Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

UB.LIFE-ийн түүхүүд | Бидний хүүхэд насны дурсамж


Ublife сайтын хамт олон Хүүхдийн баяраар сэтгэлд үлдсэн нандин дурсамжуудаа та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Багынхаа зургийг авчраарай гэж захисны маргааш манай оффист юу болсон гэж санана? Дэрчгэр шар хүү, дэггүй зальжин охин, нүд нь гялалзсан, нүүрэнд инээмсэглэл тодорсон багачууд эргээд ирсэн мэт дуу шуу болцгоон багын түүхүүдээ ярьцгаав. Болгооно уу.   


Ж.Тэгшжаргал, Гүйцэтгэх захирал 

Энэ өдөр зүсэм бялуу идээд их баярлаж билээ. Шинэ жилээс хойш амсаагүй байсан амтат бялууг “Үсэглэлийн баяр”-аар сая нэг идээд тэр. Өөр нэг их юм санадаггүй. Жижиг хүмүүс жижигхээн зүйлд л баярладаг. Угтаа хүүхдийг жаргалтай байлгах тийм ч хэцүү ажил биш шүү дээ. Үүнийг уншиж буй хүн бүрийг яг одоо зургийн цомгоо уудлаад өөрийнхөө бага насны зургийг удаан гэгч нь хараасай гэж хүсэж байна. Өөдөөс чинь ширтэж буй жаалын юунд баярладаг, яахаар гомддог вэ гэдгийг та хоёр л хамгийн сайн мэднэ, тийм үү?  Өөрт хүсдэггүйгээ өөр хүүхдэд бүү хийгээрэй.

Б.Энхцэцэг, Тоймч

Би бага байсан юм аа, лав л сургуульд ороогүй. Манайх Салхитын зусланд гардаг байлаа. Тэр зун ээжийн холын хамаатны хүн эмнэлэгт биеэ үзүүлэхээр миний үеийн охиноо дагуулан хөдөөнөөс ирэв. Маргааш нь аав, ээж хоёр нөгөө хүнтэй цуг хот орсон тул би охинтой нь үлдэв ээ. Байшингийн нэг буланд дээврийн ус тоссон 200-гийн том төмөр торх байсан юм. Тэр өглөө эрмэгээ даваад халгиж байна шүү. Бид торхтой ус руу савангийн хайрцгаар угаалгын нунтаг хийчихээд шанагаар утган хөөсрүүлж тоглож байтал ам цангав. “Манай хотынхон ийм хөөстэй ус уудаг юм. Чи киноноос хараа биз дээ” гээд л нөгөө охинтойгоо уусансан. Хэдийхэн их ууж чадаа аж дээ. Тэгээд дараа нь хоёулаа халууцав. Хувцсаа тайлаад өнөөх торхон дотроо орчихсон тоглож байтал томчууд ирснээр бид хоёрын “усан цирк” төгсгөл болж билээ. Тэр шөнө би халуурч хоносноо санадаг. “Энхээ өөрөө л эндхийн хүүхдүүд өдөр болгон ингэж усанд ордог гээд байсан шдээ” гэж зочин охин ээждээ ховлосон юм даа.   

Б.Саруул, Сэтгүүлч

Эх үрсийн баяр гэж бидний нэрлэж заншсан энэ өдөр аавтайгаа холбоотой дурсамжийг хуваалцахыг хүслээ. Аав минь гарын ур дүйтэй төдийгүй хүүхдийг бага гэж чамлалгүй аливаа ажилд оролцуулдаг, санаа бодлыг нь сонсдог хүн. Хүүхэд насны минь хамгийн нандин, мартагдашгүй дурсамжууд аавын энэ зантай шууд холбоотой. Учир нь, аав бид хоёрын хамтарч "бүтээсэн" хоёр зүйл байдаг юм. Бидний таван хүүхэд өсөж торнисон модон байшинг аав ганцаараа барьсан гэнэ лээ. Байшингийн том өрөө гал тогоог холбосон үүдний хананд манай гэр бүлийн гишүүдийн өндрийг тэмдэглэсэн байдагсан. Хэзээ хойно нь би "Ааваа, та яаж ганцаараа байшин барьсан юм бэ" гэж асуухад "Аав нь ганцаараа бариагүй ээ. Миний охин өдөржин хажууд суугаад "Амьдралаа би чамд хайртай" гээд л дуулж, надад хань болдог байсан юм шүү дээ" гэж билээ. Аавдаа тэгж их "тус" хүргэснээ би яахан мэдэх билээ. 

Нөгөө нь аавын хийж өгсөн модон авдар. Санаанд оромгүй зүйлс нэхдэг байсан охиндоо аав нэг удаа хачин хөөрхөн модон авдар урлаж өгсөн юм. Харин би хичээн байж өнөө авдар дээрээ таван дэлбээтэй нэг их том ногоон цэцэг, алхан хээтэй хамт зурсан юм даг. Одоо ч тэр авдар манай гэрт байдаг юм. Энэ бүхнийг санах тоолондоо би аавынхаа онцгой их хайранд өсөж дээ гэж талархдаг.   

Ж.Мөнхзул, Сэтгүүлч

Хүүхдийн баярыг хүүхдүүдтэйгээ булаалдаж буй юм биш шүү. Зөвөөр ойлгоорой. Намайг хүүхэд байхад буюу 90-ээд оны эхээр өнөөгийнх шиг бүх юм элбэг дэлбэг, хангалуун байсангүй. Хүүхдийн баяраар л гэхэд парк орж тоглоомонд суун, хийжүүлсэн ундаа ууж, хуушуурны гуанзнаас хэдэн хуушуур авч идэх төдийд баяр жаргал төрдөг байв. Чихэр жимс, тоглоом наадгай алагласан эдийн засгийн арай дөмөгхөн үе бол тээр хойно 2000 оны үед л нийтлэг болсон болов уу. Аа гэхдээ тэр шилжилтийн цаг үеийг өнөөдөртэй харьцуулах юм бол Улаанбаатар хот цэвэр цэмцгэр, агаар, хөрс нь асуудалгүй, авто машин багатай, хүүхдэд зориулсан үйлдвэрлэл үйлчилгээтэй, хүүхдийн паркт очиход Богд уулын буганууд идээшилж байдаг нэг тийм саруулхан сайхан, гэрэл гэгээтэй байж дээ. Их дэлгүүрийн урд талын усан оргилуурт гудамж өвөлдөө ямар гоё мөсөн хотхон болдог байв. Хүүхэд байсан тул ямар мөнгө төгрөг, ахуй амьжиргаа бодох биш дээ. Нийгмийн байдал төвөгтэй л байсан байх. BUT I DON’T CARE! Хүүхэд нас бол хүүхэд нас л байх ёстой. Бидний үеийнхэн гадаа өдөржин тоглох тоглоомын талбайтай, цэцэрлэг сургууль,  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрэлцээтэй сайхан үед хүүхэд байж. Нэг үгээр хэлбэл бид өнөөдрийн хүүхдүүдээс хамаагүй дээр орчин нөхцөлд өсөж торнижээ. Өнөөдөр хүн болж байгаа бяцхан жаалууд, 2000 оноос хойш Монгол улсад төрсөн тэр л хүүхдүүддээ бид маш их өртэй гэж боддог. Байрны гадаа машин доогуур орчих шахан гүйлдэх бяцхан амьтдын өмнө маш их буруутай мэт санагддаг. Үүнийгээ л засаж залруулмаар байна. Өөр надад хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бодогддог зүйл байдаггүй.   

Х.Сүрэн, Дизайнер

Багадаа бараг л бүх хүүхдийн баяр болгоноор өвдчихдөг хүүхэд байлаа. Тийм болохоор яг зургаадугаар сарын 1-ний өдрийн дурсамж гэхээсээ илүү зуны өдрүүдийн дурсамжууд минь хамгийн нандин байдаг. Зун болгон манай гэрийнхэн УАЗ-469 машиныхаа ард хамаг юмаа ачиж аваад хөдөө эсвэл аль нэг рашаан сувилал руу явж амардаг байв. Өвөө маань хоёр жил дараалж биднийг Баянхонгорын Шаргалжуут рашаанд аваачсан нь энэ зурагт үлджээ. Шаргалжуутын рашааны голд жараахай их байдаг болохоор гүүрэн дээр суугаад талхны үйрмэг шидэж хооллодог байснаа тод санадаг. Харин нөгөө зураг нь миний хамгийн анхны гадаад найзуудтайгаа авахуулсан зураг гэх үү дээ. Зун аавтайгаа хамт Тэрэлжийн нэг амралтанд очоод ах дүү герман найзтай болж билээ. Тэр үед гадны хүүхдүүдтэй танилцах боломж тэр бүр олддоггүй байв. Би ах дүү хөвгүүдийн тоглож байсан бөмбөгөнд нүд унагаж, шохоорхож байснаа ер мартдаггүй юм. 

А.Энхжаргал, Оффис менежер

Жил болгоны зургаадугаар сарын 1-нд Багануурт байдаг эмээгийндээ очдог байлаа. Авга нарын хүүхдүүд бүгд л миний үеийнхэн. Жил бүр цуглараад тэр жилдээ сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах жижиг хэмжээний тэмцээн болно. Мэдээж эмээ дээр очсон бүх хүүхэд бэлэгтэй, түрүүлсэн хүүхэд нь ганцхан тэмдгээр л өөр бэлэг авдаг байсан. Нэг жил би түрүүлнэ гэсэн бат итгэлтэй хамаг юмаа бэлдэж бэлдэж очоод түрүүлэх нь байтугай шагнал аваагүй. Би шарандаа бөөн уйлаан майлаан. Намайг уйлснаас болоод эмээ маань түрүүлсэн хүүхдийн тэмдэгтэй яг адилхныг надад өгч билээ.    Тэрнээс хойш дахиж гэр бүлийнхний хүүхдүүдийн "тэмцээн"-д орохоо больсоон.

Б.Билгүүн, Дизайнер

Хөдөө, гэр хорооллын хүүхдүүд зургаадугаар сарын 1-нд аль чадахаараа шинэ, ганган хувцас өмсөөд, мянган төгрөг атгаад гарцгаадаг байж билээ. Тэр өдөр эмээ маань надад зориулж хаанаас ч юм таеквондогийн хувцас авчирч өмсгөөд гаргасан юм. Ховор харагддаг л бол гоё, ганган хувцас гэж бодсоных биз. Би ч шинэ сонин хувцас өмсөөд додигор гартал нээх ч удалгүй байрны хэдэн банди нарт зодооны хувцастай болохоороо польдуулчихаж билээ. Тэрнээс хэдэн жилийн дараа цайвар жинсэн хослол ааваас бэлгэнд аваад өнөөхөө өмсөөд анхны хайрынхаа гэрийн ойролцоо гарч ирэхийг нь хүлээгээд орой болтол зогсож билээ. Гарч ирээгүйд урам хугарсан ч болзчихсон юм шиг гэр лүүгээ жаргалтай харьж байснаа санадаг.   

О.Анхзаяа, Сэтгүүлч

Гэрийн эрх-лэгч: Бага байхаасаа л би ээж, өвөө хоёрынхоо хайранд юугаар ч дуталгүй өссөн. Гэрийн хамгийн эрх дархтай хүн би л байлаа. Том болоход ямар их үүрэг хариуцлага ирдгийг, амьдралаа авч явахын тулд ямар олон хүнд үеийг туулдгийг мэдэх хүртлээ би амьдрал яг л ийм байх мэт санаж явжээ. Миний төлөө хийсэн юм болгоныг нь харж, зах зухаас нь мэдэрч явахдаа би ч бас мундаг ээж болно, хамгаалагч болно, хайраар дүүрэн өсгөнө гэж үлгэрлэж ирсэн. Ээж минь олон цагаар ажиллаж, ирэхдээ миний хүссэн амттанг авчирдаг байлаа. Хэний ч харааг булаах сайхан эмэгтэй, бас хөгжилтэй, нээлттэй, сайхан хоол хийдэг гэж жигтэйхэн. Миний л төлөө гэж олон хүнд хэцүү ажил хийж, хүртэх ёстой байсан тэр л зүйлээ хүртээгүй өнгөрсөн нь олон бий. Харин би өвөөгийнхөө гараас зүүгдэн том болсон юм. Гадаа тоглоход ч хараад л сууж байдаг, байнга сургуулиас ирж авдаг, хадгалж байсан задгай мөнгөнүүдээ цуглуулаад сургуулийн хажууд байдаг бялууны цехээс амттан авч өгдөг байлаа. Нэг удаа дэлгүүрээс нэг их үнэтэй гоймон авчихаад гэртээ ороод хартал гээчихсэн байв. Өвөө минь их л сандарч, буцаад явсан замаараа хайж билээ. 

Одоо өвөөгөө дурсан санахдаа нулимс унагахгүй байж чаддаггүй юм. Намайг дайрах шахсан машиныг гараараа цохиод, жолоочид нь зодуулах шахаж байхад би дэргэд нь уйлаад зогсож байсан. Тэр үеэс л би хүмүүсийн онцгүй зан чанартай танилцсан гэхэд болно. Мөнгө нэхээд явуулдаггүй сургуулийн хүүхдүүд өвөөг хармагцаа зугтаачихдаг байж билээ. Намайг төрөхөд насаараа шахуу тамхи татсан өвөө минь шууд л хаяж, дахин нэг ч удаа сороогүй юм. Хөлөө шалбалаад уйлаад гүйхэд, үеийн хүүхдүүдтэй муудалцахад намайг өмөөрөх аав байгаагүй ч түүнээс ч эрхэм өвөө минь дэргэд байсан. Найз нөхөд нүүрээ буруулж, маш ихээр ганцаардаж, хэцүү зүйлстэй нүүр тулахад ээж минь л тэнгисийн эрэг дээрх гэрэлт цамхаг шиг чиглүүлэгч болж, төөрч явсан ганц сэлүүрчин надад итгэл хайрладаг. Энэ хоёр хүний ачаар л би хайрыг танин мэдэж, бас цааш түгээх аргыг олсон юм. Миний уул, миний тэнгэр... Өвөө минь 2018 оны өвөл, шинэ жилийн баярын өмнөхөн бурхан болсон. Тэнгэр нураад ирэх шиг, миний мэддэг ертөнц зүгээр л хумигдаад алга болох шиг тийм их хоосролыг би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй. Өмнө нь хайртай хүнээ алдаж үзээгүй, хэн нэгнийг тавьж явуулах ямар байдгийг мэдэхгүй тийм л гэнэн хүүхэд нас байж дээ. Түүнээс хойш миний сэтгэлд ан цав үүсэж, би одоо ч өмнөх шигээ байж чаддаггүй, сэтгэл зовнил, ойлгомжгүй байдал минь улам гүнзгийрч, жаахан юм болоход л уйлах гээд байдаг болж. Мартчихсан юм шиг, юу ч болоогүй мэт байхыг хичээсэн ч хүүхэд насны баатар гэдэг хэзээ ч үл мартагдах сэтгэлийн мэнгэ болж үлддэг юм байна. Тиймээс бид хүүхдүүдийнхээ нандин үеийн баатар, гол дүр нь болох ёстой. Яг л ээж, өвөө хоёр минь надад нөлөөлсөн шиг би үр хүүхдийнхээ итгэлийг даасан, хайраар дүүргэсэн хүн болохын төлөө өөрийгөө өөрчилж эхэлсэн юм. Хайр л хүнийг бүтээж, өөрчилж чаддаг юм байна. Ээждээ хайртай шүү. Өвөөдөө... таныг бодох болгондоо уйлахгүй, инээмсэглэхийг хичээнэ ээ. Таны үлдээсэн орон зайг шинэ он гарахын өмнөхөн гэрт орж ирсэн бяцхан муужгай одоо дүүргэж, сэтгэлийг минь дэвтээж суугаа шүү.  

Э.Намуун, Редактор

Хүүхэд байхдаа нэг газарт суурин байгаагүй ч явсан газар бүхэн минь дурсамж дүүрэн өнгөрснийг сая л анзаарлаа. Их сахилгагүй, сэргэлэн бас эрэгтэй хүүхэд шиг байсан болохоор яслийн багш “шар бандиа” гэж дууддаг байж билээ. Хонгор шаргал үсийг минь хар бор болгоно гээд ойр ойрхон хусдаг байсан болохоор банди шиг л харагддаг байсан байх. Хүмүүс нэр асуухаар “Намуунбайгаль” гэж худлаа ярина. Дуунаас л санаа авсан юм байлгүй.

Хөдөө өвөө эмээгийндээ байхдаа аргал их түүж, гал хөс алдаж үзээгүй болохоор ямар аргал нь удаан, сайн асдаг, ямар нь хурдан дуусдгийг багаасаа мэднэ. Одоо ч хөдөө гадаа явахад гоё аргал харагдахаар түүчихмээр санагддаг юм. Хурга ишиг, тугалаа өдөртөө эргэж тойрч, оройд үхрээ хотлуулах нь миний ажил учраас шилбүүр гарт, шуудай өвөрт минь явна. Хаашаа ч явсан дуулах дуртай хүүхэд байлаа. 

“ Ай юу Дэнсээ юү 

Хүүгээ бодохоороо 

Аагтай шаргал цай минь 

Амт нь үгүй санагдана даа...”

...

“Нарны хорвоод заяаснаас хойш 

Наадаж наргилгүй ч яахав дээ...” гэхчлэн дандаа томчуудын дууг суурчихаад хээр талд дуулаад л явдаг байж.   

Хотод Дарь-Эхэд буюу одоогийн “Ганцын буудал”-д өндөр цагаан яндантай гудамжинд манайх байдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг их айл байхгүй, цөөхөн хэдэн айл үхэр малаа идээшлүүлэн аж төрдөг байв. Газар нь урууг ч хэлэх үү, хөвгүүдтэй байнга хөөцөлдөж, дээш доош гүйдэг байсан болохоор ээж намайг “Хөл сайтай хүүхэд байсан” гэдэг юм. Нэг удаа тоглож явтал хаврын хавсарга тавиад хийсчих гээд болдоггүй. Гэрлийн шонгоос чанга тэврээд гэрлүүгээ орилтол хэн ч сонсохгүй, хэсэг хугацаанд шон тэвэрч уйлж байснаа санадаг юм. Бурхны авралаар өвөө гарч ирж, аваад орсон доо. 

Аймгийн төвд байхдаа хоёр ах, нэг дүүтэйгээ нийлээд хавар хор нь гараагүй /бороо ороогүй/ голд бүтэн өдөржин тоглоод сайран царайтнууд орой нь эгчээсээ банга хүртэж явлаа. Ямар азаар гүнзгий газар нь очоогүй юм. Бага ангид л байсан. 

Аав ээж хоёр бусдын л адил Орос руу ганзагын наймаанд явдаг үе байлаа. Намайг авч яваад тэнд цэцэрлэгт оруулсан юм. Гадаад хүүхэд болохоор ангийн хүүхдүүд янз бүрийн юм асууна. Заримыг нь ойлгохгүй. Нэг нь юуг ч юм монголоор юу гэдгийг асуухаар нь ойлгоогүй байж “онгоц” гээд худлаа зааж өгч билээ. Киоск (ТҮЦ)-ийг соосок гэж хэлдэг, байнга очоод өндгөн шоколад авч, тоглоомыг нь эвлүүлж, цуглуулах дуртай бусдын л адил сахилгагүй шар охин байлаа. Хүүхэд насны дурсамж энэ мэтчилэн хөвөрнө. Сүлээний “гар” байж дээ. Одоо над шиг даруухан, томоотой хүн алга гэссс.   

Б.Долгорсүрэн, Гэрэл зурагчин

Би хоёр нас хүртлээ эмээ өвөө дээрээ өссөн юм. Том болсон хойноо ч зуны амралтаараа тэднийгээ зорьдог байлаа. Хоёр буурал минь тухайн үед Булганд амьдардаг байсан бөгөөд малтай,  тахиа үржүүлдэг, хүнсний ногоогоо өөрсдөө тарьж ургуулдаг хөдөлмөрч хүмүүс байсан юм. Зүлэг шиг ногоон талд үхэр тууж, хонь хариулдаг байсан ой дурсамж одоо ч хадгалагдаастай. Энэ зургийг даруулах гэж тэр хоёр минь намайг их гангалж, бэлдсэн гэж ярьдаг юм.   

Ц.Цэвээнравдан, Сошиал медиа хөгжүүлэгч

Би үеийн хүүхдүүдээ бодвол хожуу хэлд орсон юм. 7 нас хүртлээ 2 үетэй л үг хэлдэг байсан бөгөөд зөвхөн эгч маань л миний юу хэлж буйг ойлгоно. 5 настай байхад аав эмнэлэгт хэвтэж таарсан тул авга ах маань эгч бид хоёрыг хүүхдийн парк авч явах болов. Хэдий халуун байсан ч зузаан хувцсаа тайлах дургүй надад богино шорт, нимгэн цамц өмсгөх гэж зөндөө юм болсон гэдэг. Анх удаа алсыг харагч дээр суугаад догдолж байсан мөчөө бүдэг бадаг санадаг юм.   

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
18 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
20 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
26
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Тайхар 2020.06.02 162.158.178.18

Тэгсэн чинь би бас хүүхдийн баярын дурсамжаа саначлаа ... Бага байхад аав ээж хоёрын ажлын газар, ажилчдынхаа хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарладаг байлаа ... Бүтэн жилжингээ зөвхөн тэр уралдаанд зориулж элдэв юм зурж суудаг, тэгээд л зургуудаа хуваарилаад л ... энийг аавын ажил руу, энийг ээжийн ажил руу гээд л өгөөд явуулдаг байж билээ ... Түрүүлдэггүй юм аа гэхэд заавал шагналт байранд шалгараад тусгай бэлэг авчдаг байж билээ ... Бас нэг удаа хүүхдийн баяраар сургууль дээр цардмал зам дээрх зургийн уралдаан гээч юм болоод ... Хүүхдүүдэд шохой өгч байгаад сургуулийн урд талын талбай дээр зураг зуруулсан ... тэрэнд нь нэг Микки Маус зураад 2-р байранд орчихоод бас л хөөрхөн бэлэг авчихаж байсым ... яаж ийгээд бэлгийнхээ тоог нэмээд л яваад байж ...

0 Хариулах