Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Утга зохиолын Нобелийн шагналт Луйс Глюкийн тухай 10 баримт


1

Нобелийн хорооноос тухайн зохиолчийн утга зохиолын ертөнцөд ямар хувь нэмэр, ямар шинэ дуу хоолой болсныг тодорхойлдог. Тэгвэл Америкийн яруу найрагч Луйс Глюкийг “Яруу найрагчийн хувь оршихуйг олонд хүргэсэн эгэл бөгөөд зоримог, шулуун яруу найргийн илэрхийллийг үнэлж” энэхүү шагналыг өглөө хэмээн тодотгожээ.

2

Шинэ нобельтон Луйс Глюк нь Нью-Йорк хотод төрсөн. Өдгөө 77 настай. Пулитцерийн шагнал, Үндэсний номын шагнал, Үндэсний шүүмжлэгчдийн дугуйлангийн шагнал, Боллингений шагнал хүртсэн Америкийн нэртэй яруу найрагч. 

3

Өсвөр насандаа хоолны дуршилгүй болох ужигт автаж, өвчнөө даван туулжээ. Сара Лоуренсийн коллеж, Колумбийн их сургуульд суралцсан ч зэрэг авалгүй орхисон байна. 

4

1901 оноос Утга зохиолын салбарт Нобелийн шагнал гардуулж эхэлснээс хойш Глюкийн хувьд 15 дахь эмэгтэй зохиолч болж байна.  

5

Анхны түүвэр нь 1968 онд “Firstborn” нэрээр хэвлэгджээ. Тэрбээр 12 яруу найргийн түүвэр, хэд хэдэн эсээ, баримтат ном хэвлүүлжээ. 

6

Глюкийн шагналыг 1,125,000 доллар дагалдана. 

7

АНУ-ын яруу найрагч Роберт Пинский түүнийг Нобелийн шагнал хүртсэн мэдээг сонсоод “Заримдаа дэлхий ертөнц алив зүйлийг зөв тийш залдаг. Энэ нь алдаа биш гэдэгт найдах хэрэгтэй. Удахгүй түүний гайхалтай шинэ бүтээлийг уншина гэж итгэж байна” гэжээ. 

8

Глюк 2012 онд өгсөн ярилцлагадаа “Би багаасаа л бичиж эхэлсэн. Аав маань шүлэг бичдэг байлаа. Тиймээс ном унших, шүлэг бичих миний хувьд хүүхэд наснаас эхэлсэн. Хүүхэд байхдаа шүлгүүдээ сэтгүүлд хэвлүүлж байлаа” хэмээн дурджээ.  

9

Өдгөө тэрбээр Йелийн их сургуулийн утга зохиолын хөтөлбөрийн туслах профессороор ажиллаж байна. 

10

Түүний шүлгүүдийг монгол хэлнээ яруу найрагч Г.Аюурзана орчуулан “Дэлхийн  сонгомол яруу найраг” түүвэрт хэвлэжээ. 


АРГАА БАРСАН ЗӨГНӨЛ

Өөрт чинь нэгэн үнэнийг хэлье: 

өдөр бүр л хүмүүс үхдэг. Үхэл бол ердөө л эхлэл нь.

Өрх гэрийг уй гашуу нэрмэж, бэлэвсэн эхнэрүүд, 

өнчин хүүхдүүд шинээр төрдөг. Тэд гараа эвхэн суугаад,

өнөөдрөөс цаашхи энэ амьдралаа төсөөлөхийг оролддог.

Оршуулгын газарт зарим нь анх удаагаа л ирж буй нь энэ.

Орь дуу тавьчих вий, эсвэл уйлахгүй байх вий гэж айна.

Хэн нэгэн нь бэлэвсэн эхнэр рүү бөхийгөөд, 

хэрхэх ёстойг шивнэнэ, тэр нь цөөвтөр үг хэлэх ч юм уу,

хэдэн мөчийн турш онгорхой буй булшны нүх рүү

хэсэгхэн шороо яаж ийгээд цацах ажил байна.

Ингээд, цөмөөрөө гэр рүү нь явцгаана,

гэр нь гэнэтхэн л зочдоор пиг дүүрчихнэ.

Эзэгтэй буйдан дээр намбатайхан суугаад,

гэм хийсэн мэт чимээгүй дөхөгсдийг хүлээнэ,

зарим нь гараас нь барьж, зарим нь түүнийг тэвэрнэ.

Бараг л хүн бүхэнд таарах үгийг олоод хэлчихнэ,

Баярлалаа, ирсэнд баярлалаа ч гэдэг юм уу.

Дотроо бол тэднийг бушуухан яваасай гэж бодно.

Дорхноо гараад оршуулгын газар тийш гүйхийг хүснэ,

цаашлаад эмнэлэг рүү, хэвтэж байсан тасаг руу нь.

Боломжгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэлээ ч энэ бол 

цагийг буцаах хүсэл, сүүлчийн горь найдвар нь.

Ахиад жаахан л цаашилбал тэдний гэрлэлт рүү очно,

анхны үнсэлт нь одоо тийм ч хол биш байна.

1990. ( Орчуулсан Г.Аюурзана) 



холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Санал болгох: Монголын онцлох таван дурсамж ном
2
4 өдрийн өмнө
Г.Ням-Очир: Ойрын үед “гал тогоо” маш халуун болсныг ухамсарлаж байна
3
2020.11.05
Үсэгнээс үүдсэн “зодоон”
санал болгох
1
21 цагийн өмнө
Камер, тандалт, коронавирусээс сэргийлдэг "шүүлтүүртэй" баг
2
22 цагийн өмнө
Халдвараас сэргийлэх, шуурхай мэдээлэл өгөх цахим системийг нэвтрүүлэв
3
23 цагийн өмнө
"Ghibli"-гийн CGI ашигласан "Earwig and the Witch" анимейшны трейлер гарлаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0