Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Ядууралтай тэмцэх орчин үеийн шийдэл буюу 16 сая хүний орлогын эх үүсвэр болсон Куайшоу аппликэйшн


Аяллын тэмдэглэл


Google, Facebook, Instagram зэрэг сошиал сүлжээг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгосон миний хувьд урд хөршийг зорих бүртээ гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан мэт санагддаг. Харин хятадууд ертөнц дотор дахин нэг ертөнцийг бүтээж, өөрсдийн онцлог шинжээ хадгалсан сошиал платформуудыг хөгжүүлсээр байна. Ерөөс улс гүрнийг хүчирхэгжүүлэх түлхүүр нь үйлдвэрлэл гэдгийг жирийн иргэнээс эхлээд төр засгийн удирдлагын хүрээнд бат ойлгож, гүн ухамсарласан нь олон зүйлээс ажиглагдсан юм. Иймдээ ч тэд барууны гэх тодотголтой бүх зүйлийг "ялж", дотооддоо бүхнийг хийж чадна гэдгээ харуулахыг зорьдог. Жишээ нь, Starbucks-ийн зах зээлийг хумихаар хэдэн жилийн өмнөөс Luckin хэмээх сүлжээ кофе шопыг үүсгэн байгуулсан нь эдүгээ амжилттай ажиллаж байна. 

Өөр салбаруудад, тухайлбал сошиал платформ хөгжүүлэлтийн хувьд ч төстэй дүр зураг харагдана. Хятад улс Google, Facebook, Instagram-ийг орлох Weibo, Wechat зэрэг сошиал сүлжээ, Baidu хайлтын системтэйг уншигчид сайн мэдэх биз ээ. Харин миний бие энэ удаа TikTok-той өрсөлдөж буй Куайшоу (Kuaishou) аппликейшнийг бүтээгч Beijing Kuaishou Technology компанийн төв оффистой танилцах боломж олдсон юм. Ажлын орчин, үйл ажиллагааны цар хүрээ, байгууллагын соёл нь миний төсөөлж байснаас тун өөр байсныг дурдах нь зүйтэй. Учир нь Куайшоу хятадуудын "996" гэж томьёолдог ажлын зарчим буюу долоо хоногийн зургаан өдөр, 09:00-21:00 цаг хүртэл ажиллах системийг арай уян хатан болгож, Цахиурын хөндийн соёлыг нэвтрүүлэхийг зорьж буй нь тод ажиглагдсан юм. 

  • 700 сая хэрэглэгчтэй, 18 тэрбум долларын үнэлгээтэй компани хэрхэн бий болов?
  • Куайшоу ирээдүйд Google X-тэй өрсөлдөх зорилготой ажиллаж байна
  • Куайшоу аппликэйшн 16 сая хүний орлогын эх үүсвэр болж байна
  • Куайшоу цалин хөлс болон нийгмийн хангамжаараа Tencent, Алибаба зэрэг том компаниудаас илүү гэв
  • Хятад улс 2020 он гэхэд ядуурлаас бүрмөсөн ангижрах зорилготой бөгөөд хувийн хэвшлүүд ч үүнд хувь нэмрээ оруулж байна
  • Гайбао хэмээх жижиг тосгоныхон Куайшоугийн тусламжтайгаар ядуу өрхийн тоогоо гурван хувь хүртэл бууруулж чаджээ
  • Лайв үзэж буй хэрэглэгчид тухайн бичлэгийн эзэнд 28 төрлийн бэлэг өгч болох бөгөөд тус бүр 1-288 юанийн үнэлгээтэй байдаг аж  

Хөдөлгөөнт зураг бүтээгч аппликэйшнээс 18 тэрбум долларын үнэлгээтэй компани хүртэл

Компанийн түүхийг товч сөхвөл, "GIF Kuaishou"-ийг 2011 онд үүсгэн байгуулсан ба тухайн үед хөдөлгөөнт зураг (GIF) бүтээж, бусадтай хуваалцах зориулалттай аппликэйшн байв. Харин 2013 онд богино бичлэг оруулдаг аппликэйшн болгож, 2014 онд нэрээ Куайшоу (Kuaishou) хэмээн өөрчилжээ. Ийнхүү 57 секундийн видео бичлэг оруулж, Live Stream буюу шууд дамжуулалт хийх боломжтой Куайшоуг хөгжүүлэх эхлэл тавигдсан байна. 

Сүүлийн таван жилд аппликэйшнийг хэрэглэгчдийн тоо огцом нэмэгджээ. Одоогийн байдлаар бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 700 орчим сая, өдөр тутам тогтмол ашигладаг хэрэглэгчдийн тоо 200 саяд хүрсэн бөгөөд Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньчжэнь гэсэн дөрвөн том хотод гар утсаараа интернет хэрэглэгчдийн дийлэнх нь уг аппликэйшнийг ашиглаж байна. Мөн тэд 2020 оны хоёрдугаар сар гэхэд идэвхтэй хэрэглэгчдийнхээ тоог 300 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна гэлээ. Олон улсын хэрэглэгчдэд зориулсан “Kwai” хувилбар нь Бразил, Энэтхэг, Турк, Өмнөд Солонгос, Орос, Вьетнам улсад хүчээ авч байгаа аж. 

Компанийн үүсгэн байгуулагчид. Баруун гар талаас Су Хуа, Чен Ишиао нар

Тус компани 2017 оны гуравдугаар сард Tencent, DCM, Sequoia зэрэг компаниас нийт 350 сая долларын хөрөнгө оруулалт босгож чадсан бөгөөд Форбес сэтгүүлийн мэдээлснээр Куайшоугийн зах зээлийн үнэлгээ нь 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 18 тэрбум долларт хүрээд буй. Компанийн үүсгэн байгуулагчид болох Су Хуа, Чен Ишиао нар өмнө нь Google, Baidu-д инженерээр ажиллаж байсан юм. Форбес сэтгүүлээс 2018 онд гаргасан Хятадын хамгийн залуу бөгөөд чинээлэг 400 хүний жагсаалтад Су Хуа 86-д (36 настай бөгөөд нийт хөрөнгө нь 2.9 тэрбум доллар), Чен Ишиао 123-д (нийт хөрөнгө нь 2.16 тэрбум доллар) тус тус бичигджээ. Компанийн орлого 2019 онд 2.2 тэрбум доллар хүрнэ гэсэн тооцоо гараад байна. 

Дашрамд дурдахад, Куайшоу 2016 онд Стэнфордын их сургуульд компьютерийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Вэнь Жэнээр удирдуулсан “Y-Tech” нэртэй судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулжээ. Багийн зорилго нь Google X-тэй мөр зэрэгцэн хиймэл оюун ухаан, AR (виртуал бодит байдал), 5G-ийн судалгаа, хөгжилд хувь нэмрээ оруулах гэнэ.  

Tencent, Алибабатай өрсөлдөхүйц цалин хөлс, ажлын орчин

Бээжин хотод байрлах Куайшоугийн төв оффис 60 мянган ам метр (м.кв) талбайг хамрах бөгөөд 49 хувийг нь ногоон байгууламж эзэлдэг. Оффис нь долоон цогцолбор барилгатай ба дотроо ажлын өрөө, хурлын танхимуудаас гадна 8000 ажилтандаа зориулсан хоолны газар, унтлагын өрөө, амралтын хэсэг, фитнесс, үсчин, дэлгүүр, кофе шоп, караоке, номын сан, тоглоомын төв зэрэг хүний амьдралд хэрэгтэй бүхнийг бүрдүүлжээ. 

ЗурагТайлбар
Компанийн төв оффис
Компанийн төв оффис
Компанийн төв оффис

Куайшоу цалин хөлс болон нийгмийн хангамжаараа Хятадын бусад том компани болох Tencent (Wechat-ийг эзэмшигч компани) болон Алибабагаас илүү гэдгийг ажилчид нь хэлж байсан юм. Жишээ нь: 

Нэгээс дээш жил ажилласан ажилчид компаниас зээл авч, орон сууц худалдан авах боломжтой. 

ЗурагТайлбар
Багийн уулзалт хийх өрөө

Багийн уулзалт хийх өрөө
Хурлын танхим
Сургалтын өрөө 

Компанийнхаа ойролцоо байр түрээслэхээр болбол байгууллагаас санхүүгийн тусламж үзүүлдэг. 

Хэрэв 22:00 цагаас хойш ажлаа дуусгавал таксины мөнгийг компаниас нөхөж олгодог.

ЗурагТайлбар
Ажилчдын ширээ

Ажилчдын ширээ

Ажилчдын өглөө, өдөр, оройн хоолыг компаниас даадаг. Мөн жимс, кофе, цай, зайрмаг, хөнгөн зууш гэх мэтчилэн бүгд үнэ төлбөргүй. Компани нэг ажилтны хоолонд өдөрт дунджаар 120 юанийг зарцуулдаг байна. 

ЗурагТайлбар
Ажилчдын хоол

Ажилчдын хоол

Ажилчдын хоол
ЗурагТайлбар
Кофе шоп
Ажилчдад зориулсан нэрийн дэлгүүр

Ажилчдад зориулсан нэрийн дэлгүүр

Хэрэв хоолны газар руу явах завгүй, хүсэлгүй байвал дотоод хоол хүргэлтийн системээрээ дамжуулан хоолоо авчируулж болно. 

Фитнесс


Үсчин

Ажил ихтэй үед 10:00-22:00 цаг хүртэл ажиллах хэрэгтэй болдог ч хүссэн үедээ дугхийж, фитнесст хичээллэж, амрах боломжтой уян хатан нөхцлийг бүрдүүлсэн. 

Унтлагын бүхээг

ЗурагТайлбар
Ажилчдад зориулсан номын сан нь 800 гаруй номтой

Ажилчдад зориулсан номын сан нь 800 гаруй номтой

Сорилттой зүйл нь үйл ажиллагаа нь тогтворжсон Tencent, Алибаба зэрэг компанид зөвхөн өөрт оногдсон даалгавруудаа гүйцэтгэхэд хангалттай байдаг бол хурдтай хөгжиж буй Куайшоуд олон зүйлийг цоо шинээр, анхлан гүйцэтгэх шаардлагатай тулгардаг хэмээн тус компанийн ажилчид ярив. 

16 сая хүн Куайшоуг ашиглан орлого олж байна

Куайшоу богино хугацаанд хөлөө олсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэгд, хэрэглэгчдийн олонхийг Хятадын доод, дунд давхаргынхан бүрдүүлдэг. Хөдөө орон нутагт амьдардаг тариачин, мужаанаас эхлээд сургуулийн сурагч, видео тоглоомчин гэх мэт нийгмийн давхаргын төлөөллүүд Куайшоуд алдаршиж, олон сая дагагчтай болж чаджээ. Хоёрт, Куайшоу хятадуудын хувьд ердийн нэг энтертайнмент аппликэйшн гэхээсээ бизнесээ таниулах таатай хөрс суурь, орлогын эх үүсвэр болж байна. 

Дэлхийн банкны тайланд дурдсанаар 1990 оны байдлаар 750 сая хятад иргэн ядуурлын шугамд зааснаас доогуур орлоготой аж төрж байсан бол 2018 оны сүүлээр Хятадын нийт хүн амын 1.7 хувь нь буюу 16.6 сая хүн ядуу амьдарч байсан гэсэн тооцоо гарчээ. (Дэлхийн банк ядуурлыг шугамыг гаргахдаа өдөрт 1.90 доллар, жилд 700 доллараас бага орлоготой иргэнийг ядууралд нэрвэгдсэн гэж үздэг бол Хятад улс үүнээс арай доогуур буюу өдөрт 1.10 доллар, жилд 416 доллараас бага орлоготой иргэнийг ядуу гэж тодорхойлдог.) 

Ерөнхийлөгч Ши Жиньпин 2015 онд тавьсан илтгэлдээ 2020 он гэхэд Хятадыг ядуурлаас бүрэн гаргана хэмээн мэдэгдсэн билээ. Хэрэв Хятад улс дээрх хурдаа хадгалж чадвал 2020 он гэхэд тавьсан зорилгодоо хүрч чадах нь тодорхой байгаа юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс гадна 76,400 хувийн хэвшлийн компани ядууралтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байна гэжээ. Үүний нэг жишээ нь Куайшоу аппликэйшн аж. Тухайлбал: 

  • 16 сая хүн Куайшоуг ашиглан ямар нэгэн байдлаар орлого олж байна
  • Аппликэйшний тусламжтайгаар 3.4 сая хүн ядуурлаас гарсан
  • 1.15 сая хэрэглэгч Куайшоу дээр бараа, бүтээгдэхүүнээ худалдаж, нийт 19.3 тэрбум юанийн орлого олжээ
  • Куайшоу 2018 оны сүүлээр нэгэн инкубатор төслийг танилцуулсан бөгөөд одоогоор алслагдмал хөдөө орон нутагт амьдарч буй Куайшоугийн 100 хэрэглэгчийг сонгох үйл явц үргэлжилж байгаа юм. Тэд сонгогдсон хүмүүсээ шаардлагатай сургалт, семинарт хамруулж, улмаар Куайшоуд тулгуурлан бизнес эхлүүлэх, өргөжүүлэх боломжоор хангахыг зорьж буй аж. 

Саяхны нэгэн сонирхолтой жишээг дурдахад, Гайбао хэмээх жижиг тосгоны иргэд Куайшоугоор дамжуулан органик бүтээгдэхүүнээ худалдаж орлого олох болжээ. Ядуурлыг бууруулах төслийн ахлах ажилтан Ву Юйшэн 2018 оны хоёрдугаар сард уг тосгонд томилогдож ирсэн аж. Эхэндээ тэрбээр уламжлалт хэлбэрээр мал аж ахуй, газар тариаланг дэмжих замаар ажлын байр бий болгохоор оролдсон боловч бүтэлгүйтэв. Удалгүй түүнд трэнд болж буй Куайшоу аппликэйшнийг ашиглаж болох юм гэсэн санаа төрсөн гэнэ. 

Гайбао тосгон дун ястны (Хятадын хүн амын 8 хувийг эзэлдэг 56 бага ястны нэг) соёл, уламжлалыг өдий хүртэл хадгалан үлдсэн бөгөөд Ву Юйшэн "Qixiannü" нэртэй баг үүсгэж, улмаар залуу бүсгүйчүүдийг цуглуулан бичлэг хийж Куайшоуд байршуулж эхэлжээ. Тосгоны иргэд эхэндээ түүнийг ажлаа хийж байна гэж огт хүлээж аваагүй бөгөөд үл итгэсэн байдалтай байв. Ингээд тэд 286 бичлэг оруулсны эцэст 150 мянган дагагчтай болж, тосгоны иргэдийн бүтээгдэхүүнийг хүмүүс онлайнаар худалдан авч эхлэхэд л түүний зөв байсныг ойлгожээ. Үүний үр дүнд, тосгоны ядуу өрхийн тоо гурван хувь болтол буурч, "Qixiannü" багийн гишүүдийн сарын орлого 1500-5000 юань хүртэл нэмэгдсэн байна. 

Куайшоугийн хэрэглэгчид хэрхэн орлого олдог вэ?

Куайшоуд өдөр бүр 15 сая бичлэг шинээр ордог. Мөн нэг саяас дээш дагагчтай хэрэглэгчийн тоо 5000-д хүрээд байна. Дээр дурдсанаар хэрэглэгчдийн олонхийг доод, дунд давхаргынхан бүрдүүлдэг нь Куайшоугийн онцлог төдийгүй контентууд нь сонирхолтой байдаг нэг шалтгаан юм. Хөдөө, жижиг тосгон, ууланд амьдардаг загасчин, тариачин, махны худалдаачин, үйлдвэрийн ажилтан, зөөгч гээд хэн ч, хаанаас ч, юуг ч үзүүлж болдгоороо давуу ажээ. 

Компани төдийгүй хэрэглэгчид дараах таван аргаар дамжуулан орлого олдог байна. Үүнд: 

  1. Ньюс Фийд дэх зар сурталчилгаа (Youtube-тэй адил бичлэгийнхээ дундуур төлбөртэй сурталчилгаа явуулж, түүнээсээ орлого олдог. Энэ орлогоос компани ямар нэгэн шимтгэл авдаггүй)
  2. Шууд дамжуулалтаас олох ашиг (Үзэгчид хүсвэл тухайн хүнд "бэлэг" өгөх боломжтой бөгөөд 28 төрлийн бэлэг нь тус бүр тодорхой ханштай. Дээд тал нь 288 юаньтай тэнцэх бэлэг ч бий. Үзэгчдээс очиж буй бэлгийн тал орлогыг тухайн хэрэглэгч, талыг нь компани авдаг байна)
  3. Онлайн худалдаа
  4. Тоглоом 
  5. Төлбөртэй онлайн сургалт (Сэтгэлзүйч, багш, дасгалжуулагч гээд хэн ч хичээл зааж орлого олох боломжтой)

Ийнхүү Хятадын технологи, сошиал платформ хөгжүүлэгч компаниуд ядууралтай тэмцэхийн зэрэгцээ олон улсад өрсөлдөх том амбиц өвөрлөн хөгжсөөр байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
8 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.