Хайх зүйлээ бичнэ үү

Энэ удаад “Women who dare” булангаараа “Улбар паблишинг” -ийн үүсгэн байгуулагчдын нэг, хуульч, "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын зохиогч Ч.Бат-Уянгыг танилцуулж байна.

Түүний бүтээсэн номыг охиндоо авч өгсөн ч булаацалдан уншиж сонирхлоо. Үнэхээр том ажлын ард гарчээ, үнэхээр” яс” хийжээ. Нэр томьёоны тайлбар, зураачдын танилцуулга, эх сурвалжийн жагсаалт, номын бүх деталиуд аргагүй л судлаач, хуульч хүний гараар бүтээгдсэн нягт нямбай. Өөрийг нь ширээний нөгөө талд суулгаж урам зориг авах хүсэл төрөв. Энэхүү гайхамшигт 50 эмэгтэйг бидэнд таниулах гэж зүтгэх явцдаа тэр өөрөө 51 дэх нь аль хэдийнэ болжээ. 

Энэ удаад “Women who dare” булангаараа “Улбар паблишинг” -ийн үүсгэн байгуулагчдын нэг, хуульч, "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын зохиогч Ч.Бат-Уянгыг танилцуулж байна. 

 -Зохиогчийн хувиар “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номыг бүтээх санаа юунаас эхлэлтэй вэ?

-Миний хорхой хөдөлчихсөн гэх үү дээ. Хорхой хөдөлчихсөн юм чинь хорхойгоо дарж л таарна аа даа. Хувийн жижигхэн тохиолдлоос улбаатай. 2014 онд Хүрэлтогоотод очтол ханан дээр нь “Одон орон судлалын төвийн анхны захирал нь С.Нинжбадгар байв” гэсэн бичиг байсан. Эмэгтэй хүн байжээ. Сонирхолтой. С.Нинжбадгар манай анхны мэргэжлийн одон оронч, одон орон судлалыг Монголд үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг. Сайн судлаад байсан чинь нөхрөө дагаж давхар хэлмэгдэж цөлөгдөж явсан зарчимдаа үнэнч мундаг эмэгтэй. Ингээд зөвхөн нэг хүнийг мөшгиж судлах зуураа тэр хүндээ дурлачихсан. Тэгвэл энэ улсад чинь өөр Нинжбадгарууд байж л таарна, олъё, мэдье гээд хувь хүнийхээ хувьд айхтар хорхойссон. 

-Энэ ном ямар насны ямар хүйсийн уншигчдад зориулагдсан ном бэ?

-Ном гараад сар болчихлоо. Энэ хугацаанд уншигчдын сэтгэгдлээс харвал бүх насныханд таалагдсан бололтой. Гэхдээ номын бичлэг, найруулга зүй, өнгө, дизайн, зураачдын зурагт барьсан шалгуур нь хүүхдийн номын концепц барьж ажилласан. Ерөнхийдөө бид унших насны доод хязгаараа хүүхдийнх гэж буй ч бүх насныхан уншиж болно доо. Эр, эмгүй “эрчүүд оролцсон”-г нь уншиж болж байгаа юм чинь эр, эмгүй “эмэгтэйчүүд оролцсон” тухай яагаад уншиж болохгүй гэж. Эрэгтэйчүүд энэ номыг түүхийн талаас нь харж уншихаас гадна ээжийгээ, эгчийгээ, хайртай бүсгүйгээ, охиноо, хамт ажиллаж буй эмэгтэйчүүдээ том зургаар нь ойлгохын тулд уншиж болно. 

-Энэхүү 50 эмэгтэйн дүр сонголтыг хэрхэн хийсэн бэ? 

-Бодит үнэнийг баримтжуулж үлдээхээс гадна тухайн үндэстний ой санамж, дурсамж, оюун санааг хойч үедээ зөөх шаардлагатай. Ингэж зөөхдөө эмэгтэйчүүдийн түүхийг дамжуулахгүй, эсвэл дутуу зөөсөн сул тал бидэнд гэлтгүй хүн төрөлхтөнд бий. Харин бид түүхийн зөвхөн энэ хэсгийг л өөрсдийн өнцгөөрөө бичиж, одоо болон хойч үе рүү зөөх гэж зориод байгаа юм. Салбар салбараас судалж байж дүрээ сонгосон. Салбар сонгох ярвигтай зүйл. Монгол хүнийг монгол хүн болгодог, соёл уламжлалыг түгээдэг онцлог салбар болох уртын дуу, хөөмий, халх тууль зэрэг салбараас сонгосон. Бас яг эсрэгээрээ уламжлалыг эвдсэн салбар, хүмүүсийг судалж сонгосон. Уламжлал гэдэг өвлүүлэх ёстой, үндэстний дархлааг бэхжүүлэгч зүйл боловч цаг үеийн шаардлага, хүний эрхийн зарчим зэрэг шалгуураар заримыг нь хаях ёстой. Иймээс уламжлалыг эвдсэн хүмүүсийг судалсан. Мөн одоо үед анхаарал хандуулах ёстой салбар юу байна гэх өнцөг ч бий. Жишээ нь, Байгалийн түүхийн музей гэдэг асуудал хурц, халуун сэдэв. Одоо бол бүүр нураагаад хаячихлаа. Тэгвэл Байгалийн түүхийн музейг бүтээхэд хэн оролцов гэж хайж олоод энэ хүнээр дамжуулж Байгалийн түүхийн музейг хүүхдүүдэд, хүмүүст таниулахыг зорьсон. Бүх цаг үеийн төлөөллөөс оруулах буюу аль нэг үеийг орхихгүйг эрмэлзсэн. Мөн хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх зарчмаар дүрээ сонгох гэж хичээсэн дээ. 

-Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй сонгоно гэдэг нь юуг хэлж байна вэ?

-Бид дүрүүдээ сонгохдоо зөвхөн эмэгтэй хүн хийсэн болохоор л гэж дөвийлгөөгүй. Хүйсээсээ үл хамааран хийсэн, бүтээсэн зүйлтэй хүн болохоор нь сонгож байгаа юм. “Жендэрийн тэгш эрх” гэж эмэгтэйчүүдийг дөвийлгөх тухай агуулга биш. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй чадвартай, тэгш эрхтэй. Гэхдээ цаг үеийн онцлог, уламжлалаас шалтгаалж хийсэн, бүтээсэн эрэгтэйчүүд нь илүү яригдаж, судлагдаж, харин эмэгтэйчүүд нь бүдгэрээд байгаа тул тэр бүдгэрүүлээд буй зүйлийг нь авч хаяж буй хэрэг. Энэ утгаараа жендэрийн тэгш эрхийн агуулгатай юм.  Хүний эрхийн агуулгыг шингээнэ гэхээр номын агуулгаас гадна процесс ажиллагаанд хүний нэр, төрийг дээдлэх, зохиогчийн эрхийг хүндэтгэх зарчмыг хангах гэж чадахаараа хичээн ажилласан. Хүний нэр төр, эрхэм чанарыг дээдлэх үүднээс факт-чек шалгуурыг хангаж баримтыг нягталж байж бичсэн. Мэдээж уран зохиолын хэлбэрээр бичиж буй тул санаандгүйгээр эсвэл хэт уран яруу болгох гээд хийгээгүй зүйлийг нь бичих, хүний амьдралыг, хийсэн бүтээсэн зүйлийг шив шинээр зохиочих вий гэж болгоомжилсон. Жишээлбэл, нэг дүрийнхээ хийснийг арай илүү зүйл хийсэн болгоод биччихсэн байя. Гэтэл тухайн хүнд, миний хийсэн, бүтээсэн энэ номд ороход хангалтгүй байсан болоод нэмээд зохиочихов уу, хангалтгүй байсан юм бол яагаад намайг орооч гэж гуйсан юм бол гэдэг бодол төрөх аюултай.

-Уншигчид энэ 50 эмэгтэйтэй танилцсанаар ямар мессеж авч болох вэ?

-Уншигчид “эмэгтэй хүн учраас би чадахгүй байх” гэдэг бодлоо орхиосой гэж хүссэн. “Би чадна” гэх өнцөг нь би эмэгтэй хүн учраас чадна гэх агуулга гэхээсээ илүү хүн учраас хүний хийж чаддагийг би чадна гэсэн үг. Хүн нийгмийн бүтээгдэхүүн учраас хүссэн, хүсээгүй хайрцаглагддаг. Гэхдээ эрэгтэй хүний хайрцаг арай том, эмэгтэй хүнийх арай давчуу санагддаг.  Эрэгтэй хүний хайрцагны хэмжээ ядаж л ерөнхийлөгч болохоор мөрөөдөж чадах хэмжээнийх бол эмэгтэй хүнийх “сайн ээж, сайн эхнэр” болох зорилгоор л хязгаарлагдах хэмжээний явцуу байх нь түгээмэл.  Бид харин уншигч охид, залуу эмэгтэйчүүдэд хайрцагны хэмжээгээ томсгох гэхийн оронд цаанаа ер нь хайрцаг гэж байдаггүй ч байж болно гэж хэлэхийг хүссэн. 

-Номоо бүтээх гурван жилийн хугацаанд, энэ олон хүмүүсийг судлах, ярилцах явцад хувь хүний хувьд ямар өөрчлөлт гарав?

-2019 он надад хүндхэн жил байсан. Хувь шалтгаануудыг орхиё. Харин энэ номыг хийх явцдаа, олон эмэгтэй, олон уран бүтээлчтэй уулзаж, ярилцаж, ажиллаж явсаар бага багаар эдгэрч эхэлсэн. Бас би маш даруу болж эхэлсэн. Өмнө нь тэгтлээ их зантай хүн байгаад даруу болсондоо ч биш. Өмнөх үеэ, одоо үеэ, хойч үеэ илүү хүндлэх, ойлгох сэтгэл төрсөн. Өөрийгөө цул, бүхэллэг зүйлийн нэг хэсэг гэдгийг мэдэрсэн. Нэг үндэстэн, тэдний бүтээсэн болон тэднийг бүтээдэг оюун санааны нэг хэсэг гэсэн мэдрэмж төрсөн. Жалгандаа л эргэлдээд байвал жалганы л зовлонтой, жалганаас гараад сум аймгийн хэмжээнд эргэлдвэл сум, аймгийн л зовлонтой. Аймгаасаа гараад цаашилбал зовлонгийн хэмжээ, орц ч өөрчлөгдөх биз. Тэрэн шиг гэх юм уу даа. Бусдын амьдрал, түүхийг судалж явахдаа өөрийнхөө зовлонг жалганы зовлон гэдгийг таньсан хэрэг байж магад. Хэн ч бусдаас онцгой, ганц чамд л тохиолддог зовлонг туулахгүй л дээ. Тэрийг яаж харж, аль талаас нь мэрж дуусгах эсвэл хэрхэн сэлж гатлах вэ гэдэг аргаа л олох ёстой юм шиг санагдсан. Харин тэр арга хүн хүнд өөр байж магадгүй. 

-Ном танд ямар урам зориг өгсөн бэ?

-Энэ номын уншигч нь биш бүтээх процесст нь оролцож явсан учраас дууссаны дараа биш бүтээх явцаас эхлэн урам орсон. Зардлаа нөхөж чадахгүй ч байсан хамаагүй эрсдлээ үүрээд гаръя гэсэн зориг төрсөн. Энэ гоё түүхүүдийг бид хүнд хүргэж чадна, бид дурласан шиг үүнд дурлах хүмүүс байж л таарна гэх итгэл бодитой, ухамсартайгаар төрсөн. Итгэж байж мөрөөднө, төлөвлөнө. Тэрнээс юу ч байхгүй байхад “хүү хаа” гээд босч дайрахгүй. Үнэхээр мөнгө төгрөг нь болохгүй байлаа гэхэд хаях биш түр хойшлуулна уу л гэхээс хэзээ ч бүр орхихгүй. 

ЗурагТайлбар




-Монгол Улс эмэгтэйчүүд карьер хөөгөөд явахад таатай улс мөн үү?

Ийм асуултад судалгааны дүнд суурилж хариулт өгөх нь зөв биз. Ганц эмэгтэй миний туршлага бусдыг төлөөлөхгүй. Энэ чиглэлийн олон судалгаагаар удирдах албан тушаалд байгаа, шат шатны сонгуульд өрсөлдөж, сонгогдож байгаа эмэгтэйчүүдийн тоо зэрэг нь манайх тийм ч ээлтэй бишийг харуулдаг.

-Гэр бүлийн хүмүүжил, төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч хүмүүжих тухай ээж, аав тань юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?

-“Эмэгтэй хүн учраас чи” гэж баригдаж өсөөгүй. Хүн, хүйс, ЛГБТ болохоор, эсвэл шашин ондоо болохоор ялгахгүй харьцахыг хуульч болоод биш угаасаа л гэр бүлийн хүмүүжил олгосон. Маш тод санадаг зүйл нь биднийг бага байхад гэрээр хялбаршуулсан Библи тараадаг байсан юм. Манай гэр бүл буддын шашинтай. Би төвөгшөөгөөд өнөө Библийг нь ураад сууж байтал аавд загнууллаа. “Чи шүтдэггүй байж болно. Гэхдээ яагаад урж байгаа юм. Хүний шашныг, тэр шашинд чухал номыг нь яагаад урж байгаа юм” гэж айхтар загнуулсан даа. 

-Таны нөхрийн ямар зан чанар нь таалагддаг вэ, хэрхэн хоорондоо зохицож амьдардаг вэ?

-Би өөрөө авьяас болон оюун ухаанд татагддаг төрлийн хүн. Үнэхээр авьяастай, ухаантай, рационал, оюуны чадвар нь таван метрээс ч мэдэгдээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүст угаасаа дуртай. Нөхрийнхөө бүтээлч оюун санаа, авьяас, бүтээлээрээ гаргадаг илэрхийллүүдэд нь дурласан юм шиг байгаа юм. Бүр цаанаа дурласан шалтгааныг хэн ч тайлбарлаж чаддаггүй шүү дээ. Яг адилхан нэг гэрт, дөрвөн хананы дунд, адилхан хоол идээд хамт байдаг ч ажлаа хийгээд суухаараа хийсэн бүтээсэн нь ийм ахуйгаас төрөхөөргүй тийм сайхан зүйл гарч байдаг. Энэ мэтээр уран бүтээлч сэтгэлгээний сайхныг харахаараа догдолдог. Гэр бүлийн харилцааны хувьд бусдын л адил хосууд, бусдын адил гэр бүл. Ерөнхийдөө хосын хувьдаа хөгшрөхгүй байхыг хичээдэг. Харилцааг дуусгачихгүй авч явдаг зүйл нь хамтын сонирхол, хамтын санал нийлдэг болон санал нийлдэггүй зүйлс юм шиг санагддаг. Бид хоёрын дундын ярьдаг сэдвүүдийн ихэнх хувь нь уран бүтээл болон элдэв санаа, шинэ мэдээлэл байдаг. Муудаж сайдах үе зөндөө. Муудалцаж байна гэдэг нь бид амьдарч байгаа болохоор л үүсч байгаа зүйл. Хүүхэдтэй гээд уулзалтаас, ууж идэхээс хоцорч байсан тохиолдол надад бараг байхгүй. Ер нь хосын харилцаа, эхнэр, нөхөр байх гэдэг миний бодлоор үйл үг, үйл явц. Үйл үг юм чинь үргэлжлэнэ, дуусна, өөрчлөгдөнө. 

-Бие биенээ хэрхэн харилцан хөгжүүлдэг вэ?

-Ярилцахын хувьд их ярилцдаг. Ярилцсанаараа илүү сайн ойлголцдог уу гэвэл худлаа. Мэдээж ярилцахгүй байснаас дээр. Ярилцсан бүх сэдвээрээ санал нэгдэж, ойлголцоод байдаг ч зүйл биш. Нөхрийн хувьд миний ойлгодоггүй зүйл өчнөөн байгаа. Намайг ч бүрэн ойлгодоггүй байж таарна. Тэгэхээр хэд ч ярилцаад ойлголцохгүй сэдвээ зүгээр орхиж сурах нь дээр. Ярилцсанаараа ойлголцож байвал ярилцсан нь дээр. Гэхдээ огт ярилцахгүй өнгөрөөсөн нь заримдаа дээр ч үе бий. Эхнэр, нөхөр болно гэдэг нь хоёр биенээ 100 хувь хайрлаад л, 100 хувь ойлгоод байна ч гэсэн үг биш. Харин энэ хүнийг илүү их ойлгохсон, илүү их хайрлахсан гэсэн тэмүүлэл байх. Яагаад гэхээр бид  хоёулаа л хүн, хоёулаа л амьдарч яваа хүмүүс, хувь хүнийхээ хувьд өсөж дэвжиж, зарим нэг талаар унаж ухарч яваа хүмүүс. 10 жилийн өмнөх би одооны би биш болчихсон л байгаа. Тэр өөрчлөлтийг нь хүлээн зөвшөөрөх л ёстой байх. Нэг нэгэн рүүгээ линк шиднэ. Энэ ярилцлага надад таалагдлаа, чи уншаач гэдэг ч юм уу. Хосууд оюун санаа болон юмсыг хүлээж авах багтаамжийн хувьд ойролцоо явж байх ёстой юм шиг санагддаг. Энэ нь яг ижил зүйл үзэх, харах тухай биш. Миний нэг номоос авч байгаа санааг манай хүн заавал ном уншихгүйгээр кино үзээд ч юм уу яг тэр санааг авчихъя, түүнийгээ ярилцаад ойлголцчихож болно. Хүн нэг түвшинд яг нэг аргаар хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Өөр өөрсдийнхөөрөө л хүрнэ.  

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?

-Сэтгэлээр унагасан шалтгааныг шийдэх гэлгүй, сэтгэлээ өөдрөг болгох гэж хичээлгүй хэд хоног зөнгөөр нь хаячихдаг. Аливаа зовлон ч бай, жаргал ч бай юманд дасах, хүлээж авах хугацаа хэрэгтэй байдаг. Жаахан удаад, хүлээж аваад ирэхээр ихэнх хэцүү асуудал хэвийн болж эхэлдэг шүү дээ. Тэр болтол нь хүлээж өөртөө тайвшрах хугацаа олгодог. Тэр хэд хоногтоо ер нь бол бодно л доо. Бодож бодож буцаад хэвийн амьдралдаа орохдоо шийдэл олж орж болно, олоогүй ч байж болно. Гэхдээ одоо  бол хүссэн хүсээгүй хугацаат ажлууд ар араасаа шахагдаад ажлаа хийж байтал аяндаа буцаад сэргэчихдэг. Сэтгэл гутрал гэснээс ер нь шалтгааныг нь хувийнх уу, хувьсгалынх уу гэдгийг ялгах хэрэгтэй санагддаг. Хувьхан би шийдэж чадахгүй хувьсгалын асуудлаас болж хувь хүний оршихуйдаа асуулт тавин барин гутраад байх шаардлагагүйг сүүлд ойлгосон. Жишээлбэл, өвдлөө гэхэд хүмүүс хувийн эмнэлэгт үзүүлж чадахгүй байгаадаа, үүсч буй бэрхшээлийг шийдэж чадахгүйгээ өөрийнхөө мөнгөний чадвартай холбож гутраад эхэлдэг. Гэтэл эрүүл мэндийн тогтолцооны гажуудлыг та бие дээрээ мэдэрч байгаагаас биш таны хувийн шалтгаантай холбоотой гутрал энэ яг мөн үү.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Шийдэж чадах байсан асуудлаа шийдэж чадахгүй нөхцөл байдалд өөрийгөө оруулах вий гэхээс айдаг. 

-Ямар эмэгтэйг “WOMEN WHO DARE” гэх вэ?

-“Ийм л байх ёстой, ийм л байж ирсэн” гэх янз бүрийн хэмжээ, хязгаар, хоригийг давж чаддаг хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй гэлтгүй зоригтой гэж боддог. Ярьж буй номдоо бид уламжлалыг өвлүүлж буй хүмүүсийг оруулахын хамт уламжлалыг эвдэж чадсан хүмүүсийг зорьж оруулсан нь ч ийм л шалтгаантай. Тэгэхээр байх ёстой, хэвийн болчихсон зүйлийг даавуу бол цуу татаад гараад ирдэг, хана бол цохиод цөмлөөд гараад ирдэг тийм хүний чанарыг зориг гэж хардаг. Дээр нь хиймээр байсан ч түүнийг хийхгүй байж чаддаг, болохгүй гээд больж чаддаг тийм байдлыг бас зориг гэж хардаг.  

-Тэр нь юу гэсэн үг вэ? 

-Дээр үед ээж улсын эмнэлэгт хагалгаанд орсон юм. Эмчтэй нь уулзаад, заавар зөвлөгөө аваад тогтмол харилцаатай байлаа. Гэтэл өнөө эмч маань аавыг дуудаж уулзахдаа “ар гэрийн анхаарал халамж сул” гэж хэлдэг юм. Эмчтэй ахиж уулзахдаа “ар гэрийн халамж” гэж юугаа хэлээд буйг ойлгосон. Ердөө гар цайлгах мөнгө. Би өгөөгүй ээ, золиосонд нь юуг эрсдэлд оруулж байгаагаа ч мэдэж байсан. Ээжийн хагалгааны үед айсан. Тэр эмчид мөнгө өгчихмөөр л байсан. Өгөх мөнгө ч байсан. Гэхдээ ийм зүйл байж болохгүй шүү дээ. Одоо бол энэ зан минь хэвээрээ байгаа байх гэж найдаж байна. Харин ийм нөхцөлд эмчид мөнгө атгуулж байгаа хүмүүсийг огт буруутгахаа больчихсон. Хэн хүнгүй л системийн хохирогч болоод, хүсээгүй зүйл рүүгээ ч халтирч байна шүү дээ.

“Ийм л байх ёстой” гэдэг ужгирсан хандлагыг нэг бол үйлдэл хийж эвддэг, нөгөө бол үйлдэл хийхгүй эвддэг. Үйлдэл хийж эвдэнэ гэдэг нь “эмэгтэй хүн тэгж чадахгүй ш дээ” гэж буй зүйлд “би чаддаг юм ш дээ, хардаа та нар” гээд хийгээд харуулчихаж болно. Үүнийг зориг гээд байгаа юм. Харин угаасаа ийм л байж ирсэн, үр дагавар нь чамд сайн ч далдуураа нийтэд хортой зүйлсийг хийхгүй байж чадахыг мөн л зориг гэж хараад байгаа юм.  

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ?

-Хүн ер нь хүнээс үнэтэй үнэгүй, сайн муу зөвлөгөө аваад тэрнийхээ дагуу сайжраад байдаггүй шиг санагддаг. Мэдээж хэрэг зөндөө олон сайн зөвлөгөө авдаг, түүнийхээ талаар боддог. Гэвч тэр зөвлөгөөнүүд яг шийдвэр гаргах мөчид дэм болоод, гоц гойд нөлөө үзүүлээд байдаггүй. Ажилдаа баримталдаг зарчим гэвэл, хийж байгаа ажлынхаа нийгмийн ач холбогдлын талаар багагүй боддог. Хийж байгаа ажлаараа зүй ёсны жишиг зарчмуудыг ягштал барихсан, зарим талаараа байгаа жишгийг жаахан дээрдүүлэхсэн гэж хичээдэг. Хэдий багахан зүйл ч гэлээ ингэвэл энэ улс орон арай дээрдэх байх гэж найддаг. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
1
19
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

nio 2020.02.21 24.7.246.254

Sain baina uu? gadaadad baidag humuustee zoriulsan ebook huvilbar gargasanuu? bayrlalaa

0 Хариулах


Зочин 2020.02.18 64.119.26.172

Сайхан ярилцлага болжээ. Таны хийдэг ярилцлагуудаар өлсдөг болж

0 Хариулах