Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Залуусын сонгууль


Нэг сая хүн олон уу? Маш олон. Тэд сонгуульд саналаа өгөхөөр гэрээсээ гарч байна. Санал хураах хэсгүүдэд дараалал үүсгэж байна. Иргэд идэвхтэй, бас дэгжин, эрч хүчтэй, хүсэл мөрөөдөлтэй байна. Энэ удаагийн сонгуулийн үзэгдэл нь, тодорхойлолт нь болж байна. УИХ-ын найм дахь сонгууль залуусынх байна.

Өмнө нь залуу хүн байгаагүй юм уу гэвэл мэдээж үгүй. Цаг үе, нийгэм болгон өөрийн залуу настай байдагчлан өнөөгийн дунд, ахмад насныхан ч бас залуу байсан билээ. Харин өмнөх сонгуулиудад залуу үеийн оролцоо бага байлаа. Тэдний тал нь гэртээ үлддэг байсныг өмнөх сонгуулиудын ирцээс харж болдог. Залуус өмнө нь яагаад сонгуульд саналаа өгөхдөө хойрго байсан хэрэг вэ гэвэл, улс төрийг бохир заваан, сонгуулийг худал хуурмаг зүйл хэмээн үзэж байсантай нь холбоотой юм. Монгол Улсын хүн амын талаас илүү хувийг хүүхэд, залуус эзэлдэг учраас бид эх орноо “Хүүхэд, залуусын орон” хэмээн дуртайяа нэрлэх атлаа улс төрийн намууд төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлэх сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа ч, сурталчилгааны үед тайлбарлан таниулахдаа ч хүн амын тал хүүхэд залуусыг үл хэрэгсэн хандсаар ирсэн юм. Түүнчлэн нэр дэвшүүлэхдээ мөнгөтэй хүмүүсээс багаа бүрдүүлж, намаа санхүүжүүлж ирсэн нь залуу иргэдийг сонгуульд үл итгэх, хойш суух гол шалтгаан болж байлаа. 

Харин энэ удаа сонгуулийн ирц, ялалт, ялагдал улс төрийн намуудын гишүүдийн тооноос хамаардаг үе өнгөрснийг нотолсон сонгууль болж байна. Өнөөдөр 12 цагт Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан ирцийн дүн мэдээллээр, Улаанбаатарт 500 мянган хүн саналаа өгчээ. УИХ-ын 2016 оны сонгуулийн ирц 12 цагт 100 гаруй мянгаар тоологдож байсантай харьцуулахад энэ удаагийн сонгуульд иргэд итгэл үнэмшилтэй оролцож байна.

Томоохон улс төрийн хүчнүүд сонгуулийн насны хүн амын гуравны нэг буюу нэг саяар тоологдож буй залуусын дэмжлэгийг олж авахыг хүссэн анхны сонгууль ийн 2020 онд, залуухан чиний үед тохиолоо. “Өглөө”, “Надад нэг санал байна” зэрэг аян залуусыг сонгуульд оролцохыг уриалсан нь аль нэг улс төрийн нам, нэр дэвшигчийг сурталдах биш, нийгмийн нөлөө бүхий хэсэг болохоо ухамсарлахад нь чиглүүлсэн эерэг хөдөлгөөн болон өрнөв. Улс төрөөс ангид амьдрахын төлөө залуучууд сонгуульд саналаа өгөхөөр нэгдэж байна. Төрийн эрх барих дээд байгууллага- УИХ-аа өөрийн итгэлтэй, найдвартай гэж үзсэн төлөөлөгчийнхөө гарт атгуулахын тулд залуус улс төрийн сонголтоо зөв хийхээр гэрээсээ гарлаа. Сурталчилгааны үед улс төрийн намууд залууст чиглэсэн тусгай уриа, үйл ажиллагаа явуулах гэж хичээсэн нь ч шинэ зүйл байлаа. Мөн УИХ-ын сонгуульд аль болох залуу, шинэ улстөрчдийн нэрийг дэвшүүлэхээр оролдсоныг харав. 

Саналаа өгсөн сонгуулийнхаа дүнг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах нь ардчилсан сонгуулийн хамгийн чухал дүн байдаг билээ. УИХ-ын сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч, нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд эдгээрийн 76 хүн дараагийн УИХ-д гишүүнээр сонгогдож ажиллана. Чиний саналаа өгсөн хүн сонгогдоогүй бол түүний төлөө саналаа өгсөн өөр олон хүний сонголтыг хүндэтгэх нь ардчилсан сонгуулийн, эрх чөлөөний зарчим тэр. Харин ирэх дөрвөн жил тэдэнд хяналт тавих нь танд, бидэнд хамаатай хэрэг шүү. 

“Халаас хоосон ч чамд эрх чөлөө байна, 

Хамгийн гоё нь чи залуу байна...”

Хэл чинь загатнаад хэлэх гэсэн үгээ хэлмээр бол, мөрөөдлөө биелүүлмээр бол... Сонгуульд саналаа өгөөрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.