Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

БАЙР СУУРЬ | Хэвлэлийн эрх чөлөөний тухай 5 асуулт


Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан бид энэ сэдэвтэй холбоотой 5 асуултыг 5 сэтгүүлч, мэргэжилтнүүдэд тавилаа. 

1. “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал

Хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ?

Хэвлэлийн эрх чөлөө нь хүн төвтэй тогтвортой хөгжлийн хурдасгуур юм. Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл бол иргэдийн итгэл найдвар. Учир нь тэднийг мэдээлэлтэй байлгаж, өмнөөс нь эрх мэдэлд хяналт тавьдаг нийгмийн хоточ юм.

Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын амин сүнс, эрүүл нийгмийн хүчил төрөгч. Мэдээлэлгүй нийгэм мунхагийг өөгшүүлэхтэй адил. Иргэдийнхээ дуу хоолойг сонсох хүсэлгүй дураараа дургигчид л хэвлэлийн эрх чөлөөнөөс айж, боомилохыг хүсдэг.

Хэвлэлийн эрх чөлөө иргэдийн үнэн мэдээлэлтэй байх эрхийг бодитой хэрэгжүүлдэг. Мэдээлэлтэй хүчирхэг иргэн л төрийн хэрэгт шууд оролцож, хяналт тавьж чадна. Энэ эрх ашигт чөлөөт, хараат бус хэвлэл үйлчилдэг. Хэвлэлийн эрх чөлөө бол иргэдийн бүхий л эрх, эрх чөлөөний салшгүй хэсэг, тулгуур чулуу юм.


2. Г.Гүнжидмаа, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал

Хэвлэлийн эрх чөлөө иргэнд ямар хамаатай вэ?

Хэвлэлийн эрх чөлөө бол иргэн бүрийн эрх. Иргэний энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл онцгой үүрэг гүйцэтгэдэг. Иймд хэвлэлийн эрх чөлөөг хамгаална гэдэг нь зөвхөн сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс илүүтэй иргэн таны үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хариу өгөх гээд олон эрхийг тань хамгаалж буй юм.

Хэвлэл мэдээллийн ёс зүй, хариуцлага талаас нь харвал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ажиглан тэдэнд хяналт тавих үүрэг төрд бус мөн л иргэн таны гарт бий. Үүнийг бид өөрийн зохицуулалтаар хийдэг. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын салшгүй хэсэг нь уншигч, сонсогч, үзэгчид юм.

Иймд ардчилсан хэвлэл мэдээллийн эрх чөлөө болоод хяналт хариуцлага Иргэн таны оролцооноос ихээхэн хамаардаг тул ХМЗ-д өргөдөл гомдол гаргах замаар сэтгүүл зүйн ёс зүйн зөрчлийг засах боломжтой.


3. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан

Хэвлэлийн эрх чөлөө нийгэмд ямар ач холбогдолтой вэ?

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө бол аливаа ардчилсан нийгэм дэх хамгийн чухал эрх чөлөөний нэгэнд тооцогддог. Үүнд гурван янзын онолын үндэслэл бийг товч тайлбарлая.

  1.  Энэ эрх чөлөө бол ардчилал оршиход зайлшгүй шаардлагатай нэг суурь нөхцөл болдог. Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг олон нийт чөлөөтэй шүүн хэлэлцдэг байхгүйгээр иргэд парламентын болон бусад сонгуульд аль нам, нэр дэвшигчийг дэмжихээ мэдээлэлтэйгээр шийдвэрлэх боломжгүй. Албан тушаалтнууд төрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж байна уу, нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байна уу гэдгийг чөлөөт хэвлэл олон нийтэд илчилж иргэд мэдэх эрхээ эдлэхэд тусалдаг.
  2. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хувь хүний бие даасан байдлын маш чухал илэрхийлэл. Өөрөөр хэлбэл, өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ хөгжүүлэх, чөлөөтэй илэрхийлэх нь хүн байхын салшгүй нэг хэсэг.
  3. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө үнэнийг мэдэхэд тусалдаг. Жон Стюарт Миллийнхээр, хүний үзэл бодлыг хааж боовол нийгэм бүхэлдээ хохирдог. Тэр хүний үзэл бодол нь үнэн байгаад түүнийг хэлүүлэхгүй бол нийгэм уг үнэнийг мэдэж чадахгүй. Харин түүний үзэл бодол нь худал байгаад түүнийг хэлүүлэхгүй бол бурууг мэдэж, үнэнийг бататгаж чадахгүй. Иргэдэд үнэнийг мэдэх боломж олгох нь хэвлэл мэдээллийн үүрэг. Энэ мэт шалтгаанаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ардчилсан улсууд Үндсэн хуульдаа баталгаажуулж, хамгаалдаг.

Монгол Улсын хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай хамгаалах түүхэн шалтгаан бас бий. Социалист дэглэмийн үед коммунист намын удирдлага, бодлого, үйл ажиллагааг шүүмжлэх асуудал хаалттай бөгөөд шүүмжилсэн хүн нь шийтгэгддэг, ялгаварлан гадуурхагддаг, дарамт шахалтад ордог, хэлмэгддэг байлаа. Юу бодож байгаагаа чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг хүмүүс эдэлж чаддаггүй байсан практик 70-аад жил явж ирснийг халахыг 1992 оны Үндсэн хууль тогтоогчид эрмэлзсэн. Иймээс, Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д иргэн “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөг, мөн зүйлийн 17-д “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрх”-ийг баталгаатай эдэлнэ гэж тус тус заасан.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд  хэвлэн нийтлэх эрх чөлөө багтдаг боловч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д түүнийг тусгайлан нэрлэж заасан нь ардчилсан нийгэмд хэвлэн нийтлэх эрх чөлөө онцгой ач холбогдолтойг онцолж хүлээн зөвшөөрсний илрэл юм. Хэвлэлийн эрх чөлөө нь ардчилсан нийгэмд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Авилга, ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлийн урвуулан ашиглалт, бизнесийн хууль бус практик зэрэг иргэдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх нь хэвлэлийн олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг мөн. Хэвлэлийн эрх чөлөөг зүй бусаар хязгаарлаж хааж боовол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар иргэд мэдээлэлгүй үлдэх, аливаа үйл ажиллагааны хууль ёсны эсхүл ёс зүйтэй эсэхийг шүүн хэлэлцэх боломж хумигддаг.

1992 онд Үндсэн хуулийг баталснаас хойш иргэд үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг социализмын үетэй харьцуулахад хамаагүй илүү эдэлдэг болсон. Монголд энэ эрх чөлөө ОХУ, Төв Азийн улс гэсэн адил гараанаас гарсан улсуудтай харьцуулахад хамаагүй сайн хэрэгжиж байна. Гэвч, эдгээр эрх чөлөөний хэрэгжилт Монгол Улсад төдийлөн хангалтгүй байна.


4. “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу

Сэтгүүлч довтлогч уу, хамгаалагч уу?

Аль аль нь. Эдгээрийг салгаж ойлгох боломжгүй. Аль ч нийгмийн үед сэтгүүл зүй ганц л зорилготой. Хаалттай нийгэмд  төрийн зөв гэж шийдсэнийг түгээх замаар улсын хөгжлийг зорьдог бол ардчиллын үед сэтгүүл зүйн тусдаа бодлого баримталж төр, иргэний санаа бодол, харилцааг уях замаар улсын хөгжлийг зорьдог. Нэгэнт сэтгүүл зүй, сэтгүүлчийн ажил нь улсын хөгжил буюу сайн сайхан нийгэмд хүрэх юм бол сэтгүүлч нь муугаас буюу нийгмийн хөгжилд хортой төрийн бодлого, үйл ажиллагаа, иргэний үйлдлүүдээс нийгмээ хамгаалах үүрэгтэй. Гэтэл хамгаална гэдэг нь довтолгоо ирэхийг хүлээх буюу идэвхгүй байр суурь болчихдог. Тиймээс муугийн довтолгоо нийгэмд нөлөөллөө томруулахаас өмнө сэтгүүл зүй, сэтгүүлч нь алдааг засч довтлогчийн байранд очих шаардлага үүсдэг. Эндээс “Эрэн сурвалжлах” гэдэг төрөл зүйл үүссэн. Тэгэхээр сэтгүүлч нь хамгаалахын тулд бас довтолдог гэсэн үг.

Хамгийн чухал нь сэтгүүлчийн энэ хамгаалах, довтлох ажил нь хүний нийгэмд оршдогийнхоо хувиар хувь хүн бүрийн эрх, эрх чөлөө, түүнийг зохицуулах хуулиас дээгүүр байж болохгүй. Тийм байхыг төрөөс шаардах эрхгүй. Хэвлэлийн эрх чөлөө нь нийгмийн эд эс бүрийн эрх, эрх чөлөө рүү чиглэх ёстой болохоос биш бусдаас давуу эрх эдлэх зохиомол хүч рүү тэмүүлж болохгүй. Өнөөдөр манай сэтгүүл зүйд тулж ирсэн ганц асуудал бол хэвлэлийн эрх чөлөө биш сэтгүүлчид нь сэтгүүл зүйнхээ үүрэг, зорилгыг ухаж ойлгохгүй байгаа байдал. Үр дагавартай дайтах биш үр дагавар гарах магадлалыг тооцож сэргийлэх, учир шалтгаан руу нь чиглэж ажиллах ёстой. Уг үндэс, учир шалтгааныг ойшоохгүйгээр үр дагавартай тулалдах нь алдаа гарах шалтгааныг улам бүдгэрүүлж далдалж байдаг. Нийгмийг учир шалтгаан руу чиглүүлэхгүй явсаар байвал сэтгүүлзүй хожим ямар ч асуудалтай тэмцэх хүчгүй болно. Тэгэхээр бүх сэтгүүлч яагаад, юуны төлөө, яаж ажиллах ёстойгоо, яаж ажиллаж байгаагаа өөрөөсөө үргэлж асуудаг байх ёстой. Сэтгүүлзүйн зорилго арга хэлбэрээсээ чухал.


5. “Ийгл Ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг

ЗурагТайлбар




Хэвлэлийн эрх чөлөө өдөр тутамд ажлаа хийхэд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Одоогоос бараг хоёр жилийн өмнө Туркийн иргэн Вейсэл Акчайг “хулгайлсан” хэрэг гарсан. Тухайн улсын дотоод маргаанаас үүдэлтэй энэ хэргийн гүйцэтгэх ажиллагааг аль улсын тагнуулын байгууллага гүйцэтгэсэн болох нь анхаарал татаж байв. Тиймээс “Ямар хүмүүс таныг хулгайлсан бэ” гэдэг асуултад хариулт авахын тулд сэтгүүлчид шөнөжин хүлээж, ярилцлага авахаар хичээж байсан юм. Харин тэр үед гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн албан хаагчид хамгаалалтад гарсан байсан бөгөөд тэд сэтгүүлчдийн биед халдаж, авч шидэж, түлхэж байв. Миний хувьд хэдэн удаа түлхүүлж, шидүүлсний эцэст нэг алба хаагч нүүр лүү гараа зангидаж байгаад цохисон. Тэр хүн хэдий дээрээс өгсөн тушаалыг биелүүлсэн хэн нэгэн боловч яг энэ байдал бол манай сэтгүүл зүйн бэрхшээл. Өөрсдөд нь ашигтай үед мэдээлэл өгдөг бусад үед биед нь халдаад ч болов мэдээлэл өгөхөөс татгалздаг. 

Энэ явдлын дараахан зөрчил, торгуулийн мөнгө хэрхэн зарцуулагддаг талаар мэдээлэл бэлтгэхээр төрийн олон яам, нийслэлийн засаг захиргааны нэгжүүдэд хүсэлт тавьсан ч бүгд татгалзаж эцэстээ хэдэн брошур хэвлэсэн болж таарсан. Уг нь замын хөдөлгөөнд оролцохдоо гаргасан зөрчил, байгаль орчин сүйтгэсэн гээд олон төрлийн зөрчилд хэдэн тэрбум төгрөг төвлөрдөг ч түүний зарцуулалт тодорхойгүй байгаа нь асуудал. Иргэд, олон нийт үүнд хяналт тавих, сэтгүүлчийн хувьд бид үүнийг асууж тодруулах нь зүйн хэрэг. Дарга нараас асуувал “Би мэдэхгүй. Тэднийх хариуцна. Манайхтай холбоогүй. Би завгүй. Хэвлэлийн төлөөлөгч мэднэ” гэх зэргээр түлхэнэ. Гэвч нийтийн өдөр тутмын амьдралыг зохицуулж, тэнд зөрчил гаргасан хэн нэгэнд хариуцлага тооцож, улмаар мөнгөн торгууль ногдуулж олон арга хэмжээ авч байгаа бол энэ тухайгаа ил тод мэдээлэх нь тэдний цаг завын биш үүргийн тухай асуудал юм.

Сэтгүүлчид нэг мэдээ бэлтгэхийн тулд өдөржин явж оройн эфирт түгээнэ. Өдөрт дунджаар 9 хүнтэй уулзаж, тэр тооны байгууллагаар орно гэж тооцвол мэдээ ямар их хөдөлмөрөөр бүтдэг нь харагдана. Энэ бол иргэдийн мэдэх эрхийг хангаж, танин мэдүүлэх гэж хичээж байгаа олон зуун сэтгүүлчийн хийдэг хөдөлмөр. Сошиал медиа хөгжихийн хэрээр хүн бүрийн гарт мэдээлэл түгээх боломж орсон ч гэлээ үнэнийг нягталж, баримтыг боловсруулж хүргэдэг нь мэргэжлийн сэтгүүл зүйн ялгаа юм. Үүнийгээ бататгах үүднээс хэвлэлийн эрх чөлөөнөөс гадна сэтгүүлчдээ боловсруулах шаардлага ч бидэнд байна. Нөгөө талаас нийгэм даяараа баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авдаг, түүнийг түгээдэг олон нийтийн мэдээллийн боловсрол ч чухал юм. Учир нь бусдын яриа, цуурхал, хов живийг үнэн “байх” гэж хандахын ард гэр бүл нь, бүхэл амьдрал нь бийг ямагт санаж мэдээлэлд хариуцлагатай ханддаг болох шаардлагатай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.