Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өнгөрсөн арваныг байлдан дагуулсан 10 подкаст


2004 онд "подкаст" гэж бичээд Гүүглээс хайлт хийхэд ердөө 24 илэрц гарч байсан тухай технологийн тоймч Док Сирлз ярьжээ. Гэтэл ганцхан жилийн дотор энэ тоо 100 сая болж нэмэгдсэн байв. Подкаст бол өнгөрсөн арванд сэргэн мандсан контентын төрөл гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгддэг. Энэ долоо хоногт л гэхэд Пулицерийн шагналын хороо аудио мэдээ гэсэн шинэ категори оруулж ирснээ мэдэгдлээ. Ингэснээр подкаст бүтээгчид Пулицерийн шагнал хүртэх боломжтой боллоо.

Bazaar сэтгүүл сүүлийн 10 жилд гарсан хамгийн олон сонсогчтой, шилдэг подкастуудыг нэрлэжээ. 

1. Serial

Serial бол олон хүний хувьд "үзэгдэл" болсон шилдэг подкаст. Мөн 400 сая буюу хамгийн олон удаа татагдсан подкаст гэх амжилтыг эзэмшиж буй. NPR буюу Америкийн Үндэсний Олон Нийтийн Радиогоос эрхлэн гаргадаг тус подкаст нь бодит амьдрал дээр тохиолдсон гэмт хэргүүдийн үйл явдал, учир зангилааг баримт нотолгоо, гэрчүүдийн яриа, эрин сурвалжлага, судалгаанд тулгуурлан хүргэдэг. 

Ахлах сургуулийн сурагч Хэ Мин Ли 1999 онд алагдсан бөгөөд түүнийг алга болсноос хойш дөрвөн долоо хоногийн дараа цогцсыг нь олсон байна. Эл хэрэгтэй холбогдуулан түүний экс найз залуу Аднан Масуд Сайгуныг баривчилж, Хэ Мин Лиг хөнөөсөн хэрэгт буруутгасан нь тухай үед ихээхэн шуугиан тарьжээ. Serial подкастын 2014 онд цацагдсан анхны дугаар энэ хэргийг сөхсөн юм. 

2. How I Built This

Хүн бүрт л бизнесийн санаа байдаг. Харин түүнийг амьдралд хэрэгжүүлж, амжилтад хүрч чадсан энтрепренерүүдийн түүхийг How I Built This подкаст хүмүүст хүргэдэг. Компаниуд ийм түүхээ ил гаргаж, шударгаар хэллээ гэж үү хэмээн бодмоор зүйлсийг хөтлөгч Гай Раз яриулж чаддаг нь гайхалтай. Ямар ч амжилтын цаана аз биш, цэвэр хөдөлмөр, зүтгэл байдгийг подкастын зочид танд ойлгуулах болно. Тэрбумаар үнэлэгдэх бизнесийн цаана орших хүний мөн чанарыг сөхөж чаддагаараа энэ подкаст сонсогчдыг татдаг. 

3. How to Fail

Чухамдаа бүтэлгүйтэл гэж бодсон тэр мөчүүд биднийг амжилт руу хөтөлдөг болохыг зохиолч Элизабет Дэйгийн How To Fail подкаст хүргэхийг зорьдог. Түүний зочид амьдралдаа тохиолдсон хамгийн эгзэгтэй, шийдвэрлэх мөчүүдийн тухай хуваалцах бөгөөд тэдгээр нь ихэнхдээ алдаа, бүтэлгүйтэл байх аж. Хамгийн гол нь, Дэй тэрбумаар тоологдох хөрөнгөтэй бизнесийн магнатууд, хөрөнгө оруулагч, технологийн мангасуудын түүхийг биш, амжилт гэх ойлголтыг тус бүртээ өөрөөр тодорхойлсон хүмүүсийн уналт, босолт, алдаа, сургамжийг хүргэдгээрээ сонсогчдынхоо талархлыг хүлээжээ. 

4. My Dad Wrote A Porno

2016 оны зун гэхэд Лондоны метронд зорчиж буй хүн бүр My Dad Wrote a Porno подкастыг сонсдог болсон байв. Олон жил нөхөрлөсөн Жэйми Мортон, Жеймс Купер, Алис Левин гурав подкастыг хөтлөх ба дугаарт бүрт Мортоны аавын бичсэн эротик зохиолуудаас нэг бүлгийг сонгож ярьдаг. Ихэнхдээ Мортон зохиолоос уншиж, Купер, Левин хоёр тайлбарлах, асуух, маргах, хошигнох байдлаар подкаст өрнөнө. Инээдэм наргианд дуртай хүн бүрт таалагдах подкаст.

5. Modern Love: The Podcast

Нью-Йорк Таймс хүн төрөлхтний мөнхийн асуудлыг гол сэдвээ болгон Modern Love подкастыг эхлүүлжээ. Уншигчдаас ирсэн эссэнээс нэгийг сонгон мэргэжлийн жүжигчдээр уншуулдаг нь подкастыг амьд агаад сонирхолтой болгодог. Энэ түүх хэрхэн төгссөн бол гэх сонсогчдын сониуч бодолд хариулт өгч, подкастын төгсгөлд эссэний эзэнтэй богино хэмжээний ярилцлага өрнүүлдэг юм. 

6. Griefcast

Кариад Ллойд бол комедиан, жүжигчин, зохиолч эмэгтэй. Гэвч тэрбээр Griefcast подкастаараа илүүтэй танигджээ. 15 настайдаа эцгээ алдаж, хагацлыг хэн хүнээс илүү мэдэрсэн Ллойд үхлийн талаар мэдрэмжтэй яриа өрнүүлж, уйтгар гуниг, баяр баясал, харуусал, бухимдал гэх амьдралын олон өнгийг хүргэдэг. 

7. Talking Politics

2015 оны сонгуулийн үеэр Кембриджийн Их Сургуулийн улс төрийн тэнхимийн профессорууд "Сонгууль" нэртэй подкастыг эхлүүлж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг улс төрийн үйл явцын талаар тайлбарласан юм. Удалгүй дэлхийн улс төрд эргэлт авчирсан олон чухал үйл явдлууд шил дараалан гарсан билээ. Харин Кембриджийн профессорууд подкастынхаа нэрийг Talking Politics хэмээн өөрчилж, “Корбин! Брексит! Трамп!” гэх шинэ уриатай болов. Үндсэн хууль, Европын Холбоо, популизм гээд дэлхийн улс төрд өрнөж буй халуун үйл явдлуудын талаарх мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсохыг хүсвэл Talking Politics хамгийн тохиромжтой сонголт байх болно. 

8. Backlisted

Backlisted бол олонд танил болоогүй ч үнэ цэнээ хадгалсаар байгаа ном, зохиолуудыг дахин амилуулж буй уран зохиолын подкаст юм. Нийтлэгч Жон Митчинсон, шүүмжлэгч Энди Миллер нар зохиолчидтой ярилцлага хийж, шинээр гарсан сайн номуудын талаар хүргэхээс гадна хүмүүсийн төдийлөн мэддэггүй номуудад дүн шинжилгээ хийж ярилцдаг. 

9. The High Low

Vanity Fair сэтгүүлийн редактор Тина Браун 1980-аад оны үед элит соёл нь хов жив, шар мэдээтэй нэгэн орон зайг хуваалцан оршиж буйг тодорхойлохдоо ‘high low journalism’ гэх ойлголтыг ашигласан байдаг. Пандора Сайкс, Доллу Алдертон хоёр үүнээс санаа авч подкастаа The High Low гэж нэрийджээ. Учир нь, тэд нэг удаагийн дугаартаа Виктория Секретийн шоунаас эхлээд Эндрью хунтайжийн ярилцлага, улс төрийн чухал үйл явдлуудын тухай ярилцдаг. Өрнөж буй халуун үйл явдлуудын талаарх яриа сонирхолтой, хөгжилтэй, үр өгөөжтэй байж болохыг тэд харуулж чадсан юм. Мөн тэдний санал болгодог ном, подкастуудыг сонсогчид ихээхэн үнэлдэг. 

10. The Decade Wrapped

Spotify сүүлийн 10 жилд хөгжмийн салбарт гарсан томоохон үйл явдал, уран бүтээл, дуучдын талаар ярих The Decade Wrapped подкастыг эхлүүлээд байна. Ингэхдээ тэд Spotify-д цугларсан статистик, датад тулгуурлан сэдвүүдээ сонгохоор болжээ. Жишээ нь, Gangnam Style дууг 2012 оноос хойш Spotify платформ дээр 205 сая удаа сонссон бол Despacito дууны сонсолт 1.3 тэрбумд хүрчээ. Хөтлөгч Эрик Эддинг нөлөө бүхий шүүмжлэгч, комедиан, зохиолч, нөлөөлөгчдийг урин өнгөрсөн арваны хөгжмийн салбарыг эргэн дүгнэх гэж байна.

Эх сурвалж: Bazaar

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
19 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.