UBLife Logo
WOMEN TODAY | Зогсошгүй
Women Today

WOMEN TODAY | Зогсошгүй

"Глоб Интернэшнл гэдэг нэр Темза мөрний эрэг дагуу байрлах У.Шекспирийн нэрэмжит "Globe" задгай театрын нэрнээс үүдэлтэй юм шүү дээ. Би дунд сургуульд байхаасаа У.Шекспирийн улаан фанат байсан" хэмээн тэрбээр инээмсэглэн хүүрнэнэ. 

Зохиолч, сэтгүүлч, редактор, орчуулагч, багш, инженер хэмээх мэргэжил, мэргэшлүүдийн эзэн болж явсан ч тэрбээр “Глоб”-ын Наранжаргал гэдгээрээ олон нийтэд илүүтэй танигджээ. Ярианыхаа эхэнд тэр Глоб Интернэшнлийн нэрийн утгыг тайлбарласан нь тохиолдол төдий зүйл биш. Ардчилал, сонгодог парламентын засаглалаараа дэлхийд үлгэр болдог Их Британи улс түүний өнөөдрийн үйл хэрэгтэй өөр нэг сэжмээр холбогддог. 

1979 он. Уралын Политехникийн дээд сургуулийг инженер, сэтгүүлчийн хос мэргэжилтэй төгссөн Х.Наранжаргал Монголын Үндэсний телевиз хэмээх их айлд хөл тавьж, хүүхдийн редакциас сэтгүүлчийн гараагаа эхэлжээ. Редактораас программын захиргааны дарга хүртэл ажилласан 16 жилд телевизийн 300 гаруй нэвтрүүлэгт зохиогч, редактор, хөтлөгчөөр ажиллаж, 30 гаруй уран сайхны болон баримтат кино орчуулан үзэгчдийн хүртээл болгожээ. Нэг намын бодлогоор нийгмийг удирдан чиглүүлж асан цаг үед боловсорч, сэтгүүлзүйн өнгө төрхийг тодорхойлолцож явсан тэрбээр “Нэвтрүүлгийн зохиолоо бичээд хэвлэл, утга зохиолын хянах газар луу очиж батлуулна. Хийснийхээ дараа дахин шалгуулж, “Зөвшөөрөв” гэсэн тохиолдолд л эфирээр гаргах эрхтэй байлаа” гэж тэр үеийг дурсана. Нэгэнтээ гэр бүлээсээ салсан найруулагчийн талаар гаргалаа гэх шалтгаанаар намын төв хороонд дуудагдаж, асуудал хөндсөн цуврал нэвтрүүлгийнхээ улмаас “Тоншуул” сэтгүүлд ч гарч явсан аж. 

Биднийг ярилцах явцад “цензур” гэх үгнээс ихэд цэрвэж буй нь мэдэгдсэн юм. “Гавьяат хуульч Б.Чимид гуай цензур гэдэг үгийг цагдан хяналт гэж тун ончтой сайхан орчуулсан. Үнэн шүү дээ. Байнга чамайг ингэж битгий хэл, тэгж битгий хий гэж цагдана” хэмээн өмнөх нийгмийн хаалт, хориг саад бүхнийг энэ үгээр төлөөлүүлнэ. 

Тэр анх удаа хөл тавьсан хөрөнгөтөн орондоо англи хэл сурахын зэрэгцээ олон нийтийн өргөн нэвтрүүлгийн сонгодог загвар болох BBC агентлагт дадлага хийх завшаан тохиосон нь түүний нүдийг нээсэн хэрэг байлаа.

Ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн 90-ээд он. Мэдээлэл, радио телевизийн хэрэг эрхлэх газраас Их Британийн Элчин сайдын яамны санхүүжилтээр хоёр хүнийг хэл сургахаар Лондон руу явуулсны нэг нь Х.Наранжаргал болж, түүний амьдралд дараагийн шинэ салхийг сэвэлзүүлэв. Ингэж тэр анх удаа хөл тавьсан хөрөнгөтөн орондоо англи хэл сурахын зэрэгцээ олон нийтийн өргөн нэвтрүүлгийн сонгодог загвар болох BBC агентлагт дадлага хийх завшаан тохиосон нь түүний нүдийг нээсэн хэрэг байлаа. Эндээс тэрбээр чөлөөт, хараат бус хэвлэлийн тухай ойлголтоо улам бататган авчээ. 

Түүнийг Англиас эргэн ирж Программын захиргааны даргаар томилогдох үед шинэ Үндсэн хууль батлагдаж, нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллага либералчлагдах шаардлагатай тулгарч эхэлжээ. Хамгийн наад зах нь хуучны монгол кинонууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын бүтээл “коммунист” агуулгатай хэмээгдэж эфирээр цацах боломжгүй болжээ. Ингээд Х.Наранжаргал телевизийн захиралтайгаа Куала Лумпур руу явж барууны кино олж ирсэн нь 90-ээд онд монголчуудыг байлдан дагуулсан Венесуэлийн олон ангит “Халтар царайт” кино байж. 

Гэрэл зургийг З.Энхмөнх

Аливаа ардчилсан нийгэм дэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэх замаар тэдний үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхийг хангах учиртай. Ийм шинэ нөхцөл байдал төлжиж байхуйд төр, түүний байгууллагаас хараат бус, чөлөөт байх нийгмийн хэрэгцээ шаардлага урган гарч байв. Үүссэн нөхцөл байдлыг ухамсарлаж, хараат бус сонгодог хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй өөрийн биеэр танилцаж явсан Х.Наранжаргал есөн хүнтэй ажлын хэсэг байгуулж, телевизийг олон нийтийн болгох журмыг боловсруулж байв. Уг санаачилга явсаар 2004 онд л Олон нийтийн радио телевизийн тухай хууль болон батлагдсан бөгөөд Олон нийтийн радио телевизийн тодорхойлолтоос эхлээд цөөнгүй хэсгийг тэдний боловсруулсан журмаас авч, хуульд тусгажээ. 

Энэ хугацаанд Ц.Дашдондов тэргүүтэй сэтгүүлчид “Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл”-ийг байгуулж, Олон улсын сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр элсэв. Мөн Хелен Дарбишире тэргүүтэй олон улсын шинжээчид Монголд хүрэлцэн ирж чөлөөт, хараат бус хэвлэлийн талаар тоймтой ойлголт, зөвлөмж өгч байсан юм. Ийнхүү хэвлэл мэдээллийг либералчлах үйл явц түүхэн сорилт дунд аажим аажмаар урагшилж байв. 

Х.Наранжаргал чөлөөт, хараат бус хэвлэлийн үнэт зүйлүүдийг хүлээн зөвшөөрүүлэх, хамгаалах орон зай дутагдаж буйг, эрхзүйн шинэтгэл туйлаас чухал байгааг анзаарсан нь “Глоб Интернэшнл” ТББ-ыг үүсгэн байгуулах шалтгаан болжээ.

Х.Наранжаргал 1999 онд буюу Дани-Монголын «Монгол дахь чөлөөт, хараат бус хэвлэл» төсөлд дөрвөн жил ажилласны дараа телевизийн салбар луугаа эргэж орохгүй байхаар шийджээ. Тэрбээр чөлөөт, хараат бус хэвлэлийн үнэт зүйлүүдийг хүлээн зөвшөөрүүлэх, хамгаалах орон зай дутагдаж буйг, эрхзүйн шинэтгэл туйлаас чухал байгааг анзаарсан нь “Глоб Интернэшнл” ТББ-ыг үүсгэн байгуулах шалтгаан болжээ. “Өмнөх нийгмийн тогтолцооноос ялгаатай нь ардчилсан засаглалын үед иргэд төрд үйлчилдэггүй. Харин төр иргэддээ үйлчилдэг, иргэнээ дээдэлдэг, эрх чөлөөг нь олгодог. Өөрөөр хэлбэл, хүнээ хайрладаг нийгмийг бүтээх тухай яригдаж байгаа. Энэ үзэл баримтлал л намайг татаж, энэ чиглэлд ажиллах хөшүүрэг болсон” гэж тэрбээр ярилаа. 

Эдүгээ Монголд төдийгүй олон улсын түвшинд нэр нөлөөгөө таниулсан тус байгууллага 200 орчим төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тэдгээрийн дотор “Глоб Интернэшнл” ТББ-аас лобби хийж, ажлын хэсэгт нь орж, нөлөөллийн ажил хийсний үр дүнд батлагдсан хуулиуд ч бий. 

Тухайлбал, 2001 онд “Глоб Интернэшнл” ТББ Монгол Улсад хэрэгжиж буй хууль, тогтоомжууд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөнд ямар нөлөөлөл үзүүлж буйд анх удаа мониторинг хийв. Төрийн байгууллагын ил тод байдал сул байгааг уг задлан шинжилгээгээр гаргаж, ил тод байдлыг хангахын тулд иргэдийн төрөөс мэдээлэл авах эрхийг хуульчлах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн байна. Улмаар энэ үндэслэлд тулгуурлан хууль санаачлах үйл явц өрнөн, “Глоб Интернэшнл” ТББ тэргүүтэй 16 иргэний нийгмийн байгууллага ажлын хэсэгт нь багтжээ. Тэд хуулийн төслийг бичилцэхээс эхлээд засаг солигдсон жилүүдийг дамнан тууштай лоббидсоны үр дүнд 2011 оны зургаадугаар сард Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагджээ. 

Ингэж өмнө нь “төрийн нууц” хэмээн халгаадаггүй байсан төрийн төсөв, санхүү, хүний нөөцийн ил тод байдалтай холбоотой бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контрактын мэдээллийг иргэд авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүйгээр гаргуулж авах эрх бүрдэв.

Ингэж өмнө нь “төрийн нууц” хэмээн халгаадаггүй байсан төрийн төсөв, санхүү, хүний нөөцийн ил тод байдалтай холбоотой бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контрактын мэдээллийг иргэд авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүйгээр гаргуулж авах эрх бүрдэв. Иргэдийн татварын мөнгөөр бүрэлдэж бий болсон мэдээлэл бол иргэдийн өмч гэдгийг уг хуулиар баталгаажуулж, эрхийг нь олгосон томоохон үйл явдал. Хууль батлагдсаны дараа ч “Глоб Интернэшнл” ТББ тэдгээрийг сурталчлах, мэдээлэл олгох сургалтыг Монгол орны алслагдмал 20 гаруй суманд зохион байгуулжээ. 

Гэрэл зургийг З.Энхмөнх

1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, 2005 оны Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, 2011 оны Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдах үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаар талаар ярихдаа тэрбээр тухайн үед хараат бус, чөлөөт хэвлэл гэж юу болох тухай хаа хаанаа нарийн ойлголтгүй байсан ч улс төрийн түвшинд, хэвлэл мэдээллийн салбар, иргэд ч чөлөөт хэвлэлийн ач тусыг ухамсарлаж, дэмжиж байсныг хэд хэдэн удаа онцлон дурдсан юм. “Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хууль хэлэлцэх үеэр би гишүүд рүү шууд утасдаж үйл явц хэрхэн өрнөж байгааг нээлттэй асуудаг байлаа. Өнөөдрийнхөөс ялгаатай нь улстөрчид аливаа шинэ санал санаачилгыг шийдвэр гаргах бодлогын түвшинд бодитоор дэмждэг, болгоё бүтээе гэх хүсэл зориг олонхид нь давамгайлж байсан үе” хэмээн тэрбээр өгүүлэв. 

Х.Наранжаргал: Хэрэв улс төрд орсон бол ганцаараа юу ч хийж чадахгүй байх байсан

Нөгөөтэйгүүр хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж, чөлөөт хэвлэлийн үнэ цэнийг бэхжүүлэх үйлсэд биечлэн оролцож явсны хувьд түүнд улс төрд орох, албан тушаал горилох боломж нэг биш удаа тохиож байсан аж. Энэ талаар тэр “Надад тухайн үед улс төрд орооч, сонгуульд нэр дэвшээч гэсэн санал ирж байсан. Гэлээ ч би татгалзаж, бартаатай боловч илүү боломжтой замыг сонгосон юм. Хэрэв улс төрд орсон бол ганцаараа юу ч хийж чадахгүй байх байсан” хэмээн товчхон хариуллаа. Х.Наранжаргал эрх мэдлийн гадна үлдэж, иргэний нийгмийн төлөөлөл болж ажиллавал илүү өгөөжтэй гэдгийг олж харсан төдийгүй үйл хэргээрээ дамжуулан олон иргэнд засаглалд оролцох боломжийг нээж, улс төрийн бодлогын түвшинд бодит өөрчлөлтийг авчирчээ. 

Ийнхүү Монголын чөлөөт, хараат бус хэвлэлийн дуу хоолой болж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхийг сахин хамгаалах үйлсэд амьдралынхаа 20 гаруй жилийг зориулсан тэрбээр “Иргэдийн анхан шатны мэдээллийн эх сурвалж нь хэвлэл мэдээлэл. Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээлэл өөрөө хүчирхэг, хараат бус байж чадахгүй л бол иргэдэд үнэн мэдээлэл очихгүй. Коммунизмаас ялгаатай нь ардчилал загвар биш соёл. Үүнийг мод гэж төсөөлбөл салаа мөчир бүрийг нь байнга тордон арчилж байх учиртай” хэмээн ярианыхаа төгсгөлд Х.Наранжаргал онцолсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
34
0
17
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.