Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Виртуал инфлюенсерүүдийн эрин үе айсуй


Сошиал нөлөөлөгчдөд суурилсан дижитал маркетинг сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Гэлээ ч энэ чиг хандлага олон жил үргэлжлэхгүй бололтой. Учир нь тэдний орон зайг виртуал дүрүүд буюу инфлюенсерүүд хэдийн эзэлж эхлээд байна. Зохиомол дүрүүд ийн бодит хүмүүсийн орон зайг эзлэх болсон шалтгаан, энэ нь маркетингийн салбарыг чухам хаашаа хөтлөх талаар мэргэжилтнүүд дараах тайлбарыг өгчээ. 

Реалити шоуны одоос сошиал нөлөөлөгчид хүртэл

1990-ээд оны сүүл 2000-аад оны эхээр телевизийн салбарт реалити шоу тэсрэлт болж байв. Дэлхий нийтийг Big Brother, The X Factor зэрэг шоу байлдан дагуулж байсан бол Монголд Миний гэр, Амьдрал өөрөө сак, 72 цаг гэх мэт анхны реалити шоунууд цацагдаж байсныг уншигчид санаж байгаа биз ээ. Энэ төрлийн контент хөшигний цаана өрнөх үйл явдлуудыг ил тодоор харуулж, хүмүүсээс нууцлахыг хүсдэг бүхнийг ил гаргаж тавьдгаараа үзэгчдийн сонирхлыг татаж чаддаг. Харин интернэт, сошиал платформ нэвтэрснээр хүссэн хүн бүр өөрийн "реалити шоу"-г хүргэх боломжтой болж, өдгөө сошиал нөлөөлөгч гэгдэх болсон сошиал медиагийн одууд төрөн гарсан билээ. Дагагч, фэнүүдээ татах арга, оруулж буй контентоос хамаарч эдгээр нөлөөлөгчдийг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж болно. 

Нэгд, дагагчиддаа урам зориг өгч, мотиваци болдог сошиал нөлөөлөгчид түгээмэл бий. Тэд тансаг машин унаж, дээд зэрэглэлийн үдэшлэг цэнгүүнд уригдаж, брэндийн хувцсаар гангарч харагдах бөгөөд энэ нь тэдний бодит амьдрал мөн эсэхийг хэлэхэд бэрх ч дагагчиддаа амьдралын сайн сайхан талыг харуулахыг хичээдэг. Гол нь эдгээр нөлөөлөгчид, "Чи ч бас ийм хэв маягаар амьдарч чадна" гэх итгэл үнэмшлийг өгөх замаар фэнүүдээ өөртөө татаж, хадгалж чаддаг байна. Энэ ангилалд, Ким Кардашьяний эгч, дүүсээс эхлээд алдартай загвар өмсөгчид, аяллын влогчид багтана.

Хоёрдугаар ангилалд багтах нөлөөлөгчид хүмүүст таалагддаг тодорхой харизматай, илүү итгэл үнэмшил төрүүлж чадахуйц хүмүүс юм. Тэд хүмүүсийг хандлага, сонирхол, итгэл үнэмшлээр нь нэгтгэж, дотно бүлэг үүсгэж чаддагаараа онцлог. Эгэл даруу байж, амьдралаа төгс гэж харуулахыг хичээдэггүй нь тэднийг нэгдүгээр ангиллын нөлөөлөгчдөөс ялгадаг бөгөөд энэ ч тэдний алдарших шалтгаан болдог гэнэ. Тухайлбал, гэр бүлээрээ влог хийж хүмүүст танигдсан зарим монгол хос энэ ангилалд багтах бөгөөд дагагчид нь тэднийг хэдийн гэр бүлийн гишүүн мэт дотно хүлээж авдаг, тэр бүү хэл фэнүүд нь сайн дураараа фэйсбүүк групп хүртэл үүсгэж, хоорондоо тэдэнтэй холбоотой зүйлсийг хуваалцах аж. 

Харин брэндүүд, бүтээгдэхүүнээ таниулахыг хүссэн компаниуд аль алинаар нь дамжуулж маркетингаа хийхийг эрмэлздэг. 2018 онд л гэхэд дэлхий нийтээр нөлөөлөгчийн маркетингт 5 тэрбум долларыг зарцуулсан гэх тооцоо гарсан ба ойрын хэдэн жилд энэ арга барилаа хадгалах хандлагатай байна. БНХАУ-д ирээдүйтэй нөлөөлөгчдийг эртнээс сонгон шалгаруулж, хөгжүүлдэг компаниуд хүчээ авч байгаа нь үүний нэг илрэл юм. 

Виртуал нөлөөлөгчид сая сая долларын орлого олж байна

Хүмүүс дагаж, өдөр бүр постыг нь харж суудаг сошиал нөлөөлөгчид хэдий атаархам сайхан амьдралтай мэт санагдавч үнэн хэрэгтээ, амжилтаа хадгалахын тулд ихээхэн хүчин чармайлт гарган пост бүрээ болгоомжтойгоор төлөвлөж оруулдаг гэх. Учир нь, тэд нэг л дуулиан шуугианд холбогдвол, хувийн амьдралынх нь таагүй үнэн дэлгэгдвэл зах зээлээс арчигдах эрсдэлтэй байдаг. Тухайн сошиал нөлөөлөгч фэнүүдийнхээ итгэлийг алдаж эхэлмэгц компаниуд гэрээгээ цуцалж, дараагийн боломжит нөлөөлөгчөө хайж эхэлдэг нь энэ зах зээл хэчнээн их өрсөлдөөнтэй, өршөөлгүй салбар болохыг гэрчилнэ. 

Иймэрхүү эрсдэл байнга гардаг учраас хоосон орон зайг нөхөх шинэ тоглогчид гарч ирсэн нь виртуал нөлөөлөгчид юм. Агентлагууд сүүлийн жилүүдэд жинхэнэ хүнээс үл ялгагдах төрхтэй дүрүүдийг зохиож эхлээд байна. Виртуал нөлөөлөгчдийг бүтээсэн анхдагч компаниудын нэг бол Лос-Анжелест хотод төвтэй Бруд агентлаг билээ. Тэдний бүтээсэн нөлөөлөгчид Инстаграм, YouTube болон бусад платформуудад ихээхэн танигджээ. Гурван жилийн өмнө бүтээсэн Лил Микуэла хэмээх өсвөр насны загвар өмсөгч, виртуал нөлөөлөгч хэдийн 1.6 сая дагагчтай болж, томоохон загварын сэтгүүл, тансаг брэндүүдийн анхаарлыг татаж амжжээ. Бруд агентлаг өнгөрсөн хугацаанд 6 сая долларын хөрөнгө оруулалт босгож, Лил Микуэла өдгөө 125 сая доллараар үнэлэгдэж байна. 

Лил Микуэла тэргүүтэй Бруд агентлагийн бүтээсэн виртуал нөлөөлөгчид ердөө л загварын салбарыг сонирхогчид бол зарим агентлаг мэргэжлийн загвар өмсөгчдийг бүтээж, жинхэнэ хүнтэй адил брэндүүдтэй гэрээ байгуулан ажилладаг болжээ. Тэдний зарим нь бүхэлдээ компьютер графикийн тусламжтайгаар бүтсэн байдаг бол зарим нь загвар өмсөгчдөөс санаа авч, компьютер графикаар сайжруулсан хувилбар болгон бүтээдэг байна. Гэсэн ч аль аль нь бодит амьдрал дээрх загварын ертөнцийн одуудаас ялгагдахааргүй харагдах аж. Ялангуяа Япон улсад энэ төрлийн бизнес улам бүр түгээмэл болж байгаа бөгөөд виртуал нөлөөлөгчдийг хүнтэй адилхан харагдуулахыг зорьдог барууны агентлагуудаас ялгарч, нөлөөлөгчдийг аниме хэлбэрээр бүтээж байна. 

Хамгийн сонирхолтой нь, Лил Микуэла, Японы Имма зэрэг виртуал нөлөөлөгчдийн оруулсан пост нь ижил тооны дагагчтай сошиал нөлөөлөгчдөөс (бодит хүн) илүү их хандалт авч байгаа юм. Тухайлбал, Лил Микуэлагийн нэг пост ойролцоогоор 47,000 лайк цуглуулдаг аж. 

Виртуал нөлөөлөгчдийн амьдрал яг л Солонгос драма шиг байдаг 

Компьютер графикийн тусламжтайгаар бүтсэн виртуал нөлөөлөгчид зөвхөн селфи зургаа оруулж, алдартай брэндүүдийн хувцсыг өмсөж зургаа даруулдаг гэж бодож байна уу? Үгүй. Тэд жирийн хүмүүсээс дутахааргүй адал явдалтай амьдардаг. Учир нь эдгээр виртуал нөлөөлөгчдийг бүтээгчид фэнүүдийнх нь сонирхлыг бууруулахгүйн тулд олон сонирхолтой зүйлс бодож олдог байна. 

Бодит амьдрал дээр алдартнууд, сошиал нөлөөлөгчдийн хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа нь бизнест тийм ч таатайгаар нөлөөлдөггүй. Элдэв хэл амд өртөж, хосын влог хийдэг байсан хоёр салахад л тэдэнтэй хамтарч бизнесээ сурталчилж байсан брэндүүд зайгаа барьж эхэлдэг. Тэгвэл виртуал нөлөөлөгчдийн хувьд энэ нь харин ч таатай арга юм. Учир нь тэдний хэн нь ч жинхэнэ хүн биш учраас дагагчид нь үүнийг кино үзэж буй мэт л хүлээж авдаг байна. Жишээ нь, Бруд агентлагийн бүтээсэн виртуал нөлөөлөгчдийн дунд хэд хэдэн сенсаци дэгдэж байжээ. Нэг хэсэг, Трампыг дэмждэг Бермуда гэх виртуал нөлөөлөгч Лил Микуэлагийн аккаунтыг хакердсан гэх дуулианд өртөж байв. Бермуда өмнө нь Blawko22 гэх виртуал нөлөөлөгчтэй болзож байсан юм.    Энэ мэтчилэн тэдний амьдралыг Солонгос драма шиг өрнүүлэх нь олон талын ашигтай бөгөөд дагагч, фэнүүдэд нь ч "амттай" байдаг гэнэ. 

Үүнээс гадна, виртуал нөлөөлөгчдийг бодит амьдрал руу оруулж ирэх нь ч бий. Компьютер график гэх "шидэт саваа" байхад л виртуал нөлөөлөгчид хэн ч болж хувирч чадна. Мэргэжлийн хөгжимчдийн багийг хөлслөхөд л тухайн нөлөөлөгч поп од болж хувирах боломжтой шүү дээ. Одоогоор хэд хэдэн виртуал нөлөөлөгч телевизийн сурталчилгаанд тоглоод байгаа юм. Мөн Японы виртуал влоггер Кизуна Аи анхны цомгоо танилцуулж, Лил Микуэла Spotify дээр хэд хэдэн сингл гаргаад байна.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
23 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.