Урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг, түүний эхнэр Д.Үүрийнтуяа нарын хамтарсан УУСАЛ, ҮЛ УУСЛЫН ЗААГ нэртэй үзэсгэлэн 976 галерейд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнгийн анхаарал татсан нэгэн сонирхолтой зүйл гэвэл нэг гэр бүлийн 2 уран бүтээлч маань нэг зотон дээр зарим бүтээлүүдээ хамтран туурвижээ. Тэд энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан нэг гэр бүлийн уран бүтээлчид, бүтээл туурвих арга барил болон үзэл бодол, харах өнцгийн хувьд хэрхэн бие биедээ нөлөөлж, уусдаг, энэхүү уусалд хязгаар байх эсэх талаар уран бүтээлчдийн дунд байнгын яриа болж байдаг сэдвийг хөндөн өөрсдийн жишээн дээр тулгуурлан харуулжээ. Гэхдээ тэд төгс хариултыг эрж хайсангүй, харин энэхүү сонирхолтой процессын тухай яриа өрнүүлэхээр шийдсэн гэнэ.
М.Батзориг “Үнэндээ бид бие биенийхээ барилд уусах хэм хэмжээг ухамсраараа хянахыг оролдсоор ирсэн. Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд бидний бүтээлчийнхээ хувьд олсон ололт, гээсэн зүйлс маань явж явж гаднаас нь ялган харах боломжгүй тийм нарийн ууслууд л байв.” гэж үзэсгэлэнгийн тайлбар дээр бичжээ. Цаг хугацаа болоод арга техникийн сүлээн ч тэдний хувьд уусал, мөн эс уусал аж. Урлаг судлаач, чөлөөт уран бүтээлч М.Батзориг 2001 онд ДУДС-ийг дүүргээд хоёр жилийн дараа СУИС-д магистрын цол хамгаалжээ.
Тэрбээр Монголын уран зургийн галерейн Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Төсөөллөөс Бүтээл Хүртэл”, “Тархин Дахь Утаа” төслүүд, МУЭ хорооны уламжлалт үзэсгэлэнгүүд, Хонконгийн Шони галерейн “Хотын Хүүрнэлүүд”, “Орчин Үеийн Монгол” үзэсгэлэн, Японы Фүкүокагийн Азийн орчин үеийн урлагийн XIX наадамд оролцсон туршлагатай. М.Батзориг нь уран бүтээлч Б.Лхамжавын “Хориотой”, Д.Үүрийнтуяагийн “Хадгалагдах”, мөн “Тархин дахь утаа”, “Төслөөс бүтээл хүртэл”, “Ф.акт” зэрэг хамтарсан үзэсгэлэнгүүдийн куратороор ажиллаж, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны урилгаар 2017 оны Венецийн дүрслэх урлагийн биенналийг сурвалжлан 4 цуврал нийтлэл бичиж нийтлүүлж байв.
Уран бүтээлч Д.Үүрийнтуяа нь 2002 онд ДУДС-ын монгол зургийн ангийг баклаврын зэрэгтэй төгссөн. Тэрээр олон орны урлаг судлаачдын анхаарлыг татсаар ирсэн, олон улсад нэрээ гаргаж яваа цөөхөн монгол уран бүтээлчдийн нэг юм. Түүний бүтээлүүд эх орондоо болон Герман, АНУ, Япон, Хятад, Украйн, Гонг Конг, Англи, Австралийн нэр хүндтэй музей, галерейд дэлгэгдэж байв. Тэрээр Фукуокогийн Азийн урлагийн музейгээс хэвлэн гаргадаг “Азийн шилдэг 100 эмэгтэй уран бүтээлч” хэмээх номонд 2 удаа бичигдэж, “Баялагт хүрэх зам” бүтээл нь Австралийн Куйнслэндийн орчин үеийн урлагийн музейгээс зохион байгуулдаг Ази номхон далайн 8-р триенналийн нүүр болон цахим хуудаснаа тавигдаж байсан.
Түүнчлэн Украйны Арсенал биенналь (2012), Шанхайн 9-р биенналь (2012), Бээжин биеннальд (2008) уригдан оролцож байв. Үүрийнтуяа нь Монголын Үндэсний Орчин Үеийн Галерейгаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн 2013, 2015 оны тэргүүн шагналт уран бүтээлч юм.
Тус үзэсгэлэн 2019 оны 12-р сарын 6 хүртэл үргэлжилнэ.