Мексикийн Коакалько хотын захирагч Дарвин Эслава хог хаягдал тээвэрлэхэд ашиглаж байсан 200 илжгийг "тэтгэвэрт гаргахаар" болсон тухай мэдээлжээ. Хот тохижилт, үйлчилгээний ажилчид олон жилийн турш илжиг, морь зэрэг амьтдыг хог хаягдал тээвэрлэхэд ашиглаж иржээ. Харин хотын захиргаа саяхан 40 ачааны машин шинээр худалдаж авсан тул ийнхүү илжгүүдийг чөлөөлж байгаа аж.

Daily Mail сайтын мэдээлснээр Коакалько хот 500,000 оршин суугчтай бөгөөд эдгээр амьтад өдөр 280 орчим тонн хог хаягдлыг тээвэрлэдэг байжээ.

Арван хоёрдугаар сарын 1-ээс ашиглаж эхлэх ачааны машинууд нь нийт 480 тонн хогийг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд шинээр 400 гаруй ажлын байр бий болж байгаа тухай хотын удирдлагууд мэдээлжээ. Харин албанаас чөлөөлөгдсөн илжгүүд эхний ээлжинд малын эмчийн асаргаанд шилжих бөгөөд дараа нь амьтан хамгаалах газарт хүлээлгэн өгөх талаар ярилцаж байгаа аж.

Эх сурвалж: Daily Mail