Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

УРАН ЗОХИОЛЫН МИНИМАЛИЗМ БА Ж.М.КҮТСИ


Дунд ангид ортлоо Африкт дандаа өнгөт арьстнууд амьдардаг гэж итгэдэг байсан минь хотод дандаа сайхан хүмүүс л амьдардаг байхдаа гэсэн багын бодолтой дүйх гэнэн төсөөлөл байж. Энэтхэг, Азийн өмнөд рүү худалдаа хийхээр гарсан Голландын худалдаачид Сайн итгэлийн хошуугаар өнгөрөх усан замыг нээснээр 1600-гаад оны дундуур Өмнөд Африкийн шороонд анхны цагаан арьстан газарджээ. Өмнөд Африкийн газрын зургийн баруун доод өнцөгт, яг л алиалагчийн гутал шиг хэлбэртэй тэр хэсэгхэн газар худалдааны боомт болон хөгжиж, хожим 1806 онд олз хайсан Британичууд ирснээр Африкийн гүнд цагаан арьстны удам суурьших эхлэл болжээ. Өмнөд Африкийн орчин үеийн уран зохиолын нэгэн онцгой төлөөлөгч Жон Максвилл Күтси бол тэдгээр худалдаачид, олз хайгчдыг дагаж очсон англи эцэг, Герман, Польшийн эрлийз, цагаач эхийн хүү. 

“Хөвүүн нас: Хөдөөх амьдралын зураглал” (1979) намтарчилсан бүтээлдээ дурдсанаар тэрбээр Өмнөд Африкийн хамгийн урд захын, колоничлол, эзэрхийллийн төв болж асан Кэйптаун хотод 1940 оны хоёрдугаар сарын 9-нд өмгөөлөгч аав, багш ээжийн хүү болон мэндэлжээ. Бага нас нь боолчлол, колоничлол, арьс өнгөөр ялгаварлах үзлийн сүүдэр дор өнгөрчээ. Гадуурхал цагаан арьстнуудад арай сул буулгатай ч өөрийнх нь үзэл санаа төлөвшихөд асар их нөлөөтэй байсныг дээрх номдоо дурдсан байна. Тиймээс ч амралтын өдөр болов уу, үгүй юу өмнөд зүгт орших Кароогийн цөлөрхөг нутаг дахь авгынхаа эдлэн рүү дэгдчихдэг байж. Цөлөрхөг тал нутаг, зуун зууныг элээсэн олон наст ургамал, зэрлэг ан амьтад, нүдний үзүүрт торолзох уул нурууд гээд онгон зэлүүд нутгийн дурсамжууд нь “Майкл К-гийн цаг хугацаа, амьдрал” бүтээлд нь туссан буй. 

Нутгийн уугуулчуудын хэлээр ярьж өссөн Күтси англи бага сургуульд элсэж, дараа нь хөвүүдийн католик сургуульд суралцаад Кэйптауны их сургуулийг Английн уран зохиол, математикийн чиглэлээр суралцаж төгсөв. Тиймээс ч түүний дүрүүд африк, английн аль алинаар нь ярьдаг хос хэлтэн байх нь элбэг. Хожуу Фулбрайтын тэтгэлгээр Техасын их сургуульд Самуэл Бэккетийн туурвил зүйгээр докторын зэрэг хамгаалсан нь түүний бүтээлүүдэд, ялангуяа анхны роман “Бүрэнхий газар”-т шууд нөлөөлсөн гэж судлаачид үздэг. Өөрөө хэлэхдээ “Бэккет миний бичлэгт хэрхэн нөлөөлсөн нь хэн ч харсан ойлгомжтой. Бүр шууд нөлөөлсөн гэвэл зохилтой. Ихэнх зохиолчид арьс өнгөний үүднээс юм уу, нэлээд объектив нөлөө үзүүлдэг бол Бэккет надад зохиол бүтээл гээч нь ухамсрын гүнээс ундран гарах ёстойг зааж сургасан” гэжээ. Тиймээс ч Ж.М.Күтсигийн зохиол бүтээлийг минимализм хэмээх үг ёс мэт дагадаг. Дөчөөд онд гэмт хэргийн сэдэвт зохиолоос урган гарсан эл нэр томьёо зохиолын хэлбэрт агуулгыг шууд тусган илэрхийлэх бичлэгийн арга барил болон хөгжжээ. Тухайлбал, С.Бэккетийн “Годог хүлээхүй” жүжгийн дотроос хүний өлгөж авах, ухаарч сэхээрэх, ургуулан бодох төгс утгатай өгүүлбэрийг олно гэхэд хэцүү. Гэтэл зохиолыг бүхэлд нь харвал хүний ертөнцийн утга учиргүйг бичвэр хэлбэрээр босгосон нэгэн гайхалтай бүтээл цогцлох болно. Тиймээс минималист романууд агуулгын хувьд уйтгартай, дүнсгэр, дүрүүд нь идэвхгүй нийгмийн доод хэсэг рүү өөрийгөө живүүлэгч мэт боловч өгүүлэмжийнхээ бүтэц, зохиомжоор том цараатай утга санааг илэрхийлдэг. Энэ төрлийн бүтээлүүд уншигчаас идэвхтэй уншлагыг шаардаж, зохиолд тусгасан үйл явдлыг зохиолчийн оролцоогүй өрнүүлэхийг санал болгоно. 

Колоничлол, эзэрхийллийг тэвчдэггүй, тусгаарлах хөдөлгөөний идэвхтэй тэмцэгчийн хувиар зарим үед эрх баригчдын тэвчээрийг бардаг Күтсид Вьетнамын дайн асар хүнд цохилт болов. Дээрх романы “Вьетнам төсөл” нэртэй нэгдүгээр хэсэг Америкийн империализмын үнэн төрхийг харуулсан бол “Якоб Күтсигийн хүүрнэл” нэртэй хоёр дахь хэсэгт тэрбээр Өмнөд Африк дахь харгислалын эхлэлийг харуулж, үнэн хэрэгтээ Европын эзэрхэгчид (Англи, Франц, АНУ) хэр хэрдээ таарсан таар шуудайнууд гэдгийг ёгтолсон юм. 

Анхны романаас нь хойш 1999 онд хэвлэгдсэн “Ичгүүр” хүртэлх найман роман бол Ж.М.Күтсигийн уран бүтээлийн оргил. Бүүкэрийн шагналын тавиад жилийн түүхэнд гурван хүн л хоёр дахин хүртсэний нэг нь бидний танил Ж.М.Күтси. Тэр 1983 онд “Майкл К-гийн цаг хугацаа, амьдрал” романаараа, 1999 онд “Ичгүүр” бүтээлээрээ Бүүкэрийн шагналын шилдгээр шалгарч байв. Нөгөөдүүл нь Австралийн зохиолч Петр Грэй, Английн зохиолч Хилари Ментал нар. Мөн Надин Гордимерийг оруулаад Өмнөд Африкийн цагаан арьст зохиолчдоос Нобелийн шагнал хүртсэн хоёр дахь тохиолдол. Гэхдээ энэ хоёр зохиолч сэдвийн хувьд нэг зүг рүү харсан ч бичлэгийн арга барил, үзэл санаагаа илэрхийлэх аргачлал, туурвилын ёс дэгээрээ хоёр өөр үеийг төлөөлдөг. Тухайлбал, Надин Гордимер арьс өнгөөр ялгаварлах үзлийг бичлээ гэхэд баатрууд нь олны нүдэн дээр өнгөт арьстнуудыг доромжилж, харгислал үйлдэх бол харин Ж.М.Күтсигийн баатрууд ядаж л хүний нүднээс далд, тэднийг аятайхан аргалаад зарцалчихаа мэднэ. Тухайлбал, “Майкл К-гийн цаг хугацаа, амьдрал” романдаа колоничлол, дарангуйлал, эзэрхийлэл, арьс өнгөний үзэл гэх нийгмийн явцуурсан хандлага хүний оршихуйд хэрхэн нөлөөлж буйг өгүүлжээ. Бага насаа Кэйптаунд өнгөрүүлж, тэндээ цэцэрлэгчээр ажиллах болсон Майкл К гэгч ядуу эр иргэний дайны хөлд нэрвэгдсэн хотоо орхин, хөдөө баян айлын зарц хийж буй ээждээ очихоор явна. Учир нь эх нь хүнд өвдсөн тухай цахилгаан иржээ. Гэвч ээжийгээ аварч чадах нь бүү хэл өөрийнх нь ч амьдрал иргэний дайнаас болоод утга учиргүй болж эхэлдэг. Франц Кафкагийн “Шүүх” туужийн К шиг Ж.М.Күтсигийн Майкл К бол нийгмийн хүчний золиос болсон дүр. Энэ хоёр романы үйл явдал, утга агуулгыг жишсэн тохиолдол ч цөөнгүй. 

Дараагийнх нь Европын үзэл баримтлал, соёлын нөлөө Өмнөд Африкт хэрхэн биеллээ олж, түрж буй тухай өгүүлэх “Төмрийн эрин”. Романы зохиомж Кэйптаунд амьдардаг профессор эмэгтэй элэгний хорт хавдраар нас барахынхаа өмнө Америкт байгаа охиндоо бичсэн захидал хэлбэрээр бичигдсэн. Тэр амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл боолчлол, арьс өнгөөр ялгаварлах үзэлд тийм ч их анхаарал хандуулж байсангүй. Цагаан арьст эмэгтэйд тэгэх шаардлага байсангүй. Гэтэл амьдралынхаа төгсгөлд аймшигт харгислал, арьс өнгөөр ялгаварлах үзлийн гэрч болов. Профессорт цагаан арьстан болж төрсөн нь хэцүү санагдана. Эргэн тойрны өнгөт арьстнуудынхаа өмнө гэмших, цагаан арьстнуудыг үзэн ядах, тэдний өмнөөс ичих гэсэн хоёрдмол мэдрэмжээр хэрхэн шаналсан тухайгаа захидалдаа бичсэн байдаг. 

Күтси түрүү үеийн зохиолчдоос бэлгэдэл, ёгтлол, дүрүүдийнхээ сэтгэл санааны хямрал, гутрал, амьдралд нь гарч буй өөрчлөлтөөр Өмнөд Африкийн нийгмийг гоц гойд төлөөлүүлж дүрсэлдгээрээ ялгардаг. Бусад зохиолчдын үйл явдал, баатруудынхаа зовлон шаналлаар дамжуулан уншигчдад хүргэхийг хүсдэг мэдрэмжийг Күтси баатрууддаа үүрүүлээд орхидог. Баатрууд нь ичгүүр, гэмшил, айдас, шаналал гэсэн сэтгэл хөдлөлийг дээд цэгтээ хүртэл мэдэрч, тэр нь уншигчдад зугуухан халдварладаг гэхэд болно. Хүний дотоод мэдрэмжийг уншигчдад мэдрэгдэхүйц, бодит зүйл болгон урласан нь Күтсигийн уран зохиолын ертөнцөд авчирч үрслүүлсэн үр. 

Өөр нэг роман “Зэрлэгүүдийг хүлээхүй” нь Бүүкэр хүртсэн “Майкл К-гийн цаг хугацаа, амьдрал” юм уу, “Ичгүүр”-ийн дэргэд тийм ч алдартай биш. “Пингвин” хэвлэлийн газраас XX зууны агуу романы нэгээр тодруулж, өөрийг нь Марсел Прүст, Франц Кафка, Жэймс Жойс, Габриел Гарсиа Маркес мэтийн суутнуудтай зүйрлэснийг эс тооцвол шүүмжлэгчид ч төдийлөн дуугараагүй. Гэтэл Нобелийн хороо шагнал гардуулахдаа эл романыг нь онцолсон байдаг. 

Зохиолын нэр XX зууны Грекийн яруу найрагч Константинос Кавафисийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” шүлгээс гарвальтай. Тэрхүү шүлэгт зэрлэгүүдийн довтолгооноос айж сандарсан хотынхны дүр төрхийг, дээдэс ноёд нь дайлаар ирэгсдийг тосож авахаар хамаг гоёлоо өмсөн хүлээж буйгаар, ерөөсөө зэрлэгүүдийн өмнөөс ямар ч эсэргүүцэл үзүүлж үл чадах дүр төрхийг эмгэнэл, инээдмийн завсарт дүрсэлсэн байдаг. Өрнө дахинд зэрлэгүүдийн тоонд ихэнхдээ нүүдэлчин аймгуудыг, ялангуяа монгол гарвалийн нүүдэлчдийг багтаадаг байв. Хувьслын онолчдын тайлбараар бол нүүдэлчид иргэншлийн хамгийн доод хэлбэрт, зэрлэг бүдүүлэг хэвээрээ байгаа хэрэг. Тухайлбал, Монголчууд шүү дээ. Гэхдээ Күтси энэ үгээр эсрэг санааг илэрхийлэхийг эрмэлзжээ. Үнэндээ тэр зэрлэгүүдийг егөөдсөн биш соёл иргэншлийн үнэн төрхийг энэ үгээр илчилсэн билээ. Зохиол нэр нь үл мэдэгдэх өгүүлэгчтэй, аанай л нэр нь үл мэдэгдэх улсад үйл явдал нь өрнөнө. Гол дүрийн талаар уншигчид шүүгч гэдгээс өөр сэжим байхгүй. Иймэрхүү нууцлаг өгүүлэгч, нэр усгүй газар оронд үйл явдал нь өрнөх үзэгдэл Күтси зэрэг Африкийн орчин үеийн зохиолчдын бүтээлд элбэг. Зохиол нэргүй эзэнт гүрний шүүгч ажилтай нэгэн эр ажлаасаа залхаад буйгаар эхэлнэ. Үнэндээ тэр өөрийгөө хөгширч, энэ ажлын аяыг даахаа болилоо гэж үзнэ. Эртхэн л ажлаа өгөөд эртний хот суурины суурь, балгадыг судалдаг сонирхлоо үргэлжлүүлж, олсон эд өлгөө өөрийнхөөрөө судалж, тайлбарлаж суух сан гэж бодно. Энэ үеэр зэрлэгүүд улс руу нь довтлохоор зэхэж буй сураг ажиг баттай эсэхийг мэдүүлэхээр эзэнт гүрнээс нь томилсон хурандаа Жолл гэгч буйд нутагт нь ирнэ. 

Гэвч угийн харгис, увайгүй зантай Жолл шоронгийн хоригдлуудыг эрүүдэн шүүсээр хуурамч мэдүүлэг авч эхлэлээ. Тамлалтаас мултрахыг хүссэн хүмүүс зэрлэгүүд довтлох нь үнэн гэсэн худал мэдүүлэг өгнө. Удахгүй хил даван довтолгож олон уугуул омгийг эзэлснээс ганцхан охин амьд үлдэнэ. Охиныг шүүгчийн шийдвэрээр сулласны дараа гудамжинд гуйлга гуйхыг харсан шүүгч өөр дээрээ авахаар шийдэв. Гэрийн үйлчлэгчийн ажил хийж хэдэн жил болсны дараа эр эмийн дотно харилцаа руу гулсах нь тэр. Нөхцөл байдал бүр ч хүндэрч байгааг мэдсэн шүүгч охиныг омог руу нь буцаахаас аргагүйднэ. Гэтэл шүүгчийн ажлыг орлож асан офицер Мандил түүнийг урвасан, дайснуудтай хуйвалдсан хэрэгт гүтгэн байцааж хорино. Шүүгчийг удаан хугацаанд байцааж тамласны эцэст сулладаг. Энэ үед эзэнт гүрний зүгээс зэрлэгүүдийн эсрэг аян дайнаа эхлүүлэв. Гэвч энэ удаагийн дайн бүтэлгүйтлээр дуусжээ. Жоллоор ахлуулсан цэрэг элсэн цөлд төөрч, харангадан үхэж, дотоодын самуун эрх баригчдын эсрэг чиглэв. 

Күтси дүрүүдээ тийм ч идэвхтэй бус авч явдаг атлаа эгээ л бодит хүн шиг зан төрхийг нь тод томруун гаргадаг. Залхуу, империализмыг дэмжигч, хүүхэмсэг гээд шүүгч тийм ч ёс суртахуунтай нэгэн биш ч Жоллыг бодвол өрөвч нимгэн сэтгэлтэй нь зохиолын турш мэдрэгддэг. Гэхдээ түүний өрөвч сайхан сэтгэлтэн үү эсвээс дур хүслийнхээ цаламд тэлчлэгч үү гэдгийг ялган харахад бэрх. Харин Жоллын харалган зан, хэзээ ч үнэнийг олж харах чадваргүйг үргэлжийн шил зүүдгээр нь егөөдсөн байх жишээний.

Мөн Күтсигийн зохиолуудад бэлгэсийн явдлаас үүдсэн ичгүүрээр улс төрийн ичгүүрийг ёгтолсон тохиолдол цөөнгүй. “Ичгүүр” романдаа өсвөр насны охинтой бэлгийн харилцаанд орсон профессорын ичгүүрийг дүрсэлдэг. Тэрхүү ичгүүр цаагуураа улс төрийн улайдаггүй нүүр царайг ёгтолсон хэрэг. Бэлгийн дур хүслээ хазаарлаж чадахгүй байгаа шүүгч, хардалт, харгислалаа тогтоон барьж чадахгүй байгаа Жоллын дүр ч тухайн дэглэмээ давхар егөөднө. Уг зохиолын өөр нэг шугам нь иргэншсэн нийгэм болоод иргэншээгүй нийгмийн сөргөлдөөн. Месопотамын Шумерын соёл иргэншлээс эхлээд өнөөг хүртэл иргэншсэн нийгэм болон нүүдэлчид, уугуул иргэдийн дунд ямагт сөргөлдөөн байсаар ирэв. Ихэнх тохиолдолд өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьсан иргэншсэн нийгэм бусдыг нухчин дарж, буй бүхнийг булаасан түүхтэй. Хурандаа Жоллын зэрлэгүүд рүү довтолж буй шалтгаан нь ямар ч оргүй хоосон мэдүүлэг. Энэ бол АНУ мэтийн орчин үеийн хүчирхэг гүрнүүдийн бодож олдог шалтагтай адил. Англи, Францын Африк дахь эзэрхийлэл, Өмнөд Америкийн уугуул иргэдийг талхалсан, Вьетнамыг шатаасан явдал гэх мэт эзэрхэг колоничлолын сүүдэр нь энэхүү егөө утга. Романы төгсгөлд уншигч хэн нь соёлжсон, хэн нь зэрлэг болохыг олж харна. Бүх зүйл харагддаг шигээ байдаггүйг ч ухаарах биз. 

Бидний ярих ёстой сүүлийн бүтээл бол 2007 онд хэвлүүлсэн “Дотоод ажлууд: Уран зохиолын эсээ”. Уг номд орсон зохиолчдыг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж болно. Эхний хэсэгт XIX зууны сүүлээр дайны хүнд он жилүүдэд өсөж өндийсөн зохиолчид болох Италийн Итало Свево, Германы Роберт Уолсер, Австрийн Роберт Мюзил, Польшийн Бруно Шульц, Унгарын Сандор Марай мэтийн эрсийг багтааж болно. Тэд хөрөнгөтний нийгмийн хавчлага, дайны талбарын тоос шороо, цусан дундаас зохиол бүтээлээрээ гэрэл гэгээ гаргасан юм. Хоёр дахь хэсэг нь, XX зууны хямралын горыг амсагсад, Хоёрдугаар дайны үеийн хүнд дурсамжаас сэжүүр авсан зохиолуудаараа үндэстэн туулсан эмгэнэлээ ямар хурдан мартдагийг шүүмжилсэн Поль Целан, Гүнтэр Грасс, Винфрид Георг Зебальд, Хюго Клаус мэтийн зохиолчид, дээр нь Күтсигийн хүндлэн биширдэг Грэм Грийн, Самуэл Бэккэт, Уолт Уитмен нар багтсан. Гурав дахь хэсэг нь Нобелийн шагналт, дэлхий дахинд танигдсан Габриел Гарсиа Маркес, Надин Гордимер, Видиадхар Суражпрасад Найпол зэргээр сонгожээ. 

Дээрх ном бол таны гартаа барьж буй ном бүтэж бүрэлдэхийн амин сүнс нь болсон бүтээл. Эхэндээ сэтгүүлд илгээж байсан, энд тэнд бичиж байсан уран зохиолын тухай бичвэрүүд маань Күтсигийн энэ номоос болж бие даасан ном болох талдаа шуударсан билээ. Мөн уран зохиолын эсээ гэх төрөл зүйлийг ойлгоё гэвэл энэ номыг, дээр нь Х.Л.Борхесын “Баримтат зохиолуудын түүвэр” шүүмж, уран зохиолын эсээнүүдийг унших хэрэгтэй.

 Өдгөө 77 настай зохиолч Австрийн өмнөд хэсэгт амьдарч буй. Амьдралынхаа төгсгөлийг архигүй, тамхигүй, бүр мах ч идэхгүйгээр нямба сахиж өнгөрүүлэхээр шийдсэн тэрбээр 2002 оноос Австралид суурьшиж, 2006 онд иргэншил авсан. Амьтдын эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, романууддаа ч тэр санаагаа хүчтэй тусгадаг Күтси орчин үеийн техникжсэн фермерийн аж ахуйг эсэргүүцдэг хүний нэг. Түүнийхээр энэ бол хүн төрөлхтөн ичихээ байсны хамгийн том илрэл.

"Цаг хугацаа хэлнэ" номоос 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.