Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өөхний хувиа багасгах практик 5 санаа


Ямар нэг үр дүнд түргэн, дөт хүргэх аргад бид үргэлж хорхойсдог. Заримдаа бүр өөрийн мэдэлгүй хар зөнгөөрөө эрэлхийлсэн байх нь ч бий. АНУ-ийн дасгал хөдөлгөөний хоёр дахь том институдэд суралцснаас хойш би бээр хурдан биш илүү урт хугацааны үр нөлөөнд төвлөрөхийг өөртөө сануулах болсон. Гол сэдэв рүүгээ оръё.

Мэргэжилтнүүд илүүдэл жинг сард 900 грамаас 2 кг хүртэл хасах нь хамгийн бодитой агаад урт хугацаандаа үр дүнтэй гэж үздэг.

Дараах зөвлөгөө нэг талаар таныг огт тайван суулгахгүй шинжийн боловч цагийн уртад сэтгэл хангалуун, эрүүл амьдрахын тулд магад та илүүдэл өөхөө хангалттай үзэн ядах хэрэгтэй болох байх.

Ингээд өөрийн өөхөө тохирох хэмжээнд хадгалдаг хамгийн энгийн жороосоо хуваалцъя.


  Өдрийн цайныхаа дараа алхах

Өмнөх нийтлэлээрээ алхаагаа өдөр тутамд хэмжиж, түүнийгээ боломжийн хэрээр нэмж чадвал өөхөө шатаах хамгийн эхний алхам болох талаар бичсэн. Өдрийн цайгаа уучихаад шуудхан хувцаслан алхах дадлыг бий болгох гээд үз. Сайхан хөгжим сонс. Алхаж хүрэх тодорхой цэгийг өөртөө бий болго. Эсвэл төлөвлөсөн уулзалтаа цайны цагийн дараа байлгаж тухайн газар луугаа алхаж очихоор тооцоол. Энэ нь танд ганц өөхөө шатаах аргачлал төдийгүй хийж буй ажлуудынхаа талаар тунгааж, шинэ санаа олох нэгээхэн боломжийг олгоно гэдэгт эргэлзэхгүй байна.


Гэртээ хооллосныхоо дараа удаан суухаас зайлсхийх

Бид гэртээ, түүн дундаа оройн хоолоо идсэнийхээ дараа шуудхан амралтын горим луу шилжих хандлагатай түгээмэл. Буйдан дээрээ суулгүй аяга тавгаа угаах нь таны хоолны шингэцэд эерэгээр нөлөөлж болох хамгийн энгийн арга юм.


  Мацаг барих

Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн яриаг би аль болох олон талаас харж, сайн саар өнцгийг нь дэнсэлж сонсохыг оролддог. Үүний учир нь жингээ хаях хүсэл сонирхолтой хүмүүсийг тойрсон маш олон бизнес хөгжилж цэцэглэж байдгийг та ч андахгүй байх. Тэдгээр яриан дундаас мацаг барилтыг эртнээс хүний биед тустай болох талаар олж мэдсэн юм.

Мацаг нь хүний биеийн бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа, цусны сахарын хэмжээ зэрэгт эерэгээр нөлөөлөх гэх мэтээр эрүүл мэндэд олон талын ач тустай. Долоо хоногт нэг, эсвэл сардаа хоёр удаа мацаг барих гэх мэт олон аргачлал бий ба өөрт хамгийн амраар туршаад үз. Хувьдаа би 8/16 (8 цаг идэж, 16 цаг мацаглах) буюу өдрийн 4 цагт хооллоод, маргааш өглөө 8 цаг хүртэл барих аргыг хэрэгжүүлэхэд маш хялбар байдаг.

Өөр нэг санааг тэмдэглэхэд жингээ, эсвэл булчингаа нэмэх гэж оролдож байгаа хүмүүст ч энэ сэдэв хамаатай. Яагаад гэвэл мацаг нь хүний биеийн тестостероныг дэмжих шалгарсан аргуудын нэг билээ.


                                                                                  Гэрийн ажил хийх

Гэрээ цэвэрлэх нь өөхөө хайлуулах тохиромжтой кардио дасгалуудын нэг гэж хэлж болно. Үүний эрчмийн талаар ч өмнө нь дурдсан. Түүн дундаа тоос соруулах, шалаа шүүрдэх, шалаа мөлхөж угаах зэрэг нь аэробик төрлийн ачааллыг таны зүрх судаст өгч байдаг. Ямар нэгэн нэвтрүүлэг эсвэл хөгжим сонсоод гэрээ цэвэрлэх нь лав надад бодол санаагаа цэгцлэх боломжийг олгодог.


                                                                               Хоолоо өөрөө бэлдэх

Олон хүмүүсийн турах зорилгодоо хүрдэггүйн гол шалтгаан бол хоолоо бэлдэж чаддаггүй явдал. Ялангуяа гэр бүлтэй хүмүүсийн хувьд нөхрөөсөө, эсвэл эхнэрээсээ өөр хоол бэлдэж явна гэдэг бөөн ажил. Миний клиэнтүүд дунд ч ийм зүйлтэй тулгардагууд нь бий. Тэгээд ч сайн ресторан л биш бол хоолны газруудад хэрэглэж байгаа бүтээгдэхүүний жагсаалтыг та тэр болгон асуугаад байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр турахыг үнэхээр хүсч байгаа бол хоолоо төлөвлөж, хоолныхоо материалыг цаг гарган цуглуулж, хийж дад. Зорилгоо та хүрч болохуйц үр дүнгээр тавь. Жишээ нь 1 сарын дараа би 1–2 кг турсан байх. Ингэх нь таныг урам хугаралтаас хамгаална. Зорилгоо тодорхойлсон бол хамгийн түрүүнд хоолоо бэлдэхээс эхэл. Үр дүнгээ ч өгнө.

Орой унтахаасаа өмнө суусан болон алхсан хугацаагаа, мөн идсэнээ зүйлээ шатаасантайгаа бага ч болов харьцуулан тунгаах гээд үзээрэй.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2020.05.01
Биеийн позод нөлөөлөх 6 зуршил
2
2020.04.28
Эрүүл мэндээ “манахад” туслах мэдүүштэй 3 зүйл
3
2020.04.21
Гүйлтийн тухай ярилцъя
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.