Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Засгийн сайхан санаа хийгээд сайжруулсан түлшний муужруулсан балаг

Засгийн газар буруутах болж байгаа шалтгаан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сайжруулахаар амалж авсан нөгөө л хариуцлага, сахилга батын асуудал.



Сайжруулсан түлшний муужруулсан балаг эхэллээ. Галлаж эхэлсэн цөөн хоногт одоогийн байдлаар зургаан хүн амь насаа алдаад буй ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх төлөвлөгөөнийхөө дагуу нөгөөдөр Казахстан улсад албан ёсоор айлчлах гэж байна. Түүнийг эзгүй өдрүүдэд буюу айлчлал нь эхлэх 10-ны пүрэв гаригаас Улаанбаатарт хүйтэрч, цас бороо  холилдон орох төлөвтэйг цаг агаарын урьдчилсан мэдээ харуулж байна. Пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө -6-8 хэм хүйтэн хонож, ирэх даваа гариг хүртэл сэрүүн өдрүүд үргэлжлэх тул хүмүүс сайжруулсан түлшээ ахиу түлж дулаацна. Сайжруулсан түлшнээсээ болж хэр олуул муужирсан байдалтай Ерөнхий сайдаа угтахыг цаг агаарын мэдээ урьдчилан тандах биш. Харин У.Хүрэлсүхийг эх орондоо эргэж ирэхэд эхлэх шинэ долоо хоногт цаг агаар харьцангуй дулаарах төлөвтэй. Тэнгэр ийм тохуутай. Баян хангай ямар ааштай байхаас үл шалтгаалан дулаан гэр орон зайлшгүй. Монгол хүнд эрүүл, аюулгүй амьдрах Үндсэн хуулийн эрх бий учраас Ерөнхий сайдыг гадаадаас иртэл түлэхгүй гүрийх үүрэг бас байхгүй. 

Угаартаж нас барсан зургаан иргэн болон хордож эмнэлгийн тусламж авсаар буй иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрийг гуйвалтгүйгээр мөрдөж, сайжруулсан түлш хэрэглэсэн. Дүрэм журмыг дагасан тэдний араас ухвар мөчид тайлбар яасан эрчимтэй хөвөрнө вэ. “Нүүрс түлдэг байхад ч угаартах явдал угаасаа олон гардаг байсан” хэмээн одоо үүссэн хямралыг саармагжуулах, сайжруулсан түлшнээс болж амь нас эрсдэх нь байх ёстой үзэгдэл мэтээр хаацайлах тайлбар хаа сайгүй түгэж байгаа нь улс төр ямар харгис болохыг харамсалтайгаар илэрхийлнэ. Нас барагсад хийгээд хохирогчид үүнээс өмнө гал хөстэй огт ноцолдож үзээгүй хүмүүс биш байлаа. Засгийн газрын шийдвэрийг биелүүлэн “Сайн” түлш хэрэглэж эхлэх хүртэл галаа түлээд л амьд мэнд амьдарч ирсэн юм. Өөрөөр хэлбэл, тэд нүүрс хэрэглээд сурчихсан байж. Харин “Сайн” бол бид бүгдийн хувьд шинэ хэрэглээ учраас аягийг нь мэдэхгүй шинэ түлш юм. “Энержи ресурс”-ын коксжих нүүрсээр хийсэн учраас барьцалдах чанар ихтэй, бутарч унах явц нь удаан байтал өнөөхөө дээрээс нь нэмж түлэхээр зуухны ам, яндангийн нүх сүвээр утаа гарч хүн угаартаад байна гэх тайлбар харьцангуй бодитой сонсогдоно. 

Яавал угаартдагийг дунд сургуульд физикийн хичээл үзсэн, үзээгүй нь хамаагүй гэр хороололд амьдардаг хүн бүхэн амьдралын туршлагаар мэднэ. Түүхий нүүрс ч, сайжруулсан түлш ч, бүр мод ч бай дутуу шатаж уугисаар удвал тэр орчинд амь нас эрсдэх магадлалтай шүү дээ. “Нүүрс түлдэг байхад ч угаартах явдал олон гардаг байсан” хэмээх тайлбар дээр шинжлэх ухаанчид дуу хоолойгоо өргөж эхэллээ. Эрдэмтэн судлаачид олон нийтэд хандан нүүрсхүчил, хүчилтөрөгчөө одоо л ярьж байгаад бас л харамсмаар. Засгийн газрын хариуцлагагүй ажиллагааны дүнд бий болсон эрсдэлийг цайруулах зохион байгуулалттай түрлэгт нэгджээ, шинжлэх ухаан. Засгийн газар Монголд ч бас шинжлэх ухаанчид байдаг гэдгийг мэддэг байсан юм бол олны хүлээлтэд нийцүүлж алсыг харсан улс төрийн шийдмэг алхмаа анх зарлахаас эхлэн тэдний мэдлэг туршлагыг дайчлан оролцуулахгүй яасан юм бол. Эрдэмтэд нохойд барьдаг мод биш. Эрдэнэт хүмүүс нас барсан хойно гал ноцоох эрдэм хэчнээн яриад ч яах билээ. Засгийн газраас, түүний байгууллагуудаас сайжруулсан шахмал түлшний судалгаа, үйлдвэрлэлийн явцын туршилт хийлгэхээр Монгол Улсын Шинжлэх ухааны академид огт хандаагүй өдий хүрсэн гэхэд үнэмшихэд хэцүү ч улстөрчид шинжлэх ухаанчдаа сонсоогүй нь үнэн юм байна. Ийм нөхцөлд гэр хороолол тэр аяараа уугичихаагүйд харин ч баярлууштай. Хүмүүс олноор угаартсаны дараа юун хий ялгараад байгааг шинжлүүлье гэхнээ багаж төхөөрөмж нь манай улсын химийн лабораториудад байдаггүйн зовлон бас байна. АНУ-аас түлшний хийг шинжлэн судлах багаж хямдыг нь авах бол 80 сая төгрөгийн үнэтэй бөгөөд ийм хэмжээний санхүүтэй лаборатори Монголд бас байхгүй ээ. Тиймээс “Сайн” гэж нэрлэсэн түлшнээсээ ялгарах хийний сайн, мууг шинжлүүлэхээр гадаадын гурван лабораторид хандчихаад хариуг нь Засгийн газар эмээнгүй хүлээж байна. Муу дүн гарвал Улаанбаатарт түүхий нүүрс нэвтрүүлэхэд тавьсан хориг цуцлагдахдаа тулж, утаа улам бадрангуй уугих нь гарцаагүй. Уг нь улаанбаатарчууд үүнийг хүсэхгүй юм шүү дээ.

Шинэ түлш хэрэглээнд нэвтрүүлэх, тэр нь сайжруулсан түлш байх улс төрийн шийдвэр гаргасан Засгийн газар өнөө буруутах болж байгаа гол шалтгаан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сайжруулахаар амалж авсан нөгөө л хариуцлага, сахилга батын асуудал. Монголчуудын ахуйд бодлогоор нэвтрүүлж буй шинэ төрлийн түлшийг хэрэглэх зааврыг тусгай сургалтаар олгоогүй явдал. Улс төрийн сонгуульд шинээр нэвтэрсэн саналын хуудсыг хэрхэн бөглөхийг хичээнгүйлэн заасан мөртлөө өдөр тутмын амьдралд хүний амь золих эрсдэлтэй технологи нэвтрүүлэхдээ “мал маллахыг марксизмаар заалгахгүй” гэдэг шиг шинжлэх ухаанчдаа ч сонсолгүй, иргэдийнхээ аюулгүй байдлыг ч тооцолгүй зөнд нь орхисон Засгийн газар буруутай. Тав, арван хүн үхэх бол байх л золиос, угаасаа өмнө нь ч угаартдаг л байсан юм чинь гэх үзлээр хандсанаа одоо ч тайлбараараа нотолсоор байгаа нь Засгийн газар үүнд ямар хариуцлагагүй, сахилга батгүй хандсаныг гэрчилнэ. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар өнөөдөр буюу сайжруулсан түлштэй холбоотой мэдээллийн бүүм оргил цэг рүүгээ өгсөж байх хариуцлагатай цаг үед хэвлэлийн хурал хийв. Төслийн хэрэгжилт илүү сайн байхад шаардлагатай мэдээллүүдийг бизнесийн хонжоо хайн Ерөнхий сайдаас нуун дарагдуулсан байж болзошгүй тухайд иргэдийн эргэлзээ тээнэгэлзээнд мэдрэг хандсанд нь олзуурхууштай ч сайжруулсан түлшнээс болж хүмүүс муужраад, сайн зорилго нь муу үр дүнтэй болоод байгаад иргэдээс уучлалт гуйсангүй. Өмнө нь Ж.Батбаясгалан зэрэг албаны хүмүүсийн зүгээс хэдэнтээ давтагдсан санааг өөрийн амаар дахин дамжуулав. Соошл орчинд зохион байгуулалттай түгэж буй мэссэжүүдийн эх сурвалж нь ч М.Ганбаатар юм байна гэх хар төрүүлснээс цаашгүй. Засгийн газрын сайхан санаа хэрэгжих шатандаа завхарч дуусдагийн нэг тод жишээ болж “Сайн түлш”-ийн түүх найдалтгүй муугаар эргэх вий. Бодлогыг хэрэгжүүлэх бат найдвартай хүмүүсийн гар, сэтгэл үнэнхүү дутжээ. Сайжруулсан түлш муужруулах балаг болж буй тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстанаас ирэхдээ бодлого хэрэгжүүлэгч бүтэлгүйчүүдийнхээ өмнөөс нэг шийдэлтэй ирэх буй за.    

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн 2019.10.11 202.21.109.155

Түүхий нүүрс түлсэнч угаараж нас барсан хэрэг зөндөө гардаг энэ шинэ түлшний биш иргэдийн арчаагүй байдлых

0 Хариулах


Gee horoollinh 2019.10.08 66.181.177.251

zasss busad heden zuun myngan hun tvleed bolood l bn, irgediin uursdiin HARIUTSLAGA ysiin, bolj bvtkv buh ymiig busdad tohdgoo boliosoi, MONGOLCHUUD IIM ARCHAAGVI ZANTAI, piishen saw a ch oligtoi tsewerlej chadku archaagvi

0 Хариулах