Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өнөөдрийн зурвас: Залуухан АН-ын шаналан

Түүхээ ингээд төгсгөх үү?


Шинэчилнэ, шинэчлэх гэж байна аа, шинэчлэгдэж байна, шинэчлэгдчих гээд л байгаа... Шинэчлэлийн тухай ярьдаггүй цаг мөч гэж Ардчилсан нам үүсэж байгуулагдсан 20 жилийн түүхэнд ер байсангүй. Мөнхийн сэдэв нь байв. Шинэчлэл тулгамдаад байдгийг нь бодохоор АН их эртний, хуучирч хөгцөрсөн нам юм шиг. Гэтэл ирэх жил 100 нас зооглох МАН-тай харьцуулахад АН энэ хаврын өргөст хэмх шиг л шинэхнээрээ. Тэгэхээр “шинэчлэл” гээч нь залуухан АН-ын шаналан аж. 

Түүх ингэж эхэлдэг. “Өдгөөгийн Ардчилсан нам нь 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын Нэгдсэн Намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан” гэж. Хагас жил хүрэхгүй хугацааны дараа эвлэлдэн нэгдсэн 20 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй түүхт 2020 онд зохион байгуулагдсан УИХ-ын сонгуулийн дүнгээр АН үнэмлэхүй ялагдлаа. Энэ бол АН-ын эхний ялагдал биш. Сүүлийн хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдаж, хиншүү хярвас ханхлуулан уугиж буй төрөхийн хүндрэлтэй, төлөвшлийн эмгэгтэй, цэл залуухан АН юм. Тэглээ гээд дэлхийгээс зайлах уу, түүхээ ингээд төгсгөх үү?  

Санал хураалт өчигдөр 22 цагт дууссанаас нэг цагийн дараачаас АН-ын нэр дэвшигчдийн ялагдал нэг нэгээр нэмэгдсээр өнөөдөрт шилжсэн 00 цагт навсайтал ялагдаж байгаа хүснэгтүүд зурагтын нүүр дүүргэн жирэлзэв. УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан АН-ын дарга С.Эрдэнэ улс төрийн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорч буйгаа зарлалаа. Тэрбээр тамгаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгөв. С.Эрдэнэ намын даргын хувьд гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсээд, “АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтран нэг баг болж ажиллаж чадаагүйгээс сонгогдох боломжоо алдсан” хэмээн мэдэгдсэн нь алдаагаа оновчтой олж харсан тайлбар мөн, эсэх тун эргэлзээтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч АН-ын харьяаллаас татгалзсан, УИХ-ын сонгуульд аль нэг намтай баг болж ажиллах эрх болон үүрэггүй этгээд гэдгийг С.Эрдэнэ энэ мэдэгдлээрээ үгүйсгэж орхилоо. 

Үүнээс 4 цагийн өмнө “АН-ын залуучууд” хэмээн өөрсдийгөө танилцуулсан тус намын зарим идэвхтэй гишүүн хэвлэлийн хурал зарлаж, “АН-ын залуучууд бид нэгдэж, УИХ-ын ээлжит сонгуульд хоёр дараалан ялагдал хүлээсэн намаа шинэчлэх шаардлагыг хүргүүллээ” хэмээсэн юм. АН-ын 100 гаруй залуу гишүүн хуралдаж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр АН-д дотоод ардчиллыг хангах түр хороог байгуулж, АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү болон дэд дарга Ц.Туваан нарт дүрмийн дагуу хариуцлага хүлээн огцрох шаардлага тавьж буйгаа мэдэгдээд байлаа. АН-ын гишүүн М.Тулгат “АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, дотоод ардчилалгүй байсан учраас ялагдлаа. Олон нийт АН-д сэтгэл дундуур байна. Тиймээс бид намаа шинэчлэх хэрэгтэй. Залуучууд бид дүрмийн дагуу явдаг, дүрэмтэй намыг бий болгоод, дүрэмгүй аашилдаг ах нарыг шинэчлэх зорилготой” гэв. Б.Ган-Эрдэнэ “АН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээсэн нь олон жилийн турш ардчиллыг дэмжиж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. АН-ын гишүүд бид одоо зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн дарга дүрмийн дагуу хариуцлага хүлээж, дотоод ардчиллыг хангаж чадах эсэх эргэлзээтэй юм. Иймд цаашдын үүрэгт хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь АН-ын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэн, түр хороо байгуулснаа зарлаж байна” хэмээсэн.

Ийнхүү АН дахь байр сууриуд зөрчилдөж эхэллээ. АН өөрийн мөнхийн шаналан болсон шинэчлэлээ хийж чадах, эсэх дахиад л эргэлзээтэй боллоо. Үүнээс өмнө хамгийн сүүлд УИХ-ын 2016 оны ялагдлын дараа ч АН-ыг шинэчлэлгүй горьгүй гэх яг ийм уур амьсгал тус намд ноёлж, С.Эрдэнэ намын дарга болж, удирдлагын баг шинээр бүрдэж байсан билээ. АН-ын үнэт зүйлийн нэгэн туг дор намаа нэгтгэж, намаа шинэчилж амжаагүй тэр өнөөдөр, дөрвөн жилийн дараа огцров. 

УИХ-ын сонгууль өндөрлөмөгц МАН-ын үнэмлэхүй ялалтын цуурайтай зэрэгцэн олныг хамран түгэж буй улс төрийн халуун сэдэв АН-ын дараагийн даргын тухай, хэн болох таамаг байлаа. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэр дэвшихээ хамгийн эхэнд мэдэгдсэн бол Л.Гантөмөр, С.Одонтуяа нарыг санал болгох “салхи” мөн дэгдэж эхэлжээ. Хаа хүрч тогтохыг ойрын хугацаанд харж болох байх. Гэвч АН-ын шаналан хэн дарга болсноос шалтгаалаад байна уу, эсвэл өөр юунд байна вэ гэдгээ олж тогтоож чадах болов уу...  

Өдгөөгийн АН 20 настай. МАН-ын дараа орох хоёр дахь том хүчин. Анх байгуулсан улстөрчдийнх нь нас 60 гарсан ч амбийц нь нам шигээ залуугаараа. Залуухан АН даргын, лидерийн, хэн нь УИХ-д өрсөлдөх квотын төлөөх шаналангаа барж дуусаагүй байхад Монголын улс төрд цоо шинэ хүчихрэг гуравдагч хүчний тухай яриа хэдий амттай ч хоосон шахам зүүд зэрэглээ юм байна. Сая УИХ-д нэг суудал авсан ХҮН гэхэд АН шиг ялагдсан ч 11 суудалтай хоцордог болох хүртлээ дахиад 20 жил эрсдэл дундуур явж, унаж босон хямарна гэвэл Монголд гуравдагч хүчин төлөвшитлөө дахиад 100 жил болох мэт. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.