Хайх зүйлээ бичнэ үү

“Үнэ цэн” булангийн шинэ дугаарын зочноор “Сүү” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Долгорсүрэнг урилаа. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд Монголдоо тэргүүлэгч, ууган үйлдвэрийн хамт олон энэ сард нэмэлт хувьцаа гаргахаар ажиллаж байна. Энэ ажлыг зохион байгуулж буй Г.Долгорсүрэн захирлын мэргэжлийн замнал төдийгүй эрхэлж буй ажлын онцлогийн талаар ярилцлаа. 

Ярилцсан: @khulan.jugder

Гэрэл зургийг: @suniko_

-Санхүүгийн салбартай хэрхэн танилцаж улмаар “Сүү” ХК-тай хэрхэн холбогдсон тухайгаа хуваалцаач. 

-Би багаасаа тоо, тооцоололд дуртай хүүхэд байсан. Бага байхад манайх жижиг зайрмагны бизнестэй, би тэр худалдааны орлого, зарлагыг бүртгэдэг буюу одоогийнхоор бол балансыг нь тааруулдаг ажилтай байлаа. Тэндээс улбаатайгаар санхүүгийн салбарыг сонирхож эхэлсэн болов уу гэж боддог юм. Ингээд их сургуульд элсэхдээ тэр чиглэлээрээ ШУТИС-ийн КТМС-д Санхүү, менежментийн ангид орж байлаа. Сургуулиа төгсөөд “Голомт” банкны Бизнес хөгжлийн менежерээр хэсэг ажилласан. Тэнд жил гаруй ажиллаад Америк явж суралцахаар шийдэн санхүүгийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан юм. Зэрэг хамгаалсны дараахнаас Техасын судалгааны фирмд ажиллаж эхэлсэн. Хөдөө аж ахуй, санхүүгийн чиглэлээр судалгаа хийж багагүй туршлага хуримтлуулж байлаа. Тэр үед мөн профессортойгоо ярилцаж байхад санхүүгийн чиглэлээр төгссөн юм чинь бизнест өөрчлөлт, шинэчлэлт хийх тухай бодож байвал бизнесийн хамгийн чухал хэл нягтлан бодох бүртгэлээр суралцвал яасан юм бэ гэсэн зөвлөгөөг өгч байсан. Үүнийг нь ч дагаад сургуульдаа эргэж очоод дахин магистрын зэрэг хамгаалсан. 

Тодорхой хугацаанд сурч, ажиллаж туршлагажаад иртэл багаасаа бодож байсан дэлхийн том сургуулиуд буюу Харвардад суралцах мөрөөдөл маань ойртоод ирэх шиг санагдсан. Ингээд зориглоод үзэхээр шийдэж, нэгэнт санхүү болон нягтлан бодох чиглэлээр суралцсан юм чинь дараачийн шатанд менежментээр суралцъя гэж бодоод хичээснээр 2017 онд Харвардад тэнцэж орсон. Тухайн үед Америкт мэдээлэл, технологийн компанид ажиллаж, Харвардад давхар сурч төлбөрөө төлөөд төгссөн. 

Мэдээж анх явахдаа л монгол хүн учраас эх орондоо эргэж ирнэ гэж бодсон тул долоон жилийн дараа ирсэн дээ. Тухайн үед хөрөнгө оруулалтын чиглэлийн банк зэрэг газрууд ажлын санал тавьж байсан боловч яг өөрийн сурч, мэдсэн зүйлсээ бизнест бодитоор хийх боломжийг эрэлхийлж, тэр бүхнийг залуучууд бид хийх ёстой гэж бодсон тул “Сүү” ХК-д ажилд орсон. Өөрийн чаддаг, мэддэг сурсан зүйлсээ Монголынхоо ууган үйлдвэрт хэрэгжүүлэхсэн гэсэн зорилго тээн ирж, компанийн хамт олон маань ч найрсгаар маш сайхан хүлээж авсан. Одоо компанидаа ороод жил хагас болж байна. 

-Энэ ажлыг хийхдээ яг ийм л зорилгод хүрье гэж өөртөө тавьсан, баримталсан зүйл тань юу вэ? 

-Мэдээж Америкт байхдаа мэдээллийн технологи, бизнесийн судалгаа хийх гээд олон бизнесүүд болон бизнесийн жишээн дээр ажиллаж байсан. Тэр утгаараа Монголын компаниуд, ялангуяа хувьцаат компаниудыг илүү сонгодог утгаар нь хөгжүүлэхсэн гэдэг эрмэлзэл байна. Нөгөө талаар Монголын сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, улсынхаа бахархалт компанийг бий болгох үйлсэд хувь нэмрээ оруулахсан гэдэг зорилго тээж ажилдаа орсон. Одоогийн нэмэлт хувьцаа босгож байгаа ажил маань ч үүнтэй уялдаж байгаа. 

-Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад ямар шаардлагууд тулгарч байна вэ? 

-Ер нь нэмэлт хувьцаа маань нийт 18,65 тэрбумын төгрөгийнх гэсэн үг. Бид үүгээр зөвхөн сүү хүлээн авах болон боловсруулах хэсгийг шинэчлэхээр ажиллаж байна. Энэ нь Германы компаниудыг сонгон ажиллаж байгаа томоохон хэмжээний төсөл юм л даа. Ач холбогдлын хувьд бид тоног төхөөрөмжөө сайжруулах, автоматжуулснаар хүчин чадал маань хоёр дахин нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, автоматжуулалт хийснээр олон улсын стандартыг хангах боломжтой болно гэсэн үг. Ингэснээр дэлхийн зах зээлд гарах үүд нээгдэнэ. 

Компанийн маань эрхэм зорилго ч монгол сүүгээр дэлхийг ундаалах буюу энэ нь бидний гадаад зэх зээлд гарах алсын хараа болж байгаа юм. Энэ утгаараа төсөл маань ихээхэн ач холбогдолтой учраас хамгийн зардал багатай, нөгөө талаас үр өгөөжийг нь олон талаас нь бодоод нэмэлт хувьцаа гаргая гэж төлөвлөсөн. Энэ ажил амжилттай болбол зөвхөн манай компани төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг мөн онцлохыг хүсэж байна. Хөрөнгийн зах зээлийн топ-20 индексийг тодорхойлдог компаниудын нэг учраас бид энэ ажлыг эхлүүлэх ёстой. 

Үүнээс гадна сүүлийн үед “impact investing” гэж багагүй яригдах болсон. Энэ нь зөвхөн тухайн компанийн хувьд үр ашиг нь сайжраад, санхүүгийн зардал нь буурч, борлуулалт өсөхөөс гадна дам утгаараа тухайн бизнесийн олон талт оролцогчид төдийгүй нийгэмдээ нөлөө үзүүлж байдаг. Жишээлбэл, өнгөрсөн онд бид 19 сая литр сүүг 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчдээс нийт 20 тэрбум төгрөгөөр хүлээн авсан байна. Энэ бол малчдын амьжиргаанд нөлөөлөөд зогсохгүй хөдөө аж ахуйн салбарын багагүй хэсэгт хувь нэмрээ оруулсан хэрэг.

Тэгэхээр бид тоног төхөөрөмжөө сайжруулснаар эргээд малчдынхаа өрхийн амьжиргааг тэтгэж, сайжруулах, малын сүүний гарцыг нэмэгдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжих, хэрэглэгчдэд олон төрлийн бүтээгдэхүүн санал болгох зэрэг нөлөөтэй. Улмаар бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах, тэр нь улсын эдийн засагт бидний хувь нэмэр оруулах боломж гэхчлэн маш өргөн хэмжээний үр нөлөөтэй, олон талаас харсан шийдвэр байгаа юм. 

-Нэмэлт хувьцаа гаргаж байгаа цаг үе гэхдээ их сонирхолтой байна. Зуны буюу амралтын улирал. Нөгөөтэйгүүр ковид-19 эдийн засагт нөлөөлж байгаа үе шүү дээ. Та бүхэн үүнийг хэрхэн тооцсон бэ? 

-Нэмэлт хувьцаа гаргах нь манай компанийн дунд хугацааны төлөвлөгөөнд байсан юм. Үйлдвэрээ сайжруулах, шинэчлэх, автоматжуулах энэ ажлыг эртнээс төлөвлөсөн байсан. Эхний ажлын хүрээнд бид Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон “ХАС” банк хамтарсан 12 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний төгрөгийн санхүүжилтийг авч чадсан. Энэ зээлээр бид компанийнхаа дэд бүтцийг сайжруулах ажлыг хийсэн. Мөн санхүүгийн зардлаа бууруулах үүднээс богино хугацаат зээлийг урт хугацаат, хүү багатай зээлээр сольж чадсанаар санхүүгийн зардлаа дахин бууруулсан. Ингээд дэд бүтцээ сайжруулсан учраас одоо дараагийн хэсэг буюу сүү хүлээн авах болон боловсруулах хэсгээ сайжруулах, түүнийгээ энэ төслөөрөө санхүүжүүлэх гэж байна л даа. Энэ бол бидний урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг. Энэ санхүүжилтийг шийдсэнээр бид дараагийн таван жилдээ ийм том хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй учраас маш чухал ач холбогдолтой юм. 

-Эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн бэ? Олон бизнест таагүй нөлөө үзүүлсэн тахлын үе таарчихлаа. 

-Тийм ээ, хэдий эрсдэлтэй үе боловч манай компанийн хувьд хувьцааны ханш харьцангуй тогтмол байна. Манай хувьцааг хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хардаг учраас эдийн засаг хямарч байгаа өнөө үед зарж, борлуулаад мөнгө болгоё гэх бодол хувьцаа эзэмшигчдэд төдийлөн байхгүй байх шиг. Мөн манай бизнесийн онцлог тал бас нөлөөлж байна. Хөдөө аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүний хувьд хүнд хэцүү үед ч хүний дархлааг дэмждэг тустай бүтээгдэхүүн учраас хэрэглээ, борлуулалтын хувьд хэвийн харагдаж байна. Гэхдээ борлуулалт хэвийн ч өртөг, зардал тодорхой хэмжээгээр өсөж байгаа учраас менежментийн ажлууд хийгдэж байна. 

-Нэмэлт хувьцааг худалдан авах нь хувь хүнд ямар ач холбогдолтой вэ? 

-Ер нь хувьцаа эзэмшигчид хоёр төрөл байх шиг. Нэг нь ногдол ашиг аваад явж байгаа урт хугацааны эзэмшигчид, нөгөө нь ханшийн зөрүүнээс ашиг олдог хүмүүс. Манай компанийн хувьцаа сүүлийн 10 жилд 7250 хувиар, сүүлийн 5 жилд 200 хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржийн хамгийн их өсөлттэй топ гурван хувьцаат компанийн нэг. Гэхдээ хүмүүс манай хувьцааг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хараасай, Монголын ууган үйлдвэрийн хувьцаа эзэмшигч, эзэн нь байна гэж хараасай гэж хүсдэг. Дэлгүүрийн лангуун дээр байгаа бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулсан, өсөлт хөгжилд нь хувь нэмэр оруулсан хөрөнгө оруулагч нь гэсэн үг шүү дээ. Бид өнөөдөр 50 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, “Миний Монголын сүү” гэсэн хамгийн том брэндийг бүтээсэн хамт олон. 

Мөн хүмүүс хүүхдээ багад нь хадгаламж нээж 18 нас хүрэхэд нь тэдэн төгрөг болсон байна гэдэг шиг хувьцаа авч өгвөл тийм хэмжээний өсөлт явагдана. Хүүхэд том болоод хувьцааны мэдлэгтэй, өөрөө старт-ап бизнес эхлүүлэх боллоо гэхэд хувьцаа, IPO-ийн талаар мэддэг боловсролтой болчихсон байх давуу тал ч бий. 

Залуу аав, ээжүүд хүүхдүүддээ хувьцаа өвлүүлж, хөрөнгө оруулалт хийгээсэй. Залуусын хувьд хөрөнгийн зах зээлийн маш их боломжийг ашиглаж, энэ талаарх өөрсдийн мэдлэгийг дээшлүүлээсэй. Энэ бол зөвхөн нэг компанийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт бус дам утгаараа нийгэмд маш их нөлөөтэй. 

-Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд монгол хэрэглэгчдийн зан төлвийн онцлог нь юу байдаг вэ? 

-Монголчууд бид мал аж ахуйтай ойрхон хүмүүс учраас бүтээгдэхүүний органик байдалд ихээхэн ач холбогдол өгдөг. Гадаад оронд очиход энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг бол бид тогтмол, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдгээрээ онцлог. Түүнчлэн сүүлийн үед шинэ үеийн залуусын зан төлөв өөрчлөгдөж байна. Тэд бүтээгдэхүүний орц, найрлагад анхаардаг, эх үүсвэр нь этиктэй юу, шат дамжлага нь хэрхэн явж надад ирж байна вэ гэдгийг хардаг болсон. Манай Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг, Маркетингийн баг эдгээрийг тогтмол судалж, мөн дэлхийн зах зээлийн хөгжлийг ч харж хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог. 

 -Та ажил мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ? 

-Санхүүгийн салбарын хувьд маш их шинжилгээ, анализ хийдэг. Дараа нь түүндээ дүгнэлт боловсруулаад ирээдүйд бид яаж тухайн бизнесийн зорилгод хүрэх вэ гэдэг гаргалгааг гаргадаг хүмүүс. Тоон дээр, өнгөрсөн мэдээлэлд суурилаад одоогийн нөхцөл байдлыг дүгнэж үзээд ирээдүйд гарах шийдвэрүүдийг тодорхойлж, нөлөө үзүүлж байдаг. Намайг КТМС-д сурч байхад манай санхүү, менежментийн багш хэлж байсан юм. Ер нь морин дээр хоёр хүн суугаад явж байвал урагшаа харж яваа хүн бол санхүүгийн хүн шүү, тэр хүн ирээдүй рүү хөтөлж байдаг гэж. Одоо бодох нь ээ, би морин дээр сууж яваа гэж төсөөлбөл өнгөрсөнд шинжилгээ хийдэг, өнгөрснийг дүгнэдэг нягтлан бодох бүртгэлээр сурчихсан. Бас урагш харж явдаг санхүүгээр сурсан. Мөн морийг хааш залж, жолоодох вэ гэх ухаан буюу менежментийн арга барилаас одоо бас суралцаад явж байна. Ийм ажил, мэргэжил учраас би ажилдаа дуртай. 

Яг одоогийн Санхүү эрхэлсэн захирлын хувьд өдөр бүр гаргаж байгаа шийдвэрүүд маань жижиг гэлтгүй ажилтнуудын маань ар амьдралд нөлөөлж байдаг учраас хариуцлагатай хандах ёстой байдаг. Өөрчлөлт, хөгжилд хөтөлдөг, тэдгээрийг хийх боломж бидэнд байдаг учраас энэ ажил, мэргэжил надад үнэ цэнтэй. 

-Ажил, карьерийн тань явцад од гийсэн боломж гэвэл юу байсан бэ? 

-Хүн бүрт өөрийн гэсэн тодорхой зорилго, төлөвлөгөө бий шүү дээ. Өнөөдрийн хийж байгаа зүйлс, өнгөрүүлж байгаа цаг, хором бүр тэр төлөвлөгөөнд хүрэх боломжид биднийг бэлтгэж байдаг гэж боддог. Надад жишээ нь анхнаасаа л гадаадад суръя, Америкт суръя, дэлхийн шилдэг сургуульд суралцъя гэсэн зорилго, тэмүүлэл байсан бөгөөд багаасаа үүнд өөрийгөө бэлджээ. Хэрэв би анхнаасаа Харвардад суръя гэж хүсэж байгаагүй бол Америкт очоод Харвардад зориглоод үзье, одоо надад боломж ойртчихлоо гэсэн бодол төрөхгүй байсан болов уу. Тийм учраас хүн том зорьж байх ёстой. Мөрөөдөлтэй байх ёстой. Түүндээ хүрэхийн тулд гаргаж байгаа шийдвэр, шаргуу хөдөлмөр л хүнийг тэр зорилгод нь хүргэдэг, боломжийг бий болгодог гэж бодож байна. 

-Таны хувьд зорилго, мөрөөдлөө хэрхэн тодорхойлж бий болгож байсан бэ? 

-Би 93-р сургуульд сурч байсан юм. Тухайн үед манай сургуулийн захирал Урам зоригийн хичээл гэж бидэнд ордог байлаа. Нэг удаа тэр хичээлд манай сургуулийн нэгэн төгсөгч Америкт суралцаж ирээд бидэнд яриа хийж таарлаа. Тэрийг сонсоод л ийм боломж байдаг юм байна, зорих ёстой юм байна гэсэн бодолтой болж байсан. Зургаа, долоодугаар л ангийн сурагч байсан би энэ тухай эгчтэйгээ ч их ярилцдаг, олон гоё боломж байдаг юм байна, олон сайхан зүйлсийг сурч болох юм байна гэж бодох болсон доо. 

Ер нь хүний бодол санаа, хүсэл тэмүүлэл өөрийг нь бий болгодог юм болов уу. Хүн бүрийн зам, миний, бусдын зам өөр өөр л байгаа байх. Тэгэхээр хүн өөрийнхөө дотор нуугдаж байгаа хүсэл зорилго, гал халуун эрмэлзлээ л юун түрүүнд олох ёстой. Түүнийгээ олсны дараа Урам зоригийн хичээл шиг өөрийгөө төсөөлж, бодож, итгэж, тэмүүлэх. Биднийг бүр ирээдүйн амьдрал, найз залуу, гэр бүлээ төсөөл гэдэг байсан шүү (инээв). Тэр мөрөөдлөө зураглаад, өөртөө итгээд явах юм бол замдаа алдах, холбирох зүйл тохиолдсон ч шантралгүй л явах юм бол хүрэх л болно. 

-Ажил мэргэжлийнхээ явцад алдаж, басхүү сургамж авч байсан тохиолдол гэвэл юу вэ? 

-Яг одоо тэрэн дээр л тэгчих байсан юм гэх бодол байдаггүй. Аливаа зүйлд ер нь харамсаад байхыг хүсдэггүй. Тухайн үед магадгүй буруу шийдвэр гаргалаа ч, тэндээсээ суралцаад л явж байсан учраас өнөөдөр зорьсондоо ямар ч гэсэн хүрсэн байна. 

-Та ажил, амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалдаг, заагладаг вэ?  

-Хийж байгаа ажилдаа дуртай байх нь эргээд хүнд урам зориг өгдөг болов уу. Ажил нь ажил юм шиг санагддаггүй, ажилдаа өглөө бүр дуртай явдаг байх нь хүнд их чухал гэж боддог. Мэдээж ажил, амьдралаа зааглахын тулд хүмүүсийн хэлдгээр бид их олон дүрд ордог байх. Ажил дээрээ би захирал, гэртээ харивал айлын охин, эгчийнхээ дүү, найз залуутайгаа бол хайртай бүсгүй нь гэдэг ч юм уу. Тэгэхээр гэртээ харьчихаад аавдаа захирал шиг байгаад байж болохгүй шүү дээ. Тиймээс хүн өөрийгөө хаана байгааг маш сайн мэдэрдэг байх ёстой. Мөн тэр дүрдээ маш сайн орж, гардаг байх ёстой. 

Бас хүмүүс ажлаа тараад явахаараа ажлаа мартах ёстой гэдэг. Гэхдээ миний хувьд ажлаа тараад өөрийгөө хөгжүүлж, ном унших, фитнессээр хичээллэх зэрэг ажлаас гадуур хийж байгаа зүйл нь хүнийг маргаашийнх нь ажилд бэлдэж байдаг гэж боддог. Тийм учраас өөрийнхөө сэтгэл санааг тайван байлгах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг ажлын бус цагаар хийж байгаа зүйлс тань маргаашийн сэтгэл ханамж, шийдвэр гаргалтад нөлөөлж байдаг тул ер нь ажил, амьдрал хоёр салшгүй холбоотой гэж боддог. 

-Таны хувьд дадал болсон зайлшгүй хийдэг хобби юу вэ? 

-Фитнессээр хичээллэх нь хобби гэхээс илүү амьдралын хэв маяг болчихсон юм байна. Мөн гольф тоглох дуртай. Америкт байхдаа анх тоглож сурч байсан бол Монголдоо ирээд дөрвөн улиралтай учраас бага зэрэг хөндийрсөн байна. Мөн олон жил гадаадад байсан учраас аль болох гэрийнхэнтэйгээ цагийг илүү өнгөрөөхийг хичээдэг. 

-Та 25 настай өөртөө хандаж юу хэлэх вэ? 

-Зоригтой, зорилготой байх, алдаа гаргахаас айх хэрэггүй л гэнэ дээ. Хүн том зорилготой, том мөрөөдөлтэй, тууштай байх ёстой. Том мөрөөдлөө өөрөө олох, түүндээ өөрийгөө бэлдээд шаргуу хөдөлмөрлөх. 

Ер нь анхнаасаа бэл бэнчинтэй гэр бүлд өсөх, эсвэл угийн логик сэтгэлгээтэй байх зэрэг өгөгдлүүд тухайн хүнийг тодорхойлдоггүй гэж боддог. Харин өөрийнхөө дотоод мөрөөдлийг олж, түүнийхээ төлөөх шаргуу байдал л хүнийг тодорхойлж, бий болгодог гэж боддог. 

-“Сүү” ХК-ийн захиралтай уулзаад асуухгүй орхиж болохгүй нэг хөгжилтэй зүйл байна. Нэг хэсэг танай сүүний бөглөөний асуудал интернэтэд их яригдсан шүү дээ. Тэр мэтчилэн хэрэглэгчдийн сэтгэгдэл, эргэх холбоог хэрхэн хангаж ажилладаг вэ? 

-Юун түрүүнд хэрэглэгчдэдээ баярлалаа. Мэдээж манайхаас өөр компанийг сонгох нөхцөл үүслээ ч бидэнд итгэж үзэл, бодлоо илэрхийлж байсанд баярлалаа. Бид хэрэглэгчдийн гомдол, саналыг байнга сонсож долоо хоног бүрийн хурлаараа хэлэлцдэг. Тийм учраас гомдлуудыг цаг хугацаанд нь шийдээд явахыг хичээдэг. Бөглөөний хувьд зөвхөн манай компанитай холбоотой асуудал бус бидний удаан хугацааны нийлүүлэгч компанитай холбоотой байлаа. Алдаа, асуудал гарсан бол бид түүнийг тэр дор нь цуцлахаас илүүтэй хамтдаа шийдвэрлэж, илүү сайжруулж, урт хугацааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүссэн. Тиймээс энэ хугацаанд хүлээцтэйгээр хүлээн авч байсан хэрэглэгчдэд талархаж, дахин ийм асуудал гаргахгүй гэдгийг хэлэх байна. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
1
11
0
0
1
2
1

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Usukhoo 2020.07.13 162.158.7.8

Dolgorsuren egchiin IG, Face accounttig ugch boloh u?

0 Хариулах


Зочин 2020.07.21 172.69.252.139

doyo gunchin-ish

0 Хариулах


Зочин 2020.07.13 172.69.252.151

Үгээр бус үйлдлээрээ бусдыг уриалж, үнэ цэнэтэй болох ёстой. Улс орны хөгжилд хувь нэмэр оруулалгүй Харвард төгсөөд од болох гээд бх шаардлага бхгүй. Харин юм хийж бүтээж улс орны хөгжилд хувь нэмэр оруулсан тохиолдолд хүсээгүй бсан ч ард түмэн өөрсдөө хүдлээд эхэлнэ...

0 Хариулах


Зочин 2020.07.18 172.69.45.135

hiij ehled bn unshaach uuluh gd l bhiimaa

0 Хариулах


Зочин 2020.07.13 162.158.7.114

Амжилт хүсье! 93-р сургууль, Итгэл урам хичээлийг заадаг байсан Батсүх багшдаа баярлаж явдаг шүү <3

1 Хариулах


Зочин 2020.07.11 172.69.252.137

Яасан олон зураг тавьдынбэ дуралчлаа арайчдээ

0 Хариулах


Зочин 2020.07.11 172.69.45.137

Harvard -g huurhun busgui tugsdug yum bn. Uzesgelentei uhaalag busgui bn

0 Хариулах


Зочин 2020.07.10 162.158.7.136

яасан үзэсгэлэнтэй эмэгтэй вэ.

1 Хариулах


irgen 2020.07.10 172.69.252.149

SUPER.

0 Хариулах


Оги 2020.07.10 172.69.252.139

Мундаг бүсгүйд амжилт хүсье

0 Хариулах