Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг нь энэхүү үзэсгэлэнгийн санааг нэгэн зээрийн эмгэнэлт хувь заяаны түүхээс сэдэж олжээ. Бүүдгэр гэрэл, хагас тунгалаг шилэн хаалт бүхий модон хоргонд байршуулсан зөөлөн баримлууд, хуучны төмөр орон дээр хэвтэх зээрийн хагас бие, видео ажил сэлт нь Мөнхцэцэгийн шинэ үзэсгэлэнгийн хэллэг ба Монголд урьд хожид гарч байгаагүй, нэн орчин үеийн цоо шинэ үзэсгэлэн болох нь. Мөнхцэцэг нь байгалийн тэнцвэрт бус харилцаанаас үүдэн зарим амьтдад учирч буй эмгэнэлт хувь тавилан, тэр нь ямар учир утга холбоостой болохыг эргэцүүлж, илрүүлж, түүнийгээ хуваалцахыг хүсдэг аж. Түүний зөөлөн баримлууд нь далд сүнслэг биет, дом засал, домгоос үндэслэн шууд харагдахгүй дүрслэлийг биежүүлдэг. Тэрээр хүний амьдралд тохиолдох сэтгэлийн зовиур болон түүний илааршил, цаашлаад дахин төрөлтийн талаарх бидний ойлголт, дүрслэл болон эдгээрийн утга учрын зангилааг гаргахыг эрмэлзэж, эрж хайж, илэрхийллийн хэллэгүүд бий болгохыг оролддог байна. Мөнхцэцэгийн бүтээлд хайчлах, урах, наах, нөхөх, оёх гэсэн арга хэллэгүүд нь өвдөлт, битүү зовнил, айдас, таавар, тэвчээрийг илэрхийлэх ба энэ нь нэг талаас хүний оршин тогтнолын сул тал, эмзэг байдал мэт ч нөгөө талаасаа сэтгэлийн хүч, хамгаалалт, илааршил, дахин төрөлтийг эрж хайх байнгын бүтээлч аялал гэж харж болох юм.
Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг нь Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, Минскийн Уран Зургийн Академийг төгссөн. Түүний бүтээлүүд эх орондоо болон АНУ, Итали, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Гонг Конг, Герман, Тайланд, Тайванд дэлгэгдэж олон нийтийн хүртээл болж байв. Тэрээр Бээжин биенналь, Фукуокагийн Азийн Триенналь, Тайваны Фюзин Биенналь зэрэгт уригдахын сацуу Венецийн 56-р олон улсын биенналийн хүрээнд “Дахин Төрөлт” үзэсгэлэнгээ Италийн Венец хот дахь Европын соёлын төвд дэлгэн үзүүлж байв. Түүний бүтээлүүдийн талаар Artnet, Аrt Radar Journal, Asian Art News зэрэг олон улсын нэлээдгүй хэвлэл мэдээллүүд бичиж байв. Ж.Мөнхцэцэг нь эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа цөөхөн монгол уран бүтээлчдийн нэг юм. Үзэсгэлэн 2019 оны 10-р сарын 9-өөс эхлэн 11-р сарын 2-ыг дуустал гарна. Art Space 976 нь Жамъяангүний гудамж дахь Чойжин Сүйтст байрладаг. ЭНД дарж дэлгэрэнгүйг сонирхоно уу.