Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Монгол орноо тойрон аялсан залуусын ДУЛААН дурсамж: 1


Аялал гэдэг үг биднийг очоогүй газар, хүрээгүй уул ус, танилцаагүй хүмүүс, сонсоогүй хөг аялгуунд хөтөлдөг. Аяллын хамгийн сайхан нь юу вэ гэвэл үлдэх дурсамжууд гэж олон хүн хариулах байх. Энэ зуны аялалаас залуус ямар дурсамжтай ирсэн тухай өгүүлэх “Монгол орноо тойрон аялсан залуусын ДУЛААН дурсамж” цувралын эхний хэсгийг танилцуулж байна. Та ч бас хамт аялаарай.


Аялагч: Тогоонтөмөрийн Амарсанаа

Аялсан газрууд: Булган, Хөвсгөл, Увс, Завхан, Архангай гэсэн маршрутаар 4000 гаруй км аялсан. 

Аяллын хамгийн сайхан дурсамж:

Монгол орны минь уудам газар нутгийн өнцөг булан, аймаг бүр л өөр өөрийн гэсэн онцлогтой, сайхан байгаль, онгон лагшин газартай юм байна. Би уул усны тогтоц, байгалийн сайхныг шүтэж биширч явахын сацуу тэр сайхныг камер, дроны тусламжтай дурсамж болгон үлдээх хоббитой болсон. Булган аймгийн Тэшиг суманд байрлах Эг, Тарвагатай голын бэлчир бол биширмээр газар санагдлаа. 

Зурагт буусанчлан маш өндөр эгцэм уулын бэлээр тойрон урсах Эг гол үнэхээр гайхалтай. Спорт загасчдын очих дуртай газруудын тэргүүн эгнээнд байдаг газар. Завхан нутгийн Улаагчны хар нуур гэх гайхалтай сайхан газар дөхөж очоод л машинд байсан хүмүүс бүгд л уулга алдан биширч билээ. Нуурын эргээр хөхрөн цэнхэртээд л номин цэнхэр өнгө гэдэг тэнд л байна. Нуурын эрэг дээр майхнаасаа толгой цухуйлгавал яг л халуун орны далайн эрэг дээр байгаа мэт л сэтгэгдэл төрүүлнэ. 

Нуурынхаа хойд хэсгээр элсэн манхантай урд хэсэгтээ хад чулуу ихтэй, уулсаар хүрээлэгдсэн гайхамшигтай байгалийн бүтээл. Уг нуурыг 500 жилийн тэртээ үүссэн гэж НАСА-гийн эрдэмтэд судалсан юм билээ. 

ЗурагТайлбар





Увс аймгийн Завхан суманд байх Хяргас нуур бас үзэсгэлэнтэй сайхан нутаг юм аа. Ус нь их бүлээн, тунгалаг, байгаль дээрх усан сан мэт. Ёстой нэг жаргасан даа. Зам сайхан, дотоодын жуулчид маань их очсон харагдана лээ. 

Цаашлаад Хөвсгөл нутгийн байгалийн өвөрмөц тогтоцтой Ар Босготын хавцал, Цэцэгт нуур гээд нүд сэтгэлээ баясгах газар мундахгүй. Ар Босготын хавцал руу голын сайраар явсаар хүрдэг юм байна. Тэнгэрийн хаалга гээд хэлчихмээр өндөр хавцал дундуур урсах цагаан гол төгс үзэмжтэй. Аялалуудаас хамгийн адал явдалтай учирч, сэтгэлд үлдсэн нь Хөвсгөл нутгийн цаатан отогт очсон гурван хоногийн аялал байлаа.

Онгон байгальд мориор, ямар ч замгүй газраар намаг, нуур, гол, хад чулуу, бургас туулан, монгол морьны шандаст найдан мөнх цаст уулсыг даван бүрий болох үед цаа сүргээрээ чимсэн гайхалтай сайхан отогт хүрч ирлээ. Ялаа шумуул нь сүргэлж ирээд л хазна. Тэгж явсаар гурван том уулын бэлд зусах 50, 60 урц хараад ингэж нэг ирлээ гэж баярласан шүү. 

ЗурагТайлбар



Утасны сүлжээ, машин, дэлгүүр байхгүй. Бүр таван хошуу мал ч байхгүй. Хажуугаар нь урсах уулын горхины чимээ,  цаа буганы дуу, ойлгоход бэрх аялгатай цаатангуудын яриа гээд л өөр ертөнцөд очсон мэт. Цаа шөнө бэлчээд өглөө өөрсдөө хотондоо хүрээд ирнэ. Тэнд сэрсэн өглөө бүр маань үнэхээр сэтгэл тайтгаруулж байлаа. Бас Цэцэгээ гэж маш сайхан инээмсэглэлтэй, үнэхээр дулаан энергитэй удган буурайтай танилцсан маань ахиж очиж мэнд мэдэх хүсэл төрүүлж билээ. Яриад байвал очсон газар бүрт сайхан дурсамжууд үлдсэн дээ. 

Цаашид аялмаар байгаа газрууд: Алтай таван богд руу энэ сарын сүүлээр явах гээд бэлдэж байгаа. 


Аялагч: Мөнхтөрийн Гүнжээ

Аялсан газрууд: Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Архангай, Дундговь

Аяллын хамгийн сайхан дурсамж:

Надад хамгийн их таалагдсан газар бол говь нутгийн уур амьсгал. Би өмнө нь хэзээ ч говийн аймгууд явж байгаагүй болоод тэр үү говийн агаар, амьтан, харагдах байдал нь бүх талаараа хангайгаас өөр, содон байлаа. Дундговь явах замдаа машины цонхоор харагдах байгалийн сайхан үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй санагдсан. Өөр бас нэг сайхан дурсамж нь Цагаан суварга дээр сууж байх үеийн сэтгэл хөдлөл. Тэр үед маш сайхан амар амгаланг мэдэрсэн шүү. 

ЗурагТайлбар




Цаашид аялмаар байгаа газрууд: Монголоороо тойрон аялахыг хүсэж байгаа. Дараа жил хамгийн түрүүнд Алтай Таван Богдыг зоримоор байна. 


Аялагч: Цогтбаярын Энх-Орчлон

Өмнөговь аймгийн Сэврээ сумын нутаг Хонгорын элс хэмээх үзэсгэлэнт газраас мэндчилж байна. Яг одоо өглөөний 06:14 минут. Сайхан эх орныхоо элсэн манхан толгод дээрээс говийн шаргал нар мандахыг үзэх хувь заяатай төржээ гэж талархан сууна.

Аялсан газрууд: 

Эхлээд өөрийгөө таньж, бусдыг мэддэгтэй адил төрсөн эх орноо сайн мэддэг болсны дараа гадаад орныг таних нь зүй гэж боддог. Тиймээс 2017 оноос эхлэн эх орныхоо аймаг, сумд, үзэсгэлэнт газруудаар аялж эхлээд байна. Дунджаар 23000 километрыг туулжээ. Бороотой цастайд, халуун хүйтэнд саад бартааг ч ажрахгүй туулан явсаар одоогоор 21 аймгийнхаа 15-ыг нь үзэж танилцан, мартагдашгүй дурсамжуудыг үлдээсэн байна. Гэхдээ олж нээж амжаагүй гайхамшгууд эх оронд минь барагдашгүй их учраас үнэндээ сэтгэл минь хэзээ ч ханахгүй байх. Нэг газартаа хэдэн ч удаа очсон мэдрэмж, дурсамж ч өөр өөр байдаг. Ер нь байгалийн гоо үзэсгэлэнг ч, сүр хүчийг ч давж гарах зүйл энэ ертөнц дээр бий юм болов уу даа? Тэр тусмаа Монгол эх орон маань уулга алдам, нүд баясгаж, сэтгэл оюуныг тэтгэх гайхамшгаар дүүрэн юм.

ЗурагТайлбар



Аяллын хамгийн сайхан дурсамж:

2018 онд гэр бүлээрээ Архангай аймгийн гайхамшигуудыг үзэж, мөн Булган Хөвсгөл тийш аялсан юм. Энэ аялал үргэлж сэтгэлд минь тод байж, дурсан ярьдаг тийм л аялал болсон. Тэр үед аяллын турш аавын минь ярьж өгсөн идэр залуугийн түүхүүд, амьдралын талаарх гүн ухаан, гэгээлэг бодол ярианууд нь бидний аяллыг улам амттай болгож, сэтгэлд хэзээ ч мартагдахгүй дулаахан дурсамж нэмсэн. Орой амрахаар хэвтэх бүрт маань аав “том болсон” хүүхдүүдээ халамжилж, дулаан хонох эсэхийг нь шалгаж, үнсэж эрхлүүлсээр өөрөө хамгийн сүүлд орондоо орно. Дандаа сайхан гэгээлэг зүйлсэд хүүхдүүдээ хөтөлдөг нь дараа дараагийн аялал хийх, юм үзэж, нүд тайлах эрч хүч, урам зоригийг өгдөг. Ээж аавтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ бүтээсэн дурсамж гэдэг ер нь хамгийн сайхан шүү дээ. 

ЗурагТайлбар



Мөн өнгөрсөн жилийн найман сард Өвөрхангай аймгийн Хархорин сум руу аялсан юм. Тэр аялал өөрийгаө хайх, дотоод сэтгэлээ сонсохын төлөө хийсэн эрэл хайгуул байсан. Эртний түүхтэй Эрдэнэзууг үзэж гороолсон маань, хийдийн Тэргүүн хамба Л.Баасансүрэнтэй уулзсан нь “Эхлээд бүгдээрээ жаргалтай болох хэрэгтэй” гэх үгийг сонссон нь өөрийгөө, өөрийнхөө ертөнцийг цэгцэлж сурах хэрэгтэйг ойлгуулсан аялал болсон юм. Ер нь хүн аяллаар дамжуулан шинэ газруудыг үзэж танилцан, хэзээд санах дулаахан дурсамжуудыг бүтээхээс гадна сэтгэлийн боловсролыг олж авдаг нь сайхан юм билээ. 

Цаашид хаагуур аялахыг хүсэж байна вэ?

Одоо баруун таван аймгийн гайхамшгийг үзэхийг хүсэж байна, ирэх зун тийш зорино. Мөн Тайгын амьдралтай танилцахыг хүсэж байна. Аялал хэмээх их хичээлд дөнгөж суралцаад л явж байна даа. Зориод хүрээд ирэх эх оронтой байна гэдэг ямар их хувь тавилан болохыг явах бүртээ илүү ихээр мэдэрч байна. Дэлхийгээр тархан суурьшсан монгол цустай ахан дүүс маань эх орноо санагалзан шаналж байдгийг бид мэднэ шүү дээ. Энийг л бодохын төдийд мөрөө гаргах нутагтай байгаадаа үргэлж талархдаг, үүргэвчээ үүрч гэрээсээ гараад эх оронтойгоо танилцахаар гардагтаа үргэлж талархдаг.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
2
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
3
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.