UBLife Logo
Хөгжим

Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”

Улаанбаатарыг сонсохуй хийгээд үзэхүйн “Рихтерийн тэмдэглэл”

Чихэвч зүүгээд хотын гудамжаар алхаж байхад хүмүүс, юмс, үзэгдэл ямар харагддаг билээ? Чухамдаа зүйлс бодит байдлаас илүү хөг хэмнэлтэй байхыг мэдэрдэг биш гэж үү. Зураг бүрт зориулсан хөгжимтэй гэхээсээ хөгжимд зохируулан бүтээгдсэн зурагтай тийм нэгэн үзэсгэлэн манай улсад үүдээ нээлээ.  

“Гэрэг фэйшн” сэтгүүлийн арт директор, уран бүтээлч З.Энхмөнх “Рихтерийн тэмдэглэл” гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнгөрсөн баасан гараг буюу есдүгээр сарын 11-нд нээв. Тэрээр Английн хөгжмийн зохиолч Макс Рихтерийн зохиолуудаас сэдэвлэж, таван хэсэг фото эсээ бүтээжээ. 

Өөрөөр хэлбэл, зурагчин маань Рихтерийн хөгжимд хөтлөгдөн таван сэдвийн өгүүлэмжтэй бүтээл туурвисан байна. Уг бүтээлүүдээ баримтат бөгөөд зөгнөлт хоёр төрлийн завсарт бүтээсэн консепт хэмээн тодорхойлжээ. 

Үзэсгэлэнгийнхээ тухай З.Энхмөнх “Улаанбаатарын өвлийн хүйтэн хөх туяаг гэрэл зурагт буулгахыг хүсдэг байсан. Энэ дүр төрх нь дотроо дулаан чанар агуулдаг байх гэж бодсон л доо. Би хөгжимчин учраас хөгжмөөс сэдэвлэсэн гэрэл зураг авахаар төлөвлөсөн юм. Эхлээд Бах, Бетховен гээд шүтэж явдаг сонгодог хөгжмийн зохиолчдоо сонгох талаар бодож байснаа болиод одоо байгаа, орчин үеийн алдартай уран бүтээлчийг сонгохоор шийдсэн. Рихтерийн хөгжим угаасаа маш сайн зураглалтай. Чин үнэнийг хэлэхэд би ингэж зураглах шаардлагагүйгээр хөгжим нь зураглачихдаг. Рихтер 30 гаруй киноны хөгжим бичсэн хүн. Нэгдүгээрт, дуртай болохоор хоёрдугаарт, дэлхийн хөгжмийн зохиолчийг сонгож өөрийгөө шахвал илүү бүтээл гарах болов уу гэж бодсон учраас Рихтерийн бүтээлүүдийг сонгосон” гэлээ.

“Хавар”, “Цэцэрлэгт”, “Тайлбаргүй”, “Алсрал”, “Зүүд” гэх таван сэдвээс бүрдсэн үзэсгэлэнг тольдохдоо тус бүрийн хажууд байрлах чихэвчээр Рихтерийн хөгжмийг сонсох боломж бүрдүүлсэн нь үзэгчдийг гэрэл зураг, хөгжим хоёрын хоршилд уусгаж байсан юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хамгийн хүндтэй зочдоос сэтгэгдлийг нь сонссон нь уран бүтээлч З.Энхмөнхийн аав, ээж хоёр байлаа.

Түүний аав Монгол Улсын Консерваторын цохивор хөгжмийн багш, дэд профессор, гавьяат багш Б.Зоригт хэлэхдээ “Миний том хүү мэргэжлээ морин хуураар эхэлж, хөгжмийн онолчоор үргэлжлүүлсэн. Сүүлд нь гэрэл зургийг хөгжимтэй холбож байгаа нь өнөөгийн цагт монгол залуучуудад оюуны бүтээл асар их чухал гэдгийг өөрөөрөө дамжуулж, нийгэмд түгээж байгаа том хэлбэр юм. Нийгмийг гэгээрүүлэх бодлого миний хүүд байдаг юм байна гэдгийг мэдрээд хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Энэ бол ерөөсөө сонгодог хөгжимтэй холбоотой. Ээжийнхээ гэдсэнд ирсэн цагаасаа л бүрэлдсэн зан чанар. Би оюутан байхдаа дэлхийн суутнуудын бүтээлүүдийг цувралаар иж бүрэн сонсдог байлаа. Миний биеэрээ мэдэрсэн, оюун санаагаараа хүлээж авсан суутнуудын өв сан дамжиж дээ гэж бодож байна. Энэ бол ирээдүйн аав ээж нарт сургамжтай зүйл юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмсөж зүүхийг хангахаас илүү өөрсдөө оюунлаг байх нь ухаантай хүүхэд бий болох үндэс гэдгийг би шавь нарынхаа аав ээж нарт ч захидаг.

Харах өнцгөөс тусдаг гэрэл зураг, сонсох талаасаа тусдаг хөгжим хоёрыг нийлүүлээд хүмүүст хүргэж буй маш чухал мэдрэмж. Өмсөж зүүх, идэж уух гэсэн богинохон хэрэгцээгээ хязгаарлаад оюуны их далай руу орох нь хүний үнэлж баршгүй үнэт зүйл гэдгийг нийгэмд цацаж байгаад нь баяртай байна” гэсэн юм.

Түүний ээж Монгол Улсын Консерваторын хуучир хөгжмийн багш, хүндэт профессор, СТА П.Мөнгөнцэцэг “Хүн өөрийгөө маш баялгаар хөгжүүлж болдгийг хүүгээсээ хараад бахархаж байна. Цаад утга, нарийн агуулгаар нь судалж, баяжуулж ажилладгийг нь хөндлөнгийн байр сууринаас харахад таатай байдаг. Энэ үзэсгэлэн маш онцгой санагдлаа. Гэрэл зургууд өвөрмөцөөс гадна хөгжимтэй хослуулсан нь содон байна. Хүүгийнхээ цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье” гэлээ.

Үзэсгэлэнд дэлгэсэн зургуудыг 2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл Улаанбаатар хотод авчээ. Уг зургуудаас та түгжрэлтэй, утаатай Улаанбаатарыг өөр нүдээр, хөндлөнгөөс өнгийж харна гэдэгт итгэлтэй байна.  

Куратороор ахмад гэрэл зурагчин С.Туяа ажилласан бөгөөд тэрээр “Энхмөнх хүрээлэн буй орчноо хөгжим, гэрэл зургийн хослолоор дүрслэх чин хүсэлд хөтлөгджээ. Энэ үзэсгэлэн түүний жигүүр болж, цаашид улам төгөлдөржих болно гэдэгт итгэл дүүрэн байна. Үзэгч та бүхэн ч бас түүнд хийх бүтээхийн их урам хайрлана хэмээн найдаж байна” гэсэн юм.

Макс Рихтерийн “Memoryhouse”, “Recomposed by Max Richter: Vivaldi-The four”, “Seasons”, “Voyager” зэрэг цомгийн хөгжмүүд тус үзэсгэлэнгийн гэрэл зургууд “төрөхөд” гэрэл зурагчнийг хөглөжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийг зорьж, үзэж сонирхсон хүмүүс хөгжимд уусан гэрэл зургийг удаанаар ширтэн байлаа. Тэдний нэг Н.Ариунаа “Үзэсгэлэнг үзээд саарал биш өнгөлөг хотод амьдардгаа мэдэрлээ. Хөгжим, гэрэл зураг хосолсон үзэсгэлэнг өмнө нь үзэж байгаагүй болохоор үнэхээр сонирхолтой байна. Надад таалагдлаа” гэв.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр” үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 3 хүртэл тавих юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.