Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Хайрын түүхээ хуваалцъя


Уншигчидтайгаа хуваалцахсан гэхээс яаран догдлом сайхан түүхийн эздийг урьж, тэдний сэтгэл зүрхний нандин үгс, мэдрэмжийг гэгээн хайрын өдөр та бүхэнд хүргэж байгаадаа UBLIFE хамгаас баяртай байна. Хайр заримдаа санамсаргүй мөчид харван ирж, хурц гэрлээ нүүр нүдгүй тусган, хувь заяаны гэнэтийн эргүүлэгт хүмүүсийг шидэж орхино. Заримдаа сар жилийн алсралаас хайрын өнгө амилж, сэтгэлийн орон зай дахь олон зураг, будгаас тодрон тодорсоор, түүнээс өөр өнгө чинийх биш гэдгийг ойлгоно.  Заримдаа хайр том цаг хугацааны доторх жижиг бяцхан үйл явдалд, үгэнд эсвэл харцанд оршиж, зүрхэнд айлсана. Хайр бас он жилүүдийн шалгуурыг давж байж агуулж буй хүнээсээ агуу, амьдралаас агуу, ертөнцийн утга учир болон сүндэрлэнэ. Хайр хэлбэр дүрсгүй учраас танихад хэцүү. Гэхдээ хүн бүхэн түүнтэй учирдаг нь гайхалтай. 

Учрал, дурлалаа харамгүй хуваалцсан зочиддоо хязгааргүй баярлалаа. 

Made in Enerel: Ямар ч тохиолдолд “чи чадахгүй” гэж хэзээ ч хэлдэггүй чи минь

I loved you yesterday

I love you still

I always have

I always will

Чамайг тайзан дээр эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө, гэрэл цацруулан зогсож байхыг хараад би шууд дурлаж билээ. Дараа нь нэг их удалгүй би чам руу “хоёулаа кофе уух уу” гэж чат бичин асуусныг санаж байна уу? Чи хариу өгөхгүй хоёр хоног таг байсан шүү дээ. Бурхан минь, тэр хоёр өдөр ямар урт, удаан өнгөрсөн гээч. Ядаж байхад тэр үед Facebook-ийн чатны цэсэнд “unsend” гэсэн сонголт байсан биш... 

Гэтэл ашгүй тэр нэг Ням гарагийн өглөө чамаас ТЭГЬЕ гэсэн хариу аваад маш их догдолсноо одоо бодоход өчигдөрхөн мэт санагдаж байна. Түүнээс хойш зургаан жил өнгөрч бид бүл нэмэн, өөрсдийн гэсэн гэр бүлээ бүтээжээ.

Бие биенээ өнгөцхөн таних төдий байх үед чи намайг эргүүлэх гэж оролддог байсныг би бүүр дараа нь л мэдэж, хүндэтгэн эмээсэндээ сэтгэлээ илчилж зүрхлэхгүй явсныг чинь сонсоод чамдаа улам их татагдаж билээ. Чи надад чатаар дуунууд илгээж, төрсөн өдрөөр минь Snickers барьж ирчихээд өгч чадалгүй явсан зэргийг чинь тухайн үед анзаарч байгаагүйдээ би баярладаг юм. Яагаад гэвэл, хэрэв анзаарсан бол бидний хайрын түүх маш өөр байх байсан шиг санагддаг.

Ганцаараа үүргэвчтэй аялал хийн, таван сар явсан минь чамд хайртайгаа ойлгож, мэдэрсэн цаг хугацаа байлаа. Энэ үед л би “YOU ARE THE ONE” гэдгийг таньж, цаашид зөвхөн чамтай хамт байж, өөрсдийн түүхийг хамт бичихээр шийдсэн. 

Ямар ч тохиолдолд, юу ч болж байсан “чи чадахгүй” гэж хэзээ ч хэлдэггүй, бүх зүйлийг хамт даван туулахад үргэлж бэлэн, халамж анхааарлаар дутааж байгаагүй чи минь. Би чамдаа маш их хайртай.

Ever thine

Ever mine

Ever ours

Том: Хамт халтирч унаад хэвтэж байхдаа түүнд ямар хайртайгаа мэдэрсэн :)

Хайрын түүхээ хуваалцах тухай бодоход хамт байсан жаргалтай мөчүүд юун түрүүн санаанд орж байна. Хамт өнгөрөөсөн цаг хугацааны туршид бидэнд онцгой мөчүүд олон байсан. Нэгийг л онцлон яриач гэвэл түүнд намайг хамгийн ихээр дурлуулсан нэг явдал бий. Магадгүй тэр өдрийг би хэзээ ч мартахгүй байх. Бид болзож эхлээд жил арай болоогүй байв. Түүний гэр бүл болон найзуудын шалгуурыг дөнгөж даваад байсан үе л дээ. Ерөнхийдөө нэг гэртээ орох гээд, өдөр болгон уулздаг болчихсон, бие биенээ гайгүй мэддэг болсон байлаа. Жишээлбэл би түүний кофены аягаа хүнтэй хувааж хэрэглэх дургүйг, тэр миний угаалтуурт бохир аяга таваг байлгах дургүй зэргийг мэддэг гэх мэт.

Тэр үед би Америкийн Соёлын Төвд кино клуб хичээллүүлэн оюутнуудад ярианы англи хэл заадаг байсан ба тэр минь надад тусалдаг байв. Тэр Мягмар гараг бүрт сайн дураараа оюутнуудад хичээл заадаг байсан юм. Нэг Мягмар гарагийн орой хичээл тараад бид хоёр харихаар алхаж явлаа. Гэтэл явган зам дээр хөлдөж тогтсон ширүүн мөсөн дээр тэр яах ийхийн зуургүй халтиран, савж унасан ба унахдаа надаас барих гээд намайг хойш татснаар бид хамтдаа савж унацгаалаа. Улаанбаатар хотын шинэхэн цастай хүйтэн өвлийн тэр нэгэн орой, тэр гудамжинд хамтдаа халтирч унаад хэвтэж байхдаа би түүнд маш их хайртайгаа мэдсэн билээ. Хажуугаар зөрөх хүмүүс инээлдэн шоолоод, хамт газар хэвтэж байхуйд бид хоёр хоёулаа надад мэдрэгдсэн тэр мэдрэмжийг мэдэрсэн гэж боддог. Тэр мөчийг бид хоёр үлдсэн амьдралынхаа турш санаж, дурсан ярих болов уу. 

Энэ дурсамж биднийг хамтын амьдрал, хайр дурлалд хөтөлсөн чухал мөч байсан.

Валентины өдрийн мэнд хүргэе Заяа, 

Хайртай шүү, 

Том

Нэсибе: Түүнтэй гэрлээгүй ч болоосой гэж нэг ч удаа бодож байгаагүй

2013 оны нэгдүгээр сарын өвлийн нэгэн хүйтэн орой байлаа. Би гэр бүлийнхэнтэйгээ кафед сууж байгаад нэгэн найзтайгаа тааралдаж, хэдэн үг солих зуураа хажууд нь сууж байсан залууг зэрвэс харж, инээмсэглэн өнгөрсөн маань хорвоогийн хэдэн тэрбум хүнээс цорын ганц хайраа олох эхлэл байжээ. 

Тэр жил би их сургуулийн төгсөх курсын оюутан байсан тул номын санд сууж өдрийг барах нь элбэг байв. Нэг өдөр сууж байтал өөдөөс нэг залуу инээмсэглэсээр намайг чиглэн ирэхийг хараад би ихэд гайхав. Тэр ирж мэндлээд, өөрийгөө таньж байгаа эсэхийг асуулаа. Би үгүй гэв. Долоо хоногийн өмнө кафед найзтай маань хамт сууж байсан залуу аж. Саналаа гэдгээ хэлээд эелдгээр үг сольсон бид яаж байгаад ч юм киноны тухай ярьж, найруулагч Ханекегийн “Амор” бүтээлийн тухай санал солилцоод эхлэв. Гэнэтхэн ихэд хөөрч догдлон буйгаа анзаарсан би 15 минутын дараа түүнийг явж одоход нэг л гунигтай болж орхисон. Энэ бол өмнө нь надад хэзээ ч төрж байгаагүй хачин жигтэй мэдрэмж байсан юм.

Дахиад түүнтэй тааралдах болов уу гэж битүүхэн харцаараа хайсаар, долоо хоногийн дараа ахин номын санд тааралдаж бид өмнөхөөсөө удаан юм ярьж суулаа. Түүний сүсэг бишрэлтэй эсэхийг нь мэдэх надад хамгийн чухал байв. Учир нь би өөр шигээ шашны итгэл үнэмшилтэй хүнтэй гэрлэх ёстойгоо хэзээнээс л мэддэг байсан. Яажшуухан асуудаг юм билээ гэж бодож байтал тэр өөрөө “Нэсибе би залбирал үйлдэх хэрэгтэй байна” гэж хэлсэн нь миний сэтгэлд тороод байсан том асуултын тэмдгээс чөлөөлж өгсөн юм даа.

Тэр өдрөөс долоо хоногийн дараа бид үерхэж эхэлсэн. Тэр бол миний анхны найз залуу, анхны хайр. Хүмүүс жинхэнэ хайртайгаа учирахуйд түүнийгээ мөн гэж мэдэрдэг гэлцдэг. Надад яг л тийм зүйл тохиолдсон. Би түүний эхнэр болохоо мэдэж байлаа.

Нөхрийг маань Эркан гэдэг. Тэр Туркийн зүүн бүсээс гаралтай Курд хүн л дээ. Манай гэр бүл харин баруунаас гаралтай бөгөөд тэдний бодлоор зүүн зүгийнхэн эмэгтэй хүнийг дорд үздэг тул аав ээж минь намайг Эркантай гэрлэхийг хориглов. Маш феминист үзэлтэй манай гэр бүлийнхэнд эцгийн эрхт ёс бүхий зүүн нутгийн эр хүнд охиноо өгөх гэдэг байж болшгүй санагдсан нь мэдээж. Ингээд гэр бүлийнхэн, ах дүүстэйгээ хэдэн жилээр зөрчилдлөө. Гэхдээ эцсийн эцэст тэдэнд Эркан таалагдана гэдгийг би мэдэж байсан тул тэвчээртэй байхаар шийдсэн юм. Ингээд яваандаа тэд Эрканыг зөвшөөрч, бид ойлголцолд хүрлээ. 

Бид хоёр 2015 оны дөрөвдүгээр сард гэрлэсэн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл бидэнд маш аз жаргалтай мөчүүд бас тэсэхийн аргагүй зөрчил маргаантай үе бишгүй л байсан. Маргаан, хэлцээнгүй амьдрал гэж байх биш дээ. Гол нь өнөөдрийг хүртэл би нэг ч удаа түүнтэй гэрлээгүй байсан болоосой гэж бодож байгаагүй. Харин хэзээ хэзээнээсээ илүү хайрлаж буйгаа л мэдрэх юм.  Бас бид анх танилцаж байснаасаа ч илүү феминист болсон нь сонин шүү. 

Монгол улсын консерваторийн цохивор хөгжмийн багш, МУГБ Б.Зоригт: Хамтдаа зовж үзээгүй бол жаргал ирдэггүй

Эхнэр бид хоёр хоёулаа Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн. Дараа нь хоёулаа Казакстаны Алма Ата хотын консерваторит оюутан болж, тэнд байхдаа найзлаж нөхөрлөн явсаар дотносож улмаар бие биедээ хайртай болсон юм. Үерхээд гурван жилийн дараа 1985 онд том хүү минь төрж байлаа. 

Бид хоёр хоёулаа сурлага маш сайтай, юм сурч мэдэх эрмэлзэл, тэмүүлэлтэй оюутнууд байсан маань бидний ижил төстэй тал болж, бие биедээ татагдах эхлэл болсон гэж боддог шүү. Аль аль нь олон хүүхэдтэй айлын хүүхдүүд болохоор эрт биеэ даасан, амьдрал ахуйгаа өөрсдийн гараар өөд татан, бүтээн босгох хүсэлтэй, хэрсүү залуус байж дээ. Энэ чанарууд биднийг нэгтгэж, бат бөх гэр бүл болгох хүчин зүйл болсон юм болов уу.

Нөгөөтэйгүүр бид хоёр бол хөгжмөөр хөглөгдөж, хөгжмөөр холбогдсон гэр бүл. Үзэл бодлоор нэгдэж ассан хайр дурлал хөгжмөөр дамжин гүнзгийрсэн. Сурагч багын хөгжимд дурлаж, хамтын амьдралынхаа туршид хаана ч, хэзээ ч, юу ч хийж явсан хөгжим л сонсож, сонгодог хөгжмүүдээр амьсгалж байсан маань хүү нарт минь хүртэл өвлөгдөн, одоо тэд биднээс ч илүү хөгжимд чихтэй болсон байдаг шүү. 

Амьдралд олон зүйл тохиодгийн адил бидний амьдралд ч янз бүрийн юм тохиож байсан. 90-ээд онд айл болгон ядуурч, олон хүн өрөнд орж,  амьдрал ер нь хэцүү байсан шүү дээ. Бусдын адил наймаа эрхэлж, шатаж, юу ч үгүй хоосрох үе надад ирсэн. Өрөнд баригдаж, өтөнд идэгдэнэ гэдэг нь тохиолдсон доо. Байраа зарж өрөө дарахаас өөр гарцгүй болсон тэр хэцүү үед л би эхнэрийнхээ чанарыг таньсан юм. Эхнэр минь ойлгож, хамтдаа зүтгэсээр бид найман жилийн дараа ахин байр худалдаж авч байсан юм. Амьдралыг ухаанаар туулж, хүн шиг амьдрахад хүнд их эд материал хэрэггүй. Гол нь хамтдаа зовж үзээгүй хүмүүст жаргал хэзээ ч ирдэггүй. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.