багш шигээ л хүүхдүүдийг “эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд” гэж хэлээд сурчихсан байж л дээ.
Багш нар сурагчдадаа зөвхөн эрдэм бус, итгэл үнэмшил, харилцаа хандлага бүрэлдэхэд нь чиглүүлж өгдөг ачтай хүмүүс билээ.  

У.Бямбаням - Ерөнхий редактор

Алганы амт

Нэгдүгээр ангид ордог жилээ хоолойн өвчнөөс үүдэлтэй цусны өвчнөөр өвдлөө. Тавдугаар ангид ортлоо эмнэлэг домнолого болсон юм. Эмч нар хүчтэй хөдөлж болохгүй, үсэрч харайж болохгүй гэж зөвлөнө. Яг тэр насан дээр үсэрч харайхгүй, биеийн тамиртаа орохгүй, зүгээр л сууна гэдэг тэсэхийн аргагүй хориг. Ингээд долоодугаар ангид  ордог жилээ бөхийн секцэнд бүртгүүлж, тэмцээнүүдэд орж эхэлсэн. Багш маань надаас чи бөх сонирхох уу, барилддаг уу гэж олонтаа асуусны эцэст би өөрөө очсон юм. Хүүхдүүдийн дээрэлхэх хандлага, өөрийнхөө сул биеэс залхсан байх. Анхны тэмцээндээ орлоо. Аймгийн аварга шалгаруулах өсвөрийн жүдо бөхийн тэмцээн. Миний орсон 63 кг-д дээд ангийн ах нар орно. Хүрэл медалийн төлөө барилдахаар үлдэв. Тэсвэр тэвчээрийн алдаанаас болж барилдааны төгсгөлд даралтаар хожигдох нь тэр.

Буцаад хүрч ирэхэд багш баруун хацар дээр халуу оргитол алгадсан юм. Ялагдсандаа гутарсан би өвдөж байгааг ч тоогоогүй. Нэлээн хүчтэй алгадсан л санагдана. Тэр үед заалнаас гараад эргэж ирэхгүй байж болох л байсан. Гэхдээ тэр алганы амт цаашдын тэмцээнүүдэд ч, миний сулбагар биед ч, амьдралд ч, ер үзэл бодолд хүртэл шазуур зуун босох хүч өгсөн санагддаг. Дараа нь өнөөх атгаад алдсан медалиа олныг ч авсан. Алганы амт харин дахиж аваагүй шүү.

Ж.Мөнхзул - Сэтгүүлч

Нэгдүгээр сургуулийн орос хэлний ахмад багш Т.Дулмаа багшид зориулав

Нэгдүгээр сургуулийн “жаахан Дулмаа” гэж хүмүүс ярьдаг гайхалтай сайхан орос хэлний ахмад багш бий. Хичээлээ ямар сайхан заана, өөрөө бас ямар сайхан эелдэг, хүнлэг, шударга багш гээ. Хуучны багш нарын арга барил ихэнхдээ л захирах, хүүхдийг загнах, шийтгэх тал руугаа байсан атал Дулмаа багш маань шавь нараа загнаж зандарна гэж үгүй, ер нь хүүхдийг арга эвээр зааж сургаж болдгийн үлгэр жишээ багш юм. Мөн орос хэлний төвөгтэй их тийн ялгал, дүрмийг сэтгэлд хоногштол зааж үлдээсэн байх юм. Хичээлийн хажуугаар багш маань үзсэн кино, уншсан ном, тохиолдсон явдлаа бидэнд ярьж хуваалцаж, олон асуудлаар санал солилцдог байсан нь санаанд үлджээ. Мөн багш маань хүүхдүүдэд орос хэлний хичээлээр дамжуулж тухайн хэлтний соёл, ертөнцийг үзэх үзлээс танилцуулж байж. Жишээлбэл бидэнд үдшийн 19.00 цагаас хойш айлын гэр рүү, гар утас руу утасдаж ажил хэрэг ярьж болохгүй, урьдчилж хэлэхгүйгээр айлд зочилж болохгүй, хоол идэхдээ ямар соёл баримтлан юунаас эхлэн идэж, яаж дуусгах зэрэг жижиг юм шиг боловч дараа нь амьдралынхаа турш баримталж үлдэх олон зүйлийг заасан байх юм. 

2006 онд биднийг дунд сургуулиа төгсөхөд бүх шавь нартаа өөрийн нөхөр СГЗ Г.Аким багшийн орчуулсан уран зохиолын номоос бэлэглэж, эхний хуудсан дээр нь ерөөлийн сайхан үгс таталган бичсэн байсан. Надад оногдсон Энэтхэгийн зохиолчдын богино өгүүллэгийн түүврийг би хэдэн жил давтан давтан шимтэн уншиж билээ. Ер нь хүн хүүхэд байхдаа эргэн тойрон, аав ээж, найз нөхөд, багш нарын нөлөөгөөр бүтээгдэж, төлөвшдөг шүү дээ. Хэрэв бага балчир ахуйдаа сайн сайхан хүмүүсээс үлгэр дуурайл авч, зан чанарыг нь өөртөө үлгэрлэж үлдсэн бол тэр маш их аз завшаан юм. Би хувьдаа үнэнч шударга зан, соёл боловсролтой харилцаа, эрдэм ухаанд шамдах шаргуу занг Дулмаа багшаар төсөөлж, (өөрөө тийм гэсэн үг биш шүү кк) тэр стандартаар юмсыг үнэлэн дүгнэх шан татаж нас биед хүрчээ. Түүнээс хойш энэ олон жилд олон мундаг багш нартай учирч явсан боловч хүүхэд насны хүмүүжил, дурсамжинд үлдсэн нь илүү тод байдаг шиг байна. Сургуулийнхаа бүх л сайхан багш нартаа баярын мэнд хүргэе.

З.Энхмөнх - Арт директор

Хөгжимд хайртай, дуртай болоход надад олон талын нөлөө байдаг ч түүн дундаас төгөлдөр хуурын минь багшийн заах арга барил, дотоод хөгжим нь надад их нөлөөлсөн гэж би боддог юм. Хуучнаар Хөгжим бүжгийн коллеж, одоогийн МУКонсерваторид би нэгдүгээр ангиасаа морин хуурын мэргэжлээр элсэж, ерөнхий төгөлдөр хуурын ангид 3-р ангиасаа суралцах ховор завшаан надад тохиосон юм. Төгөлдөр хуурын минь багш МУГЗ, хөгжмийн зохиолч Л.Насанбат. Тэрээр ер бусын уян зөөлөн, хүнтэй эвлэг харилцдаг, бүтээлч хүнээс гадна үргэлж л дотроосоо дуулж хөгжимдөхийг надад зааж сургасан юм. Нэг удаа надад Elvis Presley-ийн хос цомог өгч байсныг нь тодхон санаж байна.

Тэрээр “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Тэнгэр буурал аав”, бас  МУГЖ Б.Сарантуяагийн “Мөрөөсөл” гэх мэт дууны бүтээлүүдээрээ олонд танигдсан. Түүний аав төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба гэдгийг ч хүмүүс мэддэг.

Одоо бодоход багштайгаа уулзаж, утсаар ярьсан минь ховор юм байна. Ерөөсөө өнөөдөр багш руугаа залгана аа.

Э.Намуун - Редактор

Бага ангийн багшдаа баярлалаа

1998 оны намар Баянхонгор аймгийн 2 дугаар арван жилд Д.Тогтох багшийн ангид хуваарилагдан орлоо. Тайрмал үстэй, шавилхан биетэй багш минь сурагчдаасаа бараг ялгарахгүй. Түмний олон сахилгагүй хүүхдүүдийг загнаж, занчиж хичээл заасныг огт санадаггүй юм. Бор шаргал самбарт үсэг, тоог нямбайлан бичиж, үеэр уншиж, үзгээр бичих эрдмийг чадамгай заасны ачаар ангийнхан маань бүгд л суурь нь сайн тавигдсан санагддаг юм. “Дааж давашгүй” мэт их гэрийн даалгавар өгнө. Түүнийгээ ч нэгд нэгэнгүй шалгана. Хуулан бичлэг их хийлгэдэг байсан болохоор дунд хурууны эхний үе эвэршиж бомбойсон нь одоо ч хэвээрээ. 

Бага ангидаа даалгавраа бүрэн хийж, сууж сурсан нь их сургуульд ч, ажлын талбарт ч, амьдралд минь ч үр нөлөөгөө үзүүлсээр байна. Нэг удаа багшийг гарсан хойгуур ангийн хөвгүүнтэй зодолдож уйлуулаад багшдаа загнуулж байснаа огт мартдаггүй юм. Өрөмний өт шиг хөдөлгөөнтэй, яахаас ч буцахгүй сахилгагүй хүүхдүүдийг эрдэм номын амтанд оруулж, амьдралынх нь гарааг зөв тавьсных бидний дунд багш, эмч, инженер олон бий.

Хоёр жилийн өмнө багш маань хүндээр өвчилсөн тухай таагүй мэдээ дуулдаж, 20 жил уулзаагүй ангийнхан маань цугларсан. Багштай уулзахдаа бага насны дурсамжаа бүгд сөхөн ярьж, тэртээ он жилүүдийн үйл явдал бүгдийнх нь сэтгэлд хадаатай явдгийг мэдэж билээ. Багшийн минь бие ч одоо овоо байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.