Шотландын нэгэн бяцхан арал дээр шинэ оршин суугчид бүртгэж байна
Шуугиант ертөнцөөс холдож, багахан арал дээр цөөн хэдэн хөрштэй, амгалан тайван амьдрах хүсэлтэй хүмүүс байна уу? Бидний багад гардаг байсан “Гиллиганы арал” киног санаж байгаа биз дээ. Хөлөг онгоц далайд сүйдэж хөлгийн багийнхан болон зорчигчид нийлсэн долоон хүн үл мэдэгдэх арал дээр маш адал явдалтай бас хөгжилтэй аж төрөн суудаг тухай. Арлын амьдралыг ийнхүү л төсөөлж байна.
Шотландын баруун эрэгт орших, Хебридесийн арлуудын нэг болох Рум хэмээх нэгэн бяцхан арлынхан хүн амынхаа тоог нэмэгдүүлэхээр байнгын оршин суух хүсэлтэй хүмүүсийг эрэн хайж, урин дуудаж байна. Уртаашаа найман бээр, хадархаг энэхүү арал өдгөө 40-өөд оршин суугчтай. Тэд арал дээрх Кинлоч тосгондоо хоёр унтлагын өрөөтэй эко сууцнууд нэмж барьж буй бөгөөд шинэ суугчдаа оруулах гэнэ. Эндээс Кинлоч Куилин хэмээх сүрлэг сайхан уул гайхалтай харагддаг аж. Бас арлын уугуулууд болох ан амьтад тантай нөхөрлөнө.
Арал дээрх ажлын байрыг сонирхож байна уу? Тэгвэл хүүхэд асрах, хоол хийх, гэр цэвэрлэх, загас агнуур, далайн болон уулын аяллын хөтөч хийх гэхчлэн ажлууд бий шүү. Орон нутгийн эдийн засаг, амжиргааны түвшинд нэмэр оруулахуйц мэргэжил мэдлэгтэй залуу гэр бүл байвал дуун дээр нь л авна гэнэ. Мөн арлын амьдралд зохицон аж төрөх чадвартай, хамт олонд эерэг нөлөөлөл үзүүлэхүйц “шийдсэн” гэр бүлүүдийг урьж буй юм.
Хотын амьдралаас нэг мөр залхсан хүмүүст бүртгэлийн форм нээлттэй.