Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Бид ингэж оролцдог


Тэд нийгмийн харилцаанд бүтээлчээр оролцож, хүссэн, дурласан зүйлсээ хийн, олон нийтэд сайн туршлага, сайн жишиг түгээж эерэг нийгэм бүтээхэд чамгүй хувь нэмрээ оруулж байгаа залуус юм. Тэд яагаад үүнийг хийх болов, юу тэднийг энэ зам руу хөтөлсөн тухай түүхээс нь хуваалцан, хүргэж байна.

 Т.Алтаншагай: Өөрөөсөө сул дорой, чадамж муутай амьтай бүхний төлөө дуугарах ёстой гэж боддог

Азтай савар” пэйжийн админ

Би залуучуудыг шинэ үе, хөгжлийн төлөөлөл гэж боддог. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харах, асуудлыг оновчтой шийдэх потенциалтай хүмүүс. Мөн өнгөрсөн үе, ирээдүйн холбоос гэж боддог. Залуусын нийгмийн оролцоо, иргэний идэвх маш чухал. Ялангуяа иргэний ёс зүйтэй оролцоо нь хариуцлагаа мэдрэх, амьдарч буй орчиндоо анхаарах, зохих ёсны байгууллагад нь хандах ч юмуу өөрөө шийдвэрлэж болох гэхчлэн ач холбогдолтой.

Би амьтны эрхий төлөө нийгэмдээ дуу хоолойгоо илүү хүргэдэг. 2017 оны эхээр “Азтай савар” пэйжийнхээ админ нь болж байсан. ТББ-ынхаа мэдээллийг пэйжээр дамжуулж, авдаг байсан ч гадаадад байсан болохоор үйл ажиллагаанд нь оролцож чаддаггүй байлаа. Тэгээд Монголдоо ирээд гэрийн тэжээвэр болон гудамжны амьтад хэрхэн амьдардгийг хараад өөрий эрхгүй туслалцаа хэрэгтэйг ойлгож, өөрөө гар бие оролцохоор сайн дураараа ажиллахаар шийдсэн. Би амьтан, хүүхэд зэрэг өөрөөсөө сул дорой, чадамж муутай амьтай бүхний төлөө дуугарах ёстой гэж боддог. Яагаад гэвэл тэд нар чинь өөртөө тусламж хэрэгтэй байгаагаа хэлж чадахгүй, илэрхийлж чадахгүй шүү дээ.

“Азтай савар” гэхээр хүмүүс дандаа амьтны тухай л боддог. Зарим хүмүүс та нар амьтан гэж явахын оронд хүүхэд, хүүхдийн хүчирхийллийн төлөө яваач гэж шүүмжилдэг. Тэдний ойлгохгүй байгаа зүйл нь Азтай савар бол амьтандаа ч, хүндээ ч аюулгүй байх орчныг бүрдүүлэх бас нэг гол зорилготой. Анхнаасаа гудамжинд өссөн нохой, муурнууд хүмүүсээс аль болох хол байхыг боддог бол буруу орчинд, стресстэй хүмүүстэй өссөн муур, нохой бухимдлаа шууд хүмүүс рүү гаргадаг. Хүнд дургүй болчихдог. Үүнийг хүмүүст ойлгуулах үүднээс сурталчилж, мэдээлэл түгээдэг. Саяхан “Хашаандаа сайхан амьдарцгаая” групптэй хамтраад “Хашаандаа жаргалтай, азтай савар” аян зохион байгуулж, хашаандаа уяатай байдаг нохойтойгоо хэрхэн зөв харьцаж, тэжээх вэ. Ингэснээр нийгэмдээ яаж аюулгүй байдлыг бий болгохыг хүмүүст таниулсан. Гудамжны нохой, муурыг буудах нь үр дүнтэйгээр тэднийг цөөлөх арга гэж хүмүүс боддог боловч үйл явц нь ямар хүнлэг бус байдгийг мэддэггүй. Мөн хүүхдүүд хичээлдээ явахдаа үүнийг хараад хүчирхийлэлд өртөх, түүнээсээ болж сэтгэцийн асуудалтай болох магадлал маш өндөр. Ийм орчинд өсөж байгаа хүүхдүүд бусдыг ойлгох, өрөвч чадвартай болох нь хэцүү шүү дээ. Хүмүүс амьтдыг зүгээр л нэг амьтан шүү дээ гэж харахын оронд тэдэнтэй харьцаж, нийгмийн хөгжилд асар чухал ач холбогдолтойг ойлгох хэрэгтэй. Бид нар үүний төлөө л ажиллаж байна.

 Н.Тамирхүү: Нийгмийн сайн сайхан, үндэсний эрх ашгийн төлөө хүмүүс нэгдэж сурах хэрэгтэй

Түгээмэл хөгжил төвийн Боловсролын хөтөлбөрийн менежер

Намайг Н.Тамирхүү гэдэг. Одоо 36 настай, хүзүү нугасны бэршээлтэй болоод 5 жил болж байна. Түгээмэл хөгжил төвд ажиллаж байна.

Аливаа нийгмийн өөрчлөлт шинэчлэл, сайжруулалт нь зөвхөн залуусын гэлтгүй бүх талуудын оролцоонд тулгуурладаг гэж боддог. Тэгэхээр нийгмийн сайн сайхны төлөө хүн бүр оролцож, өөрийн дуу хоолойгоо хүргэж, тэр хэмжээгээр нийгэмд өөрчлөлт, дэвшил авчирч байдаг байх. Тиймээс нийтийг хамарсан үйл ажиллагаанд өөрийн боломжоор, аль болох идэвхтэй оролцохыг боддог.

Би өнгөрсөн сард болсон “Бартаат парад”-д оролцсон. Парадын зорилго нь хотын хүртээмж, зам талбайн нөхцөл байдал ямар байгаа, тэргэнцэртэй, дугуйтай, хүүхэдтэй, чемодантай яваа хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа талаар бусдад харуулж, олны анхаарлыг хандуулах юм. Энэ зорилго нь бага ч гэсэн хэмжээгээр хүмүүст хүрэх болов уу гэсэн үүднээс нэгдэж, оролцсон. Ер нь улс төрийн үймээн тарьсан, мөнгө тараасан жагсаалд хүмүүс их оролцдог ч бусад жагсаал цуглаанд оролцох нь бага юм болов уу гэж хардаг. Хэрэгтэй зүйл дээрээ буюу нийгмийн сайн сайхан, үндэсний эрх ашгийн төлөө нэгдэж сурах хэрэгтэй шүү дээ. Цаашдаа хүмүүс олон нийтэд хандсан ийм арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулж, цөөн гэлтгүй хүмүүсийг нэгтгэх хэрэгтэй болов уу.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний чадварыг үнэлэх, түүнд тохирсон ажлын байраар хангах, ажил хийхэд хэрэгцээтэй орчин нөхцөл, дэд бүтэц, нийгмийн хандлага гээд харвал хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажиллах боломж 10 хувь хүрэхгүй. Цаашид үүнийг өөрчлөхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, хүмүүсийн нийгэмших нөхцөл боломж, хотын хүртээмж гээд олон асуудлыг орхигдуулахгүй цогцоор нь бодлогын хүрээнд шинэчилж, хаа хаанаа цаг алдахгүй одооноос ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

 Намо, Зол: Чойронгоо бол нэгээс нийт рүү, нийтээс нэг рүү хүрэхэд тусалдаг л гүүр

Чойронгоо” пэйжийн админ

Намайг Намо (зүүн гар талаас) гэдэг.  Хүүхэд байхаасаа л storytelling-д дуртай байсан. Амьдрал маань энэ зүйлтэй ямар нэгэн байдлаар заавал холбогдоно гэдгийг угаасаа л мэддэг байсан. Чөлөөт цагаараа яг чөлөөтэй л байх дуртай, алхах, Золтой худлаа үнэн дэмий юм ярих, караокедах, заримдаа уйдаж суух дуртай хүн. Өөрийнхөө амьдралд тун сэтгэл хангалуун байдаг.

Намайг Зол гэдэг. Шар айраг уунгаа хүмүүсийн амьдралд хошуу дүрж тохиосон хөгжилтэй, гунигтай түүхүүдийг нь сонсож суух дуртай. Түүнийгээ бас бичих дуртай. Энэ ажлыг хийж эхэлснээс хойш хүнийг сонсоно гэдэг ямар чухал зүйл байдгийг ойлгодог болсон.

Залуусын нийгэм дэх оролцоо супер чухал. Бүх насны группээс нийгэмд хамгийн их оролцоо нь үгүйлэгдэх нь залуусынх юм. Залуучууд үргэлж шинэчлэгч нар байдаг. Одоогийн нийгэм соёлын дэвшил, хандлага, техник технологи зэргийг хамгийн түрүүнд мэдэж бусдадаа мэдэхэд нь тусалдаг бүлэг шүү дээ. Хүүхдүүд, өсвөр насныхан энэ үеийнхнээс амьдралын олон зүйлийг суралцаж, хөгшид буурлууд энэ үеийнхнээс олон зүйл хүлээдэг. Тийм учраас залуучууд мэдлэгтэй бас хариуцлагатай байх хэрэгтэй. Яг одоогийн байдлаар бидний нийгмийн оролцоо гэвэл хамгийн наад зах нь сонгууль болохоор саналаа өгч байна. Цаашлавал түүхүүдээрээ дамжуулж, зарим зүйл яагаад буруу биш гэдгийг, зарим зүйл яагаад зөв биш гэдгийг маш энгийнээр масс хүмүүст хүргэж ойлгуулах гэж оролддог.  Бас нийгэмд хэрэгтэй зүйл хийж байгаа залуучуудын олон хүнд хүрэх гүүр болох гэж хичээдэг дээ.

Пэйжээ анх нээхдээ сонирхолтой гоё амьдраад тэрүүгээрээ хар толгойгоо тэжээгээд явчих юмсан л гэж бодож байсан. Одоо бол ном болгочих санаатай л байгаа. Олон сонирхолтой хүмүүстэй танилцсан. Тэгээд Чойронгоо гэсэн нэрээр зөндөө гоё эвентийн урилга авдаг болсон юм байна.

Түүхээ хуваалцах хүмүүсээ ёстой янз бүрээр олдог. Эргэн тойрноосоо, найзын найз нөхөд тэдний хүрээллээс, дам дамаа, заримдаа манайх руу чат бичсэн хүмүүсээс гээд л. Манайд орсон хүмүүс дийлэнхдээ эргэж холбогдоод баярлалаа гэж хэлдэг шүү. Эгчтэйгээ үл ойлголцоод харьцахаа больчихсон байсан нэг охин эгчтэйгээ эвлэрсэн. Эгч нь манайд өгсөн яриаг нь уншаад тухайн үеийн дүүгийнхээ байдлыг ойлгоод уучлал гуйж залгасан гэсэн. Нэг оролцогч маань хэлэхийг хүссэн, мэдэрч байсан бүх зүйлээ яг хэлмээр байсан хүндээ ойлгуулчихлаа баярлалаа гэж байсан. Нүүр тулж тэр бүхнийг хэлж чадахгүй байсан юм билээ. Сүнжээ эгчийн хүүгийнх нь эмчилгээний зардалд хэдхэн хоногийн дотор бараг 9-н сая төгрөг цуглараад бас нэг сайхан сэтгэлтэй хүн гэртээ байсан тэргэнцэрээ өгч байсан гэх мэт зөндөө сайхан зүйлс болсон. Хийж байгаа зүйлийнхээ гоё сайхан зүйлийг дор дор нь мэдэрдэг болохоор тэр нь их урамтай байдаг юм.

Чойронгоо бол нэгээс нийт рүү, нийтээс нэг рүү хүрэхэд тусалдаг л гүүр. Тэгэхээр тун дажгүй л гүүр баймаар байна. Хэчнээн удсан ч өөрсдийн үнэт зүйлээ огт алдаагүй, амьд чанараа хадгалсан хэвээрээ л байгаасай.

 Б.Эрдэнэдалай: Багад нь нийгмийн оролцооны тухай сургаагүй байж одоо тэднээс оролцоо шаардах нь буруу

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор

Ардчилсан нийгэмд амьдарна гэдэг иргэн хүн зөвхөн сонгуульд оролцох биш нийгмийн өдөр тутмын харилцаанд орж, бусадтай тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх зэрэг олон төрлөөр оролцоогоо илэрхийлэх ёстой. Бүх насныхан нийгэмд оролцоотой байх чухал ч манай орны хувьд залуучуудын эзлэх хувь өндөр. Түүнчлэн сонгуульд саналаа өгч, оролцож байгаа сонгогчдын ирцийг харахад залуучууд төдийлөн идэвхгүй байдаг. Тиймээс энэ чиглэлд залуучуудын оролцоо чухал байх ёстой. Хүмүүс амьдарч буй газрынхаа асуудлыг шийдвэрлэхэд оролцдог, сурч байгаа орчноо сайжруулахад анхаардаг байх хэрэгтэй. Жишээлбэл, утаа, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг жагсаал цуглаанд оролцох, зохион байгуулж буй хүмүүст гарын үсгээ зурж, үзэл бодлоо илэрхийлэх нь ч оролцооны нэг хэлбэр юм.  

Саяхан болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн хувьд ирцийн босгогүй байлаа. Сонгогчдын ирц 50 хувьд хүрэлгүй, хэдхэн хүн ч саналаа өгсөн хүчин төгөлдөр байна гэсэн үг. Сонгогчдын ихэнхийг бүрдүүлж байгаа залуусын оролцоо муу байлаа шүү дээ. Залуучуудыг нийгмийн асуудалд оролцохгүй байна, ядаж сонгуульдаа саналаа өгөхгүй байна гэх зэргээр шүүмжилдэг. Гэсэн ч тэд нар насанд хүрэнгүүтээ гэнэт нийгмийн бүхий л асуудалд оролцох нь хэцүү. Багад нь нийгмийн оролцооны тухай, ардчилал, сонгуульд яагаад саналаа өгөх хэрэгтэйг ойлгуулаагүй байж одоо тэднээс оролцоо шаардах нь нэг талаараа буруу юм. Гэтэл гадаадын улс орнуудад хүүхдүүдээ цэцэрлэгийн наснаас нь эхэлж, үе шаттайгаар иргэний оролцоо, иргэний эрх, үүргийн тухай, бусадтай хэрхэн хамт амьдрах тухай гэхчлэн зааж сурган, иргэдээ багаас нь бэлддэг. Жишиг сонгууль хийж байгаа кейсүүд хөгжсөн орнуудад их байдаг. Анх удаа саналаа өгөх гэж байгаа хүмүүст, залуучуудыг сонгуульд оролцохыг уриалах, яагаад идэвхтэй байх ёстойг таниулах, идэвх оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагааг гадаадад маш ихээр хийдэг. Тиймээс бид нар залуучууддаа ардчилсан сонгуулийн тухай, оролцооны талаар ойлголт өгөөгүйгээс ийм байдалд хүрээд байна.  

Би МУИС-ийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Энэ чиглэлээр 10-аад жил их, дээд сургуульд багшилж байна. Энэ хугацаанд иргэдийн улс төрийн боловсрол маш тааруу байгааг мэдсэн. Энэ үндсэн дээр 2015 оноос “Нийгэм, улс төрийн боловсрол” ТББ-ыг байгуулж, иргэдийн улс төрийн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, судалгаа анализ хийж байна.

Байгууллага дээр хийж байгаа ажлууд болон сургуульд зааж байгаа хичээлээрээ иргэдийн оролцоо ямар байх ёстой, яаж залуучуудын оролцоог нэмэгдүүлэх үү гэдэгт анхаардаг. Нэг хүн ойлгож, мэдээлэл авсан байхад цааш нь найз нөхөд, хамаатан садан болон цахим орчинд мэдээлэх чухал ач холбогдолтой байдаг.
Би хичээлийнхээ хүрээнд оюутны жишиг сонгууль зохион байгуулж байсан. Жишээ нь, залуучууд сонгуулийг цаг хугацаа барсан ажил гэж бодож, хэнийг сонгохоо мэдэхгүй, хэр ач холбогдолтойг ойлгохгүй байхаас сэргийлж үүнийг зохион байгуулсан. Сонгуулийн санал хураах байранд очихдоо юуг анхаарах, бид богино хугацаа зарцуулаад л төлөөлөгчөө сонгох боломжтой гэдгийг харуулах зорилгоор оюутны жишиг сонгуулийг МУИС, СЭЗДС дээр зохион байгуулсан. Мөн анх удаа сонгууль өгөх гэж байгаа залууст мэдээлэл өгөх болон гэр бүлийнхных нь улс төрийн шийдвэр залууст нөлөөлдөг тохиолдолд өөрсдийн гэсэн үзэл бодолтой, хариуцлагатай шийдвэр гаргаж, сонголтоо хийдэг байхыг таниулах зорилготой.
Жишиг сонгууль хийхдээ оюутнуудаа гурван багт хувааж, сургуульдаа тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх зорилгоор кампанит ажил өрнүүлэх, мөрийн хөтөлбөрөө танилцуулах хугацааг нь олгож, үйл явц, өрнөлтэй үргэлжлүүлж, санал хураалтаар оюутнууд, багш ажилтнуудыг бүгдийг хамруулсан. Энэ хичээл маш үр дүнтэй болж, зохион байгуулалтад оролцоогүй оюутнууд гэхэд санал хураалтдаа маш идэвхтэй оролцсон. Одоо ч оюутнууд маань надтай холбоотой байж, УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай хэлэлцэж, бохир пи ар нь юу байсан зэргээр санал бодлоо хуваалцаж байна. Тэд нар нийгэмдээ оролцоотой амьдарч явна. Хамгийн гол нь залуучуудаа чиглүүлэх л чухал юм билээ.

Эцэст нь хэлэхэд, манай залуучууд нийгэмдээ юу хийх, ямар оролцоотой байж чадахаа багахан хугацаанд ч болтугай бодож, бусадтай хуваалцаж нийгмийн идэвхтэй хэсэг болохыг уриалж байна. Ардчилал, сайхан нийгмийг бүтээхийн төлөө оролцдог, сайн жишиг болохоор гадаадын тэмцэгч залуус зөндөө байна шүү дээ.  


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.