Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

#WomenWhoDare | М.Нарантуяа: Гадаа муухай байхад дотор тайван суугаад яах юм бэ

Шинэ оны анхны “Women who dare” булангаараа дуучин М.Нарантуяаг танилцуулж байна.


Өөрчлөхийг хүснэ гэдэг том зориг. Ийм хүмүүс энэ дэлхий дээр байсан учраас л бидний амьдрал урагшилдаг, хөдөлдөг, ахидаг, дэвшдэг. Гаднаа хамгийн хурц шийдэмгий хүмүүс дотроо хамгийн зөөлөн, халуун дулаан, хайрламаар хүмүүс байдаг. Шинэ оны анхны “Women who dare” буландаа дуучин М.Нарантуяатай ярилцлаа. 

-Сошиал медиад эмэгтэйчүүдэд тулгарч буй нийгмийн асуудлуудыг хөндөж, хүмүүсийн сайн муу хэл амтай тулж явахад амаргүй байна уу?

-Бид асуудлыг хөндөөд анхаарлын төвд оруулж чадаж байгаа ч дуустал нь шийддэггүй юм шиг санагдах болсон. Яг л тэр үеийнхээ үнэнэрээ байснаасаа болоод хэрэггүй юм хийчихлээ, өөрийгөө ч өрөөлийг ч эвгүй байдалд оруулчихлаа гэж бодож байсан үе байлаа.  Гэхдээ одоо тэгж бодохгүй байна. Ямар нэг асуудал байгаа бол гаргаж ирээд, хэлэлцээд, шийдээд, үр дүн гартал нь явах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Би юмны сайн муу бүгдийг л ярьдаг, муу байлаа гээд сайныг нь үгүйсгэдэггүй. Өөрийхөө ч гэсэн сайн муу бүх талаа харуулж байгаагаараа л байдаг. Намайг элдвээр хэлж болно, надад хамаагүй би муу муухайг арилгахын төлөө, үнэн зөв, шудрага ёсны төлөө эцсээ хүртэл тэмцэнэ.

-Нийгмээс эмэгтэй хүнд, эхнэр хүнд, ээж хүнд тулгаж буй дарамт хэр их байна гэж харж байна? 

-Яагаад эмэгтэй хүн өнөөдөр өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж амьдарч болохгүй гэж. Хэн нэгний эхнэр болсон бол өөрийнхөө бүх юмыг умартаад нэг хүний эрхшээлд амьдрах тийм ч хүсээд байхаар амьдрал биш байж болно. Ээж аав нь бие биедээ хайргүй, халуун дотно биш, байнгын хэрүүлтэй, бие биенээ үзэн яддаг, хүчирхийлэлтэй гэр бүлд хүүхэд өсөхийг би хувьдаа зөв гэж боддоггүй. Эр эм хоёр саллаа гээд хэн ч гуйлгачин шиг гуйж явах ёсгүй, хийх ёстой юмаа хийснийхээ төлөө хэн ч учиргүй магтуулах ёсгүй. Хөгжилтэй улс оронуудад энэ бүх асуудлыг шийдээд болоод байна. Бид нар бүгдээрээ л олон зээл төлбөрийн эрсдэл дунд амьдарч байна. Заавал ганцаараа баатар эмэгтэй болох гээд бүх ачааг үүрч явах шаардлага надад байхгүй. Жаргахдаа хамт жаргасан юм чинь зовохдоо ч үүрэг хариуцлагаа хамт үүрэлцэх хэрэгтэй. Монголын эмэгтэйчүүдийг ийм бурангуй үзэлтэй амьдруулж байгаа нэг шалтгаан бол ингэж тэгж болохгүй гэсэн нийгэмд тогтсон жишгүүд. Бүгд чив чимээгүй байгаад ичээд байвал гэмгүй нь гэмтэй юм шиг амьдраад харин жинхэнэ гэмтэй нь энд тэндгүй үрээ цацаад амьдардаг нийгэм болно. 

-Хүмүүсийн сөрөг дайралтыг яаж давж туулж байна?

-2007 онд сургуулиа төгсөөд ирэхдээ би хэзээ ч хэнтэй ч өрсөлдөх гээгүй. Хүүхэд наснаасаа мөрөөдсөн урлагийн мэргэжилтэй болно гэснээрээ хэнээс ч гуйлгүйгээр өөрийнхөө хүчээр сургуулиа төгсөөд ирсэн. Би бааранд ажиллаж байсан гэдгээ ч хэлсэн. Гэтэл нийгэм намайг хэлэх хэлэхгүй үгээр шүүмжилсэн, гүтгэсэн, доромжилсон. Аль дээр үед л тийм их эсэргүүцэл, худал хуурмаг, үзэн ядалттай нүүр тулж байлаа. Эхэндээ бол, яагаад хүний юуг ч мэдэхгүй байж  ингэж чаддаг байнаа гээд гайхдаг байсан. Тэр үеэс амьдрал намайг хат суулгаж дээ. Хүн бүрийг дагаж холбироод байвал би яаж өөрийнхөөрөө амьдрах юм бэ. Хэн ч намайг юу гэж ч байсан би өөрөө өөрийгөө мэднэ. Өөрөө өөртөө хэн бэ, яаж явж ирсэн бэ, хааашаа явах вэ гэж байгаагаа би баттай сайн мэдэж байгаа. Бусад нь сонин биш, тэр хүмүүсийн л бодол. Би аль дээр үеэс элдэв хүмүүсийн сэтгэгдэлд ач холбогдол өгөхөө больсон. 

-Бусдын юу гэх сонин биш байлаа ч эргэн тойрны дотны хүмүүс чинь тийм байж чадаж байна уу?

-Надтай хамааралтай хүмүүс бусдын үгэнд итгээд байгаа нь мэдээж хэцүү. Нэг хөгшин хүн айлд цай уух гэж орж ирэхдээ хэн нэгний талаар худлаа юм яриад залуусын амьдралд гай болоод гардаг ийм л муухай нийгэм. Элдэв хов ярианд шууд итгэдэг, үзэн яддаг, хүүхдээ ятгадаг, оюун санаанд нь нөлөөлдөг гомдмоор нийгэм. Гэхдээ энэ миний туулах л ёстой амьдрал байх. Сонгуулиас хойш би  нийгмийн амьдралын жинхэнэ халуун цэг дээр буцалж амьдарч байна. Бизнес хийж дампуурч үзлээ, залилуулж, хулхидуулж, өрөнд орж үзлээ, зээлийн хүүд дарлуулж байна, шудрага бус увайгүй хамтрагч нартай учирч үзлээ. Хүн амьдрахад ээлгүй, стрестэй, шудрага бус, худал хуурмаг нийгмийн амьдрал ямар байдгийг үзэж байна. Таалагдахгүй бол өөрчлөхөд хувь нэмрээ оруул гэдэг сорилго юм болов уу л гэж хардаг. 

-Хүмүүс ийм мэдрэмж авахаараа гадагшаа явахыг л зорих хандлага сүүлийн үед их байх шиг?  

-Мэдээж би гадагшаа явах дуртай, гэхдээ долоо хоноод л гэрээ санадаг. Надад зөвхөн Монголдоо амьдрах ёстой ч юм шиг мэдрэгддэг. Ганцаараа гадагшаа гараад явбал би хаана ч бор хүүгээ чирээд амьдарч чадна. Эмээ өвөө, ах эгч, аав ээжийгээ бүгдийг нь аваад явж чадахгүйгээс хойш ганцаараа хар амиа бодож яваад яах юм. Өөрчлөхөөс өөр арга байхгүй. Сүүлийн үед энэ бодлыг манай гэр бүлийнхэн хүчтэй дэмжиж эхэлсэн. Ерөөсөө л шудрага бус зүйл бүх хүнд тохиолдоод байхаар хүмүүс анзаарч эхлэж байна. Намайг яагаад бачуураад, галзуу солиотойгоороо дуудуулаад яваад байгааг  хэсэг ч гэсэн хүмүүс ойлгоод дэмжиж байгаад би баярладаг. Хүүхдүүддээ ийм нийгэм үлдээгээд яваад өгч болохгүй л дээ. 

-Шудрага үнэний төлөө тууштай тэмц, тэгвэл чи шудрага нийгэмд амьдарна гэж сошиал хуудас дээрээ бичсэн байсан?

-Тэмцсээр байгаад л үхье гэж бодож байгаа. Гадаа муухай байхад дотор тайван суугаад яах юм бэ. Нийгмийн гажуудалтай энэ асуудлаас өөрсдийгөө салгаж чаддаг мундаг хүмүүс байна л даа.  Харамсалтай нь гэрээс гараад л энэ бүхэнтэй тулна. Зүгээр л нэг сайхан аядуу тайван амьдрахыг хэн ч чадна. Гэхдээ муу муухайг өөрчлөөд жоохон ч гэсэн сайхан нийгмийг үлдээхийн төлөө амьдрах ёстой биз дээ. Байхгүй болсон хойноо ч бахархагдаж амьдардаг хүмүүс байхад гэртээ болор шаахай өмсөөд тансаглаж амьдардаг хүмүүс ч байна. Дахиад л хүүхдүүд минь бүдчих нийгмийг үлдээхгүйн төлөө тэмцэнэ дээ. 

-Ажил мэргэжлийхээ явцад зөвхөн эмэгтэй хүн гэдгээсээ болж үзэл бодлоо няцаалгаж байсан тохиолдол байгаа юу?

-Эмэгтэй гэхээсээ илүүтэйгээр ганц бие эмэгтэй гэдгээр хүмүүс дээрэлхэх гээд байдаг юм шиг санагддаг. Баян чинээлэг, эрх мэдэлтэй хамгаалах эр хүн байхгүй эмэгтэйд нэг л өөрөөр хандаад байгаа нь бүх цаг үед мэдрэгддэг. Яг шууд хэлэхгүй ч гэсэн, алсуураа нэг л хавчиж шахаж зайлуулах санаатай. Муу муудаа дээрэлхүү гэдэг шиг. Үнэхээр хүнлэг, хүн чанартай хүн биш л бол ер нь дээрэлхэх санаатай. Би яахав өөрөө өөрийгөө маш их хамгаалдаг дуугардаг эмэгтэй учраас харьцангуй гайгүй.  

-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Болохгүй байгаа юмыг өөрчлөх гэж зорьсныхоо төлөө яагаад квоттой байх ёстой гэж. Эрэгтэйчүүд өөрчилж чадахгүй байгааг бид бүгд л харж байна.  Эмэгтэйчүүдийн мэдрэмж өөр, аливаа асуудлыг  зохицуулж, шийдэхийн төлөө өөрийгөө умартаад зүтгэдэг хүмүүс. Дийлэнх нь тийм байгаа гэж итгэж байна.

-Монгол улс эмэгтэйчүүд карьер хөөгөөд явахад таатай улс мөн үү?

-Яаж таатай байх юм. Ялангуяа карьер, нам эвсэл хөөж байгаа эмэгтэйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамтын олон асуудлууд байна. Карьер хөөж байгаа эмэгтэй амжилтын төлөө хичээл зүтгэлээ гаргаад явах ёстой байтал бас хажуугаар нь ийм тийм юманд өртөхгүй байх ухаан гаргаж байнга бодож явах шаардлага гарч байна. Сүүлийн үед шударга бусыг илчилж, чичилж байгаа учраас бас харьцангуй зарим нэг хэсэг нь засагдаад явж байгаа. Гэхдээ л далд хэлбэрээр байсаар л байна. Илчлэх гэхээр давхар хохирдог учраас эмэгтэйчүүд айж ичиж байна.

-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж, аав тань ямар юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?

-Би багадаа маш олон юм сонирхдог, бүжиг, дуу хөгжим, гимтнастик, англи хэлний мэтгэлцээн гээд явдаг хүүхэд байсан. Манайд гэр бүл болгонд байдаг маргаантай асуудлууд байдаг л байлаа. Ээж аав хэтэрхий залуу наснаасаа таван хүүхдийн эцэг эх болчихсон, ороо бусгаа нийгмийг туулж амьдарч байсан ч бид нарын л төлөө амьдарч байжээ. Намайг гоё сайхан байлгах гээд, дугуйлангуудад явуулдаг байлаа. Аав  дуугүй, дотроо л бүх юмаа боддог, өмөрдөг төрлийн хүн. Ээж энэ бүхний дунд “миний охин чадна, чадна гэдэгтээ өөртөө итгэ” гэж хүмүүжүүлсэн юм билээ. Манай нөгөө дөрөв ч гэсэн үргэлж намайг дэмжиж зоригжуулдаг байсан учраас би хүүхэд байхаасаа шудрага байхаас айдаггүй, тэрийгээ илэрхийлж чаддаг хүн болсон байх. Өсвөр насандаа бааранд ороод аавдаа алгадуулж л явсан. Дараа нь аав надад өөрөө мөнгө өгөөд найзуудтайгаа гоё юмандаа яв гэснийг нь би мартдаггүй. Хүний итгэл даах, хариуцлага хүлээх чадвар суулгаж байж. Мэдээж  байх ёстой хяналт, анхаарал халамж байлгүй л яахав. Гэхдээ бүх цаг үед биш. Манай аав ээж надад “чи тэгэх байсан, ингэх байсан” гэж хэзээ ч хэлж байгаагүй . Харин ч үзэх л ёстой, давах л ёстой юм байж гээд надад алдаа хийх боломжийг минь ч бас өгдөгт үргэлж талархаж явдаг. 

-Хайр дурлал, найз залуугийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би хүний сайн сайхныг улам гүнзгий хараад, тэрэндээ дурлаад автаад байдаг хүн. Энэ бол миний маш сайн бөгөөд муу тал. Надад хийж бүтээх маш их юм байна. Хайр дурлалд би хэт их сэтгэлээрээ ханддаг учраас их цаг заваа алддаг юм байна гэж бодох болсон. Юу хүсэхээ ч мэдэхгүй, юунд зориод байгаагаа ч мэдэхгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа залуучууд надад таалагддаггүй. Зорилгогүй хүн юу ч хийж бүтээж чадахгүй. Би өөрөө том зорилготой учраас зүтгэж чадна, юуг тэсэж, юунаас болгоомжилж, яаж амьдрах тухай надад өөрийн гэсэн бодол байгаа. Өөрийн гэсэн зорилготой, өөрийнхөө тухай ойлголттой эрэгтэй хүн л таалагддаг болсон доо. 

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?

-Би ганцаараа их уйлдаг ч хүмүүсийн хажууд уйлдаггүй. Гадагшлуулах ёстой юмаа гадагшлуулаад тайтгарчихдаг байх.  Өөртэйгээ ярилцдаг, чагнадаг. Саяхан аймар уйлж байснаа гэнэт зүгээр болчихоороо өөрөөсөө заримдаа айх шиг. Энэ бүхний эзэн нь би учраас өөрөө өөрийгөө л хурцалдаг. Илүү их юманд хүрэх учраас, улам их амжилттай байх учраас амьдрал намайг сорьж байна, шалгаж байна гэж бодоод л урагшаа алхдаг. 

-Та юунаас хамгийн их айдаг вэ?  

-Үнэнийг хэлэхэд би заримдаа өөрөөсөө асуудаг, эргэлздэг. УИХ гэдэг юманд нь оччихоор л хүн болгон мөнгөнд худалдагдаад мөн чанараа алдаад байдаг юм болов уу гээд боддог. Би тийм хямдхан мөн чанартай хүн бишээ гээд өөрөө өөртөө хариулна. Миний дотор хүн намайг хэцүү үед үсдээд босгодог, шүд зуулгаад хийлгэдэг, чи энэ бүхний төлөө тэмцэхгүй юм бол хэн тэмцэх юм бэ гээд дотроос хэлдэг. Тийм ч учраас би өөрийгөө улам цаашаа ундарна, намайг ингээд л болоо гэж бодож байгаа хүмүүс андуурч байна гэж боддог. Амьдралын туршид надаас олон зан чанар, сэтгэл, зүтгэл гарна. Хэтэрхий тэнэг шудрага байдлаасаа болж олон асуудалд ордог нь үнэн. “Чи өөрөө чадна л гэж бодсон бол чи юуг ч хийж чадна” гэж ээж минь хэлдэг учраас би юунаас ч айхгүй байна. 

-Ямар эмэгтэйг WOMEN WHO DARE гэх вэ?

-Миний хувьд би өөрийгөө шударга бусын эсрэг тэмцэж байхдаа “woman who dare” гэж боддог, мэдэрдэг. “Би”-гийн өвчин туссандаа биш, тэгж харагдахыг хүссэндээ ч биш, чин сэтгэлээсээ дотроосоо бусдын зовж байгааг мэдэрч чаддагаараа өөрөөрөө бахархаж байна. Сошиал медиа хөгжсөнөөр миний тэмцэл ил болсон болохоос биш, дээр үед ч би байнгын л тэмцдэг байсан. Тусламж хэрэгтэй хүнд аль болох чадахаараа өөрийнхөө хэмжээнд туслахыг хичээдэг, шударга бус байдлыг шууд ил хэлж чичилж, ойлгуулахыг хичээдэг. 

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвөлгөө юу байсан бэ?

-Миний сэтгэлээр унасан, өвдсөн, гомдож ганихарсан хүнд хэцүү цаг үед “бүх зүйл тур зуурынх” гэж ээж хэлдэг. Зовлон ч, жаргал ч түр зуурынх. Зовлонг давж гарах тэсвэр тэвчээр хатуужилтай, жаргалыг даах ухаантай байж чадвал хүн юуг ч туулаад гарна. 


холбоотой мэдээ
1
2020.04.30
Домогт дайчин бүсгүй Мулан монгол угсааны хүн үү?
2
2020.02.17
#WomenWhoDare | Ч.Бат-Уянга: Эрэгтэй хүний хайрцаг арай том, эмэгтэй хүнийх арай давчуу...
3
2019.11.13
#WOMENWHODARE | Х.Баасанжаргал: Айвал бүү хий, хийвэл бүү ай
санал болгох
1
4 цагийн өмнө
Илүү аз жаргалтай байх 9 аргыг шинжлэх ухаанаар батлан гаргажээ
2
7 цагийн өмнө
Зөвхөн интроверт буюу “дотогшоо” хүмүүсийн ойлгох 9 зүйл
3
Өчигдөр
Охидод зориулсан зун, намрын арьс арчилгааны үр дүнтэй 6 зөвлөгөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
0
4