Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Өдөрт 1 цагийг зарцуулж гадаад хэл сурах нь


Шинээр гадаад хэл сурна гэдэг нэг бодлын “аймшигтай” санаа. Мянга мянган шинэ үг, мэдэхгүй дүрэм, хазгай муруй ярихаас ичих гээд биднийг айлгах хангалттай олон шалтгаан бий. Цаашлаад завгүй амьдралын хэв маягтай хүмүүст хэл сурах нь давхар сорилт юм. Тэгвэл өдөрт тогтмол нэг цагийг хэл сурахад зарцуулбал бодит үр дүнд хүрэх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна. 

Судалгаанаас үзэхэд, хос хэлээр ярих чадвар болон ой тогтоолт, оюуны чадамж, сурлагын өндөр үзүүлэлт нь өөр хоорондоо шууд хамааралтай байдаг аж. Тархи мэдээллийг үр дүнтэй боловсруулахын хэрээр насжилтаас үүдэлтэй танин мэдэх чадварын доройтлыг сааруулж байдаг гэжээ. 

Таны төрөлх хэл аль нь болох, ямар хэлийг шинээр суралцаж буй гэдгээс хамаарч богино болон урт хугацааны танин мэдэхүйд ач холбогдолтой хэл сурах төрөл бүрийн аргуудыг хөгжүүлж болох гэнэ. Мэдээж гүнзгийрүүлэн суралцахын хэрээр хэл улам ярвигтай (голланд, вьетнам гэх мэт хэлүүд) болох ч тодорхой нэг зорилгыг чиглэл болговол суралцах цагийг багасгах боломжтой. 

Ажилдаа ашиглах эсвэл уран зохиолын түвшинд судлах, үгүй бол өдөр тутмын харилцан ярианы түвшинд ойлголцох гэх мэт ямар ч зорилготой байлаа ч, цаашлаад тухайн хүний нас, өмнө нь хэл сурч байсан туршлагаас үл шалтгаалан хүн бүр хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх бүрэн боломж бий. 

Сурахад хамгийн хэцүү хэлүүд 

АНУ-ын дипломатчдад гадаад хэл сургах үйл ажиллагааг эрхлэгч нийгэмлэгээс (FSI) төрөлх англи хэлтэй хүмүүст гадаад хэлийг сурахад хэр хэцүү болохыг тодорхойлох зорилгоор хэлийг дөрвөн төрөлд хуваасан байна. 

Нэгдүгээр төрөл буюу сурахад хамгийн хялбар хэлүүдэд франц, герман, индонез, итали, португал, румын, испани, свахили багтжээ. Тус хүрээлэнгийн үзэж буйгаар эдгээр хэлээр чөлөөтэй ярихын тулд ойролцоогоор 480 цаг судлах шаардлагатай гэжээ.

Нэгдүгээр төрөл буюу сурахад хамгийн хялбар хэлүүдэд франц, герман, индонез, итали, португал, румын, испани, свахили багтжээ. Тус хүрээлэнгийн үзэж буйгаар эдгээр хэлээр чөлөөтэй ярихын тулд ойролцоогоор 480 цаг судлах шаардлагатай гэжээ. Хоёрдугаар төрөлд багтсан болгар, бирм, грек, хинди, перс, урду зэрэг хэлүүдийг 720 цаг судалж байж дээрх түвшинд хүрэх гэнэ. Харин гуравдугаар ангилалд амхар, камбож, чех, фин, еврей хэл багтсан бол сурахад хамгийн хэцүү буюу дөрөвдүгээр ангиллын хэлд араб, хятад, япон, солонгос багтжээ. 

Хэдийгээр цаг хугацаа их зарцуулах нь тодорхой боловч хоёрдогч хэлийг сурах нь танин мэдэхүйн хувьд чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна. Тухайлбал, шинэ хэл судалснаар бидний танин мэдэхүйн гүйцэтгэх функцийн (executive function) мэдээллийг хянах, ашиглах, хадгалах, хэрэгцээгүй мэдээллийг мартах чадвар хөгждөг гэж Питтсбургийн их сургуулийн неврологийн танхимын профессор Жулие Физ ярьжээ. “Компанийн захирал нь олон хүн удирдах, их хэмжээний мэдээллийг боловсруулах, олон ажил зэрэг амжуулах, чухал ажлыг эрэмбэлэх гэх мэт хамгийн хэцүү ажлуудыг гүйцэтгэдэг шүү дээ. Яг л үүн шиг нарийн төвөгтэй үүргүүдийг гүйцэтгэдэг тул тархины энэ хэсгийг танин мэдэхүйн гүйцэтгэх функц гэж нэрлэдэг” хэмээн тэрбээр ярив. 

Нортвестерн их сургуулийн хийсэн судалгаанаас үзвэл хоёр хэлээр ярьдаг хүмүүсийн тархи хэлний тэнцвэрт байдлаа хадгалахын тулд танин мэдэхүйн гүйцэтгэх функцдаа найддаг аж. Учир нь хоёр хэлний систем үргэлж идэвхтэй байж, өөр хоорондоо өрсөлддөг бөгөөд энэ нь тархины хяналтын механизмыг тогтмол сайжруулж байдаг гэжээ. 

“Нэг язгууртай өөр өөр хэлийг ашиглах явцад нэгээс нөгөөд шилжих, товчлол ашиглах нь элбэг бөгөөд ингэх нь ярьж буй хүнд амар байдаг. Хэдийгээр төстэй байдал нь давуу тал боловч төстэй бичигдэж, сонсогдох ч өөр өөр утгатай үгс байдгийг мартаж болохгүй”

Италийн Триза хотод мэдээллийн шинжээчээр ажилладаг Лиза Менегетти англи, франц, швед, испани, орос, итали гэсэн зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүнийхээр сурахад амархан хэлийг судалж эхлэхэд тэсвэр хатуужил бага шаарддаг бөгөөд үгсийг хооронд нь холихгүй байх нь хамгийн бэрхшээлтэй хэмээжээ.

“Нэг язгууртай өөр өөр хэлийг ашиглах явцад нэгээс нөгөөд шилжих, товчлол ашиглах нь элбэг бөгөөд ингэх нь ярьж буй хүнд амар байдаг. Хэдийгээр төстэй байдал нь давуу тал боловч төстэй бичигдэж, сонсогдох ч өөр өөр утгатай үгс байдгийг мартаж болохгүй” гэж Менегетти ярилаа. Энэ асуудлаас зайлсхийхийн тулд нэгэн зэрэг олон хэл судлахгүй байх, хэл шинжлэлийн үүднээс хэлний язгууруудыг судалж мэдэх хэрэгтэй гэж тэрбээр зөвлөжээ. 

Нэг цагийн зөрүү 

Хэлний анхан шатны мэдэгдэхүүн олж авах амархан байдаг. Duolingo, Rosetta Stone гэх мэт програмуудыг ашиглан мэндчилгээ, өдөр тутамд тогтмол ашигладаг үг, хэллэгүүдийг богино хугацаанд сурч болно. Мөн л олон хэлээр ярьдаг Тимоти Донер интернетэд бэлэн байгаа материалуудыг сонгож аль болох их уншиж, үзэхийг зөвлөжээ. Тэр “Хэрэв та хоол хийх дуртай бол суралцаж буй хэлээр тань бичигдсэн хоолны номыг худалдаж ав. Хэрэв хөлбөмбөгт дуртай бол тоглолт үз. Зөвхөн өөрт хэрэгтэй үгийг өдөр тутамдаа цээжлэх нь утгагүй мэт боловч дараа нь санахад дөхөм байдаг” гэв. 

Хэлийг дуртай зүйлтэйгээ хослуулбал сурахад илүү амар болох гэнэ. (Credit: Getty Images)

Гэвчиг хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэхээс өмнө та уг хэлийг ямар зорилгоор ашиглах гэж буйгаа тодорхой болгох хэрэгтэй гэж Оттавагийн их сургуулийн хэлний үнэлгээ хариуцсан захирал, дэд профессор Беверли Бейкер зөвлөжээ. 

Өдөрт хамгийн багадаа хагас цагийг тухайн хэлээр маш сайн ярьдаг эсвэл унаган хэлтэй хүнтэй нүүр тулж ярилцах нь үр дүнтэйг ихэнх мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ.

Нэгэнт хэл сурч буй зорилгоо тодорхойлсон бол олон төрлийн сургалтын аргыг хослуулсан өдөр өдрийн төлөвлөгөөг гаргах хэрэгтэй юм. Харин тухайн цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, олон хэлээр ярьдаг хүмүүс төрөл бүрийн зөвлөгөө өгдөг. Ном, видео хичээлүүдээ хойш тавиад өдөрт хамгийн багадаа хагас цагийг тухайн хэлээр маш сайн ярьдаг эсвэл унаган хэлтэй хүнтэй нүүр тулж ярилцах нь үр дүнтэйг ихэнх мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн байна. “Дасгал ажил, дүрэм судлахаас илүүтэй уг хэлээр ярьж, соёлыг нь ойлгох чухал юм. Тухайн ард түмнийг танин мэдэж, тэдний соёлын талаар ойлголттой болох нь хэлийг үргэлжлүүлэн суралцах хөшүүрэг болдог” гэж дэд профессор Бейкер ярив. 

Харин профессор Жулие Физ “Томчууд ихэвчлэн үг цээжилж, дуудлагаа давтах гээд чимээгүйхэн л өөрсдөө хийгээд байдаг. Идэвхтэйгээр ашиглаж, хоорондоо ярилцах гэж нэг их хичээдэггүй. Энэ бол хэл жинхэнээсээ сурч буй хэрэг биш харин дүрс үсэг, авиаг л хооронд нь холбож буй үйл юм” гэв. 

Хэл сурахад тодорхой хөтөлбөр чухал боловч унаган хэлтэй эсвэл тухайн хэлээр чөлөөтэй ярьдаг хүнтэй цагийг өнгөрөөх нь илүү үр дүнтэй арга гэжээ.  (Credit: Getty Images)

Нэг дор их цаг зарцуулахын оронд дасгал хийх, хөгжим тоглохтой адил тогтмол бөгөөд богино хугацааны давтамжтай хичээллэх хэрэгтэй аж. Дэд профессор Бейкерийн хэлж буйгаар ингэж тогтмол давтахгүйгээр тархинд танин мэдэх үйл явц гүн гүнзгий үргэлжилдэггүй байна. Өөрөөр хэлбэл нэг дор таван цаг сууж хичээллэснээс өдөрт нэг цагаар таван өдөр хичээллэх нь хавьгүй үр дүнтэй гэсэн үг юм.

Нэг дор таван цаг сууж хичээллэснээс өдөрт нэг цагаар таван өдөр хичээллэх нь хавьгүй үр дүнтэй.

Дээр дурдсан FSI (АНУ-ын дипломатчдад гадаад хэл сургах үйл ажиллагааг эрхлэгч нийгэмлэг)-ийн индексийг үзвэл нэгдүгээр төрөлд багтсан хэлээр чөлөөтэй ярьж сурахын тулд 96 долоо хоног буюу хоёр жил орчим (өдөрт нэг цагаар судална гэж тооцвол) хичээллэх хэрэгтэй аж. Түүнчлэн ерөнхийд нь сурах тухай бодохын оронд тодорхой зорилго тавьж суралцвал хүссэн түвшиндээ хүрэхийн тулд бага цаг зарцуулна гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. 

IQ (оюуны чадамж) ба EQ (сэтгэл хөдлөлөө удирдах чадамж)

“Хоёрдогч хэлийг сурах нь таны зорилтот хэрэгцээг хангаад зогсохгүй чөлөөтэй сэтгэх, мэдрэх шинэ үүдийг танд нээж өгөх болно. Товчхондоо, оюуны болоод сэтгэл хөдлөлийн чадвараа хослуулах тухай ойлголт юм” гэж зургаан хэлээр ярьдаг Лиза Менегетти ярьжээ. 

Өнөө цагийн хамгийн эрэлттэй ур чадваруудын нэг болох соёл хооронд хөрвөх чадвар гэдэг нь өөр өөр хэл, соёл бүхий хүмүүстэй амжилттай харилцах, бат бөх холбоо тогтоох тухай юм. Харин хэлний бэрхшээлийг даван туулж тэдгээр хүмүүстэй харилцаж, тэднийг ойлгох нь дээрх ур чадварыг хөгжүүлдэг байна. 

Өдөрт нэг цагийг хэл судлахад зориулах нь нэг талаар хүмүүсийн хооронд гүүр барьж буй хэрэг бөгөөд үр дүнд нь та ажлынхан, бизнесийн хамтрагч, шинэ танилтайгаа илүү ойр дотно харилцааг бүрдүүлж чадна. Шинэ хэл сурах нь магадгүй өөр нэг хэл, соёлыг ойлгож, өөр өөр нөхцөл байдал, соёлын олон талт байдлыг даван туулж, дасан зохицох чадварыг хөгжүүлдэг гэжээ. 

Эх сурвалж: BBC 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
16 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.