UBLife Logo
Кино

Өсвөр насныхан болон эцэг эхчүүдийн заавал үзэх хэрэгтэй 12 кино

Өсвөр насныхан болон эцэг эхчүүдийн заавал үзэх хэрэгтэй 12 кино

Энэ удаа та бүхэндээ хүүхэд залуус болон эцэг эхчүүдийн заавал үзэх хэрэгтэй цуврал киног санал болгож байна. Өсвөр насанд тохиолдож болох зүйлсийн талаар энэ кинонуудад гаргах ба ямар нэгэн зүйл ойлгож авах, хүүхдээ, эцэг эхээ, өөрсдийгөө илүү ойлгох боломж олгох болно.


1. Perks of Being a Wallflower (2012)

Өсвөр насны, тэгээд үг дуу цөөтэй нэгэн байна гэдэг үнэндээ хэцүү. Амьдралд найз нөхөд, гэр бүл, бидний уулзан учирч буй бүх хүн өнгө нэмж, заримдаа асуудал учруулж, мартагдашгүй шарх үлдээж, мөн хайраар дүүргэж, амьдралыг жинхэнэ "амьдрал" болгодог. Энэ киноноос та өнгөрснөө мартаж үл чадах, бусдаас онцгой нэгэн хүү хэрхэн цоо шинэ ертөнцөд хөл тавьж байгааг үзээрэй.

2. Sex Education (2019-)

"Netflix"-ийн алдартай цувралуудын нэг болох "Sex Education" гарсан даруйдаа л шуугиан тарьж, өсвөр насныхан болон залуусын дуртай цуврал болж чадсан. Энэ цувралаас та өөр өөр төрлийн, өөр өөр асуудалтай тулгарах олон хүний түүхийг үзэж болох ба анги болгон дээр бидний урд тулгардаг асуудлуудын зах зухаас дурдаж, түүнийг шийдэхийг, ойлгуулахыг оролдсон байгаа. Өсвөр насныхан бэлгийн боловсрол ямар чухал болохыг, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, мөн өөрийгөө яаж танин мэдэж болохыг үзээрэй. Гуравдугаар бүлгийн зураг авалт тун удахгүй эхлэх сурагтай байсан шүү.

3. Easy A (2011)

Энэ кинон дээр гардаг эцэг эх бол хүмүүсийн нэрлэдгээр жинхэнэ "күүл" юм. Хүүхэдтэйгээ нээлттэй харилцаатай байх, бие даасна хувь хүн болгож өсгөнө гэдэг үнэхээр хэцүү. Гол дүрийн охин найздаа өөрөөсөө ах хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэж худлаа ярьж байх үед өөр хүмүүс сонсож, тэр яриа сургууль даяар тарах болно. Үүнд охин яаж хариу үйлдэл үзүүлэх бол?

4. Dead Poets Society (1989)

Хамгийн хайртай кинонуудынхаа нэгийг та бүхэнд санал болгож байна. Энэ амьдралын утга учир гэж юу болох, урлаг, хүсэл тэмүүлэл бидний амьдралыг ямар гайхалтай болгож өгдөгийг та шууд анзаарна. Энэхүү кинонд гарах сургуулийн багш сурагчдаа нэгэн хэвийн байдлаа эвдэж, эрх чөлөөтэй, өөрсдийнхөөрөө сэтгэхийг ойлгуулна. Тэр хэчнээн сурагчийн амьдралыг, үзэл бодлыг өөрчилж чадах бол? Үзэх тусам улам татагдах, бас хөнгөн гуниг үлдээх гайхалтай бүтээл.

5. Lady Bird (2017)

Шүрэн цох хочит Кристин МакПерсон адал явдал, боломжийн эрэлд хатах авч түүний Сакраменто ахлах сургуульд аль ч нь байхгүй. Ийнхүү тэрээр аялалд гарах агаад өөрийн анхны хайртай учрах ч түүний амьдралын хамгийн чухал үйл явдал нь коллежид элсэх тухай байлаа.

6. Euphoria (2019)

Өнөөгийн өсвөр нансы хүүхдүүдийн амьдралдаа туулж буй бүхнийг харуулахаар зорьсон цуврал. Үүнд өсвөр үеийнхнийг тойрон эргэлдэх мансууруулах бодис, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, бусдыг дээрэлхэх үзэгдэл, хүчирхийлэл, бэлгийн замбараагүй харилцаа, сошиал медиад автах зэрэг багтах бөгөөд үзсэн хүмүүст нэгийг бодогдуулах болно.

7. Eighth Grade (2018)

Наймдугаар ангийн энгийн нэгэн сурагч охин Каяла үнэхээр дотогшоогоо, интроверт нэгэн боловч сошиал медиад хэрхэн идэвхтэй байж, өөрийгөө нээн харуулах тухай бичлэгүүд хийдэг нэгэн. Гэвч тун удалгүй тэр өөрөөсөө тэс ондоо хүн байхыг хичээгээд байгаагаа ойлгох болно. 

8. The Florida Project (2017)

Дэн буудалд өрөө хөлслөн амьдардаг маш олон хүн байдаг. Энэ кинонд тэдний төлөөллөөс харуулах бөгөөд тэр тусмаа жаахан хүүхдүүдийн өнцгөөс та амьдралыг нь тольдох болно. Тэднийг тус буудлын сайхан сэтгэлт менежер тойрон хүрээлэх муу муухай бүхнээс хамгаалж, тус болохыг хичээнэ.

9. Boyhood (2014)

Энэ киног бүтэн 12 жилийн хугацаанд хийсэн байдаг. 2002 онд 6 настай байсан Мэйсон гэх хүү үзэгчдийн нүдэн дээр өсч насанд хүрэх бөгөөд энэ хооронд хүүгийн туулах амьдрал тус бүтээлийг "амьд" болгож өгсөн юм. Эцэг эх нь салж, тус тусын амьдралыг хөөх бөгөөд хүү цоо шинэ амьдрал, гэр бүл, сонирхол, найз нөхөд, хайр дурлалтай учирна.

10. Love, Simon (2018)

Өөрийн бэлгийн чиг хандлагыг гэр бүлийнхнээсээ нууцалдаг өсвөр насны хүүг гэнэт хэн нэгэн дарамталж, үүнийг нь бусдад дэлгэнэ хэмээн сүрдүүлж эхэлдэг. Харин хүү өөрийн хэн гэдэгтээ үнэнч байж, түүнийгээ хүлээн зөвшөөрч, бусадтай ойлголцож чадах болов уу?

11. We Bought A Zoo (2011)

Эхнэрээ алдсаны дараа хоёр хүүхэдтэйгээ үлдсэн залуу тэднийгээ аваад өөр газар амьдрахаар шийднэ. Гэхдээ тэдний авсан газар нь эзэнгүй хоцорсон амьтны хүрээлэн юм. Хүүхдүүдийн үл ойлголцол, шинэ бүхэнд дасан зохицох гэж хичээх зүтгэл, бүхнийг жинхэнэ утгаар нь эхнээс нь эхлэх үүрэг хариуцлага, гэр бүлийн хайр гээд маш олон зүйлийг энэ киноноос мэдэрч болно. 

12. My Brilliant Life (2014)

Солонгосын кино бүтээлээс мөн оруулахгүй бол болохгүй. "Peninsula" киногоор сүүлийн үед дэлхий дахин танигдаад буй жүжигчин Кан Дон Уан энэ киноны гол дүрийг бүтээсэн юм. Залуухан эцэг эх хэдий ч тэдний хүүхэд маш хурдан хөгширдөг тун ховор төрлийн өвчтэй болж таардаг. Гэвч энэ бүхний эсрэг гэр бүл хэрхэн тэмцэх бол? Эцэг эх ямар ч үед хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийж, ард нь зогсож, түшиж чаддагийг энэ киногоор харуулах болно. Сэтгэл хөдлөлийн галт тэргэнд суухдаа бэлдээрэй!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
6
3
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.