Би дөрөвдүгээр давхрын шатаар гарч, баруун эргээд “403” тоот гэсэн бичигтэй том модон хаалганы өмнө ирж зогслоо. Тэр гурван жилийн өмнө Монголын өмнөд нутгаас хотод ирээд энэ өрөөнд суух болсон. Энэ тухайгаа тэрбээр “Би хотод ирнэ гэж бодоогүй” хэмээн ганцхан өгүүлбэрээр тайлбарласан юм. Цаг хугацааг 20 жилийн өмнөх рүү ухрааж харвал тэр аймгийн төвийн дунд сургуулийн физик математикийн багш, дунд сургуулийн 47 мянган багшийн нэг нь байлаа. Нийгэм шилжихтэй зэрэгцэн багш нарын нэр хүнд олны дунд тийм ч өндөр байхаа больж, сэхээтэн гэгддэг байсан дунд сургуулийн багш нар жир нэг мэргэжилтэн мэт үзэгдэх болсон яг тэр үед. Их сургуулиа төгссөн оюутан охин нэг ангийн найзтайгаа гэр бүл зохиож, хөдөө мал дээр жил амьдарчихаад мэргэжлээрээ ажиллахаар аймгийн төв рүү орж ирсэн нь 1999 он.
“Боловсролын салбарт шилжилтийн үе байсан. Цалин бага, багшийн үнэлэмж дутмаг, хийгээд бүтээгээд яваад байхад дэмждэггүй үе байсан л даа” гэж ярилаа. Өөр нэг шалтгаан байсан нь “Их сургуулийн гуравдугаар курст байхад аав маань бурхан болж, ээж маань дахин их сургуульд элссэн хоёр эгч, нэг дүүгийн сургалтын төлбөртэй л нүүр тулсан. Тэр үед ээжийнхээ ачаанаас жаахан ч гэсэн хөнгөлье гээд үргэлжлүүлж суралгүй ажлын талбарт очсон.” Багшаар гурван жил ажиллаад ажиллагсдынх нь 80 орчим хувь нь эмэгтэйчүүд ажилладаг дунд боловсролын салбараас улс төрд ажиллах шийдвэр гаргахдаа тийм ч удаан бодсонгүй. “Би ажлын талбарт гараад тэр жилээ аавынхаа намд элссэн, одоогоос 20 жилийн өмнө. Тэгэхээр их эрт шийдсэн хэрэг байгаа биз” гэлээ. “Аавыг өнгөрсний дараа манай зургаан хүүхдийн толгойд нийгэм, улс төрийн үйл хэргийг үргэлжлүүлэх, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёр ч удаа сонгогдсон эцгийнхээ хойчийг хэн залгамжлах вэ? гэсэн асуулт ургах үед л зориглосон.” Ярилцлагын үеэр аавынхаа тухай дурсахдаа миний төрж өссөн сум 1970-аас бараг 2000 он хүртэл хэчнээн хөгжилтэй, шинжлэх ухаан, мэдлэг боловсрол буцалсан газар байсныг хавчуулсан юм. Дурсах бүртээ тэр өнгөрсөн цагийн “сан” нөхцлийг өгүүлбэрийнхээ төгсгөлд хэлнэ. Энэ нь тэр бүхэн одоо байхгүйг илтгэж буй хэрэг. “Аав маань Говийн бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд лаборантаас эхлээд захирал хүртэл ажилласан. Тэр үед 40-50-иад эрдэмтэн судлаачийн орон тоотой ажиллаж, Говь Гурвансайхан үүлдрийн ноолуурын чиглэлийн ямааг өсгөн үржүүлж малчдын эдийн засгийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Гэтэл одоо 4-5 хүн л ажиллаж байгаа. Монголын төр шинжлэх ухааны салбараа орхигдуулсны жишээ” гэлээ. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх хүсэл нь шинжлэх ухааны ололтыг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, үйлдвэржилтийг хуучин байсан хэмжээнд нь аврах гэсэн зорилго болж хувирчээ. Энэ зорилго түүний тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй буй.
Анх улс төрд аймгийнхаа залуучуудын байгууллагын нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажиллаад Нягтлан бодох мэргэжил эзэмшихээр их сургуульд хоёр жил сураад дипломоо гардаж авсны дараахан намаас нь аймгийн Санхүүгийн хэлтсийн даргын ажилд томиллоо. “Улсын их хурлын гишүүн болоод ирэхэд дөрвөн жилийн хугацаанд аймгийн Санхүүгийн хэлтсийг удирдаж байсан минь маш том дэмжлэг, туршлага, түшиг тулгуур болж байна. Мал аж ахуй, газар тариалан, сумын хөгжлийн асуудал, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин гээд юу ч ярьсан эргээд санхүү дээр төвлөрч Засаг дарга шийдвэрээ эцэслэн гаргадаг. Тиймээс тэр дөрвөн жил төрд маш сайн бэлтгэгдсэн гэж боддог” гэлээ.
Аймагт ажилласан хугацаандаа тэрбээр төрийн албан хаагчдадаа говийн нэмэгдэл, мод тарьсан иргэдэд урамшуулал олгож, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд бий болж, сумдаа бүсчлэн хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, төрийн албанд хамтдаа томилогдсон бүх шатны удирдлагуудаа нам улс төр ялгалгүй дэмжиж, төсөв санхүүгийн хуваарилалтыг оновчтой хийж байлаа. Одоогийн тендерийн хууль гарч шинээр бизнес эрхлэгчид нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд олширч, ажлын байр олноор бий болж, төсвийн орлогын бааз суурь бэхжих үед бүгдэд тэгш боломжийг олгож, бодлогоор дэмжиж байлаа гэсэн нь түүний улс төрд барьж яваа чигийг заагаад өгнө.
Удалгүй дахиад л, шинэ “тулаан” эхлүүлсэн нь төрийн албаны хуулиар өргөдлөө өгч Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчаас чөлөөлөгдөж төрөлх сум болох Булган сумаас аймгийн иргэдийн хуралд нэр дэвшлээ. Ийн хоёр ч удаа нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдож, эсрэгээрээ түүний сонгогдсон найман жил нам нь дараалан ялагдсан нь хачирхалтай. Найман жилийн сонгуульт ажлын хугацаанд танд юу хамгийн хүнд хэцүү байсан бэ? гэх асуултад “Улс төрд хамгийн хэцүү зүйл нь эрх ашиг, эрх мэдлийн төлөөх хуйвалдаан, үүний төлөө юугаа хийхээс ч буцахгүй дүрүүд, одоогийн хэллэгээр хор л гэсэн үг байх даа. Үүнийг ямар ч цаг үед ил далд хийдгээрээ улс төр хамгийн хэцүү. Эмэгтэй хүнд ойлгомжгүй зүйл нь энэ. Ээж маань ч охиндоо их л санаа нь зовж наад улс төрөө орхивол яасан юм” гэж хэлдэг байсныг тэрээр ярьж байлаа. “Намыг хамгийн хүнд хэцүү байхад аймгийн намын даргад нэр дэвшихэд надад өрсөлдөгч олдоогүй. Учир нь, намын рейтинг муу, зургаан жил дараалан ялагдсан байсан учраас цэрвэсэн хэрэг. Гэтэл 2015 оны дөрөвдүгээр сард намын даргын ажлыг булааж шахуу авахын төлөө дайрч довтолсон, элдвээр гүтгэн доромжилсон, сэтгэл санаагаар унагах тоглолтыг нэвт шувт хийсэн дайралт над руу ирсэн. Тэгээд би аймгийн намын хорооны даргаа өгсөн.” Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа тэр УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
Хэрэв та ажигласан бол би ялгаатай гэдэг үгийг ашиглахаас татгалзлаа. Харин тэднийг бүгдийг нэгтгэдэг зүйл гэж бий. Намын дотоод тэмцэлд эмэгтэй хүн байх нь хэчнээн хэцүүг тэр мэднэ, бас туулж яваа. Эрчүүд сонгуульд ялсан даруйдаа тухайн албан тушаалд тохирох хүн гэдгээ баталдаг, харин эмэгтэйчүүд үүнийг батлахын тулд хоёр дахин их ажиллах хэрэгтэй болдог гэдэг нь дэгс үг биш. Биднийг ярилцахаас нэг өдрийн өмнө түүнийг орлогын эх үүсвэр нь тодорхойгүй үнэтэй байр авсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байлаа. Тэр нь мөн л УИХ-ын нэг эрэгтэй гишүүнтэй холбоотой яриа байв. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн амжилтыг хэн нэгэн эрэгтэйтэй холбон ойлгодог сэтгэлгээний гажуудал одоо ч арилаагүй байгаагийн жишээ. Энэ талаарх асуултад маань “Улс төр гэдэг ийм л зүйл. Өмнө нь элдэв цуурхал гарч л байсан. Гэхдээ энэ муухай зүйлс энд л байдаг юм шиг ээ. Хөдөө орон нутагт удам угсаа, гарал үүслээр нь хүнээ таньдаг учир итгэл дээр суурилдаг, тэгж ч хүлээж авдаг. Би ч аймгийн намын дарга хүртэл хийж унаж боссон болохоор иймэрхүү улс төрийг ойлгоно, тиймээс ч нээх тоодоггүй, урдах ажлаа хийхийг хичээнэ. Урьдчилгаа 50 сая төгрөг төрөөс даасныг би хэлсэн. Энэ мөнгөөрөө урьдчилгаагаа төлөөд амьдарч байгаа. Эмэгтэйчүүдийн амьдрах нөхцлийг хүртэл хэн нэгэнд нялзааж, гүтгэх нь өнөөх л бохир аргын нэг” гэсэн юм.
Орон нутгийн удирдах шатанд ажиллах үедээ л өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх шатанд эмэгтэйчүүд хангалттай байдаг ч шийдвэр гаргах түвшинд оролцоо бага байдгийг онцолж байлаа. “Манай аймгийн 15 сумын Засаг дарга бүгд эрэгтэй. Гэхдээ заавал эрэгтэйгээр нь ялгаж хүйс зааж байгаа юм биш л дээ. Гол нь эмэгтэйчүүд өөрсдөө тууштай, оролцоотой байх тухай ярьсан хэрэг. Миний хувьд 1999 оноос хойш улс төрд ажиллаагүй цаг гэж байхгүй. Аймгийн нам улс төр, төрийн удирдах түвшинд шат алгасалгүй ажилласан. Энэ хугацаанд би нэг зүйлийг ойлгосон. Монголд улс төрд ажиллаж буй эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэй хүн асуудал болоод байгаа биш. Нэгт, улс төрд эмэгтэйчүүд өөрсдийгөө бэлдэж, оролцоогоо тодорхойлж чадалгүй бусдын нөлөөнд автах тохиолдол. Нөгөө нь, эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй нь их ажиглагддаг. Улс төрд гүйцэтгэгчийн албан тушаал дээр ажиллаж буй эмэгтэй олон бий. Гэтэл шийдвэр гаргах түвшинд ирэхээрээ тооны харьцаа нь өөр болчихдог. Гурван мандаттай тойрог дээр ядаж нэг нь эмэгтэй байх ёстой. Мөн иргэдийн итгэлээр сонгогдоод гараад ирсэн, мөн албан тушаалд томилсон эмэгтэйгээ услах, тордох, арчлах, хамгаалах хэрэгтэй. Нам үүнийгээ бодлогоор дэмжих ёстой” гэлээ. Тиймээс ч энэ жил хүний эрхийг дээдлэх, хүйсийн тэгш байдлыг хангах, аливаа хүчирхийллийн эсрэг олон нийтийн боловсрол, хандлагыг дээшлүүлэх зорилготой “HeforShe” дэлхийн хөдөлгөөнийг аймагтаа хамтран хэрэгжүүлж буй.
Хэрэв та ажигласан бол түүний улс төрийн карьер үргэлж өгсөж явсан. 1999 оны Амарзаяа, 2002 оны Амарзаяа, 2006 оны Амарзаяа, 2010 оны Амарзаяа, тэгээд өнөөдрийн Н.Амарзаяа. Хэрэв ингэж цаг хугацаагаар харвал бид доороос нь дээш нь харах хэрэгтэй болох нь. Гэхдээ бид 2016-2020 оны Амарзаяатай ярилцахыг хүсэж байлаа. Энэ хугацаанд юу хийсэн, юунд анхаарч ажилласан, асуудлаа яаж шийдсэнийг харахыг хүссэн юм. “Бидний үеийнхэн цаг үеэсээ болоод боломжийн гадна үлдсэн. Надад гүйцэлдүүлж чадаагүй мөрөөдөл бий. Тиймээс сурагч, багш нарыг чадавхжуулах, ялангуяа англи хэлийг илүү хүртээмжтэй болгох, иргэд рүү хандуулах чиглэлээр анхаарч байна. Иргэдээ эрүүл байлгах нь төрийн бодлогын гол зорилго учир анхааран ажиллаж байна. Өмнөговь уул уурхайн бүс нутаг учир шинжлэх ухаан, технологийн салбартай уялдуулан хэлний боловсролыг дэмжих хэрэгтэй. Уул уурхайн салбарт, болж өгвөл удирдах шатанд нутгийн хүмүүс ажиллаж байж нутаг усаа хайрлах, нийгмийн хариуцлагыг ухамсарлах, нутаг гэсэн сэтгэл байх ёстой” гэлээ.
“Бид нэг малаас авах ашиг шимийг сайжруулах хэрэгтэй, говийн дулаан энергийг ашиглаж газар тариаланг хөгжүүлэх хэрэгтэй, орон нутгийн нөөцийг зөв холбох, давуу тал дээр суурилан шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх асуудалд анхаарч байна” гэлээ.
Би дөрөвдүгээр давхрын шатаар гарч, баруун эргээд “403” тоот гэсэн бичигтэй том модон хаалганы өмнө зогслоо. Тэр гурван жилийн өмнө Монголын өмнөд нутгаас хотод ирээд энэ өрөөнд суух болсон. Энэ тухай тэр “Би хотод ирнэ ч гэж бодоогүй” гэж ганцхан үгээр хариулсан. Одоо ч тэрбээр хотод түр оршин суугчийн хувиар амьдарч буй, харьяалал нь 600 километрийн цаадах говь нутагтаа хэвээрээ. Хаалганы нь зүүн буланд энэ хэний өрөө болох нэрийн зүүлт бий. “УИХ-ын гишүүн Н.Амарзаяа” гэж.