Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Улбар шар өдрүүдийн тэмдэглэл #1: Хотуудыг охид бүсгүйчүүлд ээлтэй болгох нь

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд UNDP Mongolia-ийн зүгээс "Улбар шар өдрүүдийн тэмдэглэл"-ийг цувралаар хүргэж байна.


Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд UNDP Mongolia-ийн зүгээс "Улбар шар өдрүүдийн тэмдэглэл"-ийг цувралаар хүргэж байна. 


Хүн ам өсөхийн хэрээр хотжиж, дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа тарвалзан амьдардаг байсан бидний монголчууд дөрвөн уулын дунд олуулаа зохицон амьдрах хэрэгтэй болов. Хотжино гэдэг нь өөрөө асуудал болж, хүн бүр хотод амьдрахын жаягт хэрэндээ суралцаж явна. Өнөөгийн байдлаар дэлхийн нийт хүн амын 54% нь хотын иргэд болсон бол энэ тоо 2030 он гэхэд 60% болж өсөн нэмэгдэх судалгаа байна. Хотын хүн байна гэдэг нь нөгөө талаар хэрсүүжихийн нэр гэлтэй. Их хөлийн газар олон хүний дунд зохицон амьдрах нь өөрөө эрсдэл дагуулна. Тэр дундаа бүсгүйчүүдэд. Орой үдшийн цагаар явахгүй байх, бөөгнөрөн зогссон олон эрчүүдээд дөлж өнгөрөх, ганцаараа таксинд хэзээ гар өргөх, өргөхгүйгээ мэдэх зэрэг нь бидний ухамсарт бат шингэсэн дадал болжээ.Энэ дадал хэзээ бидэнд суугаа бол, магадгүй дарааллан гарах муу мэдээнүүдээс юм болов уу? Хүчирхийллийн асуудлыг хөндөх боломж олгож буй энэ 16 өдрийн хүрээнд бидэнд ийм дадал ерөөс ийм байх ёстой юм уу, яагаад гэмт хэрэгтэн гэлбэлзэхгүй байхад хохирогчид нь түрүүлж биеэ хамгаалах ёстой юм бэ гэдэг асуултыг өөрөөсөө нэг та асууж үзнэ үү гэж урих байна.

1. Нийтийн тээвэр бол хүчирхийллийн халуун цэг

Хот доторх нийтийн тээвэрт эмэгтэйчүүдийг эрээ цээргүй ширтэх, биед нь зориуд хүрэх, чихэн дээр нь амьсгалах зэрэг гаж авирууд харамсалтай нь хаа ч түгээмэл. Эл байдал хэтийдсэн орнуудад дан эмэгтэйчүүдийн хэсэг гэж нийтийн унаагаа ангилахад ч хүрж байна. Тэр дундаа хот хоорондын тээврийн хэрэгслээр хонон өнжин зорчигсдод хүчирхийлэл үйлдэгдэх таатай боломж бүрддэг гэлцэх нь бий. Хүчирхийллийг эцсийн түвшинд нь хүргэж байж хүчирхийлэл гэж үздэг бас нэг ташаарал бий. Нүдээрээ цоо ширтэх, элдэв үгсээр хэлэхээс авахуулаад хүрээд авах төдий хүчирхийлэлд тооцогдох олон улсан жишиг байна. Японд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эмэгтэйчүүдийг хол замд суудлаа бүрхсэн бүхээгтэй суудлаас сонгох боломж ч олгодог ажээ.

Шийдэл: Нийтийн тээврүүдэд гаж үйлдэл, хүчирхийллийн эсрэг ухуулах хуудас нааж оноогдох шийтгэлийг сануулах, хот хоорондын тээвэрт эмэгтэйчүүдийн хэсгийг нэмэлтээр бий болгох, тэр нь шаардлагатай бол хөшгөөр тусгаарлагдсан байх зэрэг бусад орнуудын сайн жишээ байна. Мөн хүчирхийлэл үйлдэгчдийн гаарах шалтгаан нь ихэнх хүмүүс хохирогчдыг өмөөрдөггүй, хараад зогсож байдгаас үүдэлтэй тул Шри Ланка улсад Миний суусан автобусанд лав үгүй нэртэй мэдээлэлжүүлэх аян өрнүүлж нийт зорчигчдыг хүчирхийлэл таслагчид, нэгэндээ анхаарал тавьдаг нэгэн болгохоор зорьж ажиллажээ.

2. Такси

Нийтийн тээврээс гадна хувь машин бүр такси болчихдог шидтэй манай оронд энэ нь хүчирхийллийн бас нэг талбар. Орой үдэш эрэгтэй жолоочтой таксинд суухдаа арга ядахдаа дугаарыг нь харсан болоод суудаг, гэрийнхэнтэйгээ ярьж байгаа мэт дүр эсгэдэг, хулмаганаж суугаагүй эмэгтэй гэж бараг л үгүй болов уу. Үүнийг бичигч би бээр Бишкек хотод өдрийн цагаар Их дэлгүүрийнх нь гаднаас барьсан албан хаягтай таксиний жолоочид гуяа хүртэл базуулж үзэж байсан, дараа нь хэсэгтээ л таксинд сууж чадахгүй, маш их айдас дунд хургаж байсан билээ. Улаанбаатар хотод ч байдал дээргүй. Албан бус таксигаар амь дүйн зорчсоор л байна бид.Такси бүхнийг албажуулах боломж тийм ч хурдан бүрдэхгүй тул одоо байгаа нөхцөл байдалд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг яаж зогсоох вэ?

Шийдэл: Өмнөд Африкт таксиний жолоочдыг сургалтад хамруулан, охид эмэгтэйчүүдэд халдвал ямар шийтгэл байдгийг тайлбарласан сургалт, сурталчилгааны ажлууд хийдэг Аюулгүй унаа кампанит ажлыг зохион байгуулсан нь үр дүнтэй байв. Энэтхэг улс бүлэглэн хүчирхийллийн ноцтой хэргүүд гардаг орнуудын нэг учраас тэнд жолоочдод нь бэлгийн боловсрол, хүчирхийллийн эсрэг сургалт орж байж жолооны үнэмлэхийг нь сунгадаг санаачилга эхлүүлжээ.

3. Гудамж талбай дахь хүчирхийлэл гэж тусдаа ном болохоор том сэдэв байна

Зөрөөд өнгөрсөн бүлэг хөвгүүдэд базуулахгүй, чимхүүлэхгүй өнгөрсөн удаа хүүхэд насанд ховор. Бодох нь ээ, сургуулийн орчинд охидыг оролдох, өдөх, түүнийгээ маазран өнгөрөөхөөс шоглол нь хүчирхийлэл болж хувирдаг шиг. Миний бие хувьдаа улсынхаа төв талбайд хөхөө базуулж, 10 дугаар хороололд хүчээр тэврүүлж, Хүүхдийн 100-д өгзгөө базуулсан гээд тоочоод байвал муухай мэдрэмжүүдийг хотынхоо өнцөг булан бүрт амсаж байжээ гээд бодохоор манай хот тэнэгэр алхахад бас л ээлгүй болж таарах нь. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө архи ханхлуулсан бизнес хослолтой ахимаг насны эрд тэврүүлсэн тухайгаа жиргэхэд ихэнхи жиргээчид миний ямар хувцас өмсөж явсан, хэдэн цагт явсан зэргээр үргэлжилж байгаагаас дүгнэхэд хохирогчийг буруутгах, асуудалд сексист хандах хандлага байгаа учраас хохирогчид өөрт тулгарсан асуудлаа ярихаас цэрвэх, нуун дарагдуулахыг илүүд үзэх байдал үүсч улмаар хүчирхийлэл манай улсад буурахгүй байх нэгэн шалтгаан болж байна.

Шийдэл: Нийтийн орон зайг эмэгтэйчүүдэд ээлтэй байлгах талаар олон санаачилга гарсны хамгийн томоохон нь байгууллагын санаачилсан Аюулгүй хотууд, аюулгүй нийтийн орон зай аян юм. Энэхүү аяны хүрээнд охид, эмэгтэйчүүд өөрсдийн хотоо хүчирхийлэл, доромжлолоос ангид тайван, хүндэтгэлтэй хот байлгахын тулд хамгийн их тулгамддаг асуудлуудаа олон нийтэд өөрсдөд тохиолдсон жишээгээр хуваалцаж, дэлгэн, олон нийтийн хүчээр шийдвэр гаргагчдад нөлөөлж байна.

Хот төлөвлөж, барилга байгууламж байгуулахын нэн тэргүүний шаардлага нь дийлэнхийн бус бүгдийн хэрэгцээг хангасан байх ёстой. Тиймээс хот төлөвлөгчид, дизайнерууд, архитекторууд, иргэний санаачилга хөдөлгөөнүүд гудамж талбайн шаардлага охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангаж байгааг анхаарч төрийн бодолго, шийдвэр гаргах явцад нөлөөлөх санаачилгуудыг гаргахаас хойш суух хэрэггүй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Өчигдөр
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
0
0
0
0
0