Хайх зүйлээ бичнэ үү

Дэлхий дахинаа арваннэгдүгээр сарыг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн сар болгон зарласантай холбогдуулан Ublife сайт эрчүүдтэй холбоотой төрөл бүрийн мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа бид эрчүүдийн дотоод сэтгэлийн гүнд нэвтэрч, хайртай, дотны хүмүүстээ хэлэхийг хүсдэг ч тэр бүр илэрхийлж гаргадаггүй сэтгэл зүрхнийх нь үгсийг сонслоо. Тэдний сэтгэл хөдлөл, илэрхийлэл хэрхэн өөрчлөгдсөнийг уншигч та бүхэн яриа эхлэхээс өмнө болон ярилцсаны дараах зургуудаас хараарай. 


Гэрэл зургийг З.Энхмөнх 

И.Сэцхур, 6 настай

Дүүтэй байх жаахан хэцүү л санагдаж байна. Яагаад гэвэл, миний тоглоомыг булаагаад байдаг юм. Гэхдээ аавдаа, ээждээ, дүүдээ хайртай. Бас дүүдээ миний тоглоомыг битгий булаагаарай гэж захимаар байна. 

Т.Дамдинжамц, 26 настай 

Би ээжийгээ бусад эмэгтэйчүүдээс, ээжүүдээс арай өөр юм болов уу гэж боддог. Аав намайг багад өнгөрч, би ээж, эгчтэйгээ гурвуулаа өссөн л дөө. Энэ үеэс ээж маань бид хоёрт ганц эх хүнийг үүргийг гүйцэтгээд зогсохгүй, давхар эцэг хүний нөмөр нөөлөг болж ирсэн. Айл гэрийн өдөр тутмын жижиг ажлуудыг амжуулахаас эхлээд гэрийн эзний хувьд гаргах ёстой томоохон шийдвэрүүдийг ч ээж бие даан гаргадаг. Ээжийн эдгээр зан чанар надад хамгийн том үлгэр дуурайл болсон. Би ээж шигээ бусдад өрөвч зөөлөн хандахыг, ноён нуруутай байж хэзээ хүнийг сонсох уу, хэзээ нь өөрийгөө илэрхийлэх үү гэдгийг цөмийг энэ эрхэм хүнээс суралцсан. Мөн хов живэнд дурламтгай, материаллаг эд агуурсыг хөөсөн байдлыг хойш тавьж, огт чухалчилдаггүй нь үнэхээр хайр татам бөгөөд бахархууштай. Яг үнэндээ, ээждээ энэ зан чанарынх нь талаар юу гэж бодож явдгаа хэлж байгаагүй ээ. Манай гэр бүлийн хувьд аз жаргал, баяр баясалтай мөч олон байсан ч сэтгэлийн үгсээ уудлах боломж тэр бүр гардаггүй. Энэ үгийг би хамгийн сүүлд хэзээ хэлснээ ч санахгүй байна. Гэхдээ энэ боломжийг ашиглаад, ээждээ хязгааргүй хайртай шүү гэж хэлье. 

Н.Ганхуяг, 54 настай

Ах нь зурагчнаар ажиллаад 30 гаруй жил болж байна. Сүхбаатарын талбай дээр зураг дарахаас гадна хонхны баяр, үсэглэлийн баяр, шагнал гардуулах ёслол гэх мэт үйл ажиллагааны зургийг дагнаж авдаг болоод удаж байна даа. Харин манай гэр бүлийн зураг гэж өдий зузаан (гараараа заав) альбом бий. Манай хөгшин санаандгүй авсан зургуудыг минь хэвлүүлж аваад, тус тусад нь альбом үүсгэчихсэн байдаг юм.

Хоёр хүү маань тусдаа гарсан тул одоо эхнэртэйгээ хоёул амьдардаг юм. Зураг дарахынхаа хажуугаар ач нараа өглөө цэцэрлэгт нь хүргэж, орой тосож авна. Юм юм л хийнэ шүү дээ. Энэ дашрамд, эхнэр, үр хүүхэд, ач нартаа хязгааргүй хайртай гэдгээ хэлье. Тэдний дунд л би хүн хэмээгдэж явна шүү дээ. Тэрнээс би ганцаараа энд зураг дараад яах билээ, тийм биз? (инээв) 

Г.Тэгшбаяр, 13 настай

Би ярихдаа жаахан муу болохоор хичээл дээр заримдаа хэлэх гэсэн санаагаа сайн илэрхийлж чаддаггүй. Хүмүүс намайг ойлгохгүй бол ичээд дахиж тайлбарлаж чаддаггүй юм. Сургууль, хичээл дээр яг юу болсныг яриагүй ч ээждээ уучлаарай бас баярлалаа гэж хэлэхгүй л бол надад муухай санагдаад байдаг юм. Хэрэв би танд уучлаарай гэж хэлсэн бол багахан хэрэг тарьсан байж магадгүй. Харин баярлалаа гэж хэлсэн бол та мэдээгүй ч таныг баярлуулах ямар нэгэн зүйл хийсэн гэсэн үг шүү, ээж ээ. 

Ж.Тэнгис, 21 настай 

Би МУИС-ийн Олон улсын харилцааны дөрөвдүгээр курсийн оюутан. Бусадтай харьцуулахад, өөрийгөө гайгүй нээлттэй хүн гэж боддог. Гэхдээ тэр нь мэдээж хэнд хэлэх вэ гэдгээс шалтгаалж янз бүр. Зарим залуус таалагддаг хүндээ сэтгэлээ илчлэлгүй, дотроо нуугаад явдаг бол би эсрэгээрээ крашдаа өөрийгөө ойлгуулж, нээлттэй байж чаддаг. Харин ээждээ талархаж явдаг ч түүнийгээ илэрхийлэхдээ тун тааруу. Ичиж, санаа зовдог тал ч бий. Намайг ингэж хүмүүжүүлсэнд, ийм хүн болгож өсгөсөнд ээждээ баярлалаа. 

Д.Бадамдаш, 45 настай

Өдгөөгөөс 18 жилийн өмнө, том хүү маань дөнгөж гурав, дөрөвхөн сартай байхад тохиолдсон явдал санаанаас ер гардаггүй юм. Найзуудтайгаа шоудаад ирсний дараахан хүүгээ өвөр дээрээ суулгаад тоглуулж байхдаа алим өгсөн юм. Гэтэл хүү маань алиманд хахаж, яг гар дээр минь царай нь хөхөрч, ухаангүй болсон. Тэр үед би өөрийн мэдэлгүй чанга орилсон гэсэн. Азаар, хадам ээж маань эмч хүн тул тэр дор нь арга хэмжээ авч, хүү маань эргээд амьсгалсан. Тухайн үед өөрийгөө их буруутгаж, гэмшиж байсан юмдаг. Хэдийгээр би ажил хэргийн тал дээр нээлттэй байдаг ч уг хүн нь аавыгаа дуурайсан интроверт талдаа. Тиймээс дотроо бодож, санаж явдаг зүйлсээ заримдаа ил гаргахгүй байх нь ч бий. Сайнтай муутай, алдаа дутагдалтай хүн хэдий ч алдах үед минь уучилж, ойлгосоор ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа, хайртай шүү гэж хэлэхийг хүсэж байна. Та нарынхаа төлөө хичээсээр байх болно.

Г.Билэгдэмбэрэл, 32 настай 

Би их нээлттэй хүн л дээ. Ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн бүгд 10 жилийн өмнө БД ямар байсан өнөөдөр ч тэр хэвээрээ, нээлттэй байгааг минь мэднэ. Мөн эхнэр маань миний хамгийн сайн найз болохоор түүнтэйгээ бүхнээ хуваалцаж, ярилцдаг. Хэдийгээр хэлье гэснээ тухайн мөчид нь хэлчихдэг ч өглөө гараад орой ирдэг, байнга завгүй ажилладаг хотын амьдралын хэмнэлээс болж дотоод мэдрэмж, нарийн ширийн зүйлсээ тэр бүр ярилцаж амждаггүй байж мэднэ. Үүнээс болж үнэ цэнтэй, амьдралын гоё агшнууд цөөрч, гэр бүлдээ цаг гаргах хугацаа амралтын хоёр өдрөөр хязгаарлагддаг болсон. 

Би өмнө нь радиогийн хөтлөгч, телевизийн продюсер, эвэнт арга хэмжээ зохион байгуулагч, кинонд ажиллах гээд төрөл бүрийн ажил хийж явлаа. Харин өнгөрсөн наймдугаар сараас видео контентын салбар луу орж, хөгжим, соёлтой холбоотой бүтээлч контент хийдэг чөлөөт уран бүтээлч (freelancer)-ийн замыг сонгосон. Ажлынхаа хэмнэлд гэр бүлээ авч явах бус, гэр бүлийнхээ хэмнэлд ажлаа зохицуулж суръя гэж шийдсэн учраас ийм сонголт хийсэн. Аавуудад хандаж хэлэхэд, хэрэв боломж гарвал хүн багатай, ажлын өдөр хүүхдүүдээ дагуулаад гадуур явж, тоглуулж, ярилцаад үзээрэй. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэж, огт өөр байдаг юм билээ. Төгсгөлд нь, гэр бүлийнхэндээ, ханийнхаа аав, ээжид маш их хайртай шүү. Эхнээсээ л хүргэн биш, хүү минь гэж хандаж, харьцаж ирсэн тэр хоёр хөгшинд маш их баярлаж явдаг. 


Манай оролцогчид нас, хийдэг ажил, хүсэл сонирхол, хандлагаараа өөр хоорондоо харилцан адилгүй байсны зэрэгцээ зан чанарын хувьд ч нээлттэй, бүрэг дуугүй, дотогшоо, илэн далангүй гэх мэтээр өөрсдийгөө тодорхойлж байв. Гагцхүү цөм дотны хүмүүстээ чин сэтгэлээ илэрхийлэх боломж хомс байдгийг онцолж, эв хавгүй хэдий ч ихэд хичээнгүйлэн байж сэтгэл зүрхээ бидэнд уудалсан юм. Сэтгэлдээ нандигнадаг хэн нэгний тухай ярьж буй тэдний харц оч лугаа гялалзаж, инээмсэглэл тодорч, заримынх нь хоолой зангирч зогссон билээ. Хэрэв та "Хайртай шүү, уучлаарай, баярлалаа, санаж байна" гэдэг үгийг хэн нэгэнд хэлэхийг хүсэж байвал тохиромжтой цагийг хүлээлгүй, яг одоо л хэлээрэй. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
30
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

саруул 2019.11.29 202.131.225.20

7 эрэгтэйгээс 5 нь шилтэй

0 Хариулах