Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Зургаахан настай шударга, ариун сэтгэл монголчуудыг нэгтгэв

Хорвоод ирээд зургаахан жил болсон хүн ийм шударга, эр зоригтой, жигтэйхэн нинжин байх гэж.


Гоё сайхны тухай бодох өчүүхэн ч зай үлдээгүй мэт сэтгэл санаа бачуухан өдөр өнгөрч байна. Хар, харгис мэдээллүүдэд хайр найргүй бөмбөгдүүлэхээр тэнд чичрэх эмэгтэйн хоолой энүүхэнд юм шиг, түүний хүүхдүүдийн сэтгэлийн шарх танил мэт төсөөлөгдөх юм. Хүчирхийлэл өдөр бүр гарч, улам гаарч, бүр эрүүл ухаанд багтахааргүй галзуурч байхад хувийн жаргал ч жаргал биш, хүсэл мөрөөдөл ч утгагүй худал, хий хоосон мухардал мэт санагдах үе Танд ч гэсэн тохиодог уу? Сарны тооллоор зуны сарыг эхлүүлж буй долоо хоногийн эхний өдөр өнөөдөр учраас маргааш ч бас өөрийгөө ингэж алдахыг өөртөө зөвшөөрөхгүй. Нийгэм даяар хирдхийлгэсэн бодит муу муухайгаас ангижирч сэргэх, амьдрал ахуйгаа өөдрөгөөр залах, хайртай хүмүүстээ баяр түгээн эрч хүчтэй байх зайлшгүй шаардлага хүн бүхэнд бий шүү дээ. Гоё сайхан зүйл юу ч байхгүй гэж үү? Гоё сайхныг муу муухайгаас ялган хайцгаая...

Энхүүлэй, Мөнхүүлэй хоёр маргааш Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр ээж, эмээ, Бондоолой дүүгээ аваад үүнээс хойш айдасгүй, шархгүй амьдрах шинэ гэрээ олж товлож магадгүй болжээ. Үүнээс сайхан мэдээ гэвэл Энхүүлэй эмнэлгээс гарчихсан, хэдийгээр гүйж харайж хараахан чадахгүй ч амин хайртай агаатайгаа инээлдэн тоглож байна. Мөнхүүлэй дөнгөж зургаахан настай. Бүр өрцнийхөө угаас ход ход инээгээд л Энхүүлэйгээ тойглох юм. Харахаар л хайр нь хүрээд байгаа нь илт. Зургаахан настай хүүхэд шүү дээ. Түүний зүрхэнд өөрөө зодуулаад ч хамаагүй дүүгээ шударгаар хамгаалах хайр асдаг юм. Мөнхүүлэй хүү сэтгүүлч аниатай зуурхан танилцахдаа дүүгээ л өрөвдөж, дүүгээ л бодон бодон ярьснаас харахад хүний хорвоод ирээд зургаахан жил болсон хүн ийм шударга, эр зоригтой, жигтэйхэн нинжин байж чадах гэж. Зургаан настай хүнд өөрөөсөө балчир, хүч чадлаар буурай хүний өмнө илүү хариуцлагатай байх ухамсар байна, хүмүүс ээ. Харин томчууд бидэнд байдаг бил үү? 

Хүмүүс Мөнхүүлэйг сонсоод хойд эцгийн хүчирхийлэл, ээжийнх нь элдэв бодолгүй гэнэн тэнэгийг үзэн ядахаасаа илүүтэй зургаан настай хүүгийн дөрвөн настай дүүгийнхээ төлөө гаргадаг өчүүхэн ч хиргүй, ариун нандин, шударга сэтгэлээр бахдав. Монголчууд Энхүүлэйгийн баатар, зургаахан настай ахаас бусармаг нийгмийн тоосонд дарагдаж элэгдсэн сайн сайхан, шударга ариун явдалд хязгааргүй дурладаг төрөлх зөн совингоо олж харсан. Муу муухайг жигшин зэвүүцэх мэдрэмжээр биш, шударга, ариун, сайн сайханд тэмүүлдэг, эрж хайдаг зөнгөөрөө бид хөвгүүдэд гар сунган тусалж байна. Чин үнэнч хайртай, зөөлөн сэтгэлтэй сайн ах байхад Энхүүлэй хүү дагаад л босоод ирнэ дээ гэсэн итгэлийг монголчуудад зургаахан настай баатарлаг бяцхан жаалхүү өгч чадаж байна. 

Бас чиг ухамсар, ёс суртахуун, сайхан сэтгэл бүгд нурчихаагүй, ирээдүйг гэрэлтүүлэх мянга мянган хиргүй ариухан, шударга хөөрхөн зургаан настнууд бидний ирээдүйг бүтээж байхад инээмсэглээд л алхаад байдаг хэрэг ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.