Монгол Улсын их хурлын ээлжит сонгууль болоход ердөө нэг сарын хугацаа үлджээ. Энэ жилийн сонгуульд сонгогчдын дийлэнх олонх болсон залуус бидний оролцоо хамгийн чухал бөгөөд шийдвэрлэх үүрэгтэй гэж болно. Тиймээс залуу таны дотны найз UB.LIFE Азийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр "Надад нэг санал байна" медиа аяныг улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчээс хараат бусаар эхлүүллээ.
Залуу Та сонгуулийн тогтолцоо, мөрийн хөтөлбөрийн талаарх бүхий л мэдээллээ гялгар зурагт хуудас, аль нэг талын захиалгат мэдээлэл, спонсор хийсэн олон нийтийн сүлжээний постоос биш мэргэжлийн редакцын, улс төрийн нөлөөллөөс ангид цахим хуудсаас авах боломжийг бид санал болгож байна. Энэ хүрээнд бид зургаадугаар сарыг дуустал төрөл бүрийн сонирхолтой контентыг хүргэх болно.
Мөн эдгээр контентыг хийхэд зөвхөн Ub.life төдийгүй Unread.today, YZ TV-ийн бүтээлч залуус хамтарч өөрийн сувгаар цацах юм.
Медиа аяныг эхлүүлж манай хамт олон “Надад нэг санал байна” хэмээн тус бүрийн саналаа хуваалцаж байгааг хүргэе.
З.Энхмөнх – Арт директор
Улаанбаатар хотоо явган хүнд ээлтэй замтай болгох юмсан. Хотын хүмүүс түгжрэлд (машины хэт төвлөрлөөс үүдэлтэй бусад уршгийг дурдаад ч хэрэггүй биз) хангалттай стрессдэж байгаа. Би ч тэдний нэг болохоор сургууль, ажил, ахуйн үйлчилгээтэйгээ аль болох ойрхон байхыг хүсэж, тэр хэрээрээ алхахыг илүүд үздэг болоод хэдэн жил болж байна.
Гэхдээ манай явган хүний зам нэгт чанаргүй, хоёрт нарийн бөгөөд машинтай их ойр явах шаардлагатай, түүнээсээ болоод сонсгол маань дуу шуугианы бохирдолд байнга өртөх юм. Ямарсайндаа аль болох дуугүй үеэр өглөө, машин тэрэг бужигнахаас өмнө гэрээсээ гарах вэ дээ.
О.Анхзаяа – Сэтгүүлч
Сонгуулиар хэн ч гарч ирсэн бай, иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаараасай. Хороо болгон бусдыг ойлгож чаддаг мэргэжлийн, хамгийн гол нь ажлаа чин сэтгэлээсээ хийх хүсэлтэй сэтгэл зүйчтэй болж, хүнд хэцүү байдалд байгаа хүмүүстэй ярилцаж, тэдэнд тусалдаг байгаасай.
Коронавирус тархсанаас хойш нөхцөл байдал улам л хүндэрч байна. Энэ үед юу юунаас илүүтэйгээр бид нэгнээ дэмжиж, тусалж, ойлгох хэрэгтэй. Хүн болгон өөрсдийгөө танин мэдэж, сэтгэл санаагаа тайван байлгахад мөн цаг зарцуулаасай. Өдөрт ядаж 10 минут ч болтугай тайван амгалан орчинд сууж, бясалгал хийдэг болбол, дасгал хийж байвал дагаад сэтгэл санаа ч хөнгөрөх болно.
Яг энэ цаг үед би хүн бүрийг өөрийгөө хайрлаасай гэж хүсэж байна. Өөрийгөө хайрлаж, эрхлүүлж, өөртөө цаг гаргах, сэтгэцийн эрүүл мэндэд чухал байр суурьтай хандах САНАЛТАЙ БАЙНА! Аан бас, Алисагийн тэмдэглэл уншиж, плэйлистээс дуунууд сонсож, UB.LIFE сайтын хуучин хөгжилтэй мэдээллүүдээр аялж өдрийг өнгөрүүлээсэй гэсэн саналтай байна.
У.Бямбаням – Ерөнхий редактор
Улс төр сонирхох, улстөржих гэдэг тийм ч ичмээр зүйл биш. Бидний, бас бидний үр хүүхэд амьдрах нийгмийн тухай тэнд яригддаг. Харин худал мэдээлэл, хөөсрүүлсэн кампанит ажилд автаж, бусдын ятгалгад орж, биднийг хэн төлөөлж, юу хийж байгаа тухай юу ч мэдэхгүй байх нь ичмээр бас маш том алдаатай үйлдэл. Бид хариуцлагатай иргэн байх ёстой.
Ж.Мөнхзул – Сэтгүүлч
Залуучууд биднийг залуу байна, тэнэг байна, туршлагагүй байна, амьдрал мэдэхгүй байна гээд голно. Нэг бол залуучууд Монголыг байтугай дэлхийг өөрчлөх, цаашлаад бас харь гараг дээрх амьдралыг хүртэл өөрчлөх хүчтэй хэмээн өргөмжилнө. Яг аль нь гэдгээ мэдмээр байна. Тиймээс надад нэг санал байна. Энэ удаа бидэнд яг ямар супер хүч байгаад байгааг, эсвэл огт байхгүйг олж мэдэж, өөрсдийгөө хэн гэдгээ нээцгээе. Ингэх боломж зургаадугаар сарын 24-нд тохионо.
Ж.Тэгшжаргал – Гүйцэтгэх захирал
Сонгуулийг “seen”-дээд орхихгүй байя. Энэ надад таалагдахгүй, энэ дунд сонгох хүн байхгүй, би улстөр сонирхдоггүй гээд саналаа өгөхгүй байх нь күүл хэрэг огтхон ч биш. Тараах материалыг үз, өгсөн сонинг нь унш, мөрийн хөтөлбөрийг нь хар. Харин ч нямбай үзнэ шүү, залуусаа. Чиний нэг санал юуг өөрчлөх хүчтэй вэ гэдгийг сайн бодоод үзээрэй.
Б.Энхцэцэг – Тоймч
Сонгуулийн замаар ард түмэн засгийн эрхийг авах боломжтой гэдэгт Та итгэдэггүй л бол маргаашийнхаа тухай өөдрөгөөр юу ч төлөвлөхөд хэцүү дээ. Миний амьдарч буй тойрог хоёр мандаттай, гэвч 10-аад нэр дэвшигчдийн дотор итгэл, хүндэтгэл төрүүлдэг нэг л хүн байна. Би түүнийг УИХ-ын гишүүн болбол намайг төлөөлөх мэдлэг, чадварт нь огт эргэлзэхгүй байгаа учраас нэрийг нь зурахын тулд өөр нэг “бүтэлгүй” амьтанд мөн л саналаа өгөх болж буй ч санал хураалтад заавал оролцоно.
А.Энхжаргал – Оффис менежер
Хотын төвдөө бөөгнөрөл үүсгэж, ойр ойрхон орон сууц, оффисын барилга барьж байгаа нь бүх юманд ойрхон санагдах хэдий ч асуудал их байна. Хотын төвийн барилгууд бүгд жижигхэн тоглоомын талбай, саравчтай. Заримд нь бүр саравч ч байхгүй. Иймээс миний нэг санал бол төвийн бөөгнөрлийг тэлж, хотоо улам өргөжүүлмээр байна.
Э.Намуун – Редактор
Айдас хүйдэсгүй нийгэмд л амьдрахыг хүсэж байна. Хүүхдээ гадаа тоглуулахдаа, орой үдшээр ажлаа тарахдаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ, өвдөөд эмнэлэгт очихдоо, явган алхахад, машин унахдаа юунаас ч, хэзээ ч айдаггүй Монголыг л хүсэж байна. Тиймээс надад нэг санал байна. Сонгох, сонгогдох эрхээ мэдлэг, мэдээлэлтэйгээр “баавартай” эдэлцгээе. Тийм ээ?
Б.Саруул – Сэтгүүлч
Саяхан "Зориг сан"-гаас 18-25 насны залуучуудын дунд явуулсан судалгааны үр дүнгээс харахад сонгуульд оролцдоггүй гол шалтгаануудын нэгээр "Хэнд, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байсан" гэх хариулт өгсөн байна лээ. Бас саналаа өгсөн залуучуудын 17 хувь нь "Юу ч бодолгүй хэн нэгний нэрийг дугуйлсан" гэж хариулж. Шалгалтанд "харанхуй" ордог шигээ сонгуульд мэдээлэлгүй орно гэдэг харамсалтай санагдаж байна. Саналаа өгөхөд нэг сар л үлдэж. Залуус өөрийгөө төлөөлөх хэн нэгнийг сонгохоосоо өмнө ядаж тухайн нэр дэвшигч, намын талаар 10 зүйлийг мэдээд авчихад сонголт хийхэд хавьгүй мэдээлэлтэй болчихно шүү дээ. Бас үүнийгээ чалленж болгоод бусдыгаа уриалах саналтай байна.
Жишээ нь,
-Танай тойргийн нэр дэвшигчдийн нас, хүйс, өмнө нь УИХ-д сонгогдож байсан эсэх, ямар нэгэн авилгал, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх,
-Боловсрол, өмнө нь хийж байсан ажлууд,
-Мөрийн хөтөлбөрт нь залуучуудтай холбоотой амлалт байгаа эсэх, тэр нь хэр итгэл үнэмшил төрүүлэхээр байна? Бэлэнчлэх сэтгэлгээ, халамж амлаж байна уу?
-Боловсролын салбарт ямар амлалт өгч байна гэх мэтчилэн өөрийн хувьд чухал гэж үзсэн шалгууруудаа тавьж үзээд, нам, нэр дэвшигчдийн талаар бага ч болов судалж үзээрэй.
Б.Билгүүн – Дизайнер
Бидний амьдрал, ирээдүй, нийгэм гээд бүх зүйл өглөөнөөс эхэлдэг. Өглөө эртлэн босож, эрүүл мэндийнхээ төлөө цэвэр ус уух, ажилдаа дугуйн замаар явсаар ирэх, ажил дээрээ ирээд хариуцлагатай, үүрэг даалгаврын дагуу байх гэх мэт бүх зүйлээрээ бид нэг нэгэнтэйгээ холбоотой байж нийгмийг бүтээдэг. Дээрх бүхэн буруу удирдлага, хэнэггүй байдлаас болоод тийм ч таатай бус байдаг ч бүхнийг өөрөөсөө хамааралтай байж болно гэдгийг бодож дор бүрнээ хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна.
Б.Долгорсүрэн – Гэрэл зурагчин
Хотоор алхаж явахад ногоон парк, цэцэрлэгт хүрээлэнгээр дутах юм. Хотынхоо нэг л захад цэцэрлэгт хүрээлэнтэй, хотын төвдөө нэг жижигхэн бий. Байгаа хэд нь эвдэрч хэмхэрсэн, өрөвдөлтэй. Хүн бүхэнд амарч зугаалах ногоон орчин, цэвэрхэн талбай, тайван уур амьсгал хэрэгтэй байна.
Бас залуучуудыг шөнө ууж идэх нь их гэхээс илүү оройн цагаар үзэх харах юмтай, зуны хөтөлбөртэй болговол илүү сонирхолтой л байх.
Ж.Хулан - Дэд захирал
Өнгөрсөн намраас эхлээд залуустай холбоотой нам, эвслийн хурал, чуулганыг хэрэг гарган хэдийг үзлээ. "Энэ жилийн сонгуульд залуус голлох үүрэгтэй", "Залуус саналаа өгөх нь хамгийн чухал", "Бидний залуу сонгогчид" гэсэн үгс хамгийн их давтагдсан нь надад үнэндээ гуниглал төрүүлсэн. Учир нь, залуу гэдэг тодотгол маань үргэлж шинэлэг, ирэх цаг, бүтээлч зэрэг үгтэй холбогддог байсан бол энэ удаад зүгээр л саналыг нь л авч байвал юу ч гэж хэлсэн хамаагүй амьгүй объект мэт сонсогдсон юм. Гэтэл өнөөгийн нийгмийн олонх болоод байгаа бидний хувьд хөдөлмөр эрхэлж, бизнес хийж, сурч боловсорч өөр өөрийнхөөрөө амьдарч, тэр бүртээ боломж бас бэрхшээлтэй тулгарч байгаа. Харин түүнийг маань шийдвэр гаргах эрхийн төлөө өрсөлдөгчдийн хэн нь ч чих тавин сонсолгүй, бодит шийдэл хэлэлгүй зүгээр л чангаар "Залуусааааа" хэмээн орилох аж. Тиймээс надад нэг санал байна. Залуусаа сарын дараа сонгуульдаа идэвхтэй оролцъё.
Дараа нь өгсөн саналынхаа араас хяналт тавьж, хариуцлага нэхье. Ингэхийн тулд улстөр сонирхож, бодит мэдээлэлд ач холбогдол өгч, утга учиртай яриа, хэлэлцүүлэг хийж байя. Тэгээд дахиад дүнг нь тавья. Тэгвэл дуу хоолой маань биежиж, шийдвэр гаргах эрх мэдэлд бид жинхэнэ утгаараа нөлөөлнө.
Надад нэг санал байна. Чамд ч нэг санал байна. Бидэнд маш олон санал байна. Бидэнд маш их хүч байна шүү!