Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

UB.LIFE-ийн түүхүүд | Эцэг эх болж, амьдрал 'орвонгоороо' өөрчлөгдсөн сайхан түүхүүд


П.Түмэнгэрэл

 Том хүү минь төрөхөд би 23 настай, нөхөр маань 19 настай байлаа. Өөрөө би олон хүүхэдтэй айлын хамгийн эрх танхи хүүхэд байсан тул намайг хэн нэгэн загнаж байсан түүх байхгүй, тийм л эрх охин байв. 2003 оны хавар Хатагтай эмнэлэгт төрж, хөөрхөн цагаан хүүтэй болов. Эхний хоёр өдөр ээж сахиад, сүүлийн хоёр өдөр дүү маань сахиад л, би кесарево хагалгаагаар төрсөн шинэ ээж сайхан унтаад л байлаа. Хүүхдээ хөхүүлэх цаг боллоо гээд эмч шинэ хүнийг маань авч ирэх бүрт дүүдээ  “За наад найруулдаг сүүнээсээ өгчих, би унтаж байя” гээд эмнэлэгээс гартлаа унтлаа.

Эмнэлгээс гэртээ ирээд л асуудал эхэлсэн юм даа. Нөгөө хүүхэд хөхүүлэх ёстой хоёр хөх чинь хатуураад чулуу болсон байдаг юм. Хөхөө бариулж, айлын хүүхдээр хөхүүлж үзлээ нэмэргүй. За тэгээд би уйлж эхэллээ, хүү маань ч уйлж гарлаа. Аав уурлаж ээжийг загнаад л. “Чи л сахиж байхгүй хүүхдүүдийг эмнэлэгт орхиод ийм асуудал үүсгэж байгаа юм.” Ээж сандраад, намайг нэг тайвшруулаад л, нэг загнаад л. “Үгүй чи өөрөө ядаж битгий уйлаад байл даа, өөрөө хүүхэд шиг байж хүүхэд төрүүлчихээд уйлаад байх юм. Уйлах тусам наад хөх чинь зангирна”

Нээрээ л хөх уйлах тусам улам зангирдаг юм билээ. Тэр үед би за одоо уйлах ч эрхгүй хорвоо болох нь дээ гэж бодож байсан гээч. Азаар ямар нэгэн мэс ажилгүй, хүүгээ өлсгөж байж хөхүүлээд, зангираагаа тайлж авсан. Нөхөр маань тэгэхэд хүүхдээрээ шахуу, юу болоод байгааг ойлгож ч байсан юм уу бүү мэд. Дараагийн төрөлт маань үүнээс найман жилийн дараа дахин уйлсан түүхээр үргэлжилнэ.

Найман жилийн дараа дахин хүүтэй боллоо. Нэгдүгээр төрөхөд төрсөн учир сахиур энэ тэргүй, өөрөө л тулалдах боллоо. Би гуч гарсан, хоёр дахь төрөлт маань тул чадна гэж бардам байлаа. Гэтэл хүүхдээ амлуулж, хөхүүлж чадахгүй дахиад л уйлаан майлаан. Хүүхэд нь өлсөөд уйлна, би хөхүүлж чадахгүй уйлна. Овоо нэг хөхүүлж сураад гэртээ иртэл хүүгийн минь хөхний булчирхайнд нь сүү ороод, дахиад л уйлаан майлаантай эх нялхаст хүргэгдлээ. Мэс ажилбар хийлээ. Хагалгаанд орсон хүүгээ хараад би ч чаддаг ажлаа л хийлээ, “уйлах”. Энэ удаад аав нь бас эмнэлэг тойрч, уйлж гүйсэн байдаг юм. Ер нь эндээс эхлээд нөхөр маань ч уйлдаг болсон доо хэхэ. За тэгээд эмнэлгээс гараад хүү ханиад хүрлээ. Эмчид үзүүлчихээд орж ирээд өлгийг нь задалтал суган дор нь нэг бондгор юм байна.

Би: Яанаа, мөр нь мултарсан юм болов уу?

Нөхөр: Яанаа, арай үгүй байлгүй дээ, чи татсан юм уу? (аав, ээж, хүү гурвуул уйлж эхэллээ)

Би: Ээж рүү залгаад асуу.

Нөхөр: Ээжээ, хүүгийн мөр мултарсан юм шиг байна. Суган дор нь хавдсан, уйлаад байна.

Ээж: Та 3 сая эмчдээ үзүүлээд ирсэн биздээ.

Нөхөр: Тийм.

Ээж: Тэгээд эмчийг үзэхэд зүгээр байсан юм уу?

Нөхөр: Зүгээр байсан.

Ээж: Тэгээд та 2 орж ирээд хувцсыг нь тайлах гээд татсан юм уу?

Нөхөр: Үгүй.

Ээж: Тэгвэл эмч рүү нь утасд. Би одоо очлоо.

Нөхөр: Эмчээ, сая үзүүлээд гарсан нярайн аав байна аа. Манай хүүгийн мөр нь мултарсан байна. Одоо яах вэ?

Эмч: Юу? Та нар гарнаас нь татсан юм уу?

Нөхөр: Үгүй. (гурвуул уйлсан хэвээр л)

Эмч: Зөөлөн зүйл байгаа биздээ. Их ханиалгаад булчирхай нь цочсон байх. Спиртээр компресс тавиад зүгээр болно оо.

За тэгээд цухас дурьдахад л ийм олон уйлсан түүх байна. Аав, ээж болно гэдэг амаргүй даваа шүү. Хүүхэд гэдэг асар их хариуцлага юм билээ. Бас уйлах гэдэг ч тийм ичмээр зүйл биш шүү. Бүгд л уйлж дуулсаар улам хүчирхэг болж амьдралыг туулна шүү дээ.

Э.Жаргал

Эцэг эх болох нь хүний амьдралд тохиолддог хамгийн гайхалтай зүйлсийн нэг байх. Миний хувьд аав болсон минь амьдралын минь хамгийн чухал, дахин давтагдашгүй мөч байсан. Үнэндээ хүүхэдтэй болсон нь надад багахан гэнэтийн зүйл байсан бөгөөд амьдралын нэгээхэн том шалгуур болсон явдал байлаа. Эхнэр минь хөл хүнд болсон цагаас л хамт явж эмнэлгийн хяналтанд орох,  эхо-д харуулах гэхчлэн бүх л зав чөлөөтэй цагаа гэрийнхэндээ зориулах шаардлага гарч үүнтэй дасан зохицоход хэцүү байсан үе бий. Энэ хэв маягт дасахад тодорхой хугацаа, хүчин зүтгэл, зарим талаараа багахан золиос ч шаардлагатай болдог. Ер нь эхнэр ч бай, нөхөр ч бай хүн бүхэн хүүхэд төрөхөөс өмнө юунд ч баригдаж, захирагдахгүй амьдарч байснаа хүүхэдтэй болоод л тэр бүх сул чөлөөтэй цаг хугацаа дуусгавар болж, буй бүхнээ хүүхэддээ зориулах шаардлагатай тулгардаг. Өмнө нь найзуудтайгаа уулзаж ганц нэг шар айраг ууж суух зэрэгт зарцуулах цагтай байсан бол одоо чи жирэмсэн эхнэрийнхээ дэргэд цаг үргэлж байх хэрэгтэй болж, чадахгүй бол гэргий чинь бухамдаж эхлэнэ. Эхэндээ хэцүү юм шиг санагдаж байсныг нуухгүй ээ. Гэтэл том хүү минь төрсний дараа амьдралын аз жаргалтай мөч бүхэн эхнэр хүү хоёртойгоо хамт байхад оршдог болсон. Ажил гэр, гэр ажил гэсэн ганцхан маршруттай боллоо.

Хүүхэд төрсний дараа юу юугаа ч мэдэхгүй, туршлагагүй байх үед хөгжилтэй, бэрхшээлтэй явдлууд их тоиолдоно оо. Эхнэр минь шөнө бүр хүүгээ хуурайлж хөхүүлэхдээ намайг аль болох сэрээхгүйг хичээнэ. Гэхдээ хүүхэд уйлахад огт сэрэхгүй унтаад байж чадахгүй, дутуу хагас сэрээд, нойрмоглон байж тэднийгээ харах ба нойрмог байхдаа яасан ийснээ өглөө нь санахгүй, харин эхнэр маань чи урд шөнө тэгсэн гээд ярьж өгнө. Ихэвчлэн эхнэрийнхээ нурууг илээд “хамт шүү” гэж хэлээд унтчихдаг тухай ярьж шоолно. Шөнийн нойроо тэгж харамлаж байгаа надаас илүү эхнэрт минь ямар байдаг бол. Тэр минь тэвчээртэй шүү. 

Анх бас хүүгээ усанд оруулах гэж бөөн юм болдог байлаа. Бид хоёр хүүхэдтэй болсон цагаас л аль болох өөрсдөө учраа олох санаатай их үзнэ ээ. Нэг удаа гурвуулаа угаалга хийх гээд хүүгээ баахан уйлуултал хадам ээж маань орж ирээд “Хүүхэд битий уйлуулаад бай, алив холд” гээд л урдуур орж ирж нэг угаах гэж үзсэнээ “За за та хоёр өөрсдөө учраа ол” гээд гараад явчихаж билээ. Хүүхэд усанд оруулах тэр жижигхэн ажил л гэхэд тийм амаргүй байдаг. Ингээд бодохоор анхны хүүхэд гэдэг ямар ч эцэг хүнд “Та одоо цаашид хүүхэд байхаа больсон” гэдгийг ухааруулах олон олон шалгууруудын эхлэл болдог юм болов уу. 

Дөөк & Тиа

Бид тэдэн насандаа хүүхэдтэй болно гэж нарийн төлөвлөөгүй боловч эцэг эх болоход харьцангуй бэлэн байсан мэт санагдаж байна. Тиймэээс төрсний дараа янз бүрийн сандрал, асуудал бага байсан шүү. Харин жирэмсэн байхад ойр тойрны хүүхэдтэй, хүүхэдгүй бүх хүмүүс янз бүрийн зааварчилгаа өгч, заримдаа бүр эрэгтэй хүмүүс хүртэл хүүхдээ хэрхэн тээж төрүүлэх тухай зөвлөдөг байсан нь инээдтэй. Зарим хүн айлгана, зарим нь урамшуулна, тэр бүхнийг тусгаж авбал сэтгэл санаа галзуу хулгана шиг дээш доош савчихаар шинжтэй. Тиймээс баттай, зөв мэдээлэл олж авах үндсэн хэдэн эх сурвалжтай болсон маань хамгийн зөв алхам байсан. Төрсний дараа ч ийм сурвалж маш их хэрэг болдог шүү. 

Төрөх үе бол харин тэр чигээрээ паник байсан. “За хоёулаа болчихоод гараад ирье” гээд дуу аялаад орсон хүн чинь яг өвдөлт эхлэхээр тэс өөр болж, нөхөр рүүгээ “чи яг одоо л орж ирэхгүй бол хэзээ ч үгүй шүү!” гэж мессеж бичээд, өвдөлтөндөө самуураад юу болоод буйг бүрэн ойлгож амжилгүй хүүгээ төрүүлсэн дээ. Тэр өвдөлтийг үгээр хэлж, үзгээр бичимгүй байсан ч одоо тэр тухай ярьж, инээлдэх тэнхээтэй болсноо бодоход өвдөлтөө мартаж эхэлж байгаа юм шиг байна. 

Өглөө нь эмнэлэгт хүүтэйгээ хоёулхнаа нүүр тулахад хамгийн сонин нь тэр есөн сар хагас миний дотор амьдарч гарч ирсэн атлаа намайг биш, яг аавыгаа дуурайсан байдаг юм даа. Уруул амаа хөдөлгөж байгаа, нүүрний хувирал нь хүртэл тийм адилхан байх нь гайхмаар. Хүүхэд ээжээсээ төрөөд л унтаж байхдаа маш их инээж, үнэгчилдэг. Нөхөр бид хоёр үнэгчилэхийг нь харах бүртээ юу ингэж инээдийг нь хүргэдэг юм бол, тэрийг нь мэдчихээд хүүгээ дандаа инээлгэх юм сан гэж ярьдаг байсан. Төд удалгүй аав ээжээ хараад таньж инээдэг боллоо, ход ход хөхөрч инээдэг ч боллоо. Бөөн аз жаргал. Анзаараад байхад өглөө сэрэх бүртээ л нэг шинэ юм сурсан байдаг шүү. Нэг өглөө шулганаж, авиа хэлж эхэлсэн, дараа нь хажуу тийш эргэж сурсан, дарааа нь хэлээ бултгануулдаг болсон. Өнөөдөр гэхэд дуу аялаад л байна, шөнө зүүдэндээ л сурсан бололтой. Энэ бүхний хажуугаар бас ааш сурахыг яана. Одоо сууж сурах гээд бас шүдтэй болох гээд, санаагаар болдог бол гялс мөлхчих гээд аль аль нь санаснаар болохгүй миний хүү жаахан ааштай л байна даа. Хэрэв миний хүү үүнийг унших өдөр ирвэл аав ээж хоёр нь хүүгээ өөрийнхөө хүссэн сонголтуудыг хийж аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг шүү. Амьдралынх нь ямар ч үед сайн сонсогч, сайн зөвлөгч байсаар байх болно. Миний хүү хайраар дүүрэн амьдраарай.

холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
UB LIFE-ийн түүхүүд: Хөл хорионы үеийн хайр дурлал, болзооны тухай 9 түүх
2
2020.06.01
UB.LIFE-ийн түүхүүд | Бидний хүүхэд насны дурсамж
3
2020.03.07
Humans of Ulaanbaatar: Бид хүссэн юм
санал болгох
1
7 цагийн өмнө
Өсвөр насныхан болон эцэг эхчүүдийн заавал үзэх хэрэгтэй 12 кино
2
Уржигдар
Арчаагүй хүмүүс ядуу байдаг уу? Эсвэл ядуурал хүнийг гарцгүй байдалд хүргэдэг үү?
3
Уржигдар
Гэрээсээ ажиллаж буй хүмүүс хиймэл оффисын орчны чимээг сая саяараа сонсож байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
39
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нани 2020.04.20 172.69.252.137

Яасан хөөрхөн юм бэээээээ <3, би ч гэсэн айлын том охин мөртлөө аав ээж хоёрынхоо хамгийн эрх охин нь байх аа, хэх. 21 нас амьдарчихсан хүн байж, эрх хэвээрээ гэж хүмүүс хэлдэг л юм. Яахуудээ, би нэг л өдөр ээж болох юм чинь. Хамгийн гол нь сайн ээж болно оо. Яг л аав ээж, хоёр шигээ охиноо хайралдаг аав ээж байна. Ирээдүйд төрөх үрсдээ зориулж, сайн ээж, халамжит гэргий байхад бэлдэнэ. Охидууд минь нэг л өдөр бид нар чинь ээж болно шүү дээ, хөөрхөн охидууддаа хайртай шүү.

0 Хариулах


Зочин 2020.04.20 172.69.252.149

хэх, 21 жил шүү. <3

0 Хариулах


Reader 2020.04.19 172.69.33.78

yamar goe content ve? Bayr hurgey UB Life

0 Хариулах