Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Сонсож үлдэхийг хүссэн нууц

Илчилж зүрхэлсэн түүх л үлддэг.


Нэг их жаргасан, дараа нь зовсон, тэгээд жаргасан, бас зовсон хүнтэй уулзаж үзэх юмсан гэж бодогдоод байдаг юм. Тэгээд бүр тэр нь өндөр настай эмэгтэй байгаасай гэж битүүхэн нас, хүйс заан бодохыг яана. Нийтийн унаанд суугаад явж байтал юугаараа ч юм би түүний итгэлийг татаад ч юм уу, дэлгүүрийн урт дараалалд саатахдаа яриа өдөөд ч юм уу, зуурхан танил хөгшин, залуу бидэн цаг хугацааг дундаа хийгээд хуучилж суухаар түр учрахсан гэж боддог юм. Тэр намайг тэнэмэл хэрмэл хэн ч гэж бодог хамаагүй, нэр ус, үс зүс үл тоон харин надад сэтгэлээ нэгмөсөн нээхийг хүсээсэй билээ. Би түүний хувь чанарт тохиосон залуу насны гялбаа, амьдралын төөрөг, хайр энэрэл, жаргал, зовлонгийн амтын тухай алдаа, оноотой нь эрээлж нэрэлхэлгүй асуухсан. Тэгээд далайн ёроолд зэвэрсэн эртний авдрыг нээн онгичиж үзэхсэн.

Настай хүмүүст маш их дурсамж бий. Бүхэл бүтэн амьдрал бий. Тэр амьдрал нь гоё байг, муухай ч байг, жижиг том зөрчлүүд дээр тогтож, эвлэлдэн сүндэрлэсэн, эс бөгөөс эсрэгцэн сүйрч унасан ямар нэг гэрэлтэй, гэрэлгүй цамхаг л байдаг шүү дээ. Хүн зөвхөн сэтгэлд нийцсэн зургаа л гэр бүлийн цомогтоо зориулж дурсгал болгон наадаг шигээ чадлынхаа хэрээр нандин үлдэх чин хүсэлтэй амьтан юм шиг. Хүн гэдэг дотно нэгэндээ, үр хүүхдэдээ хэлж чаддаггүй, ярьж зүрхэлдэггүй олон олон үйл явдлын эзэд, бас буруутнууд. Гэтэл нандин зүйл гэж цав цагаан цаас шиг өө сэвгүй зүйлийг л хэлдэггүй шүү дээ. Тэдний илчилж зүрхэлсэн түүх л үлддэгээс биш зүрхнийхээ гүнд цоожилсон хамгийн эмзэг, басхүү үнэн агаад гашуун, тэр хэрээр эмзэг, ариун нь өөртэй нь хамт одчихдог. Жишээ нь, би ээжийгээ ээж гэдгийг, аавынхаа аав гэдгийг л мэдэхээс өөр юу ч мэдэхгүй хүүхэд нь. Тэд ямархан алдааг давж, зовлонг туулчихаад, хэр гүн шархаа нуун гэгээн сайхны дээд болж хэнзхэн төрсөн наддаа заяасан хэн байсан юм бол? Үр хүүхэд нь болоод ч тэр үү, юу ч асуугаагүй хоцорч. Одоо хэчнээн хүсээд би юу ч олж мэдэхгүй ээ. Тэд минь өрөөл бусдын хувьд хэн байсныг мэдвэл би энэ амьдралд улам бүр шунан дурлах юм шиг санагддаг болов. Үүн шиг тэр хоёр хүн л гэхэд бие биеийнхээ хувьд эхнэр, нөхөр, хань ижил байсаар энэ хорвоогоос буцсан байх. Хайрлаж нандигнаад тэр биз дээ, хөөрхийс. 

Жаргал, зовлонд адилхан ханаж, мөн чанарыг нь таньсан хүмүүс дуугаа хураачихдаг юм шиг. Хэн нэгний ярьж өгснөөр амьдрал бичигдэх, алдаа засагдахгүйг тэд мэддэг болоод юу ч хэлдэггүй байх. Хүн бүрийн хувь чанар, төөрөг зохиол өөр байхад манийх юуны хамаа гээд зөнд нь хаячихаад, магнайнхаа үрчлээсийг өргөсхийн тэнийлгээд амьсгал хураадаг нь ерөөс юм үзэж, нүд тайлсан хүний ариун явдал, сүүлчийн хүсэл байдаг юм болов уу? Гэсэн ч сонсож үлдэхийг хүссэн түүх яасан нууц, ямар чанд юм бэ. 

Танд хав дарсан нууц байгаа юу? Тэр нууц чинь өнөөдрийн таныг бүтээх жор нь байгаагүй юм гэхэд нөлөөлсөн бол түүнийгээ үр хүүхдэдээ, эсвэл гудамжинд танилцсан зуурхан танилдаа хэлбэр дүрсийг нь өөрчлөөд ч бол хуваалцаарай. Тэгвэл тэр нууц чинь зовлон биш, шарх биш, түүх болж гэрэлтэнэ. Зовж яваа нэгэнд айсуй жаргалын дайтай, шархалж суугаа хүнд итгэл найдварын зөнтэй сайхан түүхүүдээс амьдрал бүрэлддэг дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.