2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт улс орон даяар эхэлж, 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгав.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийв. Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгогчиддоо хандаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж уриалга гаргажээ.