Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Камала Харрис анхдагч болсноор түүнийг ямар зам хүлээж байна вэ

Өнгөрөгч бямба гарагт Камала Харрис бахархал, итгэл бүхнийг тээж олон, олон эмэгтэйн гаргасан замыг гэрэлтүүлэв.


Магадгүй хэтэрхий олон анхных. Анхны эмэгтэй. Анхны хар арьст Дэд Ерөнхийлөгч. Анхны хар арьст, эмэгтэй Дэд Ерөнхийлөгч. Анхны ази гаралтай Америк хүн. Анхны ази гаралтай Америк эмэгтэй хүн. Аав, ээж нь энэтхэг, ямайк гаралтай анхны Дэд Ерөнхийлөгч. Хип хоп дуучдыг дуртай хөгжимдөө нэрлэсэн анхны Дэд Ерөнхийлөгч.

Өнгөрөгч бямба гарагт эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болсон цагаан хослолтойгоор тайзнаа гарсан Камала Харрисын хувьд улстөрийн тавцанд хамгийн олон анхдагчийн эзэн болсноороо онцлог юм.

Түүнийг нэр дэвшиж байгааг зарласан тэр өдрөөс хойш интернэт орчинд тэр аяараа шуугиж америкчуудын хувьд удаан хүлээсэн мөч ирэх шиг л болсон. Хүмүүс профайл зургаа Харрисын зургаар сольж, бяцхан охины сүүдрээс түүний дүр тодорч буй эвлүүлгүүд хөвөрч, түүхэн дэх Дэд Ерөнхийлөгчид буюу цагаан арьст эрэгтэйчүүдийн араас түүний инээмсэглэсэн зураг гарч ирж буй дүрс бичлэг цацагдаж байлаа. Төдөлгүй “Veep” киноны од Жулия Луи-Дрейфус “Хатагтай Дэд Ерөнхийлөгч гэдэг одоо зохиомол дүр биш боллоо” гэж жиргэсэн юм. Түүнчлэн Харрисын зээ дүү Мийна “Миний дөрвөн настай охин “Хар арьст охид Ерөнхийлөгч болох өдөр ирлээ гэж хашгирч байна” гэжээ.
Тэр одоо дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг боллоо. Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр бид түүнийг тоноглосон машинаас, нисдэг тэрэгнээс бууж, битүү хамгаалалт дунд явахыг нь харах нь.

Үүнтэй зэрэгцээд тэр шилэн таазыг цөмлөсөн олон анхдагч эмэгтэйчүүдийн клубт “элсэж” байна. Өнгөрсөн аравны хугацаанд Америкчууд анхны хар арьст Сенатын гишүүн эмэгтэй, латин-америк гаралтай Дээд шүүхийн шүүгч, Ivy League-ийн сургуулийн анхны хар арьст эмэгтэй ерөнхийлөгч болоод Төлөөлөгчдийн танхимд энэтхэгийн цагаач, мусульман эмэгтэй гэхчлэн олон анхдагчдийг хамтдаа угтсан.

Тэдний явсан замыг харвал Харрисын ялалт анхаарал, болгоомж дагуулж буйг хэлж буй. Тэдний гарааны нөхцөл, намтар түүх, карьерийн замнал бүр нь өнгөт арьст америк эмэгтэйчүүдэд хэтэрхий танил. Тухайлбал, хэрэв эмэгтэйчүүд эрх мэдэл, хүч нөлөөнд тэмүүлэх юм бол хүлээлт нь асар өндөр байдаг. Тиймээс энэ замыг сонгосон эмэгтэйн хувьд өөрийн арьс өнгө, хүйсийг төлөөлөх “ганц хүний баг” болж тэмцэхээс өөр аргагүй.

Түүхэн дэх анхны африк-америк сенатор Карол Браун хэлэхдээ “Анхдагч байна гэдэг араас чинь олон сум ирэх болно. Миний төсөөлөө ч үгүй олон сум надад ирсэн. Үнэхээр амьдралыг минь өрчилсөн” гэжээ. Түүний хувьд өөрөө төдийгүй, гэр бүл, хийж буй ажил гээд бүхий л зүйлс нь үргэлжийн хатуу “хараа, хяналт” дунд байсныг дурссан удаатай. Хэлсэн үгс, хийсэн зүйл нь арьс өнгө, хүйсийн өнцгөөс байнга өлгөгдөнө. Тэрбээр 1998 онд сонгуульд ялагдаж Шинэ Зеланд руу Элчин Сайдаар томилогдох үедээ “Чамд үнэхээр өндөр, бүр тэс өөр стандарт тавигдах болно” гэдгийг хэлж байлаа.

Өдгөө Харрисын хувьд ч энэ бүхэн өөрчлөгдсөнгүй. Түүнийг арьс өнгөний үзлээр төдийгүй эмэгтэй хүний өнцгөөс шүүх давхар цохилтууд ирсээр байлаа. Энэтхэг, ямайк аав, ээжтэй Камала Харрис хар арьст хүн мөн үү, биш үү, “хангалттай хар арьстай юу” гэхчлэн хачирхалтай хандлагууд зогссонгүй. Түүнчлэн Сан Францискогийн захирагч асан Вилли Браунтай хувийн харилцааг нь элдэвлэж, миймүүд хийж, хэтэрхий хатуу чанга, эсвэл бороонд бүжиглэх дуртай гэснийх төлөө хэтэрхий хөнгөн ч гэж байв.
Энэ бол өнгөт арьст, тэр дундаа хар арьст эмэгтэйчүүдэд тулгардаг Нэгдсэн улс байгуулагдахаас л эхэлж оршсоор буй арьс өнгөний үзлээр бусдыг харж боолчлолоос эхлээд одоо ч үргэлжилж буй тэгш бус байдлын хандлага гэдгийг түүхч Паула Гиддингс онцлов.

Нөгөөтэйгүүр хар арьст эмэгтэйчүүд эрх мэдлийн төлөө алхам хийхэд эрэгтэй хамтрагчид нь дэмждэггүй тал бий. Тэртээ 1972 онд Конгрессийн гишүүн Ширлей Чисхолм Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны хар арьст эмэгтэй болоход эмэгтэйчүүд түүнийг уухайлан дэмжсэн бол хар арьст эрчүүд тэгсэнгүй. Харрисын хувьд ч аравдугаар сард явуулсан судалгаагаар хар арьст гурван эрэгтэй сонгогчдын гуравны нэг нь л Жое Байдэн хар арьст эмэгтэйг Дэд Ерөнхийлөгчид дэвшүүлсэн нь зөв алхам гэж хариулжээ.

“Ер нь ямар ч эрэгтэй хүн тэднийх гэж бодсон орон зайд нь эмэгтэйчүүд орж ирэхэд түлхэх хандлагатай байдаг” гэдгийг Смит коллежийн профессор Гиддингс хэлсэн.

Гоо үзэсгэлэн ч бас тус ч болно заримдаа тээг ч болно. Харрисыг нэгэнтээ Нэгдсэн улсын хамгийн царайлаг Ерөнхий прокурор хэмээн Барак Обама магтаж байсан бол Александра Оказио-Кортезийн хувьд ухаалаг, гал цогтой байдал нэмээд үзэсгэлэнтэй төрх нь зарим эрчүүдийн уурыг хүргэх нь бий.
Мөн өөрийгөө сайтар илэрхийлдэг, шаргуу хөдөлмөрлөдөг байх нь шүүмжлэгчдийн цухлыг бардаг гэдгийг 90-ээд оны анхны энэтхэг гаралтай топ модель Падма Лакшми хэлж байв. Энэ бүхэн төрийн албанд ажиллахад эмэгтэйчүүдэд ирдэг дарамт юм гэдгийг анхны ази гаралтай Конгрессийн гишүүн Прамила Жаяапал онцоллоо. Чи хөөрхөн, эсвэл царай муутай аль нь ч бай яаж ийгээд л тэд чамд дургүйлхэнэ. Нэмээд арьс өнгө, гарал угсаа, цагаач эсэх гээд ачаа бүр л нэмэгдэнэ.“Улмаар “Би илүү ихийг хийх хэрэгтэй. Би илүү сайн байх ёстой” гэсэн бодол чамаас салахгүй. Учир нь хүн бүр итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө чамд даалгачихсан.”

Энэ итгэл найдварыг тээж явахад улстөрийн амаргүй тулаан хүлээж буй. Харрис болон Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жое Байдэн нар хэтэрхий хуваагдмал бас цар тахлын улмаас туйлдсан улс орныг цааш удирдах болно. Гэхдээ Харрисын хувьд соёлын бүхий л талт байдлын дундуур туулж, тулалдаж ирсэн хүн. Басхүү анхдагч болсон гэдэг нь тэр олон хэвшмэл ойлголтыг эвдэж ирснээрээ цаашид магадгүй ямар ч тулаанд өөрийгөө хангалттай бэлтгэсэн хүн гэж болно. 

Анхдагч байх, анхдагч байхаар “сонгогдоно” гэдэг ялгаатай бас гайхалтай гэдгийг Жаяапал хэлж байлаа. “Би Камалагаар бахархаж байна. Бид маш их бахархаж байна. Түүнийг зөвхөн ази гаралтай болохоор нь биш хар арьст гэдгээр нь ч бахархаж байна. Түүнийг илэрхийлэх бүхий л төлөөллийн өмнөөс бид бахархаж байна."

Өнгөрөгч бямба гарагт Камала Харрис бахархал, итгэл бүхнийг тээж олон, олон эмэгтэйн гаргасан замыг гэрэлтүүлэв. Тэрбээр индэр дээрээс “Хар арьст, латин, уугуул гээд энэ хүртэл зам гаргасан хүмүүс. Тэгш эрх, шударга ёс, эрх чөлөөний төлөө тэмцэж, үйл хэргээ зориулсан эмэгтэйчүүд…”

“Энэ бол гайхалтай үйл хэрэг. Энэ бүхэн өөрчлөгдөж бас энэ өөрчлөлтийг туулж, мэдрэх нь ямар таатай байна гээч. Учир нь бидэнд илүү гэрэлт ирээдүйг бүтээх хүч байна. Та бүхэн Америкийн нэгэн шинэ өдрийг эхлүүллээ” гэлээ. 

Эх сурвалж: Politico.com 

Гэрэл зураг: Time.com 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.