Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ямар саванд идэж, уух вэ? (Цуврал №9)


Хэд хоногийн өмнө би өдрийн хоолоо идэхээр ажлынхаа ойролцоох цайны газар оров. Захиалсан хоолоо авч явахаар савлуулж буй хүмүүсийн дунд зогссон нэг эмэгтэй анхаарлыг минь татсан юм. Тэрбээр амар хялбар байдлыг бодож, хоолоо нэг удаагийн хуванцар саванд хийлгэхийн оронд өөрийнхөө хоолны саванд хийлгүүлж аваад гарахыг хараад баярлах сэтгэл төрсөн. Энгийн, нэг их чухал биш ч юм шиг энэ үйлдэл цаанаа ямар их хариуцлага, ухамсар дагуулж буйг бодож суулаа. Бид өдөр тутамдаа үл анзаарагдам, жижиг үйлдлүүдээр байгаль орчноо бохирдуулсаар буйгаа төдийлөн анзаардаггүй шүү дээ. Хэрэв та хариуцлагатай, ухаалаг хэрэглээг амьдралдаа хэвшил болгохоор хичээж байгаа бол Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны цуврал нийтлэлийг алгасалгүй уншаарай. Энэ удаа бид хэрхэн өдөр тутмынхаа хэрэглээг байгальд ээлтэй болгох талаар хуваалцаж байна. 


1. Хуванцар савтай ус

Дэлгүүрт худалдаалагдаж буй ихэнх шингэн хүнс хуванцар савтай байдгийг бодолцох хэрэгтэй. Хамгийн түгээмэл хэрэглээ болох ус хүртэл хуванцар савалгаатай. Тиймээс байгаль орчинд ээлтэй бөгөөд санхүүдээ хэмнэлттэй байхыг хүсвэл өөрийн гэсэн усны савтай болоорой. Өвлийн улиралд, халуунаа барьдаг савтай бол чацаргана, аньс, кофегоо хийгээд явахад бүр ч тохиромжтой шүү дээ.   

Хэрэв савлагаатай ус худалдаж авах зайлшгүй шаардлага гарвал дахин боловсруулах боломжийг нь бодолцож шил эсвэл лаазтай ус авч уухыг хичээгээрэй. 

2. Кофены цаасан аяга 

Өмнө нь, би ажлын газрын хажуугийн кофе шоп руу байнга орж үйлчлүүлдэг байв. Ихэнхдээ цаасан аяганд кофегоо хийлгүүлдэг байснаа анзаарч, нэг удаа орохдоо ажил дээр байсан илүү аягаа тэнд тавьчихсан юм. Эл үйлдэл минь кофе шопын ажилчдыг гайхшруулсан ч, аягаа тавихыг минь зөвшөөрч билээ.   

Цаас юм чинь дахин боловсруулчихаж болно шүү дээ гэж зарим хүмүүс бодож байж болох юм. Нэгд, цаасыг модоор хийдэг тул дахин боловсруулахад хялбар ч ой мод, эко систем талаасаа тийм ч ухаалаг шийдэл биш. Хоёрт, кофены нэг удаагийн аягийг шингэн зүйл даадаг болгохын тулд дотор талыг нь гялгар хуванцраар бүрдэг. Тиймээс ердийн цаастай адил хялбар аргаар дахин боловсруулах боломжгүй гэсэн үг юм. Иймд, би одоо CU, Circle K гэх мэт газраас кофе авч уухаар бол эвхэгддэг силикон аягаа марталгүй авч явах эсвэл, тухтай сууж байгаад шаазан аяганд кофегоо уухыг хичээдэг болсон. 

3. Нэг удаагийн халбага, сэрээ, соруул  

Хүргэлтийн хоол идэх бүртээ нэг удаагийн халбага, сэрээ хэрэглэсээр байгаа юм биш биз? 

Сүүлийн үед хүмүүс модон болон хулсан халбага, сэрээ, хутга хэрэглэх нь нэмэгдсэн. Цүнхэндээ хийгээд явахад нэг их төвөгтэй биш учраас тун боломжийн сонголт юм.    Гэхдээ танд байхгүй бол заавал шинээр авах гэж яарах хэрэггүй. Гэртээ байгаа хэрэгслүүдээс нэгийг нь ажил дээрээ авчираад тавьчихад л болно шүү дээ. 

Соруулын тухайд кофе, газтай ундаа, коктейль гэх мэт уух зүйлсэд байнга дагалддаг шүү дээ. Хэдхэн минут ашиглаад хаядаг нэг удаагийн соруулын оронд олон удаа хэрэглэдэг, төмөр соруул трэнд болж байгаа шүү. 

4. Гялгар уут, тор 

Гялгар уутнаас татгалзахын тулд багахан сэтгэл гаргаж, төлөвлөгөөтэй байхад болно.   

Жишээ нь, би ганц хоёрхон ширхэг хүнс авахын тулд дэлгүүр ордоггүй бөгөөд долоо хоногийн тогтсон нэг өдөр бүх хүнсээ цуглуулж хэвшсэн. Тиймээс дэлгүүр хэсэх өдрөө даавуун тор, хүнсний уутнуудаа цүнхлээд гардаг. Мөн би өдрийн хоолоо бэлдэж гарахдаа гялгар уутанд төрөл бүрийн хөнгөн зууш хийдэг байсан юм. Харин арвын уутнаас арай жижиг, даавуун уут хэрэглэдэг болсноос хойш дахиж гялгар уут хэрэглээгүй (Био Амьдрал дэлгүүрт төрөл бүрээрээ байдаг). Зарим хүн хөнгөн зуушаа шилэн саванд хийх нь ч бий. 

(Нэг удаагийн савыг ч дахин ашиглах боломжтой гэдгийг бүү мартаарай. Тухайлбал, зургаан ширхэгтэй өндөгний хуванцар савыг нэг удаа авсан бол дараагийн удаа дэлгүүр орохдоо хоосон саваа авч яваад задгай савлагаатай өндөгнөөс авахад л хог хаягдал гарахаас сэргийлж буй хэрэг шүү дээ.)

5. Хүнсний скотч

Супермаркетад худалдаалагдаж буй ногоо, жимс, хүргэлтийн хоолонд хүнсний скотчийг түгээмэл ашигладаг шүү дээ. Тэгвэл сүүлийн үед дэлхий нийтээр ваксдасан даавуу ашигладаг болсон талаар сонссон уу? 

Үүнийг хийхийн тулд эхлээд, зөгийн лавыг даавуундаа жигд цацаж индүүдээд хайлуулна. Дараа нь, хоёр талд нь хүнсний цаасаа дэвсэнэ. Жишээ нь, эко амьдралыг эрхэмлэгч Н.Туяа ваксдасан даавууг ингэж бэлджээ. Мөн ЭНД дарж YouTube зөвлөгөө үзэх, эсвэл beeswax wraps гэж бичээд Гүүглээс хайгаад үзээрэй. 

6. Хоолны сав 

Өдрийн хоолоо гэртээ бэлддэг хүмүүст зөвлөхөд, аль болох шилэн хоолны сав хэрэглэхийг хичээгээрэй. Учир нь, зарим хуванцар савыг халаахад хүний эрүүл мэндэд халтай диоксин зэрэг хорт бодис ялгардаг тул хүнсний зүйл агуулахад тохиромжгүй юм. Үүнээс гадна, ресторанаас захиалсан хоолоо авч явах эсвэл, үлдсэн хоолоо авч явахдаа нэг удаагийн савлагаанаас татгалзаж, өөрийнхөө саванд савлуулах нь байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хэрэглээ юм шүү.   

Төгсгөлд нь, танд одоогоор дээрх байгальд ээлтэй сав, баглаа боодол байхгүй ч байж болно. Гэхдээ урьтаж шинийг авах гэж яарах бус хуучин зүйлсээ ариг гамтайгаар хэрэглэж дууссаны дараа эко, хариуцлагатай хэрэглээ рүү шилжээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
9
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.06 182.160.34.255

Шилэн хоолны савнаас илүү зэвэрдэггүй ган сав ашиглавал зүгээр.

0 Хариулах