Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Зорилго, мотиваци, бэрхшээлийн тухай Z үеийнхний ДӨРВӨН өөр өнцөг


Карьераа хэдийн эхлүүлж амжилт, бүтэлгүйтэл, алдаа, оноотой зэрэг нүүр тулж яваа Z үеийн залуусаас сонгосон мэргэжил, ур чадвар, бэрхшээлийнх нь талаар хуваалцаж, үеийнхэндээ дайхыг хүссэн үгсийг нь асуулаа.   

AM-C: Би бороо оронгуут хайрын тухай дуу хийдэг салхи шиг хийссэн уран бүтээлч биш л дээ

Be брэндийн нүүр царай, дуучин AM-C сүүлийн цомгийнхоо хоёр дууны клипийг тун удахгүй цацахаар ажиллаж байгаа гэв. Мөн тэр шинэ цомгийн ажлаа хэдийн эхлүүлсэн гэдгээ ярилцлагын үеэр бидэнд дуулгасан юм. 


Хөгжмийн салбарт хөл тавьсан шалтгаан бол… Гэр бүлийнхэн маань урлагт ойр, ялангуяа аав маань уран зураач, барималч хүн байсан нь хамгийн их нөлөөлсөн гэж боддог. 

Шинэ уран бүтээл дээр ажиллахад хамгийн их тус болдог хөдөлгөгч хүч бол... Цуглуулсан мэдрэмж, бодлууд, төлөвлөгөө юм даа. Би бороо оронгуут хайрын тухай дуу хийдэг салхи шиг хийссэн уран бүтээлч биш л дээ. Харин өөрт мэдрэгдэж байсан мэдрэмжүүдээ цуглуулж, төлөвлөж байгаад цаг нь болсон үед хийж эхэлдэг. 

Зөвхөн уран бүтээл гэлгүй бусад ажлыг ч би нарийн төлөвлөж, өөрт таалагдсан, дажгүй гэж бодсон байгууллага, брэндүүдтэй л хамтарч ажилладаг. Тийм болохоор, нэг их олон брэндийн нүүр царай болж байгаагүй. Харин Be брэндийн сүүлд танилцуулсан концепц, Mode Hunter-ийн үйлчилгээнүүд таалагдсан учраас хамтарч ажиллахаар шийдсэн. Тэдний ажиллах арга барил, хамт олны уур амьсгал нь надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн шүү.

Надад тулгарсан хамгийн шантармаар үе… Яг үнэндээ байгаагүй. Онгирч байгаа юм биш л дээ. Хийж байгаа дуу маань гоё болно гэдгийг мэдэрдэг болохоор өөртөө үргэлж итгэлтэй байдаг. 

Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол… Ус буцалгах (инээв). Би усыг үнэхээр сайн буцалгадаг. Тэр тусмаа эмэгтэй хүнд зориулж буцалгахдаа бүр сайн. 

Миний хамгийн муу хийдэг зүйл бол… Чаддаггүй гэхээсээ хийдэггүй зүйл байгаа. Сүүлийн үед спортоос жаахан холдчихоод л байна. Масс нэмж, булчингаа хөгжүүлж байсан үе надад бий бий. “Гүнд” цомгийн гаргаж байх үеэр жимд тасралтгүй явдаг байсан. Хийж сурахыг хүсдэг зүйл гэвэл ахуйн хүрээнд тогтой харьцаж сурах. Жишээ нь, ус буцалгагч маань шатчихлаа гэж бодоход тэрийг өөрөө засчихдаг чадвартай болмоор байна. Эхнэр, хүүхэдтэй боллоо гэж бодоход иймэрхүү зүйлсээ өөрөө засчихдаг байвал амар шүү дээ. 

Би үеийн залуус, эргэн тойрны хүмүүстээ ингэж үлгэрлэдэг… Залуусыг өөрийнхөө хүсдэг шигээ хүн байгаасай гэж боддог. Хүмүүс өөрсдийгөө үргэлж киноны сайн талын баатар гэж хардаг боловч амьдрал дээр ихэнх хүмүүс муу тал нь байдаг. Тийм гэдгээ хүмүүс өөрсдөө ч ойлгодоггүй. 

Үүнийг л хүмүүст хэлмээр санагддаг… Бусад хүн чамд чин сэтгэлээсээ хандаж, сайхан харьцаж байгааг анзаардаг байгаасай. Ажиглаад байхад хүмүүс бусдын муухай харьцаа, онцгүй үгийг илүү их анхаараад, сайхан хандсаныг барагтай бол тоодоггүй. 

Э.Бадамгарав:  “Эмэгтэй хүнд хүчний спорт зохихгүй” гэдэг хэвшмэл ойлголтыг охид эвдээсэй

Тэр ШУТИС-ийн нэгдүгээр курсын оюутан бөгөөд жүдогийн спортоор хичээллээд даруй 10 жил болж буй ирээдүйтэй тамирчин юм. Э.Бадамгарав хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, тамирчид, энгийн хүмүүсийг хүчний дасгал хийхэд нь дасгалжуулдаг аж. 


Жүдогоор хичээллэх болсон шалтгаан бол… Би хэдхэн минут тэвчээртэй сууж чаддаггүй, их хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор эцэг эх маань намайг бага байхад усанд сэлэлт, гимнастик, балет гээд урлаг, спортын олон төрлөөр дугуйлан, секцэд явуулдаг байсан. Гэхдээ эдгээрийн аль нь ч надад тохироогүй. 2010 онд өвөө намайг жүдогоор хичээллүүлж үзье гэдэг санал гаргаснаар энэ спортод хөл анх тавьсан. Би нэлээд эршүүд, тэгээд бас юмыг дуусгана гэсэн бол заавал дуусгадаг, ялна гэсэн бол ялаад гардаг шартай охин байсан. Жүдо миний энэ зан чанаруудаас хурцлахыг нь хурцалж, дарахыг нь дарж өгсөн болохоор тууштай хичээллэсээр 10 жил болж. Мөн жүдогийн спорт намайг тэвчээртэй сууж чаддаг, хүнийг хүндэлдэг хүүхэд болгож төлөвшүүлсэнд нь үргэлж талархдаг.  

Би нэлээд эршүүд, тэгээд бас юмыг дуусгана гэсэн бол заавал дуусгадаг, ялна гэсэн бол ялаад гардаг шартай охин байсан. Жүдо миний энэ зан чанаруудаас хурцлахыг нь хурцалж, дарахыг нь дарж өгсөн болохоор тууштай хичээллэсээр 10 жил болж.

Өдөр тутмын бэлтгэлээ тасралтгүй хийж, тэмцээнд амжилттай оролцоход хамгийн их тус болдог хөдөлгөгч хүч бол... Яах аргагүй гэр бүл, багш, дасгалжуулагч, найз нөхөд. 2016 онд би спортын хүнд гэмтэл авч, Чех улсад мэс засалд орсон юм. Дараагийн хоёр жил нь гэмтлээсээ болоод ямар ч бэлтгэл хийж чадаагүй. Тэр үед гэрийнхнээс гадна дасгалжуулагч Батсайхан, нөхөн сэргээх эмчилгээний эмч Түвшинбаяр, найз нөхөд минь маш их тусалж, дэмжиж байсан. 

Надад тохиолдсон хамгийн шантармаар үе бол… Анх жүдогоор хичээллэж эхлэхэд “Эмэгтэй хүн байж яагаад ийм хүнд спортоор хичээллээд байдаг юм. Гар, хөл чинь муухай болчихно шүү дээ” гэж ярих хүмүүс их байсан. Дөнгөж эхэлж байсан болоод ч тэр үү иймэрхүү сэтгэгдэл хүнд тусдаг байлаа. Одоо харин хүн эмэгтэй, эрэгтэй гэдгээсээ үл хамаараад дуртай зүйлээ хийж байвал хүмүүсийн юу гэх нь хамаагүй гэж боддог болсон. 

Өөрийнхөө хийдэг ажлаар хамгийн их бахархаж байсан мөч бол… 2015 онд хамгийн анхны медалиа авахдаа хөл газар хүрэхгүй баярлаж, надад хийж чаддаг зүйл байдаг юм байна гэж бодож байлаа. 

Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол… ур чадвараа бусадтай хуваалцах, тэдэнд заах юм болов уу. Би сүүлийн жил гаруйн хугацаанд Америк дасгалжуулагчийнхаа удирдлага дор мэргэшиж байна. Энэ жилээс жирийн хүмүүс төдийгүй жүдогийн тамирчдыг дасгалжуулж эхэлж байгаа. 

Миний хамгийн муу хийдэг зүйл бол… балет юм байна. Балетийн урлаг хүнээс уян хатан чанар, гоо зүйн өндөр мэдрэмж шаарддаг юм билээ. Би хэчнээн хичээсэн ч нэг л болж өгдөггүй байсан. Одоо бодоход гоо зүйн мэдрэмж нь надад дутагддаг байсан юм шигээ. 

Нэг удаа намайг бэлтгэлээ тараад явж байтал танихгүй хүн араас барьж аваад, харанхуй газар луу чирэх гэж оролдсон. Жүдогоор хичээллэдэг байсан учраас нөгөө хүнийг авч шидчихээд, тэндээс гүйсээр гэр лүүгээ орсон. Энэ явдлаас хойш эмэгтэй хүн өөрийгөө хамгаалах чадвартай  байх ёстой юм байна гэж бодох болсон доо.

Би үеийн залуус, эргэн тойрны хүмүүстээ ингэж үлгэрлэдэг… эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, чинээлэг, ядуу хоосон гэдгээс үл хамаарч ямар ч хүнтэй тэгш, найрсаг харилцахыг хичээдэг. Хүссэн хүсээгүй бидний эргэн тойронд стресс, бухимдал их байна. Тэгэхээр хэн нэгнийг нэмж бухимдуулахын бус тэдний оронд өөрийгөө тавьж, нөхцөл байдлыг нь ойлгохыг эрмэлздэг. 

Үүнийг л хүмүүст хэлмээр санагддаг… “Эмэгтэй хүнд хүчний спорт зохихгүй” гэдэг хэвшмэл ойлголтыг охид маань эвдээсэй. Ядаж л өөрийгөө хамгаалах чадварт суралцана шүү дээ. Нэг удаа намайг бэлтгэлээ тараад явж байтал танихгүй хүн араас барьж аваад, харанхуй газар луу чирэх гэж оролдсон. Жүдогоор хичээллэдэг байсан учраас нөгөө хүнийг авч шидчихээд, тэндээс гүйсээр гэр лүүгээ орсон. Энэ явдлаас хойш эмэгтэй хүн өөрийгөө хамгаалах чадвартай  байх ёстой юм байна гэж бодох болсон доо. 

Д.Түшигт-Эрдэнэ: Гоё юм хийнэ, мөрөөдлөө биелүүлнэ гэдэг хэцүү, үнэхээр новшийн хэцүү зүйл

Гадаадад сурах боломжийг гарт багтаах зорилготой TomYo аппликэйшн өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн. Д.Түшигт-Эрдэнэ TomYo-гийн Ерөнхий редактораар ажилладаг. Тэр арван жилийн сурагч байхаасаа л технологи, боловсролын холбогдолтой нийтлэл бичиж, орчуулга хийж, энэ чиглэлээр Goodyouths, TechNomad гэх хоёр ч старт-апп байгуулж байжээ.


Хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьсан шалтгаан бол… Энэ асуултад хариулахаас өмнө өөрийгөө түүхээс товч хуваалцах нь зүйтэй болов уу. Би Сүхбаатар аймагт арван жилээ төгссөн. Сурагч байхдаа хэд хэдэн тэтгэлэгт хамрагдаж АНУ, Японд амьдарч, туршлага хуримтлуулсны ачаар олон зүйлийг харьцуулж харах нүдтэй болсон байлаа. Юун түрүүнд хөдөө орон нутгийн хүүхдүүдэд боловсролын холбогдолтой мэдээлэл маш хомс байдгийг ойлгосон. Жишээ нь, Зориг Сангийн MYSP хөтөлбөрт тэнцэхэд надаас бусад 19 хүүхэд нь хотынх, тэр дундаа хувийн сургуулийн хүүхдүүд байв. Эндээс би өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгож хичээж эхэлсэн. Англи хэлээ сайжруулж, яваандаа орчуулга ч хийдэг болж, олсон мөнгөөрөө Goodyouths.com нэртэй сайт нээсэн. Монголдоо анхдагч гэж хэлж болохоор энэ сайт хүүхдүүдэд гадаадад суралцах, хэлний мэдлэгээ сайжруулах, тэтгэлэг авахад нь туслах зорилготой боловсролын холбогдолтой мэдээ, нийтлэлүүдийг  хүргэдэг байсан. Сайтын нэг жилийн босгон дээр би арваннэгдүгээр ангиа төгсөж их сургуульд орохоор болсон, найзууд ч гадагшаа суралцахаар болсон тул сайтаа хаав. 

МУИС-д урилгаар орсон боловч хоёр долоо хоног сураад л сургуулиа хаячихсан. Товчхондоо, их сургууль миний хүлээлтэд хүрээгүй. Хичээлүүд нь яг л арван жилийн сургууль шиг багш даалгавар өгч, оюутнууд багшийн хэлснийг хийж, сайн дүн авах зарчмаар явагдаж байсан.

Тэр жил МУИС-ийн Бизнесийн Их Сургуульд урилгаар орсон боловч хоёр долоо хоног сураад л сургуулиа хаячихсан. Товчхондоо, их сургууль миний хүлээлтэд хүрээгүй. Хичээлүүд нь яг л арван жилийн сургууль шиг багш даалгавар өгч, оюутнууд багшийн хэлснийг хийж, сайн дүн авах зарчмаар явагдаж байсан. Сургуулиас гарсны дараа AIESEC-ийн хөтөлбөрт хамрагдаж, Тайваньд очиж англи хэл заах байсан ч бичиг баримтын асуудлаас болоод орж чадалгүй хил дээрээс буцаж байлаа. Мөнгөө хэмнэх санаатай ирж, очихдоо газраар явсан юм. Гадаадаар аялангаа ажиллах нь сонирхолтой юм шиг санагддаг ч яг өөрөө явж үзсэний дараа тийм хэмнэл надад тохирохгүйг ойлгосон. Тухайн үед бичих сонирхолтой байсан болохоор хэвлэл мэдээллийн салбарт л ажиллах ёстой юм байна гэж шийдсэн юм. 

Сүүлд бодоод байхад, хүмүүс байгаа мэдээлэлдээ тулгуурлаж шийдвэр гаргадаг. Үүнийг том зургаар нь харвал бид ямар мэдээлэлтэй байна үр дүнд нь тийм л нийгэм бий болно гэсэн үг. Тэгэхээр боловсрол, технологийн мэдээллийг сайн хүргэж байж нийгэм маань боловсролтой, технологийн мэдлэгтэй болох юм байна гэдэг зорилго л явж явж намайг энэ салбар луу хөтөлсөн юм билээ. 

Сайн нийтлэл бичихэд хамгийн их тус болдог хөдөлгөгч хүч бол... Дахиад боловсролтой холбож хариулмаар байна. Таван жилийн өмнө надад одоогийнх шиг мэдээлэл байсан бол маш олон боломж нээгдэх байжээ гэж боддог. Ганц хэрэгтэй нийтлэл миний ирээдүйг хэрхэн өөрчлөх байсныг таашгүй. Даанч тийм мэдээлэл тэр үед байгаагүй. Яг одоо таван жилийн өмнөх надтай адилхан нөхцөлд байгаа хүүхэд, залуус олон байна. Тэгэхээр хүмүүст бодитоор тусалж байгаа гэдэг нь хамгийн том хөдөлгөгч хүч болдог доо. 

Надад тохиолдсон хамгийн шантармаар үе бол… Сургуулиас гарсан үе хамгийн хэцүү байсан. Одоо л завсар жил, сургуулиасаа гарна гэдэг ойлголт дэлгэрч байгаа болохоос 3,4 жилийн өмнө тийм зүйл байгаагүй. Сургуулиа хаясан эхний долоо хоног сайхан байваа. Найзууд хичээлдээ явж байхад би амраад л. Гэтэл дараагийн долоо хоногоос нь хямарч эхэлсэн. Сургуулиа хаячихсан хүнд бүх зүйл тодорхойгүй шүү дээ. Маргааш өглөө босоод юу хийхээ ч  мэддэггүй юм билээ. Тийм байдалтай 3-4 сар болсны эцэст Тайвань руу яваад ирсэн. 

Яг одоо таван жилийн өмнөх надтай адилхан нөхцөлд байгаа хүүхэд, залуус олон байна. Тэгэхээр хүмүүст бодитоор тусалж байгаа гэдэг нь хамгийн том хөдөлгөгч хүч болдог доо.

Вокзал дээр буутал яг тэр өдөр Глобал Шэйперсээс “Media Excellence Fellowship” хөтөлбөр зарлачихсан байдаг юм даа. “Алхимич” номон дээр гардаг шиг хэрвээ чи нэг зүйл хүсэх юм бол ертөнц чамд тусална гэдэг л болж байна даа гэж бодсон. Тэр хөтөлбөрт өргөдлөө явуулж тэнцээд Gogo.mn, Forbes Mongolia, Mongol HD, Unread гэх мэт байгууллагуудад дадлага хийж туршлага хуримтлуулсан. Ер нь бид асуудалтай үедээ өөрсдийгөө ертөнцийн төв гээд бодчихдог юм билээ. Тэндээсээ гараад явангуут “Би ертөнцийн төв биш юм байна. Энэ олон хүн бүгд өөрийн гэсэн асуудалтай. Тэр дунд миний асуудал юу ч биш. Тиймээс гоншгонолгүй буцаад ажлаа хийх ёстой юм байна” гэсэн ойлголтыг олж авсан.

Өөрийнхөө хийдэг ажлаар хамгийн их бахархаж байсан мөч бол… TomYo компани өнгөрсөн сард нээлтээ хийсэн. Онлайн нээлтийн үеэр би TomYo-гийн редакцийн багийг төлөөлж таван минут илтгэл тавих боломж олдсон юм. Илтгэлээ бэлдээд зогсож байхдаа манай редакци яг хаашаа явж байна вэ гэж өөрөөсөө асуусан. Гурван жилийн өмнө Goodyouths сайтын хийж байсан шиг Монголын боловсролын салбарын мэдээллийг нээлттэй болгох нь TomYo-гийн гол зорилго. Яг үүнийг яриад зогсож байх мөч үнэхээр сайхан байсан. 

Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол… Би одоо TomYo-гийн ерөнхий редактораар ажиллаж байна. Контентын баг 10 гаруй гишүүнтэй. Сүүлийн үед бичих гэхээсээ аливаа ажлыг том зураглах, тэдгээрийг жижиг хэсгүүд хуваах чадвар маань сайжирч байгаа гэж боддог. 

Миний хамгийн муу хийдэг зүйл бол… Би TomYo-гийн анхны гурван ажилтны нэг. Шинээр орж ирсэн залуус бүгд намайг ааш муутай, загнаж харьцдаг гэдэг. Гэхдээ энэ зангаа өөрчилье, сайжруулъя гэж нэг их боддоггүй. Ер нь Gogo.mn, Mongol HD, Unread гээд нэр хүндтэй хэвлэлүүдийн редакторуудыг харахад ажил бол ажил гэсэн хатуу хандлагатай байдаг. Надад ч тэр хандлага их таалагддаг. Найзуудын бизнес байсан бол хамаа байж уу. Гэтэл 30 орчим хүнтэй болчихсон, өдөр өдрөөр өргөжиж байгаа компанид ажиллаж байгаа учраас ааш муутай байх нь зүгээр гэж боддог.

Манай үеийнхэн гоё зүйлсэд дурлаж, сошиал медиад инфлюнсер байхыг хичээдэг. Гэхдээ хүсвэл хүн голын эрэг дээр гэрээ бариад ч аз жаргалтай амьдарч болно. Тиймээс сэтгэл ханамж, аз жаргалыг битгий гоё сайхан зүйлсээс хайгаарай, амьдралын энгийн, жижиг зүйлсээс тэдгээрийг мэдэрч чаддаг байгаарай.

Би үеийн залуус, эргэн тойрны хүмүүстээ ингэж үлгэрлэдэг… Сошиалд бүх зүйл  гоё, сайхан харагддаг. Гэтэл амжилттай яваа хүмүүс олон шөнө нойргүй хоносоноо, зовж зүдэрч байгаагаа тавьдаггүй байхгүй юу. Гэтэл манай үеийнхэн нийтлэгээрээ амжилтанд хүрэх амархан гэж ойлгоод байдаг. Гоё юм хийнэ, мөрөөдлөө биелүүлнэ гэдэг хэцүү, үнэхээр новшийн хэцүү зүйл гэдгийг залуус ойлгоосой гэж хүсдэг. 

Үүнийг л хүмүүст хэлмээр санагддаг… Би баримтат гэрэл зураг дарах дуртай л даа. Энэ төрлийн зураг дарахад баримталдаг хамгийн гол зарчим бол бодит үнэнийг байгаагаар нь харуулах. Хоёр, гурван цагаар хотын гудамжаар алхаж, камерынхаа лензээр эргэн тойрноо харж явахдаа ойлгосон зүйл юу вэ гэвэл гоё ганган, гял цал юманд гэхээсээ амьдралын бодит, энгийн зүйлсэд сайн сайхан, аз жаргал оршдог юм байна гэдгийг анзаарсан. Манай үеийнхэн гоё зүйлсэд дурлаж, сошиал медиад инфлюнсер байхыг хичээдэг. Гэхдээ хүсвэл хүн голын эрэг дээр гэрээ бариад ч аз жаргалтай амьдарч болно. Тиймээс сэтгэл ханамж, аз жаргалыг битгий гоё сайхан зүйлсээс хайгаарай, амьдралын энгийн, жижиг зүйлсээс тэдгээрийг мэдэрч чаддаг байгаарай гэж хэлмээр байна.

О.Золзаяа: Жаахан хүүхдүүд хүртэл бид хоёрын дууг дуулж байгааг хараад хайр хүрсэн, бас хариуцлага мэдрэгдсэн

Тэр бүтэн цагийн менежерийн ажлынхаа хажуугаар влог хөтөлдөг. YZTV анхны влогоо ердөө таван сарын өмнө цацаж байсан ч өдгөө залуусын хамгийн их үздэг YouTube суваг болоод байна. 


Миний влог хийж эхэлсэн шалтгаан бол… Би 2016 оны үед сошиал медиа маркетинг хийдэг компанид ажиллаж байсан юм. Тэр үеэс онлайн орчинд нөлөөлөл яаж бий болдгийг анзаарч, бас энэ салбарыг их сонирхох болсон. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байсан ч сошиал медиа чиглэлээр ямар нэгэн юм хийх юмсан гэж үргэлж боддог байлаа. Ингэж явсаар 2019 оны сүүлээр YZTV-ийн продюсер ахтай танилцаж санаагаа хуваалцсан юм. Тэгээд л тал талаас цуглаад влог хийж эхэлсэн дээ. Дээгийтэй нэгдүгээр сард танилцсан. 

Влог хийхэд хамгийн их тус болдог хөдөлгөгч хүч бол... Нийгэмд зөв хандлагыг түгээх юмсан гэдэг бодолтойгоор л ажлаа хийдэг дээ. 

Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол… Би ой тогтоолт сайтай болохоор юмыг их хурдан цээжилчихдэг. Маркетингийн компанид ажилладаг байхдаа урт урт текстүүдийг алдалгүй нэг уншаад л бичүүлчихдэг байсан. 

Миний хамгийн муу хийдэг зүйл бол… Бүжиглэхдээ муу юм уу. Хүмүүс клубт хөлсөө гартал бүжиглэж, биесийг гаргуунд гаргах шиг болдог шүү дээ (инээв). Харин би тэгж бүжиглэж, чөлөөтэй байж ер чаддаггүй юм.

Надад тохиолдсон хамгийн шантармаар үе бол… Эхэндээ влогийн дор бичсэн сэтгэгдлүүдийг их уншдаг байлаа. Тэр дунд бид хоёрын гадаад үзэмжийг шүүмжилсэн бас биднийг өмөөрсөн сэтгэгдлүүд их байсан. Жишээ нь, миний хамрыг ийм тийм гэж гоочлох нь энүүхэнд. Би арван жилд байхдаа сагс тоглодог байсан юм. Нэг удаа тоглолтын үеэр хүнтэй мөргөлдөөд хамраа гэмтээчихэв. Дасгалжуулагч хүнд гэмтэл биш байна гээд тэгшлээд өнгөрсөн. Би ч нэг юм бодоогүй. Гэмтлээс болоод хамар бага зэрэг далий болчихсоныг сүүлд л мэдсэн. Гэтэл зарим хүн үүнийг мэдэхгүй хэрнээ “Хамраа мэс засалд оруулчихвал хөөрхөн харагдах гээд байна”, “Хамраа хаана янзлуулсан бэ” гэхчлэн сэтгэгдэл бичдэг. Яг үнэндээ намайг шүүмжилсэн байна уу эсвэл, өмөөрсөн байна уу гэдэг нь чухал биш юм. Зүгээр л чухал биш зүйлд ингэж их ач холбогдол өгч, яриа болгож байгаа нь хүндрэлтэй байдаг. 

Өөрийнхөө хийдэг ажлаар хамгийн их бахархаж байсан мөч бол… Эерэг сэтгэгдлүүд их гоё урам өгдөг. Бид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Би ч гэсэн” гэдэг жижигхэн хөдөлгөөнийг өрнүүлж байсан юм. Дараа нь фэйсбүүкээс хэштагаар нь хайгаад үзтэл маш олон хүн сэтгэгдлээ хуваалцсан байхыг үзээд бид нийгэмд тодорхой хэмжээгээр нөлөөлж, дуу хоолой нь болж чадаж байгаа юм байна гэж бодогдсон. Дараа нь бид хоёр ковер дууны уралдаан зарлаад ямар олон авьяаслаг фэнүүдтэй болсноо мэдсэн. Бүр жаахан хүүхэд хүртэл бид хоёрын дууг дуулж байгааг хараад хайр хүрсэн, бас хариуцлага мэдрэгдсэн. Уг нь бид хоёр 15-20 настай өсвөр үеийнхэнд зориулж контент хийж байсан ч манай үзэгчид дунд тэрнээс ч жаахан хүүхдүүд байгааг мэдээд илүү хариуцлагатай байж, контентынхоо агуулгад анхаарах болсон. 

Үүнийг л хүмүүст хэлмээр санагддаг… Өсвөр насны хүүхдүүдийг хараад байхад бусад хүмүүс намайг юу гээд бодчих бол гэсэн айдас их байгаа юм шиг санагддаг.  Би хувьдаа дүүдээ “Эхлээд өөрийгөө таниад, сонсоод сурчих. Дараа нь түүн дээрээ тулгуурлаад дуртай юмаа олж хийгээрэй” гэж захидаг. 

Нэмээд хэлэхэд, өсвөр үеийнхэн сошиал медиад хэтэрхий их ач холбогдол өгч, тэнд болж байгаа бүхнийг чин сэтгэлээсээ үнэн гэж бодоод хүлээгээд авчихдаг. Жишээ нь, манай зарим влог бага зэрэг жүжиглэлттэй, зохиолын дагуу явагдаж байгаа гэдгийг ойлгохгүйгээр сөрөг сэтгэгдэл бичих, чатаар дайрч давшлах тохиолдол гардаг. Залуус маань энэ хандлагаа өөрчлөөсэй гэж бодож явдаг даа. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Эрчүүдийн өдөр буюу бүсгүйчүүдэд таалагддаг тэдний 10 мэргэжил
2
2024.02.28
Хуучин найз залуугаа зүүдлэх 12 шалтгаан
3
2024.02.28
69 нас хүрэх байсан Стив Жобсын амьдралын дүрэм
санал болгох
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
3 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
4 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
11
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.02 162.158.7.126

2000 onoos hoish tursun Z iteiinhen ed nar hetehii hugshidnuu bolj uz

0 Хариулах


Түвшин 2020.07.02 172.69.252.137

Gen Z нь 1997 гоос 2012 оны хооронд төрсөн хүмүүсийг хэлнэ энэ хэсэгт бүгд багтаж байгаа гэж найдая

0 Хариулах