Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Улс төрчид хэчнээн бохир гэвч хөгжим үргэлжид гайхалтай хэвээр


“Манай төр засаг, корпорациуд, мэдээллийн хэрэгслүүд, бас шашны болон хандивын байгууллагууд хичнээн шунахай, бохир заваан, зүрх сэтгэлгүй байсан ч хөгжим гээч зүйл гайхамшигтай хэвээр байх болно.”

Курт Воннегут

Даваа гарагийн өглөө Улаанбаатарын амьдрал хэвийн, энгийн л ажлын эхний өдөр эхэлдгээрээ эхэлж, хүн бүр яаруу, сурагчдын амралт дуусаагүй тул 8:30-аас хойш зам сэлүүхэн, Туулын мөсөн дээгүүр цан савсаж, өглөөний жавар салхин -28 хэмийг зааж, Богд уулын энгэрт их хааны маань дүр ердийнхөөрөө заларч, хүмүүсийн амьдрал, хотын хэмнэл өнгөрсөн долоо хоногоосоо, өнгөрсөн сараасаа, өнгөрсөн жилээсээ, бүүр өнгөрсөн арванаасаа ч гойд өөрчлөгдсөн юмгүй, юмс хэвэндээ, байшин барилга сууриндаа, (Байгалийн Түүхийн Музейг нураасныг эс тооцвол) нар сар одод ч орчдогтоо л байлаа. 

Радиогоор эгшиглэх дуу хөгжим сайхнаараа, мэдээ мэдээллүүд сонирхолтой, утасны минь 4G хурдан, нийгмийн уур амьсгал ердийн тайван, сошиал орчин эрээн бараантай, инээд ханиадтай тийм л нэг өглөө. 

Энэ хотод өөрчлөгдөн хувьсаж, өнөө өглөө өмнөхөөсөө өөр болж босч ирсэн цорын ганц зүйл бол хүн бидний оюун ухаан. Туршлага, ой санамж, ухамсар, амьтны зөн дээрээ тулгуурлан хүн сорилттой тулгарах тусмаа тархи нь боловсронгуй болж байдаг. “What doesn’t kill you makes you stronger” гэж Ницще хэлсэнчлэн биднийг алж устгаж, хөнөөж чадаагүй цагт бид өчигдөр өглөөнөөс илүү ухаалаг, илүү хүчирхэг болж сэрэх нь үнэн юм. Манай улс төрчид, эрх баригчид долоо хоног тутам шинэ соргог тэнэглэлээр залуу үеэ гутаах бүрт, манай авлигад идэгдсэн улс төр бидний нэр төрийг шившиглэх тусам, төр засаг маань бидний амьдрах арга замыг дээрэмдэн тонох бүрт бид илүү ухаалаг болж сэрдэг. Тэд хөгийн бодлого, амиа аргацаасан шийдвэр гаргах бүрт иргэд илүү сонор сэрэмжтэй болж нүдээ нээдэг.

Өнгөрөгч Баасан гарагт УИХ тэтгэврийн зээл тэглэхийг дэмжиж, нэгийнх нь авсан мөнгийг нөгөөгөөр нь төлүүлэх шийдвэр гаргав. Тэтгэврийн зээлгүй ахмадууд ялгаварлалд өртлөө хэмээн жагсав. Зээл дарахыг урьдчилж мэдсэн албаны хүмүүсийн ах дүү, садан нь тултал зээл авсан баримт ч яригдав. Энэ мэт ярихын эцэсгүй инээдмийн жүжгүүд үзсэн монгол залуус өнөө өглөө босоод талбай дээр жагссангүй. Зүгээр л ажилдаа явцгаав. Яагаад гэвэл зүгээр л ажлаа хийж, хэнд ч гай бололгүй амьдарч буй маань энэ нийгэмдээ оруулж буй хамгийн том хувь нэмэр юм. Талбай дээр захиалгаар жагсаж, төрөөс янз бүрийн зүйл нэхэж, халамж хайр шаардаж, амьдрал тавилангаа бусдын гарт атгуулчихсан уруу дорой амьтад биш тул яаж ийгээд болно гэсэн итгэлтэй явна. Хамгийн гол нь туршлага, ой санамж, инстинкт... бас биднийг хөнөөж чадахгүй зүйлсийн бидэнд өгөх хүч. 

Залуучууд байрны, машины, цалингийн зээлтэй, найздаа өртэй, lend-ийн бас кредит картын зээлтэй мөртлөө тэглэж өгөөч гээгүй харин ч Баасан гарагт өнөөдөр яах юм гэж нэг нэгнээсээ асуудаг тухай пост бол наргиан төдий зүйл биш бусдад гай болохгүй амьдарч яваа Монгол залуу хүний үнэн төрх юм. Тэтгэврээ тэглүүлсэн ахмадууд, тэднийхээ мөнгийг аваад идчихсэн үр хүүхэд нь баярладаг л юм байлгүй. Харин залуучууд ямарваа халамж, хүүхдийн мөнгө, төрийн үйлчилгээнээс аль болох холхон байвал санаа амардаг, тэр байтугай хөгшрөөд улсаас тэтгэвэр авах эсэх нь ч эргэлзээтэй. Ямар нэг зүйлийн бурууг төрөөс хайхгүй, бас сайн яваа минь төрийн буян гэж баярлахгүй. Зүгээр л хариуцлагатай амьдрах гэж хичээж, өөрөө өөрсдөдөө эзэн болж яваа. Шавар балчигтаа хутгалдсан улс төрийн тухай чалчихгүй, хар зөнгөөрөө илүү дээр нийгмийг байгуулахад бэлтгэгдэж яваа. Хэт улс төржсөн нийгэмд амьсгаа авах боломж эрэлхийлж, дор дороо, чиглэл чиглэлдээ хөгжиж яваа. Энэ бүхний хажуугаар ардчилал авч ирсэн гэж цээжээ дэлдэгчдээс өгсүүлээд, 2008 оны 7 дугаар сарын нэгэнд иргэдийнхээ халуун амийг бүрэлгэсэн эрх баригчдыг хүртэл хэн бүгдийг харж явна.

Улс төрчид ЖДҮ-ийн зээл өөрсөндөө олгож байхад бид харж л байсан. Түүхийн музейг маань нураахад нь бас харж авсан. Тэтгэвэрийн оновчтой бодлого ч үгүй атлаа тэрбум тэрбумаар нь зээл тэглэхийг нь ч бас харж байна. Ээлж халаатай ертөнцөд нэг эрх мэдэлтэн нөгөөгөөр солигдох хугацаа, нэг үе дараагийн үеэр солигдохоос хамаагүй хурдан учир юмс цэгцрэхэд ахиад жаахан хугацаа орно. Гэлээ ч улс төрчид хичнээн бохир заваан, шунахай, зүрх сэтгэлгүй байсан ч Улаанбаатар хотын өглөө бүхэн тайван амгалан байх болно. Залуучууд ямагт илүү ухаалаг байх болно.

холбоотой мэдээ
1
2020.02.17
Өнөөдрийн зурвас: Охидын үзлэг
2
2020.01.31
Өнөөдрийн зурвас: Ийм нэгэн өвөл
3
2020.01.14
Өнөөдрийн зурвас: Сонсож үлдэхийг хүссэн нууц
санал болгох
1
15 цагийн өмнө
Нүүрс, газрын тосыг ирэх сарын 15-наас экспортолж эхэлнэ
2
18 цагийн өмнө
Гэр оронгүй хүмүүсийн тэжээвэр амьтдыг ҮНЭГҮЙ эмчилдэг залуу сошиал "баатар" болж байна
3
21 цагийн өмнө
Ши Жиньпин халдвар тархснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Top fan 2020.01.13 27.55.68.34

Өглөө бүхэн амаглан байг э

0 Хариулах