Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өмнөд Солонгост гацсан иргэд: Аргаа бараад л Консулын гадаа сууж байна даа


Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард таван удаагийн чартер нислэгээр БНСУ-аас ирэх байсан 1000 орчим иргэн цар тахлын улмаас эх орондоо ирэх боломжгүй болсон. Тиймээс иргэд энэ сараас эхлэн Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Сөүл дэх Консулын газрын үүдэнд 10 гаруй хоног жагсаж, нэгдүгээр сарын 13-наас суулт зарлаж эхэллээ. Суулт зарласан иргэдтэй холбогдож, нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.

Р.Удамбор: Арваннэгдүгээр сараас хойш бүгд хүнд байдалтай амьдарч байна

Консулын гадаа бид нар 12 өдөр жагсаж байна. Өдөрт 40-50 хүн жагсаалд оролцдог. Уржигдраас эхлээд Консулын үүдэнд 10 гаруй хүн суулт хийж, хоёр дахь өдрөө хонож байна. Солонгост сүүлийн 20 жил болоогүй хүйтэн өвөл болж байгаа болохоор маш хүйтэн. Бид нар Консулын хүйтэн шалан дээр л хонож байна.  

Бид нар өдөр болгон өргөдөл хүсэлтээ гарын үсгээрээ баталгаажуулж, Консулын газрын дарга Оюун-Эрдэнээр дамжуулаад УОК болон Засгийн газарт илгээсэн. Өнөөдрийг хүртэл бидэнд албан болон албан бус байдлаар ямар нэгэн мэдээлэл, хариу өгөөгүй.

Би 2019 оны сүүлчээр Солонгост ирсэн. 2020 оны эхээр буцах байсан ч коронавирусийн халдвар эрчтэй тархаж, Монгол Улс хилээ хаасан. Чартер нислэгүүдэд залуу хүмүүс бид нарт явах боломж байгаагүй. Тэгээд өнгөрсөн долоодугаар сараас эхлэн Элчин сайдын яаманд өргөдөл хүсэлт албан ёсоор авч эхэлснээр өргөдлөө өгч, харих болсон. Ер нь түр хугацаагаар ирээд нэг жил гачихсан. Би нисэхийнхээ өмнөх өдөр 120 мянган воноор PCR шинжилгээгээ өгөөд онгоцны буудалд очсон ч нислэг цуцалчихсан. Ялангуяа арваннэгдүгээр сарын 11, 13-нд нисэх гэж байсан хүмүүс маш хүнд байдалд орсон. Бүгд ажил, байраа хүлээлгэж өгөөд Инчоны нисэх буудлын газарт очсон байсан. Ингээд тэр өдрөөс хойш бүгд хүнд байдалтайгаар энд амьдарч байна.

Арваннэгдүгээр сард цуцлагдсан таван нислэгээр буцах байсан 980 орчим хүн бүгд тусгаарлалтын нэг сая жаран мянган төгрөг, билетний сая гурван зуун наян мянгаас дээш буюу нэг хүний 2.5 сая төгрөгөөс дээш төлбөр хийсэн. Эдгээр хүмүүс МИАТ, УОК-оос мөнгөө буцааж аваагүй байгаа.

Арваннэгдүгээр сараас хойш найз нөхөд, танилынхаа гэрт толгой хоргодож байна. Зарим нь хамгийн хямд буудлуудаар л явж хоног төөрүүлж байгаа. Санхүүгийн байдал ч хүнд байна. УОК-оос буцааж мөнгөө аваагүй. Ганц хоёр хүн авахаар оролдсон ч “Өргөдөл өгч, өөрийн биеэр ирж аваарай” гэсэн хариу өгсөн байна билээ. Буцаж чадахгүй тохиолдолд мөнгөө авч чадахгүй болох юм шиг байна.

С.Чулуунцэцэг: Хүүхэд харах хүнгүй болчихоод бид хоёр яаралтай явах шаардлагатай болсон

Нөхөр бид хоёр 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны нислэгээр явах хуваарьтай байсан. Бүх юмаа бэлдэж, баталгаажуулсан байсан ч 11-нд нь бүх нислэгийг цуцалчихсан. Ажил, байрнаасаа гарсан байсан болохоор нөхцөл байдал хүндэрч, одоогоор найзындаа л байна даа.

Онгоцны тийз, тусгаарлах байрны мөнгө гээд бид хоёр нийлээд ойролцоогоор 5-6 сая төгрөг тушаасан. Буцааж мөнгө төгрөгөө авсан хүн байхгүй. Бүгд л гэртээ харих хүсэлтэй байгаа болохоор мөнгөө буцааж авсан тохиолдол байхгүй байх.

Бид хоёр 2017 онд амьдралаа босгоё, ажил хийе гээд энд ирсэн. Нэг хүүхэдтэй. Хүүхдийг маань харах хүнгүй болчихоод бид хоёр яаралтай явах шаардлагатай болсон. Ер нь ар гэрийн гачигдлаар яаралтай явах хэрэгтэй болсон. Энд нөхцөл байдал их хүнд байна. Бид хоёроос илүү хэцүү хүнд шалтгаантай, өвчин зовлонтой хүмүүс их байна.  

Н.Ундрах: Бид нарыг авъя гэсэн сэтгэл алга

Би Солонгост 2016 оны нэгдүгээр сарын 1-нд гэрээний ажилтнаар ирсэн.  Гэрээний хугацаа дуусаад арваннэгдүгээр сарын 18-нд нутаг буцах байсан ч онгоц цуцлагдсан. Ажиллах хугацаа дуусаж байсан учраас ажлаасаа гараад байраа хүлээлгээд өгчихсөн байсан. Орох оронгүй болоод айлаар л байж байна. Ар гэрт минь гачигдал гарч, эхнэр саяхан ходоодны хагалгаанд орсон. Биеийнх нь байдал муу байгаа. Хоёр нялх хүүхэдтэй. Яаралтай явах шаардлагатай болчихоод аргаа бараад л Консулын гадаа байж байна даа. Ийм болохоор өргөдөл хүсэлтээ өгөөд энд суулт хийж байна.

Энд байгаа хүмүүс бүгд ар гэрт нь гачигдал гарсан, өвчин зовлонтой, жирэмсэн нойтон зайлшгүй явах шаардлагатай 30-аад хүн байгаа юм. Энэ хүмүүс тэмцсэний хүчинд нэг онгоц гаргахаар болсон ч тэр онгоцонд биднийг багтаасангүй. Үргэлжлүүлээд суулт хийж байна. Өнөөдөр нисгэж байгаа онгоцонд ямар хүмүүсээ явуулж байгааг мэдэхгүй. Яг суух ёстой хүмүүсээс сууж чадалгүй үлдчихээд байна.

Бид нарыг авъя гэсэн сэтгэл алга. Монголоор дүүрэн буудал эзэнгүй, хаалгаа барьчихсан байгаа шүү дээ. Онгоц байхгүй юм болов уу гээд эндэхийн МИАТ-ын төлөөлөгч газартай уулзахад  “Онгоц байгаа. Өдөрт 2-3 удаа нисгэх хүчин чадал бий. Монголоос захирамж хүлээнэ” гэсэн хариу өгсөн. Эрх мэдэлтнүүд дуртай үедээ ирж очиж байхад бид нар энд гацчихсан байгаадаа л харамсаж сууна.

Ямар ч байсан онгоцны тов хүлээгээд байж байна. Дахиад нэг онгоц явуулахаар болбол эхний ээлжинд жагсаал хийж байгаа хорь, гучин хүнээ нэн тэргүүнд авчаасай л гэж хүсэж байна.


Нөхцөл байдал

УОК-ын Шуурхай штабын мэдээллээр өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:00 цагт буух хуваарьтай байна. Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа аж. Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлахаар болжээ.

Суулт зарлаж буй иргэдийн асуудал хэрхэн шийдэгдэхийг бид эргэн мэдээлэх болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
4
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.