Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

UB.LIFE-ийн түүхүүд | Хөл хорионы үеийн амьдрал


"Бүх нийт боловсролын төлөө" эвслээс цар тахлын үеийн хөл хорио нь тодорхой бүлгийн залуус болон багшлах, суралцах үйл явцад хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг хийжээ. Энэ үеэр нийгмийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж, өдөр тутмын амьдралд гарч буй өөрчлөлтөө судалгаанд хамрагдагсад хуваалцлаа. 

1. Ноолуур л зарагдаасай!

“...Хичээлээ л хийх юм сан. Гурав хоногтоо нэг сумын төв ороод байхад хийчихнэ л дээ. Уул нь ч сумын төв ойрхон. Ердөө долоохон километр. Дугуйгаа жийгээд очиход 20 минутын л газар. Гэхдээ энэ сард ямаагаа самнах ёстой. Төв орж амжихгүй нь дээ. За, өнөөдөр дүү нарынхаа хичээлийг давтуулах юм шүү...”

Охины бодол ийн хөвөрнө. Охин ч гэж, 19 настай оюутан бүсгүй. Өвлийн амралтаар гэртээ ирж, араас нь хөл хорио залгасан учир түүний амьдрал хонио хариулах, дүү нарын хичээлийг давтуулах, гэрийн ажлаа хийх, завсарт нь долоо хоногтоо хоёр сумын төв орж, интернэттэй залгаж хичээл хийх завсаргүй хэмнэлтэй болжээ. Аль өвөл л гэртээ ирэхдээ үүргэвчиндээ дайсан ойр зуурын солионы хэдэн хувцас нь одоо халуудна. Аргагүй дээ, дөрөвдүгээр сар юм хойно. Дотуур байранд үлдээсэн хувцас хунар, аар саархан эд хогшил минь яаж байгаа бол доо!

Ямаагаа самнаж, ноолуурыг нь борлуулж амьжиргаагаа залгуулсаар ирсэн ч энэ хавар ноолуур зарагдах янзгүй. Хоол хошоо хэрхэх ч юм, энэ хэвээрээ байвал цаашдаа яажшуухан амь зуух юм бол гэж нэг бодогдох, “мөнгө болох биш” хэмээж ямаагаа самнахгүй орхиё гэвч яг над шиг л өвлийн хувцастайгаа яваа амьтад шүү дээ гэж нөгөө бодогдох. Болно доо, болно, ноолуур л зарагдаасай!

19 настай эмэгтэй, Сүхбаатар аймаг, Монгол Улс.

Эх сурвалж:“”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл


2. “12 минут”

Аав минь жолооч. Хэвлэлээр байнга л гарч байдаг нөгөөх Таван толгойн нүүрсийг урагшаа зөөдөг олон жолооч нарын нэг. Хөл хорионоос хойш аав ажилгүй болсон болохоор гэртээ байгаа, хэдий манайх хоол хүнс, илүү хэрэглээгээ танаж хэцүүхэн байгаа ч аавтайгаа хамт байх сайхан байна. Аавтайгаа ярилцалгүй, гэртээ өдөржин байхыг нь харалгүй хичнээн жил ч болсон юм, одоо харин бид дотны найзууд.

Манайхан хөл хорио эхэлснээс хойш өглөө бүр, гэрээрээ 11 цагийн мэдээгээ үзчихээд тус тусын ажлаа хийх боллоо. Миний хийх ажил бол “12 минут”. Теле хичээл 12 минут үргэлжилж, тэр хугацаанд амжиж ойлгох ёстой болохоор би дотроо ингэж нэрлэчихээд байгаа юм. Хэрвээ амжихгүй бол багш руу залгачхад болно. Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээл ойлгомжтой хэрнээ хими, математик ойлгомжгүй. Гэхдээ л бүгдийг нь ойлгохгүй бол багш дүн гаргахгүй нь тодорхой. Хэрвээ бүгдийг ингээд 12 минутад ойлгоод сурчихвал...

Манай дүүрэгт ядаж хэдэн кофе шоп байдаг сан бол найзуудтайгаа гудамжинд биш дулаахан, тохитой газар уулзахгүй юу. Эсвэл спорт заал үнэгүй байсан бол орж тоглох байлаа. Тэр “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв” гэдэг газар нь яагаад хүүхдүүдийг оруулдаггүй юм бол доо!

18 настай, эрэгтэй, Налайх дүүрэг , Улаанбаатар хот, Монгол Улс.

Эх сурвалж: “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл


3. Үнэндээ тийм зүйлтэй тулгарна гэж төсөөлөөгүй ээ!

Эхлээд тэд нэг сар хөл хорио зарласан, ахиад нэг сар сунгана гэсэн, удалгүй хичээлийн жил дуустал болчихсон. Би 45 хүүхэдтэй анги удирдсан багш. Гэнэт л зайнаас хичээл зааж эхлэв. Хэрхэн, яаж гэдгийг ч мэдэхгүй юм, угаасаа мэдэж байсан хүн хэн л байв гэж.  Санаа зовох зүйл мундахгүй.

Сурагчдын 10 гаруй нь л цагтаа хичээлээ хийж, даалгавраа явуулна, үлдэх зарим нь алдаг оног, зарим нь бүүр ор сураггүй. Арга ядаад, бас санаа зовоод бүртгэлээс гэрийнх нь хаягийг аваад хайж олж очсон юм. Үнэндээ тийм зүйлстэй тулгарна гэж төсөөлөөгүй ээ! Хэцүү амьдралтайг нь үргэлж мэддэг байсан боловч “хэцүү амьдрал” гэдгийн цаана ямар бодит байдал байдгийг яг таг тулж харах боломж өмнө нь байсангүй, боломж гэхээс илүү багш нарт тэр бүрий цаг зав олддоггүй. Гал хөс муутай, хар цайнаас өөр тавгийн идээгүйгээс нь үзвэл хоосон зөлмөн байдалтай, гэр нь бохир заваан, зурагттай зурагтгүй, кабелтай кабелгүй олон орчин. Тийм орчинд амьдардагтаа надаас айж ичиж хулмагнах миний шавь нар. Сэтгэл хөндүүр оргихыг яана...

Дүү минь гадаадад гацчихсан тул хүүхдийг нь өөрийнхөө хүүхдүүдтэй хамт харах үүрэг ногдсон юм. Бүтэн зургаан сар өнгөрчихлөө, тэр ирээгүй л байна. Өглөөнөөс үдэш хүртэл хүүхдүүдийн хичээл, хоол унд, хувцас хунар гээд гэрийн ажил барагдахгүй. Гэвч ажлын цаг, өдрийн нар буухаас өмнө амжиж сурагчдадаа даалгавар өгөх, утсаар ярих, эцэг эхчүүдтэй холбогдох ёстой, шөнө харин ирүүлсэн даалгаврыг шалгана. Зарим өдөр сурагчдынхаараа явна. Эцэг эхчүүд харин “улсаас амар гэж байхад та нар даалгавраар шахлаа” гэж загнана. Өнөө улс нь харин бид нарын хувьд Боловсролын яам. Тэд ирц, даалгавар, тайлан нэхсээр л, цалингаар дөрөөлөхийг яана!. Ерөөсөө багшийн ачаалал буураагүй юм шүү.

34 настай, эмэгтэй, Сонгинохайрхан дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс.

Эх сурвалж: “Багшлах, суралцах үйлд “ковид-19”- ийн үзүүлсэн нөлөө” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл.


4. Бид угаасаа бүх насаараа хөл хорионд амьдардаг.

Би төрөлхийн тархины саажилттай. Гэхдээ өөрийгөө бусдад бүрэн ойлгуулж чаддаг, сургуульд ч сурдаг. Манайх гэр хорооллын айл, коронавирусээс болж аав ээжийн орлогогүй болж хүнсээ бага багаар цуглуулах нь хэцүү санагддаг.

Уулзах ч хүнгүй ганцаардаж, сэтгэл санаа тогтворгүй хэцүү л байна. Ихэнх цагаа интернет хэсч, телевиз үзэж өнгөрөөх болсноор нойр солигдсон нь нөлөөлж байх шиг. Ер нь хөл хорионы үе ч гэлтгүй бидэн шиг хүмүүс байнга л ганцаарддаг, тэртэй тэргүй бид угаасаа бүх насаараа хөл хорионд амьдарч байгаа хойно. Ядаж хоорондоо уулзаж болдог бол, уулзуулж өгдөг бол сайхан.  

Гэхдээ хөл хорионд нэг аятайхан  зүйл бий. Би тархины саажилтаасаа шалтгаалсан давхар харааны бэрхшээлтэй учир яг хичээл хийхэд надад танхимд сууснаас илүү дэлгэцээр судлах нь сонирхолтой, ойлгомжтой байна. Дараа нь хичээл орсон ч гэсэн цахим, теле хичээлээр давхар үзвэл илүү сайн сурах ч юм шиг...

16 настай, эмэгтэй, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс.

Эх сурвалж: “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл


5. Гэр бүлтэйгээ байнга хамт байх тийм ч амар зүйл биш.  

Би ганц бие ээжийн хүү, хоёр дүүтэй. Ээж барилгын материал зардаг ч барилгын компаниуд ажлаа зогсоосон болохоор хэцүүхэн байдалд орсон. Хүүхдийн 100 мянга, хүнсний 32 мянган төгрөгийн талоны ачаар амь зууж л байна. Өдөрт гурав хоол иддэгээ больж, өглөө өдөртөө маслотой талх идэж, оройдоо ганц удаа хоол идэх болсон.

Ахлах ангиасаа байнга гадуур ажил, хичээлтэй байсан учраас бага дүү маань намайг бараг танихгүй шахам өссөн. Харин хөл хорионы үед дүү нартайгаа маш ойр дотно болсон нь хамгийн том өөрчлөлт.  Өө тийм, би гей. Манай гэр бүлийнхэн хомофобиа (ЛГБТ хүмүүсийг үзэн ядах үзэл) биш болохоор би энэ талаар хэлчихсэн л дээ. Гэвч энэ хөл хорионы үе ЛГБТ хүмүүст бол амаргүй л байгаа байх. Өөрсдийг нь ойлгож, байгаагаар нь зөвшөөрдөггүй гэр бүлтэйгээ байнга хамт байх нь ёстой там шиг байгаа байх.

18 настай, эрэгтэй, Баянгол дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс.

Эх сурвалж: “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл


6. Өнөөдрийн хоолны орц ахиад л цөөрчихөж.

Ганцхан зурагт, гучин хэдэн хүүхэд. “Хамгийн том нь учраас хамгийн сүүлд нь” гэж бодонгоо бүх дүү нарынхаа хичээлийг хийлгэж дуусахад охины теле хичээл хэдийнээ гараад дууссан байна. Олуулаа байхын муухай нь энэ. “Нөхөж үзэж болдог кабелийн ТВ-тэй бол ч” гэж бодох хүртэл холын мөрөөдөл мэт. Олуулаа байхын сайхан нь харин ер уйдахгүй. Хоорондоо тоглож, дүү нараа хичээл давтуулж байтал өдөр өнгөрчихнө.

Хоолны цаг боллоо. Өнөөдрийн хоолны орц ахиад л цөөрчихөж.  Асрамжийн газруудад ариутгалын бодис, амны хаалтын төсөв байхгүй тул хоол танаж тэднийг авах болсноос энэ. Хэдийгээр жингээ үзэх болгонд нэмэгдсэн байдаг ч цаагуураа шим тэжээл дутагдаж буйгаа би мэдэж байгаа. Гурил, бас дахин гурил л голцуу идэж байна даа.

16 настай, эмэгтэй, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс

Эх сурвалж: “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл


7. Хүүхдийнхээ тариаг л таслахгүй юм сан даа.

“Машинаа зарчихлаа. Банкны зээлээ төлчихвөл бусад нь учиртай даа” гэж өөрийгөө тайвшруулахыг хичээвч учрыг нь яаж олохоо ч мэдэхгүй юм.  “Учиртай даа” гэж хий найдаж, утаснуудаа ломбардаж тавьж, хашаагаа алдаж, хадмын хашаанд нүүж ирлээ, өнөөдөр харин машинаа зарав.

Бага хүүхэд минь хоёр настай ч цусны өвчтэй. Сар бүр хийлгэх ёстой тариа нь сая төгрөгийн үнэтэй ч “группын хөнгөлөлт”-өөр 500 мянган төгрөгөөр хийлгэдэг. Хүүхдээ эмчлүүлэх гэж банкнаас зээл авсныгаа энэ тахал дэгдэхээс өмнө сар бүр төлөөд, урд хормойгоо ард хормойгоороо нөхөөд болгоод л байдаг байв.  Гэсэн ч одоо бол барилгын ажил хийдэг нөхөрт минь ажил олдохгүй, олдсон ч цалингаа өгөхгүй, дээр нь зам хаасан учраас хөдөө замын ажилд ч явж чадахаа байлаа. Халамжийн мөнгө, хорооноос өгсөн хүнсний талоноор л амь зууж байна даа.  Хоол хүнс ч яамай, хүүхдийнхээ тариаг л таслахгүй юм сан даа.

31 настай, эмэгтэй, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс

Эх сурвалж: “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл


8. Хичээл хийх зав алга аа. 

Өмнө нь би өглөө хичээлдээ явж, өдөр нь найзуудтайгаа тоглодог байсан. Одоо харин Нарантуул зах дээр тэрэгчин хийж амьжиргаагаа залгуулж байна. Ажил минь хэцүү санагдаггүй ч амны хаалт зүүх  нь л хэцүү юм. Өдөржин тэрэг түрж, ачаа зөөх үед амны хаалттай ажиллахаар үнэхээр хэцүү, ялангуяа халуун нартай өдөр бүтэх гэж байгаа юм шиг л санагддаг. Олон хүн холхидог газар тул амны хаалтаа зүүхгүй бол өвчин авах эрсдэл ихтэй шүү дээ.

Өдөр бүр 7 цагаас оройн 21 цаг хүртэл ажилладаг. Хэр хол явахаасаа шалтгаалан дунджаар өдөрт 40 мянган төгрөгний цалин авдаг. Хааяа орлогогүй харих үе ч бий.  Хариад унтахыг л хүсдэг, амрахгүй бол маргааш нь хэцүү. Хичээл хийх зав алга аа. Гэрийнхэн минь өлсөнө шүү дээ, ажиллах л ёстой.

17 настай, эрэгтэй, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс

Эх сурвалж: “”Ковид – 19” цар тахал тодорхой бүлгийн залууст хэрхэн нөлөөлсөн бэ?” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл

Хамгийн их уншилттай
1
2021.11.02
Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
2021.11.05
Марк Цукерберг "Мета" гэх өөр компани байдгийг сая л мэджээ
3
2021.11.24
Араас нь 5 жил гүйсэн залуугийн урд сөгдөж "Болиод өгөөч" хэмээн гуйжээ
холбоотой мэдээ
1
2021.11.18
Бэрх биш ээлтэй | Би юу ХҮСДЭГ бас ХҮСДЭГГҮЙ вэ?
2
2021.10.15
UB LIFE-ийн түүхүүд: Тиндерийн болзооны тухай хөгжилтэй, гунигтай 9 дурсамж
3
2021.10.12
UB LIFE-ийн түүхүүд: Ганцаардсан сэтгэлийг хөнддөг 16 монгол дуу (№2)
санал болгох
1
18 цагийн өмнө
Дэлхийн шилдэг технологийн компаниудыг удирдаж буй 8 ЭНЭТХЭГ CEO
2
18 цагийн өмнө
Таны сэтгэлийг онгойтол уйлуулж, навс эморуулах 10 кино
3
22 цагийн өмнө
Энэ өвөл аялах хамгийн АЮУЛГҮЙ болон АЮУЛТАЙ орнуудыг нэрлэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
10
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.