Хайх зүйлээ бичнэ үү

Хүний оронд өөрийгөө тавьж, бодож чаддаг байх нь маш чухал. Ийм чадварыг хамгийн сайн эзэмших ёстой хүмүүсийн нэг бол өмгөөлөгчид юм. Хуульч өмгөөлөгч хүн чухам юу хийдэг, хүний амьдралд хэрхэн тусалдаг талаар энэхүү ярилцлагаас сонирхож болно. Түүнтэй уулзсан анхны өдрөөс л ярилцлагын буландаа оруулахаар “ятгасан”. Даанч даруу зангаасаа болоод ярилцлага хийе гэсэн саналыг минь удтал хүлээлгэсний эцэст сая л нэг зөвшөөрлөө. Ийм зоригтой, ийм дэвшилтэт үзэл санаатай, ийм шулуун шударга эмэгтэйтээ ярьж суух нь тархинд “таашаал” өгөх мэт. Тэрбээр олон улсын хуульчдын холбооноос про боно хуульчийн шагнал авсан анхны монгол эмэгтэй хуульч юм. Энэхүү шагналыг улс орон болон олон нийтийг хамарсан нэн тэргүүний, хүний эрхийн чухал асуудалд сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж, бусад орны хуульчдад жишээ болохуйц сайн туршлагыг бий болгож буй хуульчдад жил бүр гардуулдаг байна. Энэ удаагийн “Women who dare” булангаараа өмгөөлөгч Х.Баасанжаргалыг танилцуулж байна.
 
-Анх яагаад хуульчийн мэргэжлийг сонгохоор шийдсэн бэ?


-Багадаа би хуульчийн тухай кино үзээд нийгмийн багштайгаа ярилцсанаар хуульч болъё гэдэг анхны хүсэл төрсөн. Ер нь дунд ангид орохдоо л хуульч болно гэдгээ шийдсэн. 1990-ээд онд хүний эрх, ардчилал, нийгмийн үнэт зүйлийн тухай суурь ойлголт мэдрэмжийг аавтайгаа цуг жагсаал цуглаанд явснаар ойлгож авсан гэж боддог. Тухайн үед би ийм мэдрэмж авснаа мэдээгүй л дээ. Өмгөөлөгч болсныхоо дараа мэргэжлийн мэдлэг боловсрол, практикаас гадна хүнийг ойлгох, хүний эрх, эрх чөлөөний тухай мэдрэмжтэй байх нь ямар чухал болохыг ойлгосон. Жишээлбэл, өмгөөлөгч хүн нийгмийн янз бүрийн үзэгдлүүд дээр нийгмээ дагаж хуйлрахыг урьтал болголгүйгээр, яагаад ийм үзэгдэл болов, хэдэн насныханд ийм үзэгдэл гарч байна гэх мэтчилэн олон өнцгөөс бодоод дүн шинжилгээ хийж чаддаг байх хэрэгтэй.  

-Хуулийн чиглэлийн мэргэжлүүдээс өмгөөлөгч болохоор зорьсон нь юунаас эхлэлтэй вэ?

-Их сургуульд сурах явцад мэргэжлийн олон чиг баримжааг хэлж өгч, танилцах дадлага хийлгэдэг. Миний зан характерт хамгийн сайн тохирох, хамгийн сайн хийж чадах нь өмгөөлөгч юм байна гэж бодсон. Томоохон компанийн хуульчийн ажлын байрнаас эцсийн мөчид татгалзсан. Яагаад гэвэл, захирлууд надад үүрэг даалгавар өгөхөд би эрсдлийг хөндлөнгийн байр суурьнаас хэлж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Удирдах, удирдуулах ёс үйлчилнэ гэсэн үг. Өмгөөлөгч хүн бол илүү хөндлөнгийн байр суурьтай байж чадвал үйлчлүүлэгчээ эрсдлээс хамгаалж сайн өмгөөлөл хийдэг. Шүүгчийн характер надад байхгүй. Ядаж л нүүрэн дээр нь ямар шийдвэр гаргах гэж байгаа нь илрэхгүй, төвийг сахисан дүр төрхтэй байх ёстой. Прокурор өөрөө их хүнд ажил. Эцсийн дүндээ, хүний ялыг төлөвлөдөг, гэм буруутайг тогтоодог, ялын саналыг гаргадаг. Шүүх прокурорын ялын саналыг харгалзаад ял оноодог. Би сэтгэлзүйн хувьд чадахгүй юм байна гэж бодсон. Прокурор хүн эрүүгийн хэрэг дээр ажилладаг учраас мөрдөн шалгах, сэжиглэн таамаглах ур чадвар хэрэгтэй. Жишээлбэл, хими физикийн наад захын юм мэддэг байх шаардлагатай. Өмгөөлөгчийн хувьд хувь хүнтэй тулж, асуудал бий болох үндсэн шалтгаан нөхцлийг олдог хүн хоорондын харилцааны ажил. Энэ чадвар дээр би өөртөө илүү итгэлтэй байсан.

-Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах өмгөөллийн чиглэл рүү хэрхэн орсон бэ?


-Миний илүү мэргэшсэн салбар бол компани, татвар, санхүүгийн эрх зүй. Гэхдээ нийтийн ашиг сонирхол буюу өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй байгаа бүлэгт ажлын цагийнхаа 40 хувийг зарцуулна гэсэн хувь хүний зарчмаар ажилладаг.

Гурван жилийн өмнө өвөл, хаврын хүүхдийн хурдан морины уралдаанаар олон хүүхдийн амь нас эрсдсэн, гэмтсэн талаарх асуудал их хурцадмал болж байсан. Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-аас манай улсад сануулга өгсөн байгаа талаар Засгийн газар руу албан бичиг удаа дараа явуулаад байхад ерөөсөө зогсохгүй даамжирсаар л байсан.

Хуулийг нь харахаар уралдаан тэмцээн зохион байгуулах ямар ч боломжгүй байсан. Тэр үед хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Хүүхэд хамгаалах суурь хуулийн тогтолцоо байхад энэ уралдааныг зогсоож чадахгүй хэвээр. ТББ-ууд нэгдээд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа манай хуулийн фирм мэргэжлийн талаас нь туслалцаа үзүүлэхээр ажиллаж эхэлсэн юм. Тэр цаг үед анх удаа захиргааны процессийн хуулиар нийтийн эрх ашгийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах хуулийн боломжтой болсон нь маш давуу тал болсон.

Энэхүү шинэлэг сонирхолтой кэйс дээр ажилласнаар цаашид нийгмийн олон асуудал шийдэгдэх боломжтой гэдгийг харуулахаар зорьсон. Хариуцагч нь Засгийн газар байсан гэдэг нь Засгийн газрыг шүүхэд өгсөн гэсэн үг. Бид Засгийн газар ингэж уралдаан явуулаад байгаа нь хууль бус гэдгийг олон нийтэд зарлах зорилготой байсан. 2008 оноос хойш жил бүр өвөл хаврын уралдааныг Засгийн газар хийх явцад амь нас эрсдсэн, гэмтсэн бэртсэн хүүхдүүдийн тухай бүх баримтыг гаргаж өгсөн. Төрийн байгууллагаас төрийн бүх бичиг баримтыг албадан авах эрх шүүхэд байдаг. Гэмтлийн эмнэлгээс ослын мэдээлэл, Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын мэдээлэл, Хүний эрхийн комисс яаж сануулж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан талаарх мэдээлэл, НҮБ-аас ямар анхааруулга өгсөн гэх мэт мэдээллийг ил болгосон. Засгийн газар биелүүлэх ёстой олон улсын гэрээнийхээ ямар зүйл заалтыг зөрчсөнийг албан ёсоор ил болгосон. Түүнчлэн, олон улсын гэрээг хэрэглэх замаар шүүхэд хүний эрхийг хамгаалж болдог гэдгийг энэ жишиг кэйсээр харуулж, гурван шатны шүүхэд ялсан.

-Засгийн газар ямар ч хариуцлага хүлээгээгүй юм уу?

-Үгүй. Энэ шүүхийн шийдвэрээр Засгийн газар ийм төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулах нь хууль бус төдийгүй хүүхдийн эрхийг зөрчиж байгааг хэлсэн. Энэ бүхнийг албан ёсоор олон нийтэд ил болгосон. Гэхдээ үүний дараа шүүхийн шийдвэр гарчихаад байхад хүртэл харанхуйд уралдаан зарласан. Бид Засгийн газрыг дахиад шүүхэд өгсөн. Энэ удаад манай нэхэмжлэлийг Засгийн газар шууд хүлээн авч өвөл хаврын уралдаан зохиохыг хориглох шийдвэр гаргасан юм.

-Энэ олон жилийн хугацаанд бэртсэн, гэмтсэн, амь эрсдсэн хүүхдүүдийн хувьд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийнхээ өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо барагдуулах боломж байгаа. Засгийн газрын зохион байгуулсан уралдаан хууль бус байсан шүү гэдгийг шүүх тогтоогоод өгчихсөн. Энэ шүүхийн шийдвэрийг бариад явж болно. Иргэн өөрөө ирээд нэхэмжлэл гаргасан үед л шүүх энэ асуудал руу орж болно. Гэхдээ, эцэг эхчүүд ихэвчлэн уяачидтайгаа тохиролцдог. Хүүхдүүд насанд хүрсэн хойно нь энэ гэмтэл ямар хор хохиролтойг эцэг эхчүүд бүрэн тооцож чадаж байгаа юу8 үгүй юу гэдэг эргэлзээтэй.

-Энэ кэйсээрээ олон улсын шагнал авсан гэж дуулсан. Ямар шагнал байсан бэ?

-Олон Улсын Хуульчдын Холбооны 2018 оны Нийтэд тустай өмгөөллийн үйл ажиллагаа.

-Эмэгтэй гэдгээсээ болж ажил мэргэжлээ хийхэд саад бэрхшээлтэй учирсан явдал байгаа юу?

-Залуу эмэгтэй өмгөөлөгчид орон нутагт ажиллахад бэрхшээлтэй байх нь элбэг. Эрүүгийн хэрэг дээр ажиллахад цагдаа, мөрдөгч нар дандаа эрэгтэйчүүд байдаг. Дээрэлхэх, дуудах, өөртэйгээ аятайхан харьцахыг шаардах гэх мэтээр зохисгүй үйлдэл гаргадаг. Шаардлага тавихад, эмэгтэй юм байж, жоохон юм байж гэдэг хандлагатай байдаг. Бас нэг зүйл гэвэл ажлын газрууд зөвхөн МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн хүмүүсийг ажилд авна гэдэг, гэтэл хөдөө орон нутагт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хуваарь ганцхан ширхэг ирдэг. Түүнийг нь нэгт жагссан хүүхэд юмуу, даргын хүүхэд авчихдаг байсан. Анхнаасаа тэгш боломж олгогдоогүй байхад ажлын газрууд сургуулиар нь гадуурхаж болохгүй юм шиг санагддаг. Хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалах ёстой зүйл. Шууд автоматаар хойгуур эрэмбэлэгддэг байж болохгүй.

-Эмэгтэй хүн хэрхэн өсч, хүмүүжих тухай ээж, аав тань юу хэлж, хэрхэн үлгэрлэдэг байсан бэ?

-Би ер нь дураараа хүүхэд байсан. Манай аав ээж, хоёр эрэгтэй дүүг их анхаарч бөөцийлнө. Зодоон цохионд орооцолдчихвий гээд л. Одоо бодоход надад их итгэдэг байсан юм шиг байгаа юм. Энэ угаасаа зөрүүд, юу ч хэлээд нэмэргүй өөрийнхөөрөө л болно гэж боддог байсан байх.

-Таны нөхрийн ямар зан чанар нь таалагддаг вэ, хэрхэн хоорондоо зохицож гэр бүлээ авч явдаг вэ?

-Зөрчилдөх асуудал гарахад аль аль нь ямар орчин хүмүүжилтэй билээ гэдгээ боддог. Амьдарлын хувьд бид хоёр хоёр хүүхэдтэй нийлээд дундаасаа нэг хүүхэд гаргасан. Одоо таван хүүхэдтэй. Урьд нь хүнтэй амьдраад алдаж үзсэн хүмүүс учраас хоёрдахь амьдрал дээрээ харьцангуй хүлээцтэй, харилцан ойлголцох арга барилаа олчихдог байх. Бид багаасаа гэр бүлийн тухай боловсрол аваагүй учраас алдах тохиолдол их байдаг.

Манай аав ээж бидний төлөө амьдарлаа зориулсан хүмүүс. Эргээд харахад тэднийгээ өрөвддөг юм. Хамаг залуу нас нь 1990-ээд онд өнгөрсөн. Тэр бүхэл бүтэн үе одоо 50, 60 насныхан байна. Одоо энэ бухимдал нь тэр хүмүүст гарч байна. Дээрээс нь хобби байхгүй. Бид нар бол азтай байна. Амьдарлаа ингэж золиосолбол аав ээж шигээ болох юм байна гэдгийг харчихаж байна шүү дээ. Хүүхдүүд нь том болохоор цагийг яаж өнгөрөөхөө мэдэхгүй, тэтгэвэртээ гарчихсан, хоббигүй. Амьдралын баяр баясгаланг ач зээгээсээ л авдаг. Би тийм амьдралыг туулмааргүй байна. Би өөрөө аз жаргалтай байвал миний хүүхдүүд ч  аз жаргалтай байна.

-Хоёрдахь амьдралаа зохиох гэж байгаа эмэгтэйчүүдэд нийгмийн дарамт байгаа санагддаг уу?

-Ер нь манай нийгэм нөхрөөсөө салсан эмэгтэйг илүү гэм буруутнаар хүлээж авдаг. Эрэгтэй найзуудын эхнэрүүд нь нөхрийгөө булаагаад авчихна гэж үздэг. Эмэгтэй найзуудын нөхрүүд нь миний эхнэрийг уруу татна гэж бодно. Хаа явсан газраа гадуурхагдана. Болохгүй бүтэхгүй юмны нэрийг зүүж явдаг. Нөхрөөсөө салсан эмэгтэй хүнд арай илүү хатуурхдаг юм шиг санагддаг.

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?

-Миний сэтгэлээр хамгийн их унасан үе бол анхны нөхрөөсөө салсан үе. Гэхдээ тэр байдлаас хурдан гарч чадсан. Миний багын хоёр найз хоёулаа нөхрөөсөө салсан, хямрал нь маш удаан хугацаанд үргэлжилснийг хараад, нэгэнт шийдсэн юм чинь хурдан даван туулна гэж бодсон доо. Ер нь шийдсэн л бол зууралдах дургүй. Үр дагавартай зууралдах дургүй. Найзуудтайгаа ярилцаад хурдан давж гарахыг л боддог. Эмэгтэй хүн ярьж байх явцдаа тархиндаа бодол санаагаа цэгцэлчихдэг гэж номон дээрээс уншиж байсан. Үнэн байх.

-Ямар эмэгтэйг WOMEN WHO DARE гэх вэ?

-Маш амар амгалан, жижиг зүйлээс кайф авч чаддаг эмэгтэйг л би Woman Who Dareг гэж  хэлнэ. Би тийм байж сурахыг маш их хичээдэг. Чадахгүй л байна.  

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвөлгөө юу байсан бэ?

-Айвал бүү хий. Хийвэл бүү ай гэдэг үг байна.




Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.19 202.9.46.170

Мундаг шүү

0 Хариулах